| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0355/Э |
| Дугаар | 346 |
| Огноо | 2017-10-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн;
улсын яллагч Н.Мөнгөнсүх;
хохирогч Б.Даваасамбуу, түүний өмгөөлөгч Н.Мандах;
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа;
шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Н.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С, Б.Гнарт холбогдох эрүүгийн 201525021208 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Г,
2. Монгол Улсын иргэн,
С.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Г, Э.С нар нь согтуугаар бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн урд талд байрлах “Голомт” банкны хажууд нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэн иргэн Б.Даваасамбууг зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цагийн үед Улсын Их дэлгүүрийн хажууд бааранд сууж байгаад гарсан. Би тухайн бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би баарны тооцоо хийгээд хамгийн сүүлд гартал хохирогч талын хэдэн хүмүүстэй хамт байсан залуучууд маргалдсан. Тэгтэл хохирогч талын хоёр залуу “бид нар дошин дээрээ байна, банди бөгсдий” гэж хэлээд хэдэн залуучууд дуудсан. Тэгээд тэр залуучуудтай хоорондоо цохилцсон. Тэгтэл нэг залуу миний дагзны ар хэсэг рүү цохихоор би зугтаасан. Тэгтэл араас миний цүнхнээс зуураад тавихгүй болохоор нь тэр залуугийн толгой руу нь нэг удаа цохисон гэв.
Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Гболон түүний найзуудтай Улсын Их дэлгүүрийн хажууд байрлах бааранд “тэмцээнд орсон баяраа тэмдэглэх гэж байна” гэж намайг дуудахаар нь очсон. Тэгээд тэр баарнаас 00 цагийн орчим бүгд хамт гарцгаасан. Тухайн баарнаас гарахад Анхбаяр бид хоёр хамт явж байсан хүмүүсээсээ арай сүүлд явж байсан. Тэгтэл урд талд явж байсан хүмүүс орилж шуугилдаад байхаар нь Анхбаяр бид хоёр очтол тэнд зодоон болж байсан. Тэгтэл замын цаанаас хэсэг залуучууд гүйж ирсэн. Тухайн үед Батбаяр гэдэг залуу зам дээр хэвтсэн байдалтай байхаар нь босгох гэтэл том том биетэй залуучууд зодох гээд байхаар нь ойртож салгаж чадаагүй. Тэгтэл цагдаагийн машин ирсэн. Би тэгээд яваад өгсөн гэв.
Хохирогч Б.Даваасамбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Улсын Их дэлгүүрийн урд байдаг Голомт банкны АТМ-ээс найз Дөлгөөнтэй мөнгө авах гээд зогсож байтал урд талд нь байдаг байрны аркны хавьд хэдэн согтуу залуучууд байсан. Бид хажуугаар нь өнгөртөл хэл амаар доромжлоод маргаан үүссэн. Би АТМ-ээс мөнгө авах гэж картаа хийгээд зогсож байтал гадаа Дөлгөөнийг нөгөө хэдэн согтуу залуучууд барьж аваад зодох гээд шуугилдаад байсан. Би Дөлгөөнийг нөгөө залуучуудаас салгах гэтэл намайг нэг залуу цохьсон. Би доошоо тонгойсон. Гэтэл миний хажуу талаас нөгөө залуучууд өшиглөсөн. Удалгүй цагдаагийн машин хүрч ирэхэд намайг өшиглөж байсан залуучууд зугтаасан. Тэр залуучуудаас хоёр хүнийг нь барьж үлдсэн. Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл өгсөн. Би энэ хүмүүст зодуулсны улмаас ээжтэйгээ цуг эмчилгээ хийлгэхээр Солонгос улс руу явж хагалгаанд ороод нилээн хэдэн сар Солонгос улсад байсан. Миний нүдний ухархай, эрүүний яс гэмтэж төмөр суулгуулсан. Цаг агаар хүйтэн болж байгаа учраас тавиулсан төмөр хайрч байгаа. Мөн энэ асуудлаас болж хичээлдээ явж чадахгүй жилийн чөлөө авсан. Хагалгаанд орсноос хойш утас зурагт удаан харж чадахгүй толгой руу хөшиж өвддөг болсон. Би нийт 53.435.938 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгөн дүнгээс шүүгдэгч С 26.032.424 төгрөг төлж барагдуулсан. Үлдэх хохирол бол шүүгдэгч Гантогтоход хамааралтай. Би гомдолтой байна. Жилийн дараа Солонгос улс руу эмнэлэгт үзүүлэх ёстой байсан үзүүлж чадаагүй байгаа гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Даваасамбуу /1хх-ийн 7-8, 94/, гэрч О.Дөлгөөн /1хх-ийн 9-10, 99/, гэрч Д.Энх-Эрдэнэ /1хх-ийн 11/, гэрч С.Мядагмаа /1хх-ийн 12/, гэрч Д.Ганболор /1хх-ийн 14/, гэрч Н.Бат-Эрдэнэ /1хх-ийн 18-19/, гэрч Э.Батбаяр /1хх-ийн 18-19/, гэрч Э.Анхбаяр /1хх-ийн 20/, гэрч Б.Өлзийбаатар /1хх-ийн 21-22/, гэрч Б.Шийрэв /1хх-ийн 23, 95/, гэрч Б.Эрдэнэбаатар /1хх-ийн 96/, гэрч А.Тэмүүжин /1хх-ийн 167/, гэрч С.Золзаяа /1хх-ийн 168/, гэрч Н.Мөнхцацрал /1хх-ийн 170/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9626, 954, 1375, 740 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 25, 33, 114-116, 2хх-ийн 122-124/, шинжээч эмч Т.Номинцэцэг /1хх-ийн 34-35/, Г.Ханхүү /1хх-ийн 171/ нарын мэдүүлэг, зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 87-93/, гэмт хэрэг захиргааны зөрчлийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 3/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 41, 132/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 42, 134/, хорооны тодорхойлолт /1хх-ийн 44/, шүүгдэгч нарын хувийн байдлын тодорхойлолт /1хх-ийн 45-59/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 84/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаасан тухай тэмдэглэл /1хх-ийн 104-111/, хохирогчийн өвчний түүх /1хх-ийн 118, 137-157/, хохирлын нэхэмжлэл /1хх-ийн 139-141/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 180-182/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос Б.Г, Э.С нарыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэнтэй шүүх санал нийлэхгүй байна.
Хэрүүл маргаан анх үүссэн нөхцөл байдлын талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар харилцан бие биенээ үгүйсгэсэн байдлаар мэдүүлцгээдэг бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа зарим гэрч нарын “…инээлдээд чанга ,чанга дуугараад явж байтал хажуу талд байсан 2 залуу “манай дошин дээр яагаад том дуугараад байна”…гээд найз нарыгаа шүгэлдээд дуудсан…” гэж маргаан, тэмцэлдээн анхлан хохирогч талаас үүдэлтэй хэмээн мэдүүлснийг баттай үгүйсгэсэн баримт сэлт хэрэгт авагдаагүй байх ба харин тухайн үед хохирогчтой хамт явсан гэрч нар “…Дөлгөөн, Даваасамбуу 2 “манайхан нааш ир” гээд орилсон” гэж дээрх мэдүүлгийг баталсан мэдүүлэг өгсөн байх тул Б.Г, Э.С нар ямар ч шалтгаангүйгээр эхэлж хэрүүл маргаан өдөөсөн, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж хүч хэрэглэсэн, эдгээр үйлдэлд өдөөн турхирсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж дүгнэх боломжгүй байна.
