| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0017/З |
| Дугаар | 128/ШШ2025/0221 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2025/0221
2025 03 31 128/ШШ2025/0221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт Б******* Ш******* /РД:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба,
Гуравдагч этгээд: ******* овогт Я******* Г /РД:/,
Маргааны төрөл: Газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтэд татгалзсан шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., гэрч Б., Б.С нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Баянзүрх дүүргийн дугаар хороо, дэнж дугаар гудамж, тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай 198 м.кв талбай газрыг эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн , 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, уг газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд даалгах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Маргаанд хамаарах газар багтаж буй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах 27,000 м.кв талбай газрыг ашиглах эрхийг ХХК-иас ХХК дүүргийн Засаг даргын 2004 оны дугаар захирамжаар шилжүүлж, 2015 оны дугаар захирамжаар газрын хэмжээ, эрхийн төрлийг өөрчилж, 17,581 м.кв талбай хэмжээгээр эзэмших эрх олгож, улмаар уг газрыг зориулалт өөрчлөн хэсэгчлэн эзэмших эрхийг шилжүүлэхэд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар маргаанд хамаарах дэнж ******* тоот хаягтай, нэгж талбарын дугаартай, 198 м.кв талбай газрыг Я.Гд 15 жилийн хугацаатайгаар гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлсэн.
2.2. Тухайн байршилд 45 айлын амины орон сууцны “*******” төсөл хэрэгжиж, ашиглалтад орсон.
2.3. Нэхэмжлэгч Б.Ш******* уг “*******” хотхоны төслөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Амины орон сууц захиалгын гэрээ”-гээр дэнж ******* хаягтай 198 м.кв талбай газар дээр баригдаж буй 304 тоот 120 м.кв талбай орон сууцыг худалдан авч, ашиглалтад орсноор 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт өмчлөх эрхээ бүртгүүлсэн.
2.4. Тэрээр өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх дэнж ******* хаягтай, нэгж талбарын дугаартай, 198 м.кв талбай газрыг эзэмших эрхийг газар эзэмшигч Я.Ггаас шилжүүлэн авахаар 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0142 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүсэлт гаргасан.
2.5. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр “... газар нь ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд орсон” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Иргэн Я.Г нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, дэнж ******* хаягт байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 198 метр квадрат талбай бүхий газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Ингэхдээ газар эзэмшигч Я.Г нь иргэн Б.С болон нэр бүхий бусад хүмүүстэй хамтран дээрх газар дээр болон тэр орчмын газар дээр нийт 45 айлын амины орон сууцны "Рио Виста" төслийг хэрэгжүүлж байсан.
Тиймээс нэхэмжлэгч Б.Ш******* нь Я.Гтай харилцан тохиролцсоны үндсэн дээр иргэн Б.Стай 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр амины орон сууцны захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу 2 давхар 120 м.кв талбай бүхий амины орон сууц бариулсан. Улмаар Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус амины орон сууцыг нэхэмжлэгч Б.Ш*******ын өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, дугаартай гэрчилгээ олгосон.
Тиймээс нэхэмжлэгч Б.Ш******* нь иргэн Я.Гтай 2024 оны 02 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу дээрх буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, дэнж ******* хэсгийн гудамж, 304 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газрыг шилжүүлэн авахаар Баянзүрх дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан боловч тус албанаас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тоот албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар "Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай" тогтоолоор батлагдсан ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд орсон байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаарх хариуг ирүүлсэн.
Тиймээс нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргад гомдол гаргасан. Гэвч Баянзүрх дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тоот албан бичгээр "... Өмнө нь дээрх асуудлаар манай албаны 2024 оны тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болно. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу тус хүсэлтийг хянан үзэхгүй буцаах үндэслэлтэй болно" гэсэн хариуг ирүүлсэн. Гэвч энэ нь үндэслэлгүй байна.
Тодруулбал; 1/ Иргэн Я.Г нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар дугаар захирамжаар маргаан бүхий газар болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, дэнж ******* хаягт байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 198 метр квадрат талбай бүхий газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан тул газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Ш*******т гэрээгээр шилжүүлсэн.
