| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2202 00277 0338 |
| Дугаар | 2024/ДШМ/04 |
| Огноо | 2023-12-21 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/04
B, L нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баясгалан,
шүүгдэгч B /Б/, түүний өмгөөлөгч Д.Ганбат, Б.Балжидмаа, орчуулагч Э.Гандолгор,
шүүгдэгч L /Л/-ийн өмгөөлөгч Л.Ган-Очир,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/645 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Б, Н.Э нарт холбогдох 2202 00277 0338 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Д.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Ж” ХХК-ийн эзэмшлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Чойр дахь “U” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд байрлуулсан байсан 504 тонн нүүрсийг “...Нүүрсийг зарсан мөнгөө манай компанийн дансанд хийгээрэй гэсэн боловч нүүрс худалдан авсан хүн нь төлбөрийн чадваргүй байна гэж хэлээд өгөхгүй байна...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “U” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б-т 39.000.000 төгрөгөөр худалдан оруулж, 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өөрийн Хаан банкны 5555555555 дугаарын дансаар шилжүүлэн авч, “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В /W/-ийг залилсны улмаас 39.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Д.Б /B/, Н.Э /L/ нар нь хамтран оролцож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Ж” ХХК, “M” ХХК-уудын өмнөөс Нүүрс худалдах, худалдан авах хуурамч гэрээ байгуулж буюу баримт бичиг ашиглан хуурч, гэрээнд төлбөр авах дансыг өөрийн эхнэр Б.О-ын 5555555555 дугаартай дансыг оруулж, “...гэрээний дагуу нүүрс худалдах, худалдан авах, гаалийн түрээсийн талбай, ачилт буулгалтын талбайд гаргах зардал...” гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В /W/-аас 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дээрх дансаар 129.660.350 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол уруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: B /Б/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
L / Л/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Д-ийн Б /B/-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н-ын Э /L/-д 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаад биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Д.Б /B/-ээс 58.660.350 төгрөгийг гаргуулж, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В /W/-д олгохоор, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 701, 702 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн 2202 00277 0338 дугаартай хэрэгт ирүүлсэн 4 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргасан, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.Эт хувийн баталгаа гаргасан, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Харин шүүх “Ж” ХХК-д учруулсан хохирлыг хэргийн бодит байдалд нийцүүлж үнэн зөв тогтоогоогүйд гомдолтой байна.
Шүүгдэгч B /Д.Б/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс намайг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-ийг хуурч бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд үнэхээр гайхаж байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд миний ярьж, тайлбарласан зүйлсийн талаар дутуу бичиж орхигдуулсан байсан. Эсхүл орчуулга буруу хийсэн эсэхийг нь би мэдэхгүй байна. Иймд хэргийн үйл баримтын талаар тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-тай 2020 оны 6 дугаар сард найзаараа дамжуулж танилцсан. 