Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0239

 







 

    2025         04           07                                   128/ШШ2025/0239    

     

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, 

Маргааны төрөл: Соёлын зориулалтаар гадаад улсын өндөр дээд түвшний зочдод агнуулах тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд явуулахаар чиглэл хүргүүлсэн нь өрсөлдөөнийг хязгаарлаж, хуулиар тогтоосон хүрээг явцууруулан хумьж, урьдчилж нэр заагдсан этгээдүүдийн дунд зохион байгуулж буйгаар хууль бус хэмээн маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:   

1.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  дугаар тогтоолоор тусгай зориулалтаар 2024 онд агнах тэх, угалзын тоо хэмжээг өмнө баталсан тогтоолдоо өөрчлөлт оруулах замаар нэмэгдүүлж, соёлын зориулалтаар гадаад улсын өндөр дээд түвшний зочдод агнуулах тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулахыг Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарт даалгасан.

2.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай “чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр Засгийн газрын дээрх тогтоолыг холбогдох аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг тухайлсан бүсүүд дэх агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд яаралтай зохион байгуулж уг тогтоолын хэрэгжилтийг хангаж, тайлан мэдээллийг ирүүлэх чиглэл хүргүүлсэн.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1 Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  дугаартай "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор Амьтны тухай хуулийн 26.3 дахь хэсэг, 29.2.1-д заасныг тус тус үндэслэн тусгай зориулалтаар 2024 онд агнах амьтдын тоо хэмжээг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг оруулж, тус "тогтоол батлагдсантай холбогдуулан соёлын зориулалтаар гадаад улсын өндөр дээд түвшний зочдод агнуулах тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулахыг Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарт даалгаж" шийдвэрлэсэн.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэхдээ Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйл /Дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт/-ийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.15, 1.23, 1.24, 1.25, 1.29 дэх заалт, 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18 дахь заалт, 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, 8 дахь хэсгийн 8.14, 8.28, 8.29 дэх заалт, 9 дэх хэсгийн 9.2, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11 дэх заалт, 11 дэх хэсгийн 11.1, 11.9, 11.12 дахь заалт, 12 дахь хэсгийн 12.1, 12.2, 12.14 дэх заалтад заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно" гэж, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.23-т "тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих" зөвшөөрлийг тухайн аймгийн Засаг дарга олгохоор зохицуулсан, Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйл /Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих/-ийн 29.1 дэх хэсэгт "Тусгай төлбөр төлсөн иргэнд энэ хуулийн 24.3.3-т заасан зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 25.5-д заасан зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд олгоно", 29.2 дахь хэсэгт "Агнуурын амьтныг тусгай зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрөл нь дараах төрөлтэй байна: 29.2.1. агнуурын амьтныг эрдэм шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар; 29.2.2. иргэн спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр; 29.2.3. нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор" гэж тус тус заасныг зөрчсөн байдлаар буюу дээрх тогтоолд заасан "тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулах"-ыг зөрчсөн байдлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас дуудлага худалдааг зөвхөн " агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд яаралтай зохион байгуулах ..." чиглэлийг гаргасан байна.

Тодруулбал, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" даалгаврыг Баян-Өлгий аймгийн Засаг дарга /*******/-д хандан хүргүүлсэн нь дээрх Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолын 2, 3 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.23 дахь заалт, Амьтны тухай хуулийн 29.1. 29.2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах". 7 дугаар зүйл Төрийн албаны зарчим/-ийн 7.1 дэх хэсэгт "Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтална" гэж заасныг тус тус зөрчсөн байх тул энэхүү зөрчлийг арилгаж, дуудлага худалдааг хуульд нийцэхгүй байдлаар зөвхөн "агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд яаралтай зохион байгуулах" бус, холбогдох хуульд заасны дагуу зохион байгуулах шийдвэрийг гаргаж өгнө үү хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С. О*******д 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хандсан.