Харин Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна", Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.", 4.2.1-д "хуульд үндэслэх", 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах" гэж заасантай тус тус нийцэхгүй байна.
Учир нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар тус газрын өмнөх эзэмшигч болох ХХК-иас иргэн Я.Гд шилжүүлэн газар эзэмших эрх олгосон атлаа Я.Ггаас нэхэмжлэгч Б.Ш*******т шилжүүлэн эрх олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.
2/ Нөгөөтээгүүр, хэрэв Баянзүрх дүүргийн Засаг даргын дүгээр захирамжаар дээрх маргаан бүхий газрыг иргэн Я.Гд гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай олгоогүй байсан байсан бол нэхэмжлэгч нь тус газар дээр “Рио Виста” төслийн амины орон сууцыг 462,000,000 төгрөгөөр захиалан бариулахгүй байх байсан.
Иймд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, дэнж 5 дугаар гудамж, 304 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай 198 м.кв талбай газрыг эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн , 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, уг газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна..” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээс харахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, гуравдагч этгээд буюу Я.Г нь Б.С болон бусад этгээдүүдтэй хамтарч “Рио виста” төсөл хэрэгжүүлсэн байна. Уг төсөл нь 45 айлын амины орон сууц, тус бүр 2 давхар, метр квадратаасаа хамаарч 400,000,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй хотхон байна. Тухайн амины орон сууцуудыг хүлээлгэж өгсөн тухай гэрч Б.ийн мэдүүлэгт дурдагдлаа.
Гол асуудал нь маргаан бүхий захиргааны акт хуулийн дагуу гарсан уу гэдэг байна. Нэхэмжлэгч Б.Ш*******ын зүгээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд иргэн Я.Гтай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ өгсөн боловч Газрын албанаас татгалзсан хариуг өгсөн. Татгалзсан үндэслэл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Уг татгалзсан хариутай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргад гомдол гаргасан боловч өмнө нь энэ асуудлаар гомдол гаргасан гэх шалтгаанаар мөн татгалзсан байна.
Гэтэл татгалзлын үндэслэл болж буй 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр тогтоолын 5 дахь хэсгээр хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, татгалзлын үндэслэл болсон захиргааны акт нь Б.Ш*******ыг Газрын албанд хүсэлт гаргахаас өмнө хүчингүй болсон байна. Тэгэхээр захиргааны байгууллага Б.Ш*******ын хүсэлтэд хүчингүй болсон захиргааны актыг үндэслэж татгалзсан нь хууль бус юм. Хэрэв Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 69 дүгээр захирамжаар Я.Гд газар эзэмших эрх олгоогүй байсан бол амины орон сууц захиалгын гэрээ хийхгүй байсан гэдгийг нэхэмжлэгчийн эхнэр буюу гэрч Б. мэдүүлсэн.
Анхнаасаа тухайн газар нь ундны усны хориглолтын бүсэд хамаарч байсан бол ХХК-иас Я.Г руу шилжүүлэх ёсгүй байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг захиргааны байгууллага хангаагүй. Тус хотхоны 45 айлаас 20 айлын газар эзэмших эрхийг шилжүүлээд өгсөн гэж байгаа. Тэгэхээр ямар хүнд нь шилжүүлж өгөөд, ямар хүнд нь шилжүүлж өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны акт анхнаасаа хууль бус, татгалзлын үндэслэл хуульд нийцэхгүй учир нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 69 дүгээр тогтоол гаргах үед эрх ашиг сонирхол зөрчигдөх иргэдэд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь мөн харагдаж байна. Хариуцагч талаас энэ талаар мэдэгдсэн гэдэг боловч хэрэгт баримтаар байхгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Я.Гд тус дүүргийн 20 дугаар хороо, дэнж ******* хэсгийн 304 тоот 198 м.кв талбай газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Иргэн Я.Г нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Б.Ш*******т шилжүүлэхээр хүсэлт 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлснийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх 1 дүгээр дэд зөвлөлийн хурлаар хэлэлцэн (ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүс, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс) газарт орсон тул шийдвэрлэх боломжгүй хариу гарсан болно.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны "Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай" 50 дугаар тогтоолоор батлагдсан “Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс"-д орсон, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны ******* дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын 3.9.11 дэх "Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглахыг хориглоно", мөн журмын 3.9.12 дахь "Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгохыг хориглоно" гэх заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдээгүй болно.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Нийслэл хотын усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай" 69 дүгээр тогтоолын дагуу тухайн бүсэд газар эзэмших, ашиглах эрх олгосон хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг холбогдох хууль, журамд нийцүүлэн хүчингүй болгох хүртэлх арга хэмжээг авах тухай чиглэлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн болно.” гэв.