2020 оны 8 дугаар сард W нь надтай утсаар холбогдохдоо “Гэмт хэргийн бүлэглэлээс таньдаг хүн байна уу, эсхүл таньдаг цагдаа, прокурор байна уу” гэх мэт маш сонин зүйлсийн талаар асуухад нь би “Та хэрүүл маргаантай асуудалд холбогдсон бол надад таньдаг өмгөөлөгч байгаа” гэж хэлээд өмгөөлөгч Ганбатыг танилцуулсан. Үүний дараа 2020 оны 11 дүгээр сард надад “Нүүрс худалдаж авах уу” гэж санал тавьсан. Би хариуд нь “Нүүрс худалдан авч болно. Судлаад үзье” гэж хэлсэн. W нь 2 компанитай. Түүний “Ж” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйл ажиллагаа явуулдаг. Нөгөө компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зорилготой шинээр байгуулагдсан компани юм. W нь Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэхдээ компанийн дансаар бус хувь хүний дансаар мөнгийг шилжүүлэхээр тохирсон. Удаагүй W нь “Одоо өвлийн улирал болсон учраас нүүрсний уурхайд хөрөнгө оруулах бололцоо байхгүй. “Ж” ХХК-ийн нэр дээр 10 тонн нүүрс Өмнөговь аймагт байгаа. Энэ нүүрсийг гаргая” гэж худлаа хэлсэн. Энэ талаар би “Б” ХХК-тай тохиролцоход эхэндээ тухайн нүүрсэнд дургүй байсан. Гэвч “Ж” ХХК-аас “Б” ХХК нүүрс авна гэж байсан. Гэтэл W “надад бичиг баримтгүй 10 тонн нүүрс байгаа. Танай компаниар дамжуулж гаргамаар байна.“ гэж хэлсэн. Хоёр компани харилцан тохиролцсон байхад Wang Xiaoquon нь Өмнөговь аймгаас 7 тонн нүүрсийг гаргуулахаар “U” ХХК-тай гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “U” ХХК-ийн талбай дээр 6.500 тонн нүүрсийг буулгасан. Нүүрс буулгасан бүх зардлын төлбөрийг миний данс руу шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгийг би тухайн нүүрсийг буулгахад ажилласан бүх ажилчдын хөлсийг өгсөн. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Надад бүх бэлнээр болон дансаар шилжүүлсэн баримт нь байгаа. Дараа нь “Ж” ХХК-тай “U” ХХК контейнерын тооцоо хийхээр болсон. Учир нь, 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд буюу нийт 6 сар хадгалсан контейнерын тооцоо байсан. “U” ХХК-тай гаалийн үйлчилгээний болон контейнерын гэсэн 2 төрлийн гэрээ байгуулдаг. Гаалийн үйлчилгээний хөлсийг өгсөн байсан. Харин контейнерын тооцоо байсан. Өдрийн 1.700.000 төгрөгийн төлбөртэй байсан. Уг төлбөрийг 5 сар хадгалсан. Сард 50.000.000 гаруй төгрөг болно. Өөрөөр хэлбэл, 5 сарын төлбөр 250.000.000 гаруй төгрөг болно. Үүнээс контейнерын тооцооны үлдэгдэл 125.000.000 төгрөгийг өгөөгүй байсан. Уг төлбөрийг “U” ХХК-аас нэхэмжлэл ирж байсан. Би “Урдаас нүүрс орж ирж байгаа учраас түр хүлээж байгаарай. Мөнгө нь орж ирэхээр нь тантай нягтлан очиж тооцоо хийнэ” гэж хэлсэн. Энэ талаар би W-д хэлэхэд “Мөнгө байхгүй” гэж хэлж байсан. Гэтэл “U” ХХК-аас “Танай нүүрс маш их зай, талбай эзэлж байна. Төлбөрөө төлөхгүй бол өөр хүн оруулмаар байна” гэж хэлсэн. Гэтэл W “Өөр буулгах газар байхгүй шүү дээ. Байгаль орчинд буулгавал торгууль төлөх болно. Өөр яах юм бэ” гэж хэлсэн. Би “U” ХХК-д “Худалдаж болно” гэж хэлсэн. Гэхдээ тухайн нүүрсийг худалдахад маш хэцүү байсан. Учир нь, бичиг баримт, гарал үүсэлгүй нүүрс байсан. Тухайн үеийн нүүрсний ханш 60.000-100.000 төгрөгийн хооронд байсан учраас дунджаар буюу 80.000 төгрөгөөр бодож 5 тонн нүүрсийг 39.000.000 төгрөг гэж үзсэн. Мөн би анх W-тай хамтарч ажиллахаар тохиролцохдоо сарын цалин 6.000 юань гэж тохиролцсон. Мөн тусдаа урамшуулал бодохоор тохиролцсон. Би 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлс болон урамшууллаа бодоход 110.000 гаруй юань болж байгаа. Би W-д “Хоёулаа тооцоо хийе” гэж хэлэхэд “Ямар тооцоо вэ. Наадмын дараа том ажил орж ирнэ” гэж хэлсэн. Одоо бодоход W намайг залилсан байна. Мөн W нь 7 дугаар сарын 30-ны өдөр надтай холбогдохдоо “Бүх юм зүгээр болсон. Ах нь хөдөө явчихаа ирлээ.“ гэж хэлээд надад 50.000 юань буюу 21.