Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00017

 

                                Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,                                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Л.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох

            “Орхон аймгийн Засаг даргын 2004 оны 162 дугаар захирамж, 2005 оны 104 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, Л.Цэвэлмаагийн эзэмшил газрыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2016/0019/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Цэвэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, Д.Болдбаяр, гуравдагч этгээд Д.Дашцэрэн, Б.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Цэвэлмаа би 2002 оны 5 сарын 27-ны өдөр Б.Баттөрөөс Наран багийн 40-н айлын 8-р байрны 2 тоот орон сууцыг 550.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсан байшин нь 24x34 м2 талбайтай газар нь 750 м.кв байсан. Тухайн үед газрын гэрчилгээ нийт дундаа олгогдоогүй, харин газрын албанаас хэмжилт хийгдсэн байсан. Би өөрийн биеэр тухайн үеийн Наран багийн дарга байсан Дорждагва гуайд байшин, газар авсан тухайгаа мэдэгдэж хаягийн хөдөлгөөн хийлгэсэн. Хаягийн бүртгэл хийж, газраа хэмжүүлээд өөрийн нэр дээрээ болгож байсан. Тухайн үед манайх хажуу айлтайгаа нэг хаалгаар орж дундаа зааггүй байсан учраас би газрын гэрчилгээгээ авч амжаагүй. Хажуу айлын Батбаатартай хажуу талаараа шинэ хашаа барьсан жорлонгоо дундаа барьсан. Том хаалгатай тал нь Батбаатарынх шүү гэж Баттөр хэлсэн. Батбаатарын газар манай газар нийт талбайн хэмжээ нь 1391 мкв2  айлын газар байх атал иргэн Д.Дашцэрэн манай гарцыг хааж ар талд нь буусан. Энэ айл нь Наран багийн 40-н айлын 6-р байранд байртай байсан. 6-5 гэсэн хаягтай гэрчилгээг өөрийн дураар гаргуулсан байсан. Батбаатар, Д.Дашцэрэн нар надад мэдэгдэлгүй, намайг эзгүй хойгуур манай газраас дур мэдэн авч өөрийн эзэмшлийн мэт харагдуулж газрын албаны хүмүүсээр кадастрын зураг авахуулан өөрсдийн болгож өмчлөн авсан байсан. Анх би Баттөр гэдэг хүнээс 750 мкв газар худалдан авсан байхад одоо манай газар 257 мкв талбай болон багассан. Наран багийн 40-н айлын 8-р байр нь нийтийн орон сууц баригдсан 4 айлын орон сууц байтал Б.Дашцэрэн гуай ар талын 2 айлын газрыг 3 айлынх болгож кадастрын зураг авахуулснаас будилаан гарч Л.Цэвэлмаа миний газрыг урд айлын Мөнгөнцэцэгийн хажууд мэт кадастрын зураг гарсан. Би энэ тухай удаа дараа холбогдох газруудад өргөдөл өгсөн боловч шийдэгдэхгүй байсаар байгаад биднийг хохироож байгаад гомдолтой байна. Газрын албанд манай газрын зураг байсаар байтал хажуу айлын хүмүүст манай газраас дур мэдэн олгож, кадастрын зураг аван газрын гэрчилгээ өгсөнд гайхаж бас гомдолтой байна. Одоо манайх гарах, орох гарцгүй, гал түймрийн янз бүрийн аюул гарвал гарах гарцгүй, тайван чөлөөтэй гарч амьдрах эрх зөрчигдөж байна. Айлын хавчилганд дарамтанд орж эрх маань ноцтой зөрчигдөж байгаа тул энэхүү маргааныг үнэн зөвөөр хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би удаа дараалан Газрын албаны маргаан хариуцсан Эрдэнэзул, 2008 онд зөрчил маргаан хариуцсан мэргэжилтэн Болдбаяр, 2013 онд Газрын даамал Батзаяа, Цолмон нарт газар эзэмших гэрчилгээ гаргуулах хүсэлтээ удаа дараалан тавьж байсан. 2013 онд Газрын албаны дарга Цанашир, Манлайбаатар нарт өргөдөл өгч байсан. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга 2013 оны 9 сарын 18-нд мэдэгдэл авсан. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 5 сарын 10-нд хариу авсан. Эрх маань ноцтойгоор зөрчигдөж байгаа тул энэхүү маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.”[1] гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Л.Цэвэлмаагийн худалдан авсан Наран багийн 40-8-2 тоот газрыг Б.Баттөрд өмчлүүлсэн тухай мэдээлэл газар өмчлөлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 40-8-2, 40-8-4 тоот газар нь кадастрын мэдээллийн санд нэг нэгж талбараар бүртгэгдсэн бөгөөд 40-8-2 тоот нэгж талбар орц, гарц, талбайн хэмжээ тодорхойгүй байна. Д.Дашцэрэн нь 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сумын Наран багийн 40-6-5 тоот 570 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн боловч кадастрын мэдээллийн санд 499 м.кв талбайтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.”[2] гэжээ.

