Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/1180

 

Б.Б, А.Э, Б.Э

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Б.Б, А.Э, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганболд,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, А.Э, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б, А.Э, Б.Э нарт холбогдох 2308 00000 0176 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн Б-ийн Б, 2003 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, өвөө, эмээ, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД: ... /,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 968 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаас хоёр жилийг өршөөн хассан;
  1. О овгийн А-ын Э, 1998 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 409 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/635 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ялыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр биелүүлсэн;
  1. М овгийн Б-ы Э, 1999 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 409 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/1305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 02 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон;

Б.Б, А.Э, Б.Э нар нь бүлэглэж 2022 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны гадна байрлуулсан хохирогч Д.А-ын эзэмшлийн 00-00УУУ улсын дугаартай “Prius-20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.Б, А.Э, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ийн Б, М овогт Б-ы Э, О овогт А-ын Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Э, А.Э тус бүрт нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарын цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасахаар, эрүүгийн 2308000000179 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа ухамсарлаж, цаашид дахин хэрэгт холбогдохгүй, ар гэрийнхэндээ тусалж, ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн хүч хөдөлмөрөөр амьдрах хүсэл эрмэлзэлтэй байна. Миний хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар солиулах хүсэлтэй байна. Би бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа. ...” гэв.

Шүүгдэгч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхэд улсын яллагч Н.Ундрах шүүгдэгч тус бүрт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд оруулан тооцон хасаж, 520 цагийн хугацаагаар тогтоох санал гаргасан. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан, өөрийн төлсөн хохирол 1.800.0000 төгрөг. Үүнээс 900.000 төгрөгийг Б.Б-ын өмнөөс төлж барагдуулсан. Би өөрийн хүү болох Э.М-той хамт өрх толгойлон оршин суудаг. 2023 оны 5 дугаар сарын эхээр миний эхнэр Х.С намайг хэрэгт холбогдсоноос болоод салсан. Үүнээс хойш би хүүгийн хамт тус хаяг дээрээ авто засвар хувиараа ажиллуулж, үүгээрээ өөрийнхөө болон хүүгийнхээ амьжиргааг залгуулдаг. Засвар хийлгэж байсан үйлчлүүлэгчийнхээ тээврийн хэрэгслийг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгч амжилгүй хоригдсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, олон зүйлсийг ухаарч ойлгосон. Дахин ийм алдаа гаргахгүйн тулд хичээх болно. Муу хүмүүстэй нийлж гэмт хэрэг үйлдэхгүй, засрал хүмүүжлийг олно гэдгээ амлаж байна. Миний хүү Э.М нь албан ёсны асран хамгаалагчгүй байгаа тул эдгээр байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхнэр маань одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, бие давхар 6 сартай байгаагаас гадна эцэг, эх нар нь өндөр настай, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. Хохирогч талд ямар нэгэн гомдол санал, хохирол байхгүй дээр гэм бурууд маргасан зүйлгүй, өөрийн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б, А.Э, Б.Э нарын өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж, 14 дэх хэсэгт нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэж тус тус заасан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хэргийн бодит байдлыг тогтоон шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулсан байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт, улсын яллагчийн зүгээс 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай, өмгөөлөгчийн зүгээс 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх хүсэлт гаргасан зэрэг байдлуудыг огт харгалзалгүйгээр шүүгдэгч нарын хувийн байдлаас гагцхүү урьд ял шийтгүүлсэн байдалд нийцүүлсэн гэх байдлаар хорих ял оноон, шүүгдэгч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцооны ялгамжтайгүйгээр уг ялыг оногдуулан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын иргэний хувьд шүүгдэгч нарын Үндсэн хуульд заасан дэрхийг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон. Түүнээс гадна материаллаг хэм хэмжээний хувьд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж тогтоосон хэм хэмжээг агуулгын хувьд зөрчсөн бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрх шүүгчид ямар нэг хуулиар олгоогүй байна. Анхан шатны шүүхийн хувьд эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчийг нийгэмшүүлэх зорилгыг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэхээр шинжтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх хууль зүйн үндэслэл болж байна гэж үзэж байна. Шүүх хуралдааны үед шүүгч шүүгдэгч нарын урьд хорих ял эдэлж байсныг дурдаж, яллах болон өмгөөлөх талуудын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх төдийгүй Эрүүгийн хуулийн шударга ёс болон гэм буруугийн зарчимд нийцсэн гэх үндэслэлээр хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцэхгүй болсон гэж үзэж байна. Шүүх хэргийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын бусад хувийн байдлууд зэргийг харгалзан талуудын гаргасан саналыг үндэслэн хуульд нийцүүлэн ял оногдуулах нь зүйн хэрэг байсан. Дээрх байдлаас гадна Б.Э нь хувийн байдлын тухайд ар болох төрсөн ээж нь архаг даралт ихсэх өвчтэйгөөс гадна эхнэр жирэмсэн байгаа зэргийг мөн харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шударга ёсны зарчим болон гэм буруугийн зарчимд нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Б.Б, А.Э, Б.Э нарын хувийн байдлын хувьд урьд нь хулгайн гэмт хэрэг болон шунахайн сэдэлттэй гэмт хэргүүдэд тус бүр хоёр удаа шүүхээр ял шийтгүүлсэн байдаг. Тухайн үед шүүхээс шүүгдэгч нарт боломж олгож торгуулийн ял, тэнсэж хянан харгалзах ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Гэтэл шүүгдэгч нар өөртөө дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, прокурорын яллах дүгнэлтийг гардаж авахгүй удаан хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоо нөхөн төлөх бүрэн боломжтой байсан боловч хэрэг шүүхэд шилжсэний дараа хохирлоо нөхөн төлсөн. Шүүгдэгч Б.Б, Б.Э нарын хувьд урьд нь хамт хулгайн гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан байдаг. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хэлж буй тайлбар нь үндэслэлгүй. Учир нь, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэл оногдуулсан. Зарим шүүгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэн гаргуулж байгаа. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 байдлаар шийдэж байгаа. Прокурор санал тавихад зарим шүүгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр шийдвэрлэж байгаа. Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Б.Б-, А.Э-, Б.Э- нар нь бүлэглэж 2022 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчин ... дугаар байрны гадна байрлуулсан хохирогч Д.А-ын эзэмшлийн 00-00УУУ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.А-ын байрныхаа үүдэнд байрлуулсан байсан машинаа асаагаад, машиныхаа доогуур харахад яндангийн боолт тайлагдаж, алдагдсан байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх 14-15/, хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндангийн үнэлгээг 2.500.000 төгрөгөөр тогтоосон “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2584 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 36-37/, камерын бичлэгт болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 4-5, 6-8/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-, А.Э-, Б.Э- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалздаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-, А.Э-, Б.Э- нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр дүгнэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, шүүх хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэсэн нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх агуулга бүхий шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганболдын тус тусын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүх хуралдаанд прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг анхан шатны шүүх хүлээж авахгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдгээрт хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан “...шүүх шүүгдэгчийг нийгэмшүүлэх зорилгыг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэхээр шинжтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэл болж байна...” гэснийг хүлээн авах боломжгүй.