Гэтэл Сайд уг асуудалд хариу өгөөгүй, тухайн асуудлыг шийдвэрлэх хугацааг дахин 30 хоногоор сунгасан тохиолдолд энэ талаар гомдол гаргагч талд мэдэгдэх тухай шаардлагын дагуу ямар нэгэн сунгасан гэсэн хариу өгөөгүй тул хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах хугацаа өнгөрсөн үндэслэлээр тус чиглэлийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргаж байна.

Энэхүү нэхэмжлэлийг гаргаснаар нэхэмжлэгч байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хуулийн өмнө эрх тэгш байдлаар, шударга өрсөлдөх замаар аж ахуй эрхлэх нөхцөл хангагдах буюу аль нэг бүс, орон зайд төрийн эрх бүхий байгууллага хуулиас гадуур, эрх мэдэлд ойр цөөн тооны хүрээллийн хүмүүсийн дотор, өрсөлдөөнийг хязгаарласан, хууль бус аргаар, хуулиар тогтоосон хүрээг зориуд явцууруулан хумьж, "агнуурын бүсийн менежмент хариуцагч" гэсэн урьдчилж нэр заагдсан этгээдүүдийн дунд зохион байгуулж буй хууль бус үйл ажиллагааг хүчингүй болгох байдлаар ийм төрлийн хуйвалдааны шинжтэй үйл ажиллагаанаас эрх ашгаа хамгаалуулах боломжтой болохоор байна.

Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" захиргааны актыг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

3.2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндэслэлээ: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар, тухайлбал,

1/ Өвөрхангай аймгийн Байгаль орчны газраас ирүүлсэн баримтууд, Засаг даргын тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн баримтаар тус аймгийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тоот захирамжаар дуудлага худалдаа зохион байгуулсан, 

2/ Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай албан бичиг, түүний хавсралт баримтууд болон 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгээр "...ирүүлсэн чиглэлийн дагуу зохион байгуулагдсан тусгай зориулалтын дуудлага худалдааг агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд зохион байгуулсан. Дээрх чиглэлийн дагуу агнуурын бүсийн менежмент хариуцагчдаас бусад хүн, хуулийн этгээдийг урин оролцуулаагүй болно" гэсэн тайлбар, аймгийн Засаг даргын дугаартай захирамжаар дуудлага худалдааг менежмент хариуцагч нарын дунд хаалттайгаар зохион байгуулсан, 

3/ Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай албан бичиг, түүний хавсралт баримт болон 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай албан бичиг, 

4/ Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай албан бичиг, түүний хавсралт, бусад бичгийн хэлбэртэй нотлох баримтуудаар тухайн маргаж буй захиргааны акт нь (Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох" гэж зааснаар) нэгэнт хэрэгжиж, дуудлага худалдаа тухайн чиглэлд тусгагдсан арra хэлбэрээр явагдаж дууссан болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" захиргааны актыг “хүчингүй болгуулах" байсныг “хууль бус байсан болохыг тогтоолгох" болгож өөрчилж байна.

Тус актыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг гаргаснаар нэхэмжлэгч байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, Амьтны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хуулийн өмнө эрх тэгш байдлаар, шударга өрсөлдөх замаар аж ахуй эрхлэх нөхцөл хангагдах буюу аль нэг бүс, орон зайд төрийн эрх бүхий байгууллага хуулиас гадуур, эрх мэдэлд ойр цөөн тооны хүрээллийн хүмүүсийн дотор, өрсөлдөөнийг хязгаарласан, хууль бус аргаар, хуулиар тогтоосон хүрээг зориуд явцууруулан хумьж, "агнуурын бүсийн менежмент хариуцагч" гэсэн урьдчилж нэр заагдсан этгээдүүдийн дунд зохион байгуулж буй зүй бус үйл ажиллагааг хууль бус байсан болохыг тогтоолгох байдлаар ийм төрлийн хуйвалдааны шинжтэй, өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаанаас эрх ашгаа хамгаалуулах боломжтой болохоор байна.” гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2018 оноос тусгай зориулалттай ан агнуурын үйл ажиллагаа явуулж эхэлсэн мэргэжлийн байгууллага, ан агнуурын үйл ажиллагааг Монгол улсын нутаг дэвсгэрт бүхэлдээ явуулдаг. Энэ удаа дуудлага худалдааг нээлттэй зарлаагүйгээс аль ч аймагт оролцох хүсэлт өгөх боломж өгөөгүй. Энэ дуудлага худалдааны чиглэл хүргүүлсэн албан бичгийг өөр нэг аж ахуйн нэгжээс мэдсэн. Хэрэв дуудлага худалдааг нээлттэй зарласан бол эдгээр аймгуудад оролцох байсан.” гэв.  