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс би 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан цалин хөлсөнд 14.000.000 төгрөг суутгаж авсан. Дараа нь би Wang Xiaoquon-д “Би сарын 6.000 юань цалингаар ажиллахгүй. Миний цалинг 10.000 юань болгож өг” гэж хэлэхэд W зөвшөөрсөн. Бид дахин шинээр нүүрс авахаар Чойр сум руу явсан. Тэнд бид контейнер нүүрс байхыг олж харсан. Үүнийг нь судлахад “M” ХХК-тай холбоотой нүүрс байсан. Би “M” ХХК-тай “Танайх нүүрсээ зарах уу” гэж уулзсан. Энэ үед W уулзаагүй. Машиндаа суугаад байсан. Тухайн нүүрснээс W дээж авч үзээд “Чанар муутай нүүрс байна. Гэхдээ ашиг гарна” гэж хэлж байсан. Улмаар “M” ХХК-тай гэрээ байгуулахаар болсон. Гэтэл W-д тухайн нүүрс таалагдаагүй учраас “M” ХХК-д “дахин шинээр нүүрс авч ирэх юм бол гэрээ байгуулж болно” гэж хэлсэн. Мөн тухайн “M” ХХК-ийн нүүрс гаалийн хяналтын талбайд байгаагүй. Харин бичиг баримт нь бүрдээгүй талбай дээр байсан учраас “M” ХХК нь “U” ХХК-тай талбайн гэрээ байгуулсан. “M” ХХК-ийн зүгээс биелүүлэх ёстой бүхий л үүргээ биелүүлсэн. Зөвхөн гаалийн төлбөрийг төлж нүүрсийг гаргах л ажил үлдсэн байсан. “M” ХХК-ийн зүгээс нүүрсний төлбөрийг компанийн дансаар авна гэж байсан. Гэтэл W-ийн зүгээс “Манайх татвар төлдөггүй учраас хувь хүний дансаар өгье” гэж хэлсэн. Ингээд миний дансыг ашиглаж мөнгийг шилжүүлсэн. Дараа нь W нь надаас “Эхнэрийн чинь данс байна” гэхэд нь би “Дараа нь асуудал гарахгүй биз дээ” гэж асуусан. Гэтэл W нь “Ямар нэгэн асуудал гарахгүй. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал чи 10% суутгаад аваарай” гэж хэлсэн. Гэтэл надад огт мэдэгдэхгүйгээр гэнэт “Эхнэрийн чинь данс руу мөнгө орсон уу. Чи эхнэрээсээ асуугаад үз” гэж хэлсэн. Би эхнэрээсээ “Дансанд чинь мөнгө орсон байна уу” гэхэд “мөнгө орж ирсэн байна. Энэ юуны мөнгө вэ” гэж асуусан. Би хариуд нь “Дансанд чинь орсон мөнгийг “M” ХХК-ийн хувийн данс руу хийчих” гэж хэлсэн. Эхнэр минь ч мөнгийг 2 удаа хувааж тухайн данс руу шилжүүлсэн. Ингээд зөвхөн W-ийн л хийх ажил үлдсэн байсан. Гэтэл W “За түр байж бай. Монгол Улсын хуульд зааснаар гаалийн бичиг хугацаатай байдаг” гэж хэлсэн. “M” ХХК-ийн нүүрсийг битүүмжилсэн байсан. Үүнийг W өөрөө очиж харсан. Би W-д “Чи битгий санаа зов. Энэ нүүрсийг хэн ч авч явахгүй. Битүү камер байгаа. Бас “M” ХХК нүүрсийг өөр компанид худалдаж чадахгүй. Учир нь, бидэнтэй байгуулсан гэрээгээ цуцлах шаардлагатай болно” гэж хэлсэн. Гэтэл W “Одоо Өмнөговь аймагт байгаа 3 тонн нүүрсээ ачна” гэж хэлсэн. 129.000.000 төгрөгийг W өөрөө зарцуулсан. Тухайлбал, W нь надад “Чи “M” ХХК-д 40.000.000 төгрөг, “U” ХХК-д 10.000.000 төгрөг тус тус өгчих” гэж хэлсэн. Би W-д “M” ХХК болон “U” ХХК-уудын хооронд байгуулсан гэрээ бидэнд ямар ч хамаагүй гэж хэлсэн. Би “U” ХХК-д нийт 50.000.000 төгрөг өгсөн. W-д “Чиний өгсөн мөнгөнөөс би 50.000.000 төгрөгийг зарцуулсан байгаа шүү” гэж хэлсэн. Нүүрсийг гаргахын тулд дахин 50.000.000 төгрөг зарцуулсан. Учир нь, том ачааны машинд шатахууны мөнгө их орж байсан. W “гайгүй байхаа” гэж хэлж байсан. Хэцүү байдалд орсон байсан. Гэтэл W нь “Дахин шинээр нүүрс худалдаж авъя” гэж хэлсэн. Одоо бодоход W нүүрс авах нэрийдлээр хуурамч гэрээ байгуулж зөвхөн талбайг ашиглаж байсан байна. “Х” ХХК-д бэлнээр болон дансаар нийт 6.000.000 гаруй төгрөг өгсөн байсан. W миний ажилласан хугацааны цалин хөлсийг өгөхгүй байсан. Мөн “U” ХХК-д өртэй байсан. Би W-д “үүнийгээ өөрөө аргалаарай. Мөн та “Блюскай” ХХК-д өгөх ёстой байсан ашгаасаа өгөөгүй” гэж хэлсэн. Гэтэл удаагүй надтай цагдаа ирж манайд нэгжлэг, үзлэг хийгээд гадаад паспортыг минь аваад явсан.Орой нь би очиж мэдүүлэг өгсөн. ...” гэв.