Харин шүүгдэгч Б.Г, Э.С нар бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Улсын их дэлгүүрийн урд талд байрлах “Голомт” банкны орчим хохирогч Б.Даваасамбууг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Даваасамбуугийн мэдүүлсэн /1хх-ийн 7-8, 94/: “... 2015 оны 06 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн үед найз Дөлгөөн болон түүний 2 найзын хамт бааранд орж хоёр, хоёр пиво уугаад 00 цагийн үед гарсан. Бид нар машинтай Улсын Их дэлгүүрийн урд талын усан оргилуурын зүүн талын Голомт банкны АТМ рүү явсан. Дөлгөөний 2 найз машинд үлдээд Дөлгөөн бид 2 Голомт банкны АТМ рүү очиход АТМ-ны урд 10 гаран залуучууд зогсож байсан. Дөлгөөн бид хоёр хоорондоо юм яриад АТМ рүү орох гэсэн чинь 1 залуу нь “Юу гэнээ пизда нар минь” гээд орилсон. Тэгэхээр нь би “зүгээр бай” гэж хэлээд АТМ рүү орсон. Дөлгөөн гадаа үлдсэн. Намайг АТМ-ээс гарч ирэхэд тэр залуучууд Дөлгөөнтэй маргалдаад зогсож байсан. Мөн Дөлгөөний 2 найз ирчихсэн байсан. Би “юу болоод байгаа юм бэ” гээд Дөлгөөн рүү дайрч байсан хар майктай залууг түлхсэн чинь тэр залуу миний зүүн нүд рүү гараараа цохьсон. Би доошоо тонгойсон чинь нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Яг хэн нь өшиглөснийг мэдэхгүй байна. Хар майктай залуугийн хажууд 2 найз нь зогсож байсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Дөлгөөнийн мэдүүлсэн /1хх-ийн 9-10, 99/: “... Тухайн өдөр би найзууд болох Шийрэв, Эрдэнэбаатар, Даваасамбуу, Темка нарын хамт Энхтайваны гүүрний доор Нью Иорк гэх нэртэй пабд сууж байгаад тэндээсээ 00 цагийн үед гарцгаагаад Цэрэндоржийн гудамжинд байрлах Голомт банкны АТМ-ээс мөнгө авах гэж очсон. Даваасамбуу бид хоёр машинаас буугаад бусад нь машиндаа суугаад үлдсэн. Даваасамбуу бид хоёр АТМ орох гэж байх замд хэсэг охид залуучууд байсан ба залуучууд нь “хөөе пизданууд нааш ир” гэж орилоод байхаар нь тоолгүй АТМ рүү орсон. Даваасамбуу АТМ-ээс гараад ирэхэд хар өнгийн майктай залуу юу ч хэлэлгүй шууд Даваасамбууг цохиод авсан. Яг тэр үед Шийрэв, Эрдэнэбаатар хоёр машинаас бууж ирээд “боль” гээд хоорондоо барьцалдаад зогсож байхад удалгүй цагдаа нар ирсэн. Нөгөө залуучуудын ихэнх нь зугтаад ганц хоёр нь баригдсан. Тухайн үед Даваасамбуугийн нүд нь хавдчихсан байсан ба уг гэмтэлийг хар майктай залуу болон бас нэг улаан өнгийн цамц билүү пиджактай залуу нар учруулсан байх. Учир нь намайг харж байхад хар майктай залуугаас гадна дээгүүрээ улаан өнгийн хувцас өмссөн залуу Даваасамбууг өшиглөөд байсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Энх-Эрдэний мэдүүлсэн /1хх-ийн 11/: “ … 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчим Улсын Их дэлгүүрийн урд талын Цэрэндоржийн гудамжинд найзуудтайгаа уулзаад хажуу талд нь нэг пабд орж суусан. Миний хувьд 5-6 пиво уусан. Бид 00 цагийн үед баарнаас гарсан. Тухайн үед бид нар бүгд халцгаасан байсан учир инээлдээд хоорондоо чанга чанга яриад явж байтал хажуу талд явж байсан 2 залуу “манай дошин дээр яагаад том том дугараад байгаа юм бэ” гэж хэлэхэд нь “бид нар хоорондоо юм ярьж байна” гэж хэлээд цааш явсан. Нөгөө 2 залуу шүгэлдээд замын эсрэг талаас найз нарыгаа дуудсан. Замын эсрэг талаас 2-3 залуу гарч ирээд Анхбаярыг барьж аваад цохьсон. Би тэднийг салгах гээд байж байтал тэр залуус Батбаярыг газар унагаад зодож байсан. Тэгтэл цаанаас цагдаа нар ирээд Батбаяр, Мядагмаа, Өлзийбаяр нарыг бариад аваад явсан…” гэх мэдүүлгээр,