3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газарт гуравдагч этгээд буюу Я.Г нь гэрчээр оролцож буй Б.С болон бусад этгээдүүдтэй хамтран ажиллахаар тохиролцоод нийт 17,581 м.кв бүхий газрыг ХХК-с шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч Б.Ш*******тай холбоотойгоор тухайн 17,581 м.кв бүхий газраас Я.Гд 304 тоотод байрлах 198 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай газар, хашаа байшин, орон сууцны зориулалтаар олгогдсон.
Тухайн газарт зориулалтын дагуу орон сууц баригдаж, орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.Ш******* юм. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан. Гэтэл Я.Г болон Б.Ш******* нар хоорондоо газар эзэмших гэрээ байгуулж шилжүүлэх гэхээр газрын албанаас шилжүүлэх боломжгүй гэсэн. Хэрэв анхнаасаа шилжих боломжгүй байсан бол гуравдагч этгээд энэ газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний хөрөнгө зардал гаргаж, бусдад худалдан борлуулах ажил хийхгүй байсан.
Тэгэхээр төрийн байгууллагын зохион байгуулалтгүй, хяналтгүй байдал, хэн дуртай нь шийдвэр, тогтоол гаргадгаас болоод иргэд хохирч байна. Хуулийг давсан захиргааны акт, захиргааны байгууллага байх ёсгүй. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 4.1.4-т газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх гэж газар холбоотой төрөөс баримтлах зарчмыг зааж өгсөн байдаг.
Гуравдагч этгээдийн хувьд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авчихсан. Үүнтэй холбоотойгоор Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрх нь нээлттэй. Газрын тухай хуулийн 44 зүйлд заасан үндэслэл газар эзэмших, ашиглах эрхийг нь хүчингүй болгоогүй гэсэн үг.
Тийм учраас Б.С, Б.Ш******* нартай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр юм, газар эзэмших эрхийн гэрээ нь хүчин төгөлдөр байх тул газар эзэмших эрхийг Я.Ггаас Б.Ш*******т шилжүүлэхэд ямар нэгэн захиргааны акт зөрчсөн зүйл байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
3.5. Гэрчээр Б.С мэдүүлэхдээ: ХХК-ийн эзэмшиж байсан 17,581 м.кв талбай бүхий газрыг 46 иргэнд хэсэгчилж шилжүүлсэн. Энэ газар нь 46 айлын газар, энэ газарт "Рио Виста" гэх төсөл хэрэгжүүлсэн. 45 айлын хотхон барьсан, 45 айл амьдарч байгаа. Я.Ггийн эзэмшил газарт түүнтэй хамтарч иргэн Б.Ш*******ын захиалгаар амины орон сууц барьж дуусган, хүлээлгэж өгсөн. Газрын албанд хүсэлтүүдээ өгч, 20 орчим айл газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлээд авчихсан, үлдсэн айлууд маань авч чадахгүй байна. 2023 онд газар эзэмших эрхийг шилжүүлэхэд тухайн газрын байршил нь усны онцгой хамгаалалтын бүсэд багтсан, шилжүүлэх боломжгүй гэх асуудал гарч байгаагүй, захиргааны байгууллагаас манай төсөлд хандаж газар эзэмших эрх шилжүүлэх боломжгүй, орон сууц барихыг хориглосон талаар ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүй. Газрын гэрчилгээ гарахгүй байгаатай холбоотойгоор үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй байгаа. Банкнаас зээлийн шийдвэр гарчихсан ч газар эзэмших эрхийн гэрчилгээ Б.Ш*******ын нэр дээр шилжээгүй гэдэг шалтгаанаар зээл гарахгүй байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1.1. Маргаанд хамаарах газарт газар ашиглах, эзэмших эрх 2004 оноос өмнө олгогдсон байсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2004 оны 42 дугаар захирамжаар 27,000 м.кв хэмжээтэйгээр ашиглах эрхийг ХХК-иас ХХК-д шилжүүлж, 2015 оны дугаар захирамжаар газрын хэмжээ, эрхийн төрлийг өөрчилж, 17,581 м.кв талбай хэмжээгээр эзэмших эрх олгож, улмаар зориулалт өөрчлөн уг газраас хэсэгчлэн эзэмших эрхийг шилжүүлэхэд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар маргаанд хамаарах дэнж ******* тоот хаягтай, нэгж талбарын дугаартай, 198 м.кв талбай газрыг Я.Гд 15 жилийн хугацаатайгаар гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлсэн.