Шүүгдэгч B /Б/-ийн Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “залилах гэмт хэргийн шинжгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж залилах гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо B-г зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, хуурамч баримт бичиг ашигласан гэх 3 шинжийг баримталж яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс зохиомол байдлыг зориудаар бий болгосон болон хуурсан гэх шинжүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Ж” ХХК болон “M” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ болон бусад баримтуудаас үзэхэд залилах гэмт хэргийн шинжгүй байдаг. B нь 129.000.000 төгрөг болон 39.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаараа тодорхой тайлбарласан. Залилах гэмт хэрэг нь ямар нэгэн байдлаар тухайн мөнгийг аваад тухайн эзэнд нь буцааж өгөхгүй, хариу төлбөргүй, огт холбоо барихгүй, утсаа салгадаг эсхүл хилээр гараад зугтаасан байхыг ойлгоно. Харин B-ийн дансанд мөнгө орсноос хойш байнга ажлыг нь зохицуулж, цалинтай, цалингүй ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго агуулагдаагүй. Мөн тухайн үед “Ж” ХХК захирал W нь өөрөө эхэлж B-тэй орчуулагчаар дамжуулж танилцаж ажлын санал тавьж байсан. Өөрөөр хэлбэл, W нь өөрөө гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Иймд өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Нийслэлийн прокурор Г.Цогтгэрэлд “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэж хүсэлт гаргахад прокуророос “гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх учраас хүсэлтийг хангахаас татгалзаж байна” гэж хариу өгч байсан. B-ийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байхгүй учраас сэжигтэн, яллагдагчид эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурорын зүгээс хөнгөрүүлэх, хүндрүүлэх, цагаатгах нотлох баримтыг тэгш хэмжээтэй бүрдүүлэх ёстой боловч мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү. Мөн анхан шатны шүүх 2 шүүгдэгчид ялгамжтай ял оногдуулсан. B нь бусдад төлөх төлбөргүй. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хэрэв анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгах боломжгүй гэж үзвэл дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч L /Л/-ийн өмгөөлөгч Л.Ган-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн оролцсон. Шүүгдэгч B-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын зарим нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Хавтаст хэргийн 219-229 дүгээр талд гэрч Б.Т-ын мэдүүлэг авагдан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 129.000.000 төгрөгийн зарцуулалтын задаргааг бүгдийг нь шалгасан. Уг 129.000.000 төгрөгөөс миний үйлчлүүлэгч L нь 40.000.000 төгрөг авсан. Үүнтэй маргадаггүй. Учир нь, миний үйлчлүүлэгч тухайн 7.000 тонн нүүрсийг нийт 10 сарын хугацаанд өөрөөсөө төлбөр гаргаж гаалийн хяналтын бүсэд хадгалуулж байсан. Тухайн 7.000 тонн нүүрсийг эзэнд нь өгөхийн тулд 10 сар хөөцөлдсөн боловч огт эзэн нь гарч ирээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн 7.000 тонн нүүрс зарагдсан. Гэтэл нэг хэсэг байхгүй нүүрсийг бусдад зарсан мэтээр мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч L-д бусдад төлөх 40.000.000 байхгүй учраас “Ж” ХХК-д “7.000 тонн нүүрсээ аваарай” гэхэд “Ж” ХХК-ийн зүгээс “бид нүүрс авахгүй” гэж хариу хэлэхэд нь “бид нүүрсийг зарж болох уу” гэхэд “болно” гэж хариулсан байдаг. Ингээд нүүрсийг бусдад худалдсан. Энэ талаар гэрч Т тодорхой мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. ...” гэв.
Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас шалтгаант холбоо бүхий нийт хохирлын дүн дээр маргаж байгаа нөхцөл байдал бол талуудаас гарсангүй. Харин энэхүү хохирлын зарцуулалт буюу 129.000.000 төгрөгийг хэн, хэрхэн, яаж зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэж байна. Гэмт хэргийн гипотез, диспозиц нь нийгэмд аюултай бусдад хохирол, хор уршиг учруулсан гэмт санаатай үйлдэл, үүнтэй шалтгаант холбоотойгоор бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байхыг шаарддаг. Прокурорын зүгээс гэмт үйлдлийг зохиомол байдлыг зориудаар бий болгосон, хуурамч баримт бичиг ашигласан гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хуурамч гэрээ байгуулж, бусдад урьдын харьцааны явцад бий болсон итгэл үнэмшлийг урвуулан ашиглах замаар бусдын эд хөрөнгийг залилж авсан гэж үзсэн. Үүний улмаас бусдад 39.000.000 төгрөгийн болон 129.660.350 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Өмгөөлөгч Д.Ганбат “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй” гэх агуулгыг илэрхийлсэн боловч өмгөөлөгч Б.Балжидмаагийн зүгээс “гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгах байр суурьтай оролцож байна” гэж илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч B-ийн өмгөөлөгч нар 2 өөр байр суурийг илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс цагаатгах байр суурьтай оролцож гэм буруугийн асуудлаар маргаж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Анхан шатны шүүх хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх B, L нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
Мөн шүүгдэгч B, L нар нь хамтран оролцож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Ж” ХХК, “M” ХХК-ийн өмнөөс Нүүрс худалдах, худалдан авах хуурамч гэрээ байгуулж буюу баримт бичиг ашиглан хуурч, гэрээнд төлбөр авах дансыг өөрийн эхнэр Б.О-ын 5555555555 дугаартай дансыг оруулж, “гэрээний дагуу нүүрс худалдах, худалдан авах, гаалийн түрээсийн талбай, ачилт буулгалтын талбайд гаргах зардал” гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн W-оос 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дээрх дансаар 129.660.350 төгрөгийг шилжүүлэн авч залилж, бусдад их хэмжээний буюу 168.660.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч W-ийн: “...Тухайн үед B-д “U” ХХК-ийн талбайд байх манай компанийн эзэмшлийн 504 тонн нүүрсийг худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн. ...Нүүрс зарсан мөнгөө “манай компанийн дансанд хийгээрэй” гэсэн боловч B тухайн нүүрсийг зарсан мөнгө гэж манай компанийн дансанд огт мөнгө хийгээгүй. Надад хэлэхдээ “Нүүрс авсан хүн мөнгө төлөх чадваргүй байна” гэж хэлээд өгөхгүй байгаад байсан. ...“М” ХХК-аас “нүүрс худалдан авах мөнгө” гэж надаас авсан боловч манай компани “М” ХХК-аас нүүрс авсан юм алга. Мөн энэ мөнгийг B-ээс авсан зүйл алга. ...Уг гэрээг анх байгуулж байх үед B хэлэхдээ “М” ХХК-д “нүүрс бэлэн байгаа, үүнийг манай “Ж” ХХК-д гэрээний дагуу шилжүүлэн өгөх болно” гэж байсан. Яг тэндээс, эндээс нүүрс худалдан авах талаар огт юм яриагүй. Би анх бодохдоо “М” ХХК-д нүүрс байгаа юм байна гэж бодож байсан. Гэтэл үнэн хэрэгтээ ямар ч нүүрс байхгүй байсан. Би “М” ХХК-ийн хүмүүстэй огт уулзаагүй. ...Д.Бгийн хэлсний дагуу Б.О-ын дансанд нийт 129.660.350 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1хх 191-197, 2хх 31/,
гэрч Ж.Б-ын: “...Манай “U” ХХК “Ж” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. “Ж” ХХК-ийг төлөөлөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн Д.Б төлөөлж уулзаж гэрээг хийх ажиллагаа хийсэн. Харин тухайн гэрээн дээр “Ж” ХХК-ийн захирал өөрөө гарын үсэг зурсан. ...2021 оны 01 дүгээр сарын 06-нд байх, тухайн үедээ “Ж” нь манай компанийн дансанд 100.000 юань буюу тухайн үеийн ханшаар 44 орчим сая төгрөгийг байршуулсан. Энэ мөнгөнөөс ачилтын зардал, талбай үйлчилгээний зардлыг хасаж тооцож байсан. Гэтэл тухайн компани нь гэрээнд заасан 120.000 тонн нүүрсийг манай талбай дээр буулгаагүй. 6 сарын 24-ний өдөр Д.Б ирж уулзахад нь би уг 504 тонн нүүрсийг гаргаж талбай чөлөөлөх шаардлага тавьсан. Д.