            Учир нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенцуудад тусгагдсанаар хуульд заасан үндэслэл, шаардлагуудыг харгалзан хуульд заасан ялын төрлөөс сонгож, хуулиар зөвшөөрөгдсөн интервалын хэмжээнд ялыг оногдуулах нь шүүхийн хэнтэй ч хуваалцахгүй, онцгой бүрэн эрх болно.

  1. Харин прокурор, анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн объектив талын нэмэгдэл шинж болох “тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл ашигласан” эсэх, хэрэв ашигласан бол түүнийг хураан авах эсэх асуудалд дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна.

Тодруулбал шүүгдэгч Б.Б- “...А.Э- ах машины доогуур орж 40 орчим минутын дараа машины яндаг тайлж аваад гарч ирсэн. Би очиж багажуудаа авч цүнхэндээ хийгээд, дараа нь уг янданг төмрөөр хөшиж голоор нь хуваасан. ...” /1хх 223/ гэж, шүүгдэгч А.Э- “...Би машины доогуур орж 14-ийн дорцовоор янданг тайлж авсан. ...” /1хх 232/ гэж, шүүгдэгч Б.Э- “...Би тухайн үедээ цүнхний цахилгааныг онгойлгож үзэхэд нүүрсэн яндан болон түлхүүр, багажийг бүртгэчихээд буцаад А.Э-, Б.Б- нарын гэрийн зүг алхсан...” гэж гэмт хэрэг үйлдэх үедээ багаж хэрэгсэл ашигласан талаар мэдүүлсэн байхад эдгээр эд зүйлсийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтаар тооцон хураан авах асуудлыг шалгаагүй, прокурор хангалтгүй хяналт тавьж ажиллажээ.

Мөн шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж олж авсан нүүрсэн янданг олон нийтийн сүлжээнд тавьсан зарын дагуу бусдад 1.000.000 төгрөгөөр худалдаж, 250.000 төгрөгийг Б.Э- авч, үлдсэн мөнгийг Б.Б-, А.Э- нар авсан талаар хэн аль нь мэдүүлсэн байхад гэмт хэрэг үйлдэж олсон дээрх хөрөнгө, орлогыг гаргуулах талаар прокурор саналаа шүүхэд гаргаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах замаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон дээрх хөрөнгө, орлогыг Эрүүгийн хуульд зааснаар тэднээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэх нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл, багаж хэрэгсэл, машин механизмыг хураан авах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд энэ нь заавал хэрэглэх хэм хэмжээ юм.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэхээс гадна дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх явдал бөгөөд албадлагын арга хэмжээ нь ялын зорилгыг хангах, түүний үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хэрэглэгддэг эрүүгийн ялын бус хариуцлагын төрөл болох тул энэ талаар цаашид анхаарч ажиллах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Б.Б-, А.Э-, Б.Э-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганболд нарын тус тусын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Б.Б-, А.Э-, Б.Э- нарын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг тэдгээрийн тус тусын ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1215 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 375.000 /гурван зуун далан таван мянга/ төгрөг, шүүгдэгч А.Э-аас 375.000 /гурван зуун далан таван мянга/ төрөг, шүүгдэгч Б.Э-аас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, А.Э-, Б.Э-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганболд нарын тус тусын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, А.Э-, Б.Э- нарын цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тус тус тооцсугай.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