1.2. Нэхэмжлэгч Б.Ш******* нь иргэн Я.Ггийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй амины орон сууцны зориулалттай дэнж ******* тоот хаягтай 198 м.кв талбай газар дээр баригдаж буй 304 тоот 120 м.кв талбай орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Амины орон сууц захиалгын гэрээ”-гээр худалдан авч, ашиглалтад орсноор 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлд дугаарт өмчлөх эрхээ бүртгүүлсэн байх бөгөөд өмчлөлийн орон сууцны доорх газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авахаар газар эзэмшигчтэй байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0142 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн нотариатчаар гэрчлүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай улсын бүртгэлийн тоот гэрчилгээ, шилжүүлэх хүсэлтэд заасан газар эзэмших эрхийн тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, газар эзэмших эрх шилжүүлэх эрхийн орлогод газар эзэмшигч Я.Г 756,756.000 төгрөгийн албан татвар төлсөн татварын албаны тодорхойлолтыг хавсарган дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд хандсан боловч тус алба 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр “... газар нь ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд орсон” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Хоёр. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрхийг нийслэл, дүүргийн газрын албанд олгосон, газрын байршлын хувьд харьяалах Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албыг хариуцагчаар тодорхойлон оролцуулж шийдвэрлэсэн болно.
Гурав. Дээрх үйл баримтууд, талуудын маргаж буй үндэслэлд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй, хууль ёсны, үндэслэлтэй гараагүйгээс нэхэмжлэгч иргэний үндсэн эрхэд хууль бус хязгаарлалт үүсгэсэн байна гэж шүүх үзлээ.
3.1. Хууль тогтоомжийн зохицуулалтын хувьд газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрх шилжүүлэх, эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмших, ашиглах эрхийг хэрэгжүүлэх, газрын эзэмшил, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэх харилцаа Газрын тухай хуулиар, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх олж авах харилцаа Иргэний хуулиар, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой харилцаа Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, тогтоомжоор зохицуулагдана, өөрөөр хэлбэл иргэн газар дээр баригдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө худалдан авч, өмчлөх эрхээ бүртгүүлэх, доорх газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авах харилцаа дээрх хуулиудаар хязгаарлаагүй, хориглоогүй хэмжээнд, хүлээн зөвшөөрөгдсөн арга, хэлбэрээр хэрэгжинэ.
Юуны өмнө иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... ” эрхээ хуульд зааснаас бусад хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх үндсэн эрхтэй бөгөөд үүнд захиргааны байгууллагаас аливаа хязгаарлалт, хориглолт тавих бол энэ нь хуульд тодорхой заасан үндэслэл шаардахаас гадна үндсэн эрхэд хориглолт, хязгаарлалт тогтоох үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн байх учиртай.