гэрч С.Мядагмаагийн мэдүүлсэн /1хх-ийн 12/: “… Би 21 цагийн үед найз Ганболортой хамт клубынхантайгаа уулзаад “Андууд” нэртэй пабд орж бид хүний хоёр, хоёр пиво уусан. Миний хувьд ууж чаддаггүй учир бараг тасарчихсан байсан. Нэг сэрэхэд манай клубын залуус хүмүүстэй маргалдаад байх шиг байсан. …дахин нэг сэрэхэд Батбаяр, Өлзийбаяр бид 3 бас нэг танихгүй залуугийн хамт цагдаад баригдаад хэлтэс дээр ирсэн байсан …” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Ганболорын мэдүүлсэн /1хх-ийн 14/: “... Цэрэндоржийн гудамжинд явж байхад Бат-Эрдэнэ жоохон чанга дуугаар ярьж инээгээд байсан. Тэгтэл хажуу талд явж байсан 2 залуу Бат-Эрдэний яриаг өлгөж аваад “яг юу гээд байгаа юм бэ, манай дошин дээр явж байж” гэхээр нь Г бид 2 тэр залуусаас уучлалт гуйгаад цааш явж байтал нөгөө 2 залуугийн нэг нь Голомт банкны АТМ-ын шатан дээрээс “манайхаан банди бөгсдөх үү” гээд орилсон. Тэгтэл цаанаас нь 2-3 залуу гарч ирээд бид нар руу дайрсан. Тухайн үед Мядагмаа, Бат-Эрдэнэ 2 нилээн их согтчихсон байсан учир Энх-Эрдэнэ бид 2 тэднийг маргаанаас холдуулаад буцаад ирэхэд цагдаа ирсэн байсан. Зодооны талаар хараагүй. ...Тухайн үед Гхар өнгийн цамц билүү подволктой. ...С улаан өнгийн пиджактай байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Бат-Эрдэний мэдүүлсэн /1хх-ийн 18-19/: “... Би 4-5 пиво уугаад согтчихсон байсан. Намайг нэг ухаан ороход манай клубынхан хүмүүстэй муудалцаад маргалдаад байх шиг байсан. Цагдаа нар ирээд Батбаярыг баривчилсан үеэс жоохон юм санаж эхэлсэн. Сүүлд найз нараасаа юу болсон талаар асуухад би баарнаас гарахдаа чанга яриад байсан юм шиг байна лээ. Тэгтэл хажууд явж байсан залуус “дошин дээр явж байж” гээд бид нар руу хэл амаар дайраад маргаан гарсан гэсэн. Тэр залууг хэн цохисныг нь хараагүй ...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Батбаярын мэдүүлсэн /1хх-ийн 18-19/: “ … Баарнаас гараад явж байтал хажууд байсан 2 залуу “та нар дошин дээр том дугарахгүй шүү” гэхэд хэн гэдгийг нь мэдэхгүй байна “бид нар хоорондоо юм ярьж байна” гэтэл нөгөө залуус “манайхаан нааш ир энд нэг хэдэн залуусыг хошногодоодхьё” гэж орилсон. Замын зүүн талаас 2-3 залуу гүйж ирээд миний нүүр рүү цохиод унагаасан. Мөн буржгар үстэй залуу ирээд намайг өшиглөсөн. Тэгтэл цагдаа ирээд биднийг салгаад намайг зарим нэг хүмүүсийн хамт цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Тэр залууг хэн цохисныг нь огт мэдэхгүй байна. Маргааш нь цагдаагийн хэлтэс дээр ирж Г цохьсон гэдгийг нь мэдсэн ...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Анхбаярын мэдүүлсэн /1хх-ийн 20/: “... 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Алдар спорт хороон дээр у-шугийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон учир манай клубын тамирчид оролцохоор очсон. Тэгээд тэмцээн үдээс хойш дуусаад тарцгаах гэтэл бөөнөөрөө ярилцаж байгаад “тэмцээнд амжилттай оролцсон хүмүүсээ хүлээж авъя” гэж тохиролцоод салсан. Тэгээд би орой 22 цагийн үед клубынхэнтэйгээ Улсын Их дэлгүүрийн урд талд Андууд гэх нэртэй кафед 2 шил пиво уугаад 00 цагийн үед гарцгаасан. Гадаа гараад байж байтал гэнэт тэнд явж байсан танихгүй залуучууд манай клубынхэнтэй маргалдаад удаагүй байтал цагдаа нар ирэхээр нь би зугтаад гэррүүгээ явсан. Миний санаж байгаагаар тэдгээр залуучуудын нэг нь намайг цохисон. Тэгтэл Гхажуунаас орж ирээд намайг цохисон залуугийн нүүрэнд нь нэг удаа цохиж байсан. Өөр ямар нэгэн зүйл санахгүй байна ...