Б надад “Энэ нүүрсийг Хятад улс руу экспортод гаргаж чадахгүй байна, гаргахад маш их зардал чирэгдэл гаргахаар байгаа учир та тухайн нүүрсийг хэрэгтэй хүнд нь зарж борлуулаад мөнгийг нь миний хэлсэн дансанд шилжүүлчих” гэж хүсэлт тавьсан. Энэ нүүрстэй холбоотой аливаа асуудлыг Д.Б “өөрөө хариуцах болно” гэж гарын үсэг зурсан. Тэр худалдан борлуулах хууль ёсны зөвшөөрлийг би “Ж” ХХК-аас авсан гэж хэлсэн. ...Нүүрсийг бусдад худалдан борлуулсан мөнгийг Бгийн хэлсэн дансанд хийсэн. ...Түүний дараагаар 2021 оны 10 сарын үед БНХАУ-ын иргэн Д.Б ирээд “нөгөө нүүрсний үргэлжлэл болох хэдэн тонн нүүрсийг “М” ХХК-аар худалдан борлуулахаар болсон, дахин хамтран ажиллая” гэж хэлээд 2021 оны 10 сарын 07-ны өдөр манай компани нь “М” ХХК-тай гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан боловч одоо хүртэл ямар нэгэн нүүрс манай компанийн талбайд тавигдаагүй. ...” /1хх 164-169/,
гэрч Г.Г-ын 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “М” ХХК-ийг төлөөлж “Ж” ХХК-тэй нүүрс худалдах, худалдах авах гэрээ байгуулаагүй, гэрээн дээрх дансны дугаар, данс эзэмшигч Б.О- нарыг танихгүй, мөн “Ж” ХХК-аас “М” ХХК-ийн дансанд мөнгө орж ирээгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх 118-120, 123-124/,
гэрч Б.Б-ы: “...Манай компаниас БНХАУ-ын иргэн Д.Б нь нүүрс худалдан авахаар тохирч байсан ба “Ж” ХХК-ийн захирал W гэх хүнийг зуучилж өгсөн. Тухайн үед би W-тай уулзаад 1 тонн нүүрсийг 44.000 төгрөгөөр буюу нийт 14.000 тонн нүүрсийг 616.000.000 төгрөгөөр нүүрс худалдаж авахаар гэрээг байгуулсан. Тухайн үед W нь надтай уулзахдаа манай компани нь “Э” ХХК-аас худалдан авсан үлдэгдэл 2.600 тонн нүүрсээ манай компанийн гаалийн хяналтын бүсэд буулгаад түүн дээр нэмээд манай компаниас авах 14.000 нүүрсээ нэмээд улсын хилээр гарахаар болсон. 2021 оны 12 сарын 23-ны өдөр “Ж” ХХК-ийн 2.600 тонн нүүрсийг буулгасан бөгөөд энэ ажлыг Д.Б болон W-ийн орчуулагч болох Б- нартай ярьж тохирсны үндсэн дээр тухайн нүүрсийг манай компани гаалийн хяналтын талбайд буулгасан. Тэгээд 2022 он гараад өнөөх худалдан авах гэрээг хийсэн. ...Тухайн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын дундуур “Ж” ХХК-ийн захирал болон W бид хоёр хамт сууж байгаад хийсэн. ...Манай “Х” ХХК нь “Э” ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээг “Э” ХХК-ийн толгой компанитай 2021 оны 11 дүгээр сард хийсэн. Тухайн гэрээний дагуу “Э” ХХК-аас нүүрс худалдан авах ёстой байсан. Гэвч “Ж” ХХК нь манай компанитай 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нүүрсээ худалдан аваагүй. ...Одоо энэ нүүрс манай талбайд 2021 оны 12 сарын 13-ны өдөр буусан бөгөөд нийт 2.600 тонн нүүрс буусан. ...” /1хх 150-152, 155-156/,
гэрч А.Б-н: “...W-тай “Э” уурхайгаас 10.000.000 нүүрсийг тээвэрлэхээр болоод 1 тонн тутмыг 152 юаниар тохироод гэрээ хийсэн. Тухайн гэрээнд заасны дагуу 2020 оны 12 сарын дундаас эхлээд 2021 оны 2 сар хүртэл 7.000 тонн нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум “U” ХХК-ийн гаалийн хяналтын талбай руу буулгасан. Ингээд тухайн ажлыг гүйцэтгэсний дагуу 400 гаруй сая төгрөгийг тээврийн хөлс гэж авсан. Тухайн мөнгийг нарийн гаргахдаа дансны хуулга харж байж өгнө. Түүнээс хойш хэсэг ажил зогссон. Ингээд байж байтал 2021 оны 9 сард W над руу яриад “үлдэгдэл 3.000 тонн нүүрсээ татъя, компанийнхаа машиныг цуглуулаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь хэлснийх нь дагуу 15 машиныг цуглуулаад “Э” ХХК-ийн уурхайн үүдэнд 2 хоносон. ...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д.Б залгаад “өнөөх 3.000 тонн нүүрсээ цагаалж буулгая, уурхайгаас гаргаад түр хадгалах талбай дээр буулгана” гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 23-аас 30-ны өдрийг хүртэл “Э” ХХК-ийн хашаанаас 3.000 тонн нүүрсийг 9 километрийн зайд байрлах хувь хүний талбай руу буулгасан. Тухайн ажлын мөнгийг Д.Б, Ван хоёртой 22 сая төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохирсон. Ажлын хөлс гэж Д.Б ах манай компанийн данс руу 18 сая төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 4 сая төгрөгийг нь дараа нь мөнгөтэй болохоороо өгнө гэсэн. 2022 оны 1 сарын дундуур өнөөх талбайд буулгасан нүүрс шатах гээд байна гэж W болон Д.Б нар над руу хэлсэн. Тэгэхээр нь тухайн нүүрсийг унтраах ажлыг хийж гүйцэтгэсэн. ...Манай компани дээр гэрээнд заасан үлдэгдэл 3.000 тонн нүүрсээ Чойр өртөө байрлах “U” ХХК-ийн талбай руу тээвэрлэх зардлын урьдчилгаа гэж Д.Б ах уг мөнгийг манай ээжийн данс руу хийсэн. ...” /1хх 159-161/,