3.2. Дээр дүгнэгдсэн үйл баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, дэнж 5 дугаар гудамжинд байрлах 45 айлын амины орон сууц баригдсан газрын хувьд газар ашиглах, эзэмших эрх нь иргэн, хуулийн этгээдэд 2004 оноос өмнө үүссэн байх бөгөөд 2004 онд эрх бүхий Засаг даргын шийдвэрээр хуулийн этгээд хооронд шилжиж, 2023 онд газар эзэмших эрхийг мөн л эрх бүхий Засаг даргын шийдвэрээр иргэнд амины орон сууцны зориулалтаар шилжүүлсэн буюу энэ хэргийн нэхэмжлэгч иргэний хувьд уг газарт баригдаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах харилцаа эрх бүхий этгээдээс иргэнд олгосон амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээг үндэслэн хийгдсэн иргэний эрх зүйн гэрээний дагуу үүссэн байх тул энэ харилцааг Газрын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу үүссэн харилцаа гэж үзнэ.
Тодруулбал, 2002 онд батлагдаж одоог хүртэл мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7-д зааснаар "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, “газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгох бөгөөд 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.
3.3. Түүнчлэн мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэхийг зөвшөөрдөг, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд хавсаргах баримт бичгийг 38 дугаар зүйлийн 38.2-т зааж, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч тодруулж, шалгах нөхцөлийг 38.3-т “хавсаргах баримт бичгийн бүрдэл хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” хэмээн хуульчилсан, ийнхүү хавсаргах баримт бичиг болон нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд дүүргийн газрын алба хүсэлтийг хүлээн авч, ажлын 15 өдрийн дотор шийдвэрлэж, газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэж, эрхийн гэрчилгээг баталгаажуулахаар хуульчилсан.
Өөрөөр хэлбэл газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээг хуулиар тогтоосон дээрх журмын дагуу шилжүүлэх нь хуулийн дагуух харилцаа мөн бөгөөд хангуулах нөхцөл шаардлагыг ийнхүү тогтоосон, үүнээс өөр баримт, нөхцөл шаардлагыг хуулиар заагаагүй тул захиргааны байгууллага өөр нөхцөл шаардлага тавих хууль зүйн боломжгүй, өөр үндэслэлээр хүсэлтийг татгалзах нь ... хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй.
3.4. Нэхэмжлэгч нь дээр дүгнэсэнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан баримт бичгийг хавсарган, 38.3-т заасан нөхцөл шаардлагыг ханган газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ гаргасан байхад хариуцагч ийнхүү хуулиар тогтоосон хавсаргах баримт бичиг болон хангуулах нөхцөл шаардлагаас өөр үндэслэлээр буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд орсон гэх үндэслэлээр газар эзэмших эрх шилжүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь дээр дурдсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй байна.
3.4.1. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд ХХК-ийн эзэмшиж байсан 17,581 м.кв талбай бүхий газрыг 46 иргэнд хэсэгчилж шилжүүлж, 45 айлын хотхон барьсан, газрын албанд эзэмших эрх шилжүүлэх хүсэлт өгсөн ч 20 орчим айлд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, үлдсэн айлуудад татгалзсан, өмнө газар эзэмших эрхийг шилжүүлэхэд тухайн газрын байршил нь усны онцгой, энгийн хамгаалалтын бүсэд багтсанаас эзэмших, барилга барих боломжгүй талаар захиргааны байгууллагаас мэдэгдээгүй” байх бөгөөд үүнийг хариуцагч няцаагаагүй, энэ нөхцөл байдлыг төрийн үйл ажиллагааны “тэгш байдлыг хангах, хуульд үндэслэх”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар ... эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим зөрчсөн хэмээх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг үгүйсгэхээргүй байна.
3.4.2. Хариуцагч газар зохион байгуулалтын албаны татгалзсан шийдвэрт үндэслэл болгосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол ийнхүү уг асуудлыг шийдвэрлэх 2024 оны 10 дугаар сарын 23-ны үед 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байсан тул эрх зүйн үйлчлэлгүй, хүчингүй болсон хэм хэмжээний актыг үндэслэл болгосон шийдвэр хууль дээдлэх буюу хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй.
