Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01310

 

Мандалженерал даатгал ХХК-ийн

нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04945 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1468 дугаар магадлалтай,                                                                                                 

Нэхэмжлэгч : Мандалженерал даатгал ХХК,

Хариуцагч : А.Ууганчимэг

Нэхэмжлэлийн шаардлага: 1.280.724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч У.Түвшин, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Ууганчимэг нь 2010.7.23-ны өдөр Мобиком корпорацитай 20127040 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 99038451 дугаар авч ашигласан. 2013.6.01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013оны 5 дугаар cap, 6 дугаар сарын 01-31-ний өдрийг хүртэлх төлбөр нь 845.816 төгрөг болсон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 845.816 төгрөг, алданги 422.908 төгрөг, нийт 1.268.724 төгрөг болсон байна. Мандалженерал даатгал ХХК нь Мобиком корпорацийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын нөхөн төлбөр олгох бөгөөд Мандал женерал даатгал ХХК-иас нөхөн төлбөрт 845.816 төгрөг хүлээн авсан. Иймд хариуцагчаас 1.268.724 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлд хавсаргасан материалыг нотариатаар баталгаажуулахад 12.000 төгрөгийн зардал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг 12.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн хувийг надад гардуулан өгөх хүртэл надад мөнгөн төлбөр ийм их гарсан талаар мэдэгдээгүй. Энэ мөнгийг яаж гаргасан талаар ойлгогдохгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа. Эрх шилжүүлсэн гэрээ болон шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааны хувьд зөрүүтэй байна. Нэхэмжлэгч даатгалын тохиолдол бий болсон гэж тайлбарлаж байна. Мобиком компани үйлчилгээ үзүүлээгүй тул шаардах эрх үүсээгүй. Үүсээгүй эрхээ Мандалженерал даатгал ХХК-д шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04945 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан .Мандалженерал даатгал ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1468 дугаартай магадлал гаргаж  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04945 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6,443 дугаарзүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан А.Ууганчимэгээс 854.816 төгрөг гаргуулж Мандалженерал Даатгал ХХК-д олгож, нэхэмжлэлээс 425.908 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би 2013.02.25-ны өдрөөс 2013.701-ний өдрийг хүртэл Энэтхэг Улсад сургалтанд суухаар явах болсон ба уг хугацаанд өөрийн утас болон дугаарыг авч явсан, ямар нэг үйлчилгээ аваагүй. Мобиком корпораци болон Мандалженерал даатгал 2-оос 3 жилийн дараа буюу баримт устаж үгүй болсны дараагаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироож байна. Намайг Энэтхэг Улсад байх хугацаанд миний утасны төлбөрийг манай ээж төлж байсан. Мобикомын салбар дээр уг мөнгийг төлсөн баримтыг өгдөг ба хоёр, гурван жил уг баримтыг хадгалаагүй. Төлбөр тасалдлын хэлцэлийн 12.4, 13.1, 13.2, 13.3, 13.4, 14, 15 дэх хэсэгт тус тус заасан нөхөн төлбөр нэхэмжилсэн албан бичиг, нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн маягт, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд даатгалын тохиолдолд бий болсон нотлох баримт, Даатгалын тохиолдол үүсгэж байгаа хэрэглэгч тус бүрийн дэлгэрэнгүй хавсарлт 4-өөс гадна хэрэглэгчтэй байгуулсан гэрээ болон иргэний үнэмлэхийн хуулбар, авлагын жагсаалтууд нь хэрэгт байхгүй ба даатгалын тохиолдолд бий болсон мөн даатгагч нөхөн төлбөр өгсөн гэх үйл баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдсэн. Ямар төлбөр гарсан талаар билл авахаар очиход Мобикомоос 3 сараас хэтэрсэн тул устгасан гаргаж өгөх боломжгүй гэсэн ба уг баримтыг гаргуулахаар шүүхэд хандсан ч нэгдүгээрт дээрх баримтыг устсан тул гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгөх нь ойлгомжтой. Хүсэлт гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах байсан тул энэ талаар хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Уг хэргийн давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг баримтыг 3 сараас илүү хугацаагаар хадгалагдаагүй ба устсан талаар нь хэлсэн байдаг байхад хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн эсхүл уг үйлчилгээг авсан гэж таамаглаж шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьж миний хууль ёсны эрх ашгийг илтэд хохироож байна. Нэхэмжлэгч нь хх 5 дахь талд байгаа харилцагчийн гүйлгээ гэх баримтыг үндэслэл болгон нэхэмжлэл гаргасан ба уг баримт нь хэдийгээр нотлох баримтын шаардлага хангасан боловч хэт нэг талын баримт бөгөөд хэн нэгэн этгээд уг баримтыг бичээд гаргах боломжтой баримт юм. Хэрэв даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж байгаа бол үйлчилгээ авсан талаарх биллийг хавсаргаж өгөх ёстой. Үйлчилгээ аваагүй тул ийм билл мобикомоос гарахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх харилцаанд оролцогчид тэгш эрхтэй байх ёстой гэж миний бие үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, хариу татгалзлаа нотлох ёстой. Хариуцагчийг хүсэлт гаргаагүй тул уг үйлчилгээг авсан гэж хэт хийсвэрээр ямар ч нотлох баримтад үндэслэлгүй миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж буй шиг мобикомд урьд нь гомдол гаргаж төлбөрөөс хасуулж байсан удаа байхгүй илтэд худал тайлбарыг гаргаж байна. Даатгалын тохиолдол бий болоогүй байхад даатгалын тохиолдол бий болсон мэтээр тайлбарлаж, даатгалын нөхөн төлбөр төлсөн /даатгалын тохиолдол бий болсон гэдгийг болон нөхөн төлбөр төлсөн гэдгийг ямар ч баримтаар нотлоогүй/ мэтээр тайлбарлаж намайг хохироож байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Мандалженерал даатгал ХХК нь А.Ууганчимэгээс 845 816 төгрөг, алданги 422.908 төгрөг нийт 1.268.724 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах шатны шүүх өөрчилж, хариуцагчаас 845.816 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв

Мандалженерал Даатгал ХХК нь Мобиком Корпораци ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Даатгалын ерөнхий гэрээ, Төлбөр тасалдлын даатгалын хэлцэл, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төлбөр тасалдлын даатгалын хэлцлийн нэмэлт гэрээ тус тус байгуулсан байна. Гэрээнд зааснаар дараа төлбөрт хэрэглэгч гэрээний дагуу төлбөр төлөөгүй, төлбөр төлөх эцсийн хугацаанаас хойш 120 хоног өнгөрсөн бол даатгалын тохиолдол бий болно гэж тохиролцжээ. /хх-ийн 15-21/

А.Ууганчимэг нь гар утасныхаа төлбөрийг төлөөгүйгээс төлбөр тасалдалтын даатгалын тохиолдол бий болсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь буруу биш бөгөөд Мандалженерал Даатгал ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 845.816 төгрөгийг Мобиком Корпораци ХХК-д даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэж үзэхээр баримт хэрэгт байна /хх-ийн 5/

Мандалженерал Даатгал ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 болон Төлбөр тасалдлын даатгалын хэлцлийн 12 дугаар зүйлийн 6-д заасны дагуу Мобиком корпораци ХХК-д даатгалын нөхөн төлбөрт төлсөн 845.816 төгрөгийг А.Ууганчимэгээс шаардах эрхтэй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Даатгалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 ооны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1468 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.                                                                                     

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 24.900 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