Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 164

 

С.Бы нэхэмжлэлтэй, Улсын

Ерөнхий прокурорт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид: Л.Атарцэцэг

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/423 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зэрэг дэвийг сэргээх

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0051 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0178 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0051 дүгээр шийдвэрээр: Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Баас Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/423 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зэрэг дэвийг сэргээх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0178 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0051 дүгээр шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Бы давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0051 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0178 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Хариуцагч байгууллага: Улсын Ерөнхий прокурорын газар хэмээн захиргааны байгууллагыг хариуцагчаар татсан байх бөгөөд энэ талаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай шүүгчийн захирамжид Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан, Улсын Ерөнхий прокуророос 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр олгосон итгэмжлэлд Улсын Ерөнхий прокурорт холбогдох захиргааны хэрэгт Улсын Ерөнхий прокурорыг төлөөлж оролцох гэж тус тус бичсэн байна. Мөн нэхэмжлэлд хариуцагч албан тушаалтан гэсэн хэсэгт Улсын ерөнхий прокурор хэмээн албан тушаалтныг нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь захиргааны байгууллага болон албан тушаалтныг хамтад нь буюу 2 этгээдийг хариуцагчаар татсан байхад шүүхээс зөвхөн Улсын Ерөнхий прокурорт холбогдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

5. Анхан шатны шүүх нь ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасны дагуу захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй ба энэ талаар давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй тул тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:

5.1. Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5-д заасныг иш татсан байх бөгөөд сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг тус тус үндэслэх буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу сахилгын шийтгэлийг ногдуулах ёстой ч хуульд заасан үндэслэл журмыг хэрэглээгүй байна. Мөн зүйлийн 48.1.8-д заасныг иш татсан бөгөөд энэ нь эрх зүйн актын хэлбэрийг тогтоосон тул энэхүү маргаанд хамаарахгүй ерөнхий заалт юм. Мөн зүйлийн 48.1.13-т заасныг иш татсан ч аль хуульд заасан ямар эрхийг хэрхэн иш татаж байгааг бичээгүй байна.

5.2. Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасныг иш татсан байна. Уг хэсгийг хэрэглэхийн тулд мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг шалган тогтоох шаардлагатай буюу прокурор нь албан тушаалтныхаа хувьд дурдсан зөрчлийг үйлдэх ёстойг хууль тогтоогч шаардаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь замын хөдөлгөөнд иргэнийхээ хувьд оролцож байсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн хүнийхээ хувьд шийтгэл хүлээсэн. Гэтэл шийтгэл хүлээгээд байхад дахин шийтгэл ногдуулж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан бол түүнд зөвхөн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл л ногдуулахаас биш түүнд дахин өөр шийтгэл ногдуулах ёсгүй байна.

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтыг иш татсан байна. Гэвч хууль дээдлэх зарчимтай энэ нь нийцэхгүй байна. Тушаах нь хэсгийн 1-д ... дүгнэлтийг үндэслэн ... сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ. Дүгнэлт нь Ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.22-ыг зөрчсөн гэж байх бөгөөд тэдгээр нь прокурор хэмээн эхэлж байгаагаас үзэхэд мөн л прокурорынхоо хувьд буюу албан тушаалтныхаа хувьд дурдсан зөрчлийг үйлдсэн байхыг шаардаж байна. Түүнчлэн зөрчлийг хэлэлцэх зөвлөлийн нэг гишүүн нь нэг заалт нэмэх саналтай байна гээд нэг заалт нэмүүлж байх бөгөөд түүний үндэслэлийг хэн ч асууж тодруулаагүй.

7. Иймд, тушаал нь хууль ба зорилгодоо нийцээгүй, Эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулах боломжит хугацааг хэтрүүлсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Нэхэмжлэгч С.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан нь Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18-д прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна, 2.4.22-т прокурор согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж албадан эрүүлжүүлэгдэх, санаатайгаар зөрчил гаргаж шийтгэл хүлээх, бусадтай зүй бусаар харьцах, бусдыг доромжлохыг цээрлэнэ. Энэ төрлийн зөрчлийг удаа дараа гаргасан бол сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гарсан байх бөгөөд түүнийг үндэслэн Улсын Ерөнхий Прокуророос Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5-д заасан прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Прокурор хууль, байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна: 67.1.5-т ажлаас халах гэснийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халсан маргаан бүхий акт хууль ёсны талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

10. Хэдийгээр, нэхэмжлэгч нь Ёс зүйн дүрмийн 2.4.22-т заасан зөрчлийг анх удаа гаргасан, энэ утгаараа уг заалтын Энэ төрлийн зөрчлийг удаа дараа гаргасан бол сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно гэсэн урьдчилсан нөхцөл хангагдаагүй ч тухайн зөрчил нь мөн дүрмийн 2.4.18-д заасан хэм хэмжээг давхар зөрчсөн, иймээс Ёс зүйн дүрмийн 3.7-д энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь нотлогдвол тухайн прокурорт Монгол Улсын Прокурорын тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэсний дагуу сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл бүрдсэн, харин нэхэмжлэгч нь өмнө нь хэд хэдэн удаа прокурорын мэргэжлийн алдаа гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан, хамгийн сүүлд 2018.03.23-ны өдрийн Б/101 дүгээр тушаалаар цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин ёс зүйн зөрчил гаргасан тул ажлаас халах шийтгэл хүлээлгэсэн бөгөөд ингэхдээ зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзсэн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

11. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэртээ хариуцагч байгууллага: Улсын Ерөнхий прокурорын газар, албан тушаалтан: Улсын Ерөнхий прокурор гэж тодорхойлсон байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгч С.Бол орчулууны нэхэмжлэлээр Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн нь зөв байна. Учир нь, маргаан бүхий актыг Улсын Ерөнхий прокурор гаргаснаас гадна Ерөнхий прокурор нь Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Улсын ерөнхий прокурор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 48.1.1-д прокурорын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж удирдах гэж тус тус зааснаар прокурорын байгууллагыг тэргүүлдэг тул нэхэмжлэгч хоёр хариуцагч татсан байхад шүүхээс зөвхөн нэг хариуцагчид холбогдуулан хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно гэсэн уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актыг хууль ёсны гэж дүгнэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасан Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл алга байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа өөрийн сонгох боломжийн хүрээнд зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл оногдуулсан байх тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан гомдлыг хангах боломжгүй.

13. Мөн хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох хууль тогтоомжийн хэрэглэгдэх ёстой зүйл, заалтыг зөв хэрэглэсэн тул Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчим зөрчигдсөн гэж үзэхгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.1-д заасан гомдол үндэслэлгүй.

14. Нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн тул Прокурорын ёс зүйн дүрэм болон Прокурорын тухай хуулиар хариуцлага хүлээхээс чөлөөлөгдөнө гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, прокурор нь төрийн тусгай албан хаагч болохынхоо хувьд албан болоод албан бус харилцаанд ч олон нийтийн дунд биеэ зөв зохистой авч явах нь Ёс зүйн дүрмээр хүлээсэн нийтлэг үүрэг байна. Иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.2, 6-д заасан гомдлыг хангах боломжгүй. Түүнчлэн, зөрчлийг хянан хэлэлцэх зөвлөлийн нэг гишүүн нь нэг заалт нэмэх саналтай байна гээд нэмэгдүүлснийг хэн ч асууж тодруулаагүй гэх гомдол нь хэргийн үйл баримт болон маргаан бүхий актыг, улмаар шүүхийн шийдвэр, магадлалыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0051 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0178 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын

журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                     Г.БАНЗРАГЧ