3.4.3. Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичигт тусгагдсан “... газар нь ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд орсон” гэх үндэслэлийн тухайд.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг “эрүүл ахуйн хориглолтын бүс”, “эрүүл ахуйн хязгаарлалтын бүс”, “усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс”, “энгийн хамгаалалтын бүс”, “газрын доорхи усны эх үүсвэрийн тэжээгдлийн муж”-ийн хил заагийг тогтоосон, улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор эдгээр бүсийг шинэчлэн “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс”, “энгийн хамгаалалтын бүс”-ийг тогтоож, усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд хэрэгжүүлэх ажиллагааг дэглэм журмын дагуу зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон,
3.4.4. Нэхэмжлэгч Б.Ш*******ын гуравдагч этгээд Я.Ггаас эзэмших эрхийг шилжүүлэн авахыг хүссэн, 2004 оноос өмнө ашиглах эрх үүссэн, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар Я.Г 15 жилийн хугацаатайгаар гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй 198 м.кв талбай нэгж талбар болон уг 45 айлын орон сууцны хотхоны байршил нь 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон хил заагаар усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд багтаж байсан бол 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор шинэчлэн тогтоосон хил заагаар “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс”, “энгийн хамгаалалтын бүс”-д буюу ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд багтсан нь хариуцагчаас ирүүлсэн мэдээллийн сан дахь усны хамгаалалтын бүсийн хил заагийн бүс, кадастрын зургийг давхцуулсан агаарын зургаар харагдаж байна.
Уг агаарын зургаас үзвэл үл хөдлөх хөрөнгө барьсан суурьшил бүхий гудамж үүссэн нэгж талбарууд ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд орсон байна.
3.4.5. Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны ******* дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын 3.9.11 дэх "Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглахыг хориглоно", мөн журмын 3.9.12 дахь "Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгохыг хориглоно" гэх заалтуудыг үндэслэлээ болгож хориглолтын бүсэд багтсан газрыг эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрээ тайлбарласныг буруутгахгүй, өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн байх хэдий ч, эрх бүхий захиргааны байгууллагаас олгосон хүчин төгөлдөр эрхийн үндсэн дээр иргэнд үүссэн өмчлөх үндсэн эрхийг хязгаарлах үр дагаварт хүргэж байх тул захиргааны байгууллага иргэний хууль ёсоор олж авсан өмчлөх үндсэн эрхэд хязгаарлалт, хориглолт тогтоох үр дагавар үүсгэх шийдвэр гаргахдаа энэ талаар хуулийн нарийвчилсан зохицуулалтын дагуу хууль ёсны арга замаар хэрэгжүүлэх учиртай.
3.4.6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг ойлгоно”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна” гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээтэй гэр, орон сууцны хашааны зориулалт бүхий газарт орон сууц захиалгын гэрээгээр амины орон сууц захиалан бариулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр маргаан бүхий газар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй салшгүй эрх болжээ.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хууль зүйн болон бодит байдлаар хэрэгжүүлэхэд түүний доорхи газрыг ашиглах, эзэмших эрхийг салгаж ойлгох боломжгүй тул газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрийн эрх зүйн үр дагавар иргэний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хориглолт, хязгаарлалт үүсгэх нь зүйн хэрэг.
3.4.7. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” хэмээн баталгаажуулсан иргэний үндсэн эрхэд халдах, хөндөх, хориглолт тогтоох бол Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан журам хэрэглэгдэх бөгөөд хариуцагч байгууллага энэ зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна.
3.4.8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны байгууллагын шийдвэрийн үндсэн дээр үүссэн хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим энэ тохиолдолд зайлшгүй хангагдана. Учир нь нэхэмжлэгчийн тухайд эрх бүхий Засаг даргын шийдвэрээр эрх бүхий захиргааны байгууллагаас олгогдсон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр баталгаажсан газар эзэмших эрхэд үндэслэн 462,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу олж авсан байх тул иргэнд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлэхдээ захиргааны байгууллагын шийдвэрт зан үйлээ нийцүүлсэн иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах учиртай.