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Өлзийбаатарын мэдүүлсэн /1хх-ийн 21-22/: “... 2015 оны 06 дугаар сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байхад Улсын Их дэлгүүрийн урд талд нэг пабд очсон. Намайг очиход Гантогтох, Анхбаяр, Бат-Эрдэнэ, Батбаяр, Мядагмаа, Энх-Эрдэнэ, Ганболор, С нар байсан ба миний хувьд тэр бааранд нэг шил пиво уусан. Бид нар 00 цагийн үед уг пабаас гарцгаасан. Би 00 орчихоод найз нарынхаа араас гарахад Бат-Эрдэнэ, Батбаяр, Мядагмаа, Ганболор нар хажууд нь байсан танихгүй 2 залуутай маргалдаад байх шиг байсан. Тэгтэл тэр хоёр залуугийн нэг нь шүгэлдэж орилоод “манайхаан нааш ир” гээд орилход замын эсрэг талаас 2-3 залуу гүйгээд гараад ирсэн. Шүгэлдээд орилоод байсан залуу нь шууд Анхбаярыг цохиод авах шиг болсон. Тэгтэл Гдундуур нь ороод салгах гэтэл Гантогтохыг сүүлд цохиулсан гээд өргөдөл гаргасан залуу дагз руу нь нэг удаа цохисон. Гурагшаагаа зугтах гээд гүйхэд нөгөө цохьсон залуу араас нь бариад авсан. Гэргэж хараад нөгөө залуутай зууралдаад нүүр лүү нь цохих шиг болсон ...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Шийрэвийн мэдүүлсэн /1хх-ийн 23, 95/: “... Тухайн өдөр би өөрийн найзууд болох Дөлгөөн, Эрдэнэбаатар, Даваасамбуу мөн Даваасамбуугийн найз бүтэн нэрийг нь мэдэхгүй Митка гэх залуу болон түүний найз охинтой нь хамт Энхтайваны гүүрэн доор “Нью Иорк” гэх нэртэй пабд сууцгааж байгаад 22 цаг өнгөрөөд гарсан. Бид нар АТМ-ээс мөнгө авах гээд Улсын Их дэлгүүрийн урд талын гудамжны хажуугийн зам дээр очсон. Тэгтэл Дөлгөөн, Даваасамбуу хоёр “картнаасаа мөнгө авчихаад ирье” гээд буусан. Харин бусад нь машиндаа сууж байсан. Тэгтэл гэнэт Дөлгөөн, Даваасамбуу хоёр “манайхаан нааш ир” гээд орилсон. Тэгэхээр нь Эрдэнэбаатар бид хоёр бууж очоод Митка найз охинтойгоо машиндаа үлдсэн. Эрдэнэбаатар бид хоёрыг яваад очиход Даваасамбуу, Дөлгөөн хоёр хэсэг залуучуудтай муудалцчихсан байсан. Тэнд байсан залуучууд дундаас пиджак өмссөн байсан залуу намайг цохиод би нүүрээ дараад байж байсан чинь энд тэндгүй бужигнасан зүйл болоод байсан. Тэгтэл гэнэт алаг машинтай цагдаа ирээд Эрдэнэбаатар бид хоёрыг нөгөө талын зарим нэг хүмүүстэй цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. ...Тухайн үед Даваасамбууг улаан пиджактай залуу, хар майктай залуу, бас нэг залуу нар нийлээд зодож байсан. Улаан пиджактай нь нүүр рүү нь өшиглөж байсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Эрдэнэбаатарын /1хх-ийн 96/: “... Даваасамбуу, Дөлгөөн хоёр АТМ явсан. Тэр үед АТМ-ны ойролцоо баахан залуучууд байсан ба манай хоёр найз удалгүй шүгэлдээд Шийрэв бид хоёрыг дуудсан. ...Тэгээд би Даваасамбууг хартал 3 залуу Даваасамбууг доош нь дарчихсан улаан пиджактай залуу нүүр рүү нь өшиглөж байгаа харагдсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Тэмүүжингийн мэдүүлсэн /1хх-ийн 167/: “... би машинд сууж байсан учир зодооны талаар хараагүй. ... Цагдаа нарыг ирсэн хойно очиход Даваасамбуугийн нүүрний зүүн талаас цус гарч байсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Золзаяагийн мэдүүлсэн /1хх-йн 168/: “... Цагдаа нарыг ирэхээр нь би найз залуутайгаа буугаад очиход Даваасамбуугийн нүүрний нэг тал нь хавдчихсан, нүдний ойролцоогоос нь цус гойжиж байсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Мөнхцацралын мэдүүлсэн /1хх-ийн 170/: “... Би Солонгос улс руу ажлын шугмаар явчихаад ирэхэд манай хүү Даваасамбуу хүнд зодуулсан нүүрнийх нь зүүн тал хавдчихсан байсан. ...