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  дугаартай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 29 дүгээр зүйлийн 29.2.1-д заасныг үндэслэн тусгай зориулалтаар 2024 онд агнах амьтдын тоог хэмжээг өөрчилж, нэмэгдүүлсэн байдаг. Тухайн өөрчилж, нэмэгдүүлсэн тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ангийн дуудлага худалдааг хуульд нийцүүлэн зохион байгуулахыг аймгуудын Засаг даргад даалгаж, салбарын яаманд хариуцуулсан байдаг. Гэтэл уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан журам буюу дуудлага худалдааны журмаар явуулах зохицуулалтыг зөрчсөн. Тусгай зориулалтын дуудлага худалдааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах үүргийг хариуцагч байгууллага хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Өвөрхангай, Баянхонгор, Увс, Баян-Өлгий зэрэг аймгуудад чиглэл хүргүүлсэн байдаг Тухайн албан бичигт агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд яаралтай ангийн дуудлага худалдааг зохион байгуулах гэсэн байдаг. Энэ нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан дуудлага худалдааг иргэн, хуулийн этгээдэд нээлттэй байдлаар, чөлөөт зах зээлийн зарчмын дагуу явуулахыг зөрчсөн байна.  Агнуурын бүсийн менежмент хариуцагчид гэдэг нь тухайн орон нутагт тухайн агнуурын бүсүүдийг хариуцдаг этгээдүүд байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн нээлттэй, чөлөөтэй дуудлага худалдаанд оролцох эрх нь хязгаарлагдаж байна. Чиглэл хүргүүлэх албан бичиг нь биелэгдсэн байгааг хэрэгт авагдсан аймгуудаас ирсэн баримтуудаас  харж болно. 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан зохицуулалтыг төрийн захиргааны байгууллага зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Агнуурын бүсийн менежмент хариуцагч буюу ангийн аж ахуй нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тухайн агнуурын бүсийг 1-10 хүртэл жилийн хугацаатайгаар хариуцан, орон нутгийн нөхөрлөл, нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, тухайн агнуурын бүсийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын судалгааг хийлгэн, ан агнуурын менежмент төлөвлөгөөг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар батлуулан хэрэгжүүлж ажилладаг ан амьтны мэргэжлийн байгууллагын эрхтэй байгууллага юм.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д "ангийн аж ахуй" гэж "Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үйл ажиллагааг ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эрхэлдэг мэргэжлийн байгууллагыг" гэж тодорхойлсон байдаг.

Тогтоолыг хэрэгжүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2024 оны дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан дуудлага худалдааг агнуурын бүс нутгуудын менежмент хариуцагчдын дунд зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 89 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 26 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгийн Засаг дарга нарт 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай сайдын албан бичгээр нэр бүхий агнуурын бүс нутгуудад агнуурын бүсийн менежмент хариуцагч нарын дунд яаралтай зохион байгуулах чиглэл өгсөн. Учир нь тусгай зориулалтын ан хийх хугацааг Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.1-т угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, тэхийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл агнахыг хориглодог.

Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу 2024 онд тусгай зориулалтын ангийн дуудлага худалдаагаар угалз, тэх бүхий 12 аймагт дуудлага худалдаанд оролцсон иргэд үнийг хэт өндөр өсгөн тухайлбал: Өвөрхангай аймагт иргэн С угалзын үнийг 155,500 сая төгрөг, Баянхонгор аймагт , А, С. С нарын 5 иргэн 110,000- 172,000 сая төгрөг, Говьсүмбэр аймагт иргэн Н.Э 94.5 сая төгрөг үнэ өсгөөд авахгүй орхисноор Амьтны тухай хуулийн 291.8, 291.12.3-д заасан нөхцөл байдлууд үүсэж дуудлага худалдаа амжилтгүй болсон бөгөөд энэ тохиолдол бусад бүх аймагт гарсан тул зөвхөн агнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дуудлага худалдаанд оролцуулах хүсэлтийг аймгууд удаа дараа ирүүлсэн тул тухайн чиглэлийг өгч ажилласан болно.

Иймд маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" захиргааны акт нь эрхийн зөрчилгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэв.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэмэлт хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Энэ тохиолдолд захиргааны акт хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан, хүчингүй болгосон болон бусад байдлаар хэрэгжсэн бол маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгохоор заасан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандсан өргөдлийг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ш******* ХХК нь мэргэжлийн байгууллагын эрхтэй компани учир эрхийнхээ хүрээнд дуудлага худалдаанд оролцоод, холбогдох зөвшөөрлөө авах боломжтой байсан. Ийм тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болж байна. 

Нөгөө талаар 2023 оныг хүртэл Амьтны тухай хуулиар менежмент хариуцагч өөрөө ангийн зөвшөөрлөө аваад, зохион байгуулдаг байсан. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэн, хуулийн этгээдийг оролцуулах боломжтой болсон. Маргаан бүхий чиглэл хүргүүлэх албан бичиг нь заавал биелэгдэх шинжтэй биш. Өвөрхангай аймгаас ирсэн баримтаас харахад чиглэл хүргүүлэх албан бичгийг үндэслэл болгоогүй, хуульд зааснаар дуудлага худалдааг зохион байгуулж, нээлттэй сайтад бүх иргэд, хуулийн этгээд оролцох боломжтой байдлаар урилгыг хүргүүлсэн гэдэг тайлбарыг ирүүлсэн. Чиглэл хүргүүлэх албан бичгийг хэрэгжүүлээгүйгээс үүдэн гарах хор уршиг, хариуцлага байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн маргах захиргааны акт биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Энэ тохиолдолд захиргааны акт хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан, хүчингүй болгосон болон бусад байдлаар хэрэгжсэн бол маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгохоор заасан байдаг. Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандсан өргөдлийг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч “Ш*******” ХХК нь мэргэжлийн байгууллагын эрхтэй компани учир эрхийнхээ хүрээнд дуудлага худалдаанд оролцоод, холбогдох зөвшөөрлөө авах боломжтой байсан. Ийм тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болж байна. Нөгөө талаар 2023 оныг хүртэл Амьтны тухай хуулиар менежмент хариуцагч өөрөө ангийн зөвшөөрлөө аваад, зохион байгуулдаг байсан. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэн, хуулийн этгээдийг оролцуулах боломжтой болсон. Маргаан бүхий чиглэл хүргүүлэх албан бичиг нь заавал биелэгдэх шинжтэй биш. Өвөрхангай аймгаас ирсэн баримтаас харахад чиглэл хүргүүлэх албан бичгийг үндэслэл болгоогүй, хуульд зааснаар дуудлага худалдааг зохион байгуулж, нээлттэй сайтад бүх иргэд, хуулийн этгээд оролцох боломжтой байдлаар урилгыг хүргүүлсэн гэдэг тайлбарыг ирүүлсэн. Чиглэл хүргүүлэх албан бичгийг хэрэгжүүлээгүйгээс үүдэн гарах хор уршиг, хариуцлага байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн маргах захиргааны акт биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбараас дараах үйл баримтууд тогтоогдож байна.