гэрч И.А-ын: “...Найзаасаа нүүрс тээвэрлэлтэд ажиллах хүн олоод өгөөч гэж хэлсэн чинь L-ийн We Chat-ийг өгсөн. Ингээд 2021 оны 5 сарын сүүлээр энэ хүнтэй холбогдож ярилцаад хамтран ажиллахаар болсон. ...Уулзах үедээ Чойр өртөө дээр байгаа нүүрсийг “Энэ манай нүүрс байгаа юм” гэж хэлж байсан. Тухайн хүнтэй би ярилцаад 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нүүрс худалдан авах, тээвэрлэх ачиж буулгахтай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу L нүүрс тээвэрлэх, худалдан авах, экспортлох зэрэг ажлыг хийж гүйцэтгээд үнийн дүнд 222.588.300 төгрөгийг авахаар тохиролцож байгуулсан. Гэрээний дагуу L-д хэд хэдэн удаагийн шилжүүлгээр 183 орчим сая төгрөгийг ажил гүйцэтгүүлэхээр өгсөн. Тэгээд манай компани нь 2021 оны 6 сарын 04-ний өдөр М-тай 10.000 тонн нүүрс худалдах худалдан авах гэрээ хийсэн байсан. L-д тухайн нүүрстэй холбоотой ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Манай компани М-тай байгуулсан гэрээний дагуу 3.300 тонн нүүрсийг 2021 оны 6 сарын сүүлээр хүлээн авч, уг нүүрсийг “Б” ХХК-ийн гаалийн хяналтын талбай дээр буулгасан байгаа. Тухайн үед тэр талбай нь ашиглалтад ороогүй байсан ба ийм ашиглалтад ороогүй талбай руу яаж вагон орох вэ гэдэг асуудал ярьж шахсаар байгаад уг нүүрсийг УлаанБаатар төмөр замын харьяа МЧХ-1 хяналтын талбайд буулгасан. Тухайн нүүрсийг одоо хүртэл Хятад улс руу ачуулаагүй байна. Гэгэл L 2021 оны 6 сарын сүүлээр над руу залгаад “М-тай байгуулсан гэрээний үлдэгдэл нүүрс болох 6700 тонн нүүрсийг М-аас авмаар байна, тэгэхийн тулд М-руу гэрээ хийсэн компанийн данснаас мөнгө шилжүүлэх ёстой гээд миний Хаан банкны данс руу 2021 оны 6-7 сарын хооронд 280 орчим сая төгрөгийг хийгээд нүүрсээ авхуулсан. Тэр нүүрсээ “Б” ХХК-ийн гаалийн хяналтын талбай дээр буулгасан. Анх L-тай 2021 оны 6 сарын 14-ний өдөр байгуулсан гэрээнд 3300 тонн нүүрсийг нүүрс худалдан авах, тээвэрлэх ачиж буулгахтай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэх чиглэлээр байгуулсан учир М-аас авсан үлдэгдэл 6700 тонн нүүрс надад хамаагүй. Тийм болохоор тухайн нүүрс худалдан авах мөнгийг L өөрөө гаргасан. ...” /1хх 172-173/ гэсэн мэдүүлгүүд,
2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “М” ХХК, “Ж” ХХК-ийн хооронд байгуулсан “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээ /1хх 21-27/,
хохирогч W, шүүгдэгч B нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 203-211/, “Хаан банк” ХХК дахь иргэн Ж.Б-ын эзэмшлийн данснаас шүүгдэгч B-ийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 39.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны лавлагаа /2хх 191/, иргэн Ж.Б-, шүүгдэгч B нарын хооронд “...504 тонн нүүрсний тонн тутмыг 247 юаниар тооцон худалдах зөвшөөрлийг B “Ж” ХХК-аас авсан. Уг нүүрсний төлбөрийг B-ийн нэрлэсэн данс руу шилжүүлэх...”-ээр бичгээр хийсэн хэлцлийн хуулбар /2хх 192-193/,
“U” ХХК нь “М” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх” тухай гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаанд ямар нэгэн буулгалт, ачилт хийгдээгүй гэсэн агуулга бүхий албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд /2хх 164-176/,
2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “U” ХХК, “Ж” ХХК-ийн хооронд байгуулсан “Гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх” 20/07-СН тоот гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн тухай акт /2хх 195-204/,