Тэгээд би хүүхдээ аваад эмнэлгүүдээр явсан ба Солонгос улс руу Ёнсе Сэбэрас гэдэг эмнэлэгт очиж эмчлүүлсэн ...” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9626 дүгаартай шинжээчийн дүгнэлтэд /1хх-ийн 25/: “... Даваасамбуугийн биед зүүн гайморын хөндийн ар хана, урд ханын хугарал, зүүн ухархайн дотор хана, гадна ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэснээр,
Мөн хүрээлэнгийн нэмэлт шинжилгээ хийсэн 954 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1хх-ийн 33/: “... Б.Даваасамбуугийн биед зүүн гайморын хөндийн ар болон урд ханын хугарал, зүүн ухархайн дотор хана, гадна ханын хугарал, зүүн зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” гэснээр,
Мөн хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1375 дугаартай дүгнэлтэд /1хх-ийн 114-116/ “... Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 9626 болон шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар үзлэг хийсэн нэмэлт шинжилгээ хийсэн 954 дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Хохирогч Б.Даваасамбуугийн биед тухайн үед зүүн ухархайн гадна ба доод хананы шинэ хугарал, зүүн гайморын хөндийн ар болон урд ханын хугарал /зүүн хоншоор ясны агаарт хөндий/ зүүн ухархайн дотор хана, гадна ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогч Б.Даваасамбуугийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэснээр,
Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мэдүүлсэн /1хх-ийн 34-35/ “... Нэмэлт шинжилгээгээр Солонгос улсад хийгдсэн мэс заслын тэмдэглэл болон шинжилгээнд ирүүлсэн СД зэргийг үзэж танилцсан. Даваасамбуугийн дээд эрүүний хугарал нь анагаах ухааны хэллэгээр гайморын хөндий урд хойд ханын хугарал гэж тусгагдсан байгаа. Даваасамбууд учирсан гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ...” гэх мэдүүлгээр,
Шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлсэн /1хх-ийн 171/: “... Даваасамбуугийн биед эрүүний ясанд гэмтэл учраагүй, “орчуулагчийн дээд эрүүний ясны урд хэсгийн хана, хажуугийн тулгуур яс зэргийн хугарал тодорхойлогдов” гэж тэмдэглэсэн нь анагаах ухааны хэллэгээр гойморовын хөндийн урд, хойд ханын хугарлыг тодорхойлж байгаа буюу нэг ойлголт юм ..." гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 740 дугаартай дүгнэлтэд /2хх-ийн 122-124/: “ Урьд гаргасан 1375 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Даваасамбуугийн биед зүүн ухархайн гадна ба доод ханын хугарал, зүүн гайморын хөндийд ар болон урд ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Давааасамбуугийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэснээр болон зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 87-93/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч бусдад зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан, гэрч нар маргаан зодоон үүссэн нөхцөл байдлыг мэдүүлцгээсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг (гэмтлийг) шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас эмчлүүлсэн, эмчилгээний төлбөр төлсөн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Э.С өөрийгөө Б.