1.1. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоолоор өмнөх 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  дүгээр тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулах замаар “2024 онд зарим нутаг дэвсгэр тусгай зориулалтаар агнах тодорхой ан амьтдын тоо хэмжээг нэмсэн, тухайлбал Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт агнах “Угалз”-ын тоо “14” байсныг “20” болгож, “Тэх”-ийн тоо “24” байсныг “30” болгож, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт агнах “Угалз”-ын тоо “6” байсныг “8” болгож, “Тэх”-ийн тоо “21” байсныг “24” болгож, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт агнах “Угалз”-ын тоо “5” байсныг “6” болгож, “Тэх”-ийн тоо “8” байсныг “11” болгож, Увс аймгийн нутаг дэвсгэрт агнах “Угалз”-ын тоо “7” байсныг “9” болгож, нийтдээ 2024 онд агнах “Угалз”-ын тоо “70” байсныг “81” болгож, “Тэх”-ийн тоо “115” байсныг “127” болгож тус тус өөрчилж, соёлын зориулалтаар гадаад улсын өндөр дээд түвшний зочдод агнуулах тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулахыг Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарт даалгаж, уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.О*******д үүрэг болгосон. 

1.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр Засгийн газрын дээрх тогтоолыг холбогдох аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, тусгай зориулалтын “угалз”-ын дуудлага худалдааг Баян-Өлгий аймгийн Улаагчин, Улаан говь, Халуун бардам шар говь, Мянган уул, Зурхайчийн нуруу, Увс аймгийн Гулзат, Баянхонгор аймгийн Баянцагаан, Хөх хадны хүүш, Өвөрхангай аймгийн Арц богд агнуурын бүсэд, “тэх”-ийн дуудлага худалдааг Баян-Өлгий аймгийн Улаагчин, Улаанговь, Агуйт хатуу, Тошинт, Мундуйн дэвсэг, Баянхонгор аймгийн Баянцагаан, Өвөрхангай аймгийн Арц богд агнуурын бүсэд тус тус “агнуурын бүсийн менежмент хариуцагчид”-ын дунд яаралтай зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтийг хангаж, дуудлага худалдаа зохион байгуулсан талаарх тайлан мэдээллийг 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газарт ирүүлэх чиглэл Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн байна. 

1.3. Тухайн аймгуудад дуудлага худалдааг зохион байгуулж эрх олгосон. Тухайлбал,

1.3.1. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар соёлын зориулалтаар гадаад улсын зочдод тусгай зориулалтаар агнуулах 1 толгой угалз, 3 толгой тэхийн дуудлага худалдааг агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд зохион байгуулахаар, дуудлага худалдаанд агнуурын бүсийн менежмент хариуцагч хуулийн этгээдүүдийг урилгаар оролцуулахаар шийдвэрлэж, 09 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулж, 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар дуудлага худалдаанд ялагчтай агнуурын гэрээ байгуулах эрх олгосон, 

1.3.2. Увс аймгийн Засаг дарга 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тоот албан бичгээр Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймгийн агнуурын бүсийн менежмент хариуцагч нарт зохион байгуулахаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот чиглэлийн дагуу  дуудлага худалдааны урилга хүргүүлж, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулж, 09 дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр захирамжаар дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулж, мөн өдөр дуудлага худалдаанд ялсан агнуурын бүсийн менежмент хариуцагч хуулийн этгээдтэй агнуурын амьтан агнах, барих гэрээ байгуулсан,

1.3.3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр захирамжаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот чиглэлийг удирдлага болгон агнуурын бүсийн менежмент хариуцагч компаниудын дунд дуудлага худалдааг зохион байгуулж, мөн өдөр ялагчтай гэрээ байгуулсан,

1.3.4. Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр захирамжаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот чиглэлийг үндэслэн агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд дуудлага худалдааг зохион байгуулж, 08 дугаар сарын 16-ны өдөр ялагчтай гэрээ байгуулж, 08 дугаар сарын 23-ны өдрийн А/475 дугаар захирамжаар  ялагчид зөвшөөрөл олгож, тайланг яамны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн байна. 

