Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Н.Ундрах,

Нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг,

            Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтайчууд овогт Б.С-т холбогдох эрүүгийн 201725020582 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, С.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Яллагдагч Б.С нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух Х.Сайрантай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Сайран /хх-ийн 11/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгон /хх-ийн 34-35/,  гэрч Д.Эрдэнэбилэг /хх-ийн 12/, Б.Сүх /хх-ийн 13-14/, Г.Отгонжаргал /хх-ийн 36-37/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2946 дугаартай дүгнэлт /хх-ийн 8/, Б.Сын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/, Б.Сын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/, Б.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-ийн 48/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4 дүгээр гудамжны 7 тоотод Х.Сайраныг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.С нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудад үндэслэгдэж байна. Үүнд:

 

хохирогч Х.Сайраны /хх-ийн 11 /: “... 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед би гэртээ ганцаараа байж байтал хажуу гэрээс 40 орчим насны эмэгтэй орж ирээд “ахаа та утсаараа цагдаа дуудаад өгөөч, манай нөхөр намайг согтуу зодоод байна” гэсэн. Би утсаараа цагдаа дуудах гэж байтал араас нь нөхөр нь бололтой согтуу залуу орж ирээд намайг шууд нүүрэн тус газар 2-3 удаа гараараа цохисон. Би тэр залууд “та нар манайхаас гар, би та нартай юм ярихгүй, согтуу хүнтэй юм ярихгүй” гэж хэлсэн. Тухайн үед эхнэр нь хамт байсан нэг залуугийн хамт ирээд нөхрийгөө аваад гарсан. Тэд нар гадаа гараад хоорондоо зодолдоод байсан. Би гэрээсээ гараагүй. Тэгээд цагдаа дуудсан… “ гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Эрдэнэбилэгийн /хх-ийн 12/: “… 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би гадуур явж байгаад найз Эрдэнэбаттай тааралдан 1 шил архи хувааж уун гэртээ 14 цагийн орчим ирсэн. Ирээд унтаж байгаад орой 17-18 цагийн орчим шиг санаж байна босоод тамхи татмаар санагдаад арын байшинд амьдардаг Сайраныд ороход “хажуу айлын залуу намайг зодчихлоо” гээд “цагдаад өргөдөл бичнэ” гээд сууж байсан. Тэгээд би гараад явсан. Тухайн үед би юу болсон талаар огт мэдээгүй. Би Сайраны амьдардаг байшангийн урд гэрт амьдардаг. Зодсон гэх залуу нь Сайраны хажуугийн айл юм. Би тэр хашаанд 2 жил орчим болж байгаа ба Сайран эхнэрийн хамт амьдардаг юм" гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Сүхийн /хх-ийн 13-14/: “... Би Зүүн Сэлбийн 4-7 тоотод найз охин Алтанцэцэгийн гэрт 2017 оны 01 дүгээр сарын эхээр амьдарч эхэлсэн юм. 2017 оны 02 дугаар 16-ны орой манай ээж Отгонжаргал ирээд “С агсан тавиад хөөж туугаад байна” гэсэн. Бид “энд хоноод яв” гэж хэлсэн. Ээж тухайн өдрөө манайд хоночихоод маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчим би ээжийн хамт гараад явах гэж байтал гаднаас хойд аав С согтуу ороод ирсэн. Би банк орох ажилтай байсан тул зөрөөд гарч яваад банкинд мөнгө тушаагаад 1 цаг орчим болоод ирсэн чинь гэрийн гадаа ээж, хойд аав хоёр бөөн хэрүүл болоод байж байсан. Удалгүй цагдаа ирэхэд хойд аав С зугтаад явсан. Би ээжээс юу болсон талаар асуухад “С намайг зодох гээд байхаар нь би хажуу айлын өвгөнийд орсон чинь араас орж ирээд С уг өвгөнийг цохьсон. Тэгээд цагдаа дуудсан” гэж хэлсэн. Яг энэ асуудал болох үед би байгаагүй” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгоны /хх-ийн 34-35/: “... хэрэг гарсан өдөр яг хэдэн цагт гэдгийг санахгүй байна. Намайг бойтог зараад автобусны буудал дээр зогсож байхад манай нөхөр Сайран ганцаараа гүйгээд ирсэн. Харсан чинь “дух нь халцарчихсан, хиймэл доод 1 шүд нь уначихсан, уруул нь хавдчихсан” хүнд зодуулсан байдалтай ирсэн. Тэгээд “яасан юу болсон” гэсэн чинь “манай хажуу талыг түрээслэж суудаг айлын эхнэр нь “”цагдаа дуудаад өгөөч” гээд гаднаас ороод ирэхээр нь би цагдаа дуудах гээд гар утсаа аваад зогсож байтал нөхөр нь араас нь орж ирээд нүүрэн тус газар гараараа цохиод авлаа” гэж хэлсэн …” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Отгонжаргалын /хх-ийн 36-37/: “… Манай нөхөр С 14 цагийн үед ороод ирсэн. Нөгөө залууг гараад явсных нь дараа намайг тэр залуутай хамт пиво уусан гэж ойлгосон. Тэгээд С бид хоёр тэр өдөр бас хэрэлдээд би гараад гүйсэн. Би уг хашаанд байдаг айлын байшингийн үүдний таамбар руу ороод нуугдчихаад Сыг хашаагаар гараад явчих юм байх гэж бодсон чинь араас уг айлын таамбар руу ороод ирсэн. Тэгэхээр нь би сандараад тэр айлын гэр рүү яваад ортол өндөр, шар, 50 орчим настай казак хөгшин эрэгтэй байж байсан. Тэр хөгшинд би “нөхөртэйгээ муудалцаад таамбард чинь нуугдсан чинь араас ирчихээд байна” гээд яг хэлээд зогсож байтал араас манай нөхөр С ороод ирсэн. Тэгээд С “чи яах гэж энэ айл руу орж ирсэн юм” гээд бид хоёр маргалдсан. Тэр айлын эзэн хөгшин “гэрт битгий маргалдаад бай гарцгаа” гэж хэлсэн. Тэгээд С болохоор “би эхнэрийгээ аваад гармаар байна” гэсэн чинь өөдөөс нь тэр хөгшин хүн “зодолдох уу” ч гэл үү “үзэлцчих үү” ч гэл үү нэг тиймэрхүү утгатай зүйл хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр С нь тэр хөгшин казак өвгөний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэр өвгөний амнаас нь цус гарч байсан. Тэгээд би “цагдаа дуудна” гээд тэр өвгөн цагдаа дуудсан…” гэх мэдүүлэг,

 

Б.Сын буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Сайраны биед “доод уруулд шарх, зөөлөн эдийн няцралт, цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцралт, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2946 дугаартай дүгнэлт /хх-ийн 8/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Сын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Сыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллахаар дүгнэлт үйлдэн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуусан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн                  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ хөнгөрсөн гэж үзэхээр боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг буцаан өөрчлөх нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үр дагаварыг бий болгохоос гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

 

Иймд прокуророоос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу эрх зүйн байдлыг дордуулсан  хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Сын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэрээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дээрх хэргийг үйлдсэн бөгөөд шүүхэд хэрэг хянагдах шатанд уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй дислозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Б.Отгоноос “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 48/ гэсэн байх тул Б.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                     

 1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч Алтайчууд овогт Болдын Сыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Сыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Б.С нь 3 /гурав/ хоног цагдан хоригдсон бөгөөд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

           5. Шүүгдэгч Б.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг сулласугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