Гуравдагч этгээд Д.Дашцэрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д.Дашцэрэн миний бие Орхон аймаг, Баян-Өндөр сумын Наран багийн 40 айлын 6-5 тоотод оршин суудаг. 2000 оноос хойш өдийг хүртэл энд амьдарч байна. Л.Цэвэлмаа гэгч хүнийг 8-2 тоот хашаанд 2002 онд худалдаж авахаас өмнө 8-2, 8-3 тоотын хашаа нь бариатай байсан. Өнөөдрийг хүртэл бариатай тэр хэвээрээ байгаа. Д.Дашцэрэн миний бие нь өөрийн оршин суугаа газрын газар өмчлөх эрхийн дагуу хуулийн хүрээнд гэрчилгээ авч өмчилсөн бөгөөд бусдын эрхийг зөрчиж хууль бус зүйл хийгээгүй. Л.Цэвэлмаа анх авахдаа нэг гарц хаалгатай, нэг 00-той гэж авсан /8-3 тоотой/. Хашаа байшингаа эрх ноцтой зөрчигдсөн гэж нэхэмжлэн миний болон миний үр хүүхдүүдийн эрхэнд халдах эрхгүй. Орхон аймгийн Засаг даргын 2004 оны  162 дугаар захирамж, 2005 оны 104 дүгээр захирамжуудыг цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин энэ айлын нөгөө талыг анх авахдаа хамтран эзэмшиж байсан айл нь эдний хашааг шахаж 00, хаалгаа болгочоод зарчихаад явснаас болж дараагийн авсан айлтай газар хаалга, хашааг тохирох байтал тэрийг тохиролгүй олон айл солигдож, Цэвэлмаагийн ойрын хэдэн жил хүнд түрээслүүлж тэр айл нь манай гэрийн үүдэнд түр 00 барьсан”[3] гэжээ.

Гуравдагч этгээд Б.Удвал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Б.Удвал нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цагаанчулуут багийн 52 дугаар гудамжны 16 тоотод оршин суугч Д.Оюун-Эрдэнээс Наран багийн 40 айл, 8-4 тоот 40 м.кв хувийн орон сууцыг 578 м.кв газрын хамт худалдан авсан болно. Уг хашаа байшинг анх худалдан авахад 8-2 тоот айлаас дундуураа хашаа барьж заагласан байсан. Одоо байгаа айл нь манай хашаагаар дамжиж орж гардаг. Миний хувьд айлын хашаа таглаж хашаа барьсан зүйлгүй ба уг хашаа байшинг өмчлөх газрын хамт зохих журмын дагуу худалдан авсан болно”[4] гэжээ.

Хэргийн оролцогчид эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Л.Цэвэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, Д.Болдбаяр, гуравдагч этгээд Б.Удвал, Д.Дашцэрэн нар дараахь нөхцөлийг зөвшөөрч, эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд: 1.Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн 40-6-05 тоотод оршин суух Д.Дашцэрэн нь эзэмшиж буй 499 м.кв газраас 75 см газрыг зүүн урд зүгээс баруун хойш татах;

2. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг 40-6-04 тоотод оршин суух Б.Удвал нь эзэмшиж буй 670 м.кв газраас 75 см газрыг баруун хойд зүгээс зүүн урагш 75 см татах;

3. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн 40-6-05, 40-8-02, 40-8-04 тоотод оршин суух айл бүгд кадастрын хэмжилт хийж, гэрээ, гэрчилгээ авах;

4.Тухайн газарт иргэн Д.Дашцэрэн, Б.Удвал нар нь иргэн Л.Цэвэлмаагийнх хүртэл гудамж татах ажилд ямар нэгэн саадгүй чиглүүлэх;

Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч Л.Цэвэлмаа хариуцна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан гуравдагч этгээд Д.Дашцэрэн, Б.Удвал нар нь эвлэрлийн гэрээнд оролцож нэхэмжлэгч, хариуцагч нарын тохиролцсон асуудлаар харилцан зөвшилцсөн байна. Ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 119/2016/0019/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Л.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ

 


[1] Хэргийн ...хуудас: Нэхэмжлэгч Л.Цэвэлмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл

[2] Хэргийн 39-40 дүгээр хуудас: Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн хариу тайлбар

[3] Хэргийн 47 дугаар хуудас: Гуравдагч этгээд Д.Дашцэрэнгийн тайлбар

[4] Хэргийн 107 дугаар хуудас: Гуравдагч этгээд Б.Удвалын шүүхэд ирүүлсэн тайлбар