Даваасамбууд хүндэвтэр хохирол (гэмтэл) учруулан зодсон хэрэгт оролцсон болохыг үгүйсгэж буй боловч гэрч О.Дөлгөөн “…намайг харж байхад хар майктай залуугаас гадна дээгүүрээ улаан өнгийн цамц өмссөн залуу Б.Даваасамбууг өшиглөөд байсан…” (хэргийн хуудас 9-10, 99) гэж, гэрч Б.Шийрэв “…Б.Даваасамбууг улаан пиджактай залуу нүүр рүү нь өшиглөж байсан…”” (хэргийн хуудас 23, 95) гэж, Б.Эрдэнэбаатар “…Б.Даваасамбууг доош нь дарчихсан улаан пиджактай залуу нүүр рүү нь өшиглөж байсан…” (хэргийн хуудас 96) гэж мэдүүлцгээсэн нь шүүгдэгч Э.Сыг энэ хэрэгт гэм буруутай гэж дүгнэх нотолгооны үндэслэл болно. Эдгээр гэрчүүд хохирогчийг зодсон хүмүүсийг өмссөн хувцас, шинж байдлаар нь тодорхой заасан. Зарим гэрч нарын хувьд хохирогчийг хэн зодсоныг хараагүй гэж мэдүүлснээс бус Э.Сыг “огт зодоонд оролцоогүй” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Б.Г, Э.С нар нэгэнт эхэлсэн маргалдаан тэмцэлдээн дундуур орж хохирогч Б.Даваасамбууг зодсон нь энд тодорхой хувийн шинжтэй сэдэлт байсныг харуулж байна.
Ийм учраас нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос Б.Г, Э.С нарыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтов.
Б.Г, Э.С нарын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.
Гэвч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.
Б.Г, Э.С нарын үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын доод хэмжээ шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд (хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт) багассан нь тэдний үйлдлийг дээрх хуулийн зүйл, хэсгээр зүйлчлэх үндэслэл болов.
Б.Г, Э.С нар бүлэглэн тодорхой хувийн шинжтэй сэдэлтээр Б.Даваасамбууг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Г, Э.С нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч нарт хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г, Э.С нар дээрх гэмт хэргийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн бөгөөд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэгт хамаарч байх тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон эмчилгээний бүх зардлаас тал нь буюу 24.948.424 төгрөгийг шүүгдэгч Э.С нөхөн төлсөн гэж үзэв. Харин үлдэх 24.948.424 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгч Б.Гоос гаргуулан хохирогч Б.Даваасамбууд олгох хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогчийн орчуулагчид төлсөн зардал (БНСУ-аас ирүүлсэн бичиг баримтыг орчуулуулсан) 1.373.090 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Харин хохирогчийн нэхэмжлэлээс БНСУ-д зочид буудалд байрласны төлбөр гэх 2.166.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Б.Г, Э.С нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.Г, Э.С нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.С нарыг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.С нарт тус бүр оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 57 хоног, Э.С 57 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 25.634.969 төгрөг, шүүгдэгч Э.Саас 686.545 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Д-д олгосугай.
7. Хохирогчийн нэхэмжлэлээс 2.166.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.С нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтэрүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г, Э.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Э.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