Хоёр. Ийнхүү хэдийгээр Засгийн газраас тогтоосон тоо хэмжээнд тусгай зориулалтын ан агнуурын дуудлага худалдааг Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймагт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот чиглэлийн дагуу агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд зохион байгуулж хэрэгжсэн ч нэхэмжлэгч нь “Монгол Улсын Үндсэн хууль, Амьтны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хуулийн өмнө эрх тэгш байдлаар, шударга өрсөлдөх замаар аж ахуй эрхлэх нөхцөл хангагдаж, аль нэг бүс, орон зайд төрийн эрх бүхий байгууллага хуулиас гадуур, эрх мэдэлд ойр цөөн тооны хүрээллийн хүмүүсийн дотор, өрсөлдөөнийг хязгаарласан, хууль бус аргаар, хуулиар тогтоосон хүрээг зориуд явцууруулан хумьж “агнуурын бүсийн менежмент хариуцагч” гэсэн урьдчилж нэр заагдсан этгээдүүдийн дунд зохион байгуулж буй зүй бус үйл ажиллагааг хууль бус байсан болохыг тогтоолгох байдлаар ийм төрлийн өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаанаас цаашид хамгаалагдах эрх ашгаа тодорхойлон” маргаж байх тул “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгийн Засаг дарга нарт чиглэл хүргүүлсэн албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр хэргийг шийдвэрлэв.

Гурав. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгийн Засаг дарга нарт чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ. 

3.1. Чиглэл хүргүүлэх тухай захиргааны акт нь холбогдох хуулийн зохицуулалтаас давсан хязгаарлалтыг тогтоож нэхэмжлэгчийн тусгай зориулалтаар угалз, тэхийн дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж дараах үндэслэлээр дүгнэв. 

3.1.1 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  дүгээр тогтоолоор “Тусгай зориулалтаар 2024 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээ”-г тогтоосон бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  дугаар тогтоолоор “2024 онд зарим нутаг дэвсгэрээс тусгай зориулалтаар агнах “Угалз”-ын тоог “70” байсныг “81” болгож, “Тэх”-ийн тоог “115” байсныг “127” болгож тус тус нэмж, соёлын зориулалтаар гадаад улсын өндөр дээд түвшний зочдод агнуулах тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулахыг Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарт даалгаж, уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.О*******д үүрэг болгосон. 

Өөрөөр хэлбэл Засгийн газар шийдвэртээ соёлын зориулалтаар гадаад улсын өндөр дээд түвшний зочдод агнуулах тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгаснаас өөрөөр дуудлага худалдаанд оролцох оролцогчдод аливаа хязгаарлалт тавиагүй байна.

3.1.2. Угалз, тэх нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтан бөгөөд, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1, 7.5.2-т зааснаар ховор амьтныг соёл, ...-ын  зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд агнах, барих боломжтой, 24 дүгээр зүйлийн 24.3.3-т заасан “тусгай зориулалтаар” агнах, барихад 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “... иргэн, хуулийн этгээд тусгай ... зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна”, 25.5-д зааснаар “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.23, ...-т заасан зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд энэ хуулийн ... 26.3-т заасан агнуурын амьтны тоо хэмжээнд багтаан харьяалах нутаг дэвсгэрт агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд олгож болох” ба, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Тусгай төлбөр төлсөн иргэнд тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг ... эрх бүхий этгээд олгоно”, 291 дүгээр зүйлийн 291.1-д “... 25.1-д заасан тусгай ... зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно”, 291.2-т “Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна”, 26 дугаар зүйлийн 26.3-т “тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” хэмээн хуульчилсан.

Зөвшөөрлийн тухай хууль нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулах бөгөөд энэ хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1.23-т заасан тусгай зориулалтаар ан амьтан барих, агнах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх ба тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар тухайн аймгийн Засаг дарга олгохоор байна.  

Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл ховор амьтныг соёлын тусгай зориулалтаар агнах, барих эрхийг Засгийн газраас тогтоосон тоо хэмжээнд багтаан дуудлага худалдаагаар тусгай зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлэх боломжтой бөгөөд, энэ харилцаанд оролцох этгээдийг “агнуурын бүсийн менежмент хариуцагч” байхаар журамлаагүй байна. 