эд зүйлд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 215-216, 225-243/, гэрч “Хас” банк дахь Б.О-ын эзэмшлийн дансны хуулга /3хх 193-199/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд B, L нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч B-ийн бусдыг баримт бичиг ашиглан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч L-ий баримт бичиг ашиглан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч B нь хохирогч W-аас зөвшөөрөл өгсний дагуу бусдад нүүрсийг худалдан борлуулж, мөнгийг “Ж” ХХК-ийн дансанд шилжүүлэх ёстой байтал нүүрсийг Ж.Б-т “Нүүрсийг Хятад руу экспортод гаргаж чадахгүй байна, гаргахад маш их зардал чирэгдэл гаргахаар байгаа учир та тухайн нүүрсийг хэрэгтэй хүнд нь зарж борлуулаад мөнгийг нь миний хэлсэн дансанд шилжүүлчих” хэмээн 39.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч ашиглан шамшигдуулсан,
мөн шүүгдэгч B, L нар нь “Ж” ХХК, “M” ХХК-ийг нүүрс худалдах, худалдах авах гэрээ байгуулсан мэтээр хуурамч баримт бичиг үйлдэн бодит байдал дээр “M” ХХК-аас нүүрс худалдан аваагүй атлаа нүүрс худалдан авах мөнгө хэмээн өөрийн эхнэр Б.О-ын дансаар мөнгө шилжүүлэн авч ашиглан шамшигдуулснаар залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал болон шүүгдэгч L-ий хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгч B-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч L-д 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч B-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тус тус хуульд нийцсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар талаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулснаар шүүгдэгч L гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгч B гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 70.000.000 төгрөгийг төлсөн байна.
Улмаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч B-ээс хуульд зааснаар хохирлыг үлдэгдэл 58.660.350 төгрөгийг гаргуулан хохирогч W-д олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч B 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дээрх мөнгийг Хаан банк дахь “Ж” ХХК-ийн эзэмшлийн данс руу шилжүүлж, хохирлыг бүрэн төлсөн талаарх баримтыг ирүүлжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч B-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулахаар заасан мөнгийг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг торгох ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэж, ялын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл хэсэгт зааснаар 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч B-д анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч B-ийн эрхэлж буй гэх ажил, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч B-ийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 78 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.170.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцох нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч B-ийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/645 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч B-г нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/645 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Д-ийн Б (B)-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...шүүгдэгч B (Д.Б)-д 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар...” гэж,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн L (Н.Э)-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд, B (Д.Б)-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчилж,
5 дахь заалтын “...ялын...” гэсний дараа “...болон шүүгдэгч B (Д.Б)-д оногдуулсан 40.000.000 төгрөгөөр торгох ялын...“ гэж нэмэлт оруулж,
6 дахь заалтын “Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай” гэснийг “Шүүгдэгч L (Н.Э) цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар B (Д.Б)-ийн цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 1.170.000 /нэг сая нэг зуун далан мянга/ төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж, түүний эдлэх торгох ялын хэмжээг 38.830.000 төгрөгөөр тогтоосугай” гэж өөрчилж,
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч B (Д.Б)-ийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоос “...ялыг хөнгөрүүлэх...” агуулга бүхий хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч B (Д.Б) нь анхан шатны шүүхээс гаргуулахаар тогтоосон хохирлыг төлсөн болохыг дурдсугай.
3. Шүүгдэгч B (Д.Б)-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