3.4.9. Түүнчлэн ундны усны эх үүсвэр, усан сан бүхий газрын хориглолт, хязгаарлалт, эрүүл ахуйн бүс, түүний дэглэм журам тогтоон хангуулж буйн зорилго нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангуулахад орших бөгөөд газар эзэмшигч газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг тогтоосон хугацаанд журмын дагуу хийлгэх, газрыг зохистой, ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, газар эзэмшүүлэх гэрээнд газрыг ашиглах, эзэмшилдээ байлгах зориулалт, нөхцөл болзлыг тодорхой заадаг, хуулиар тогтоосон энэ үүргээ биелүүлээгүй, гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн, нөгөөтээгүүр газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд эрх бүхий байгууллага шинжлэн тогтоож, дүгнэлт гаргаснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тодорхой зохицуулалтыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т хуульчилсан, өөрөөр хэлбэл ундны усны эх үүсвэр, усан сан бүхий газрын хориглолт, хязгаарлалт, эрүүл ахуйн бүсийн дэглэм журмыг хангуулах эрх зүйн орчин бүрдсэн байна.
дэнж 5 дугаар гудамж 17 тоот, нэгж талбарын дугаартай, 198 м.кв талбай газарт 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийгдэж, дүгнэлтийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар баталгаажуулсан, дүгнэлтэд “ ...газрыг зөвшөөрөлтэй ашиглаж байгаа, байшин, явган хүний зам талбай баригдсан, физик, хими, биологийн үйлчлэлээр эвдэрч бохирдсон талбайгүй, ... хөрсний үржил шим дундаж, ...ил задгай урсацтай ус, гол горхи байхгүй, газар ашиглалтын байдал зөрчигдөөгүй” хэмээн дүгнэж, цаашид анхаарах арга хэмжээг зөвлөсөн, өөрөөр хэлбэл ундны усны эх үүсвэр, усан сан бүхий газрын хориглолт, хязгаарлалт, эрүүл ахуйн бүсийн дэглэм журам зөрчигдсөн, газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан газар эзэмших эрхийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3.5. Иймд хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгийн салшгүй эрх болох газар эзэмших “хүчин төгөлдөр гэрчилгээтэй” эрхийг шилжүүлэн авахаар хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж хандахад газар эзэмших эрхийг шилжүүлэхээс ийнхүү татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх “хуульд үндэслэх”, 4.2.5 дахь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8 дахь “хууль ёсны итгэлийг хамгаалах” захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангуулаагүйгээс шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзлээ.
Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль зүйн үндэслэлгүйгээр зөрчсөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар “татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, дэнж ******* тоот хаягтай, нэгж талбарын дугаартай, 198 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргахыг тус албанд даалгаж шийдвэрлэлээ.
Дөрөв. Нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, дэнж 5 дугаар гудамж, 304 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай 198 м.кв талбай газрыг эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн , 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тоот шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргахыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Гэтэл газар эзэмших эрх шилжүүлэхээс татгалзсан үндэслэлээ заасан хариуг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр өгсөн, энэ нь ийнхүү нэхэмжлэгчид эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэсэн, тухайн асуудлыг шийдвэрлэсэн шинжээрээ захиргааны акт болох тул шүүх энэ актад холбогдох нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичиг нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар “өмнө нь хандсан асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” хэмээн өмнө нь уг асуудлаар тус албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр хариу өгснийг мэдэгдэж хүсэлтийг буцаасан агуулгатай, өөрөөр хэлбэл асуудлыг шийдвэрлээгүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй шинжээр захиргааны акт биш байх тул уг нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан дүгнэж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзээд хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Тав. Хариуцагч, захиргааны байгууллагаас усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг хангуулах асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд шүүхийн энэ шийдвэр нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арванзургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ш*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, дэнж, ******* тоот хаягтай, нэгж талбарын дугаартай, 198 м.кв газар эзэмших эрхийг Б.Ш*******т шилжүүлсэн шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ш*******ын “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, дэнж, ******* тоот хаягтай, нэгж талбарын дугаартай, 198 м.кв газар эзэмших эрхийг Б.Ш*******т шилжүүлсэн шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, мэдээллийн санд бүртгэх үүрэгтэйг тайлбарласугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА