Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 306/ШШ2025/00131

 

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 306/ШШ2025/00131

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Л-ийн гаргасан хүсэлттэй,

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд олгох нөхөх олговор 80,000,000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Л шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Л нь 1935 онд төрсөн. Миний аав Д.Д нь 1938 онд улс төрийн хэргээр баривчлагдаж, 1938 ондоо цаазын ялаар шийтгүүлж, 1993 онд цагаатгагдсан. Тухайн үед аав улс төрийн хэрэгт баригдаад явсан учир ээжээрээ овоглосон. 2000 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21 тоот шүүхийн шийдвэрээр Л намайг Д-ын үрчилж авсан охин болохыг тогтоосон. Тэгээд 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 34 тоот шүүхийн шийдвэрээр эцэг Д-ын нөхөх олговор нэг сая төгрөг авсан.

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн 13 дугаар зүйлд буюу 13.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.1-т заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд дараах нөхөх олговрыг доорх нөхцөлийн дагуу олгоно гээд 13.2.1 дэх хэсэгт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр нөхөр, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгоно гэж заасан байна.

Энэ хуулийн өөрчлөлтийг мэдэлгүй хугацааг нь дуусгасан байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн 13.2.1 дэх хэсэгт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр нөхөр, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгоно гэж заасны дагуу миний аав Д-ын 80 сая төгрөгийн нөхөх олговорыг олгож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

3. Хүсэлт гаргагчаас: Хүсэлт, итгэмжлэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзварын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн -- дугаартай албан бичиг, Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №03-08/746, №03-08/744, №03-08/7** дугаартай лавлагаанууд, Говьсүмбэр аймаг дахь сум дундын 2000 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай болон 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбарууд, Тагтуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0801/4** дугаартай лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1** дугаартай магадлалын хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Д.Л нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд олгох нөхөх олговор 80,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

3. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөгийг гаргуулахаар хуульд тусгасан боловч энэхүү нөхөн олговрын мөнгийг олгохтой холбоотой нэхэмжлэлийн дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д зааснаар нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заажээ.

Хуулийг буцаан хэрэглэх, хэтрүүлсэн хугацааг сэргээх зохицуулалт тус хуульд хуульчлагдаагүй байна.

Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдана гэж заасан нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм.

 

4.Иймд хүсэлт гаргагч Д.Л-ийн гаргасан хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Энэхүү хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасныг баримтлан Д.Л-ийн гаргасан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд олгох нөхөх олговор 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Энэхүү хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ц.ҮЙТҮМЭН