| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2023/ШЦТ/1349 |
| Дугаар | 2024/ДШМ/05 |
| Огноо | 2023-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/05
Х.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1349 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Х.Э-д холбогдох 2306 03913 2597 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Х-ын Э-, 1992 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ганцаар Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /;
Х.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод өөрийн хамтран амьдрагч хохирогч П.Н-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа толгой руу нь цохих зэргээр хүч хэрэглэн халдаж, улмаар салгахаар очсон хадам ах П.Э-ыг толгой, нүүр хэсэгт гараараа цохих, өшиглөх зэргээр зодож хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Х.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Х-ын Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-г 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдолдоо: “..Миний үйлчлүүлэгч Х.Э-д шүүхийн тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
хохирогч П.Н-ийн: “...“Яагаад архи ууж байгаа юм” гээд загнасан чинь манай нөхөр босож ирээд юу ч хэлэлгүй миний толгой руу гараараа олон удаа цохихоор нь би орилсон. Тэгтэл манай ах П.Э, ээж хоёр орж ирээд “Боль” гэж хэлээд манай ах бид хоёрын дундуур ороход манай ахын толгой руу гараараа цохиод, зодсон. ...” /хх 18-19/,
хохирогч П.Э-ын: “...Манай дүү П.Н орилоод байхаар нь ээжийн өрөөнд орсон. Араас нь ороход манай дүүг Х.Э- алгадаад, шанаадаад ор руу авч шидсэн. Ээж салгах гээд очиход шкаф руу цохиж унагаасан. Би очоод салгах гэтэл над руу дайраад цохиод байсан. Миний урдуур ээж, дүү хоёр орж хамгаалаад намайг том өрөө рүү явуулсан. ...Би тэсэхгүй очсон чинь миний хамар руу мөргөөд цус гаргаад унах үед дээр гарч, гараараа толгой руу олон удаа цохиод, өшиглөсөн. ...” /хх 25/,
хохирогч П.Э-ын эрүүл мэндэд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тархи доргилт, нуруу, цээж, хэвлий, баруун тохой, гуя, өвдөг, шилбэ, зүүн бугалга, тохой, шуу, гуя, шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9329 дугаартай дүгнэлт /хх 29-30/,
хохирогч П.Н-ийн эрүүл мэндэд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тархи доргилт, хүзүү, цээж, баруун мөр, дал, тохой, бөөр, гуя, шилбэ, зүүн булгалга, тохой, шуу, гуянд цус хуралт, нуруу, зүүн гарт зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9327 дугаартай дүгнэлт /хх 37-38/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Х.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин анхан шатны шүүх шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Э-г хохирогч П.Н, П.Э нарын хоёр хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг тогтоож, энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай хэмээн тооцохдоо “хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” байдлаар бичсэн нь бичвэрийн хувьд зохимжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хохирол учирсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах” агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өмгөөлөгчийн утас холбогдох боломжгүй байсан талаар тэмдэглэлд тусгагдсан байхаас гадна шүүгдэгч Х.Э-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч тэрээр дээр дурдсанчлан шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг бичгээр гаргаагүй тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн болно.
Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1349 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