Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

 

 

 

 

 

  2023            12            21                                       2024/ДШМ/02

 

 

                                                          Ц.Б, Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.У,

шүүгдэгч Ц.Б, Д.Э нарын өмгөөлөгч Б.М,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/692 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 70 дугаар эсэргүүцлээр Ц.Б, Д.Э нарт холбогдох ...................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Б, Д.Э нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр .......дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг “шавар” гэх нэршилтэй бодисын цэвэр жин 0.0198 грамм, “мөс” гэх нэршилтэй бодисын цэвэр жин 0.0833 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, ............... улсын дугаартай ................ загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Б, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 3 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн оршин суух газар болох шүүгдэгч Д.Э-ийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Ц.Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглож, шүүгдэгч Д.Э, Ц.Б нарыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг тус тус анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ц.Б нарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч Д.Э, Ц.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “bon aqua“ гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хуванцар сав, цэнхэр өнгийн соруул, Vinix 100 гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гялгар ууттай зүйл, тунгалаг өнгийн хуванцар материалтай саван дотор хийсэн шилэн гаанс мэт зүйл, гялгар ууттай бор хүрэн өнгийн зүйл, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл уутны хамт 0.1 грамм, бор өнгийн ариун цэврийн цаас, цайвар цэнхэр грамм, бор өнгийн ариун цэврийн цаас, цайвар цэнхэр өнгийн соруул 1 ширхэг, хөх өнгийн соруул 1 ширхэг, цагаан өнгийн соруул 1 ширхэг, улаан өнгийн зиплок түгжээтэй гялгар уут 1 ширхэг, отривин спрей гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн дотроо шингэний агууламжтай жижиг хэмжээтэй хуванцар сав 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, хар өнгийн асаагуур 1 ширхэг, Flower food гэсэн бичиглэлтэй хуванцар сав 1 ширхэг, “Rio” гэсэн бичиглэлтэй төмөр сав дотроо 4 ширхэг цагаан өнгийн мэт зүйл, гялгар ууттай тариур, зүүний хамт 1 ширхэг, ягаан өнгийн асаагуур, шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, хажуудаа тунгалаг өнгийн гялгар ууттай, шавар мэт зүйл наалдсан улаан өнгийн асаагуур, ногоон өнгийн соруул 1 ширхэг, улаан өнгийн соруул, цагаан болон тунгалаг өнгийн соруул 1 ширхэг, “NEXPOD” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар зүйл, бор өнгийн даавуун ууттай саарал ангийн гар жин, 10 гэсэн тоотой 1 ширхэг төмөр зоос, өнгөгүй хуванцар гуурс, шар өнгийн 1 ширхэг асаагуур, улаан өнгийн зиплок түгжээтэй 5 ширхэг уут зэрэг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, энэ төрлийн гэмт хэргийн криминологийн нөхцөл байдлыг харгалзах нь зүй ёсны хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон хууль ёсны байдал, гэмт хэрэг нэг бүрд оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн зүй зохистой байдлаар тухайлан оногдуулах зарчим зэрэгт нийцүүлэн шийдвэрлэх учиртай. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Б, Д.Э нарыг бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг “шавар” гэх нэршилтэй бодисын цэвэр жин 0.0198 грамм, “мөс” гэх нэршилтэй бодисын цэвэр жин 0.0833 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Б-д 3 жил, шүүгдэгч Д.Э-д 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна. Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй, илтэд хөнгөн ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 692 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Г.У тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан. Нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдсан гэж үзэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын гэм буруугийн хэсэг үндэслэлтэй. Шийтгэх тогтоолын ял, эрүүгийн хариуцлагын хэсэгт хяналтын прокурорын зүгээс эсэргүүцэл бичихгүй гэдэг байдлаар саналаа илэрхийлсэн. Дээд шатны прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл бичсэнийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б, Д.Э нарын өмгөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн цагаас эхлэн өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж, үнэн зөв мэдүүлэг  өгч,  хийсэн үйлдэлдээ гэмшиж, нийгэмд учруулсан хохирол, хор уршгаа ухамсарлаж, буруу, гаж зуршилтайгаа холбоотойгоор эмнэлгийн байгууллагад хандан сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээ авч байсан. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Тус гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас харагдана. Нөгөө талаар эрүүгийн хариуцлагын зорилго нь ялтныг нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг тул шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр өөр ял оногдуулж, давхар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгч нарын хийсэн үйлдлээ ухамсарлах, хяналт шалгалтад байх нь тэднийг нийгэмшихэд зүй зохистой гэж үзэж байна. Ялын интервалын хувьд, 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын сонгох санкцтай. Анхан шатны шүүх хуульд заасан ялын хэмжээний 50 хувиас дээш буюу 3, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар хэрэглэж өгнө үү. Ингэснээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ц.Б, Д.Э нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ............ дүүргийн ........... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг “шавар” гэх нэршилтэй бодисын цэвэр жин 0.0198 грамм, “мөс” гэх нэршилтэй бодисын цэвэр жин 0.0833 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, .................. улсын дугаартай ................ загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б, Д.Э нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байтал шүүгдэгч Ц.Б, Д.Э нарт уг зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж, улмаар тухайн ялын хэмжээг тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 3 жил, шүүгдэгч Д.Э-д 4 жилийн хугацаагаар тогтоохдоо үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.  

Шүүх, Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй.

Орчин үеийн эрүүгийн эрх зүйд ялын бодлогыг илүү хүмүүнлэг, энэрэнгүй байх хандлага зонхилж буй хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан урьд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээг дараагийн үйлдсэн гэмт хэрэгт давтан оногдуулах нь эрүүгийн хариуцлагын үр нөлөөг сулруулдаг болохыг анхаарах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 70 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/692 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Б, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