| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0430/Э |
| Дугаар | 353 |
| Огноо | 2017-10-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;
улсын яллагч: Э.Халиун;
шүүгдэгч: Л.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лхагвасүрэнгийн Бд холбогдох эрүүгийн 1709000910053 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар-32 худалдааны төвийн гадаа хохирогч Н.Тайванбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Тайванбаяр /хх-ийн 12-19/, гэрч Т.Болдбаатар /хх-ийн 24-25/, Т.Нэргүй /хх-ийн 26-27/, Б.Батбаяр /хх-ийн 28-29/, П.Амарбаяр /хх-ийн 30-31/, Л.Бат-Эрдэнэ /хх-ийн 32-33/, Л.Бадам /хх-ийн 34-36/, Ж.Алтанбосго /хх-ийн 37-38/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42/, шинжээч Т.Номинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 43-44/, Л.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/, Л.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 52-65/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 66-67/, хохирогч Н.Тайванбаярын “гомдол саналгүй” тухай хүсэлт /хх-ийн 68-69/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Сансар-32” нэртэй худалдааны төвийн орчин хохирогч Н.Тайванбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Н.Тайванбаярын /хх-ийн 18/: “... Л.Б миний эрүүний зүүн тал руу 2 удаа цохисон. Гараараа л цохих шиг болсон. Өөрөөр намайг цохиж зодоогүй. Б миний зүүн эрүүн тус газарт цохиж эрүү ясны хугарал гэмтлийг учруулсан. Цохиулаад унах үед миний өвдөг болон хацар зулгарсан байх гэж бодож байна. Би их согтуу байсан тул сайн санахгүй байна. Тэр 2 залуу миний биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Болдбаатарын /хх-ийн 24-25/: “...Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үдээс хойш 7-н буудлын орчимд явж байтал Б, Нэргүй, Батбаяр нар нэг залуугийн “Приус-20” маркийн автомашинтай хажууд ирээд зогссон. Б нь надаас “ойрхон гол орчихоод ирье” гэхээр нь “тэгье” гээд сууж явсан. Б дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи 2 шилийг аваад Туул гол дээр очоод Нэргүй, Б, тэр хамт явсан Тайванбаяр гэгч залуу бид 4 уусан. Тэндээсээ Батбаяр нь тэр Тайванбаярын автомашиныг бариад буцаад “Сансар 32”-ын урд талын гудамж руу ороод хашаа руу оруулах гэтэл “ингэсгээд зогсчих” гэхээр нь зогссон. Тайванбаяр нь тэгтэл “ганц юм ахиад уучихмаар байна” гээд байсан. Тэгээд Батбаяр бид 2 түрүүлээд “Номин”-гийн тийшээ алхсан. Хэсэг удсаны дараа Батбаяр бид 2 буцаад очтол Тайванбаяр нь автомашиныхаа хажууд хамраас нь цус гарчихсан ганцаараа сууж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Нэргүйгийн /хх-ийн 26-27/: “... 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчимд Б бид хоёр 7-н буудлын постны орчим уулзаад гол руу явахаар болсон. Гэтэл Бгийн найз Тайванбаяр гэх залуу согтуу автомашинаа уначихсан ирсэн. Тэгтэл Б нь “чи согтуу автомашин унаад хэрэггүй” гэж өөрийн найз Батбаяр гэдэг залууг дуудаад автомашиныг нь унуулаад бид хэд Туул гол явсан. Замдаа Ботхолбоогийн найз “Боогий” гэдэг залууг аваад хоёр шил 0,75 литрийн “Хараа” архи аваад Туул гол дээр очоод Батбаяраас бусад нь хувааж уучихаад орой нь буцаад “Сансар 32”-ын урд талын гудамж руу ороод Тайванбаярын автомашиныг хашаа руу оруулж өгөх гэтэл “автомашинаа өөрөө унана, ингээд зогсчих, ахиад ганц юм уучихмаар байна” гээд байсан. Тэгтэл Батбаяр, Болдбаатар хоёр нь түрүүлээд явсан. Би Бтой үлдээд байж байтал Тайванбаяр “ганц юм ууя” гээд шалаад болохгүй байхаар нь би Бг татаад эргээд алхтал миний араас Тайванбаяр автомашиныхаа түлхүүрээр хүзүү рүү цохиод Бгийн цамцнаас зуураад татаад ураад хаячихсан. Тэгсэн Б эргэж хараад 2 удаа цохиод авсан. Миний харснаар нүүр рүү нь цохьчих шиг болсон. Нарийн сайн хараагүй. Би тэр залууг бол цохиж зодоогүй. Тэгээд бид 2 яваад өгсөн. Араас ямар ч байсан орилоод байх шиг байсан. Тухайн үед жолооч жоохон халамцуу л байсан...” гэх мэдүүлгээр,
Л.Бгийн буруутай үйлдлийн улмаас Н.Тайванбаярын биед “эрүү ясны зүүн буланд хугарал, баруун хацрын дээр, баруун өвдөгт зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8841 тоот дүгнэлт /хх-ийн 42/, Л.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Л.Б нь “цамц урлаа” хэмээн буруутган Н.Тайванбаярыг зодож, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Л.Бгийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь архи ууж согтуурснаас өөр хоорондоо маргалдсан, хохирогчийн зүй бус үйлдлээс буюу “архи нэхэж, Л.Бгийн цамцыг урсан” үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг нь Л.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Л.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Л.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Л.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржгон овогт Лхагвасүрэнгийн Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