Иймд Засгийн газраас 2024 онд зарим нутаг дэвсгэрээс тусгай зориулалтаар агнах зарим ховор амьтны тоо хэмжээг нэмэгдүүлж тогтоон соёлын зориулалтаар гадаад улсын өндөр дээд түвшний зочдод агнуулах тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулахыг Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарт даалгасан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Амьтны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулалтаас давсан хязгаарлалт тогтоон агнуурын бүсийн менежмент хариуцагч биш, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдийг оролцох эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий чиглэл хүргүүлэх тухай захиргааны акт нь тусгай зориулалтын агнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийн хувьд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн эсэхэд дүгнэлт гаргуулахаар Монополын эсрэг газарт хандахад Монополын эсрэг газрын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай “...Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 291 дүгээр зүйлийн 291.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичиг нь ховор амьтныг тусгай зориулалтаар агнах барих тусгай зөвшөөрлийн дуудлага худалдааг зөвхөн агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд зохион байгуулахаар тухайн аймгийн Засаг дарга нарт чиглэл хүргүүлсэн нь иргэн, аж ахуй эрхлэгчдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох, хязгаарласан шинжтэй байх тул Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг гаргажээ.

3.1.4. Амьтны тухай хуулийн нэр томьёоны тайлбараас үзэхэд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-т "агнуурын бүс нутаг" гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил, тархац нутгийг; 4.1.11-т "ан агнуурын менежментийн төлөвлөгөө" гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг; 4.1.23-т "ангийн аж ахуй" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30.3-т заасны дагуу агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үйл ажиллагааг ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эрхэлдэг мэргэжлийн байгууллагыг; Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн байгууллага гэнэ” гэж тус тус заасан. 

Үүнээс үзвэл, түүнчлэн хариуцагчийн тайлбарласнаар агнуурын тухайн бүсийн менежмент хариуцагч буюу ангийн аж ахуй нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тухайн агнуурын бүсэд тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулдаг, агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлдэг ан амьтны мэргэжлийн байгууллагын эрхтэй байгууллага байх ба нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны , 2023 оны дүгээр тушаалаар эрх олгосноор ан амьтны мэргэжлийн байгууллага бөгөөд  тухайн агнуурын бүс нутагт менежмент хариуцагч биш тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хүргүүлсэн чиглэлд заасны дагуу Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймагт “агнуурын бүсийн менежмент хариуцагчид”-ын дунд зохион байгуулсан угалз, тэхийг тусгай зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарлажээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч хуулийн этгээд нь тухайн орон нутагт агнуурын бүсийн менежмент хариуцагч болох эрхийг маргаан бүхий чиглэл хүргүүлэх тухай захиргааны акт хязгаарлаагүй, зөрчигдсөн эрх, ашиг сонирхол байхгүй” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

3.1.5. Хариуцагчаас маргаан бүхий чиглэл хүргүүлэх тухай албан бичиг нь ямарваа эрх зүйн үр дагавар үүсэхгүй, аймгийн Засаг дарга нарт заавал биелүүлэх үүрэг үүсгэхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргаж байх боловч Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгуудад тухайн чиглэлд заасан хүрээгээр буюу агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд дуудлага худалдааг зохион байгуулж, тусгай зөвшөөрөл олгосноор эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэжээ. 

Тодруулбал, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай, Баянхонгор аймагт дуудлага худалдааг агнуурын бүсийн менежмент хариуцагчдын дунд зохион байгуулахдаа урилга, шийдвэр, захирамжид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот чиглэлийг үндэслэлээ болгосон байдаг. 

Дөрөв. Нэхэмжлэгч Ш******* ХХК цаашид ийм хэлбэрээр, хууль бусаар өрсөлдөөнийг хязгаарласан байдлаар, хуулиар тогтоогоогүй хязгаарлалтын хүрээнд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг явуулах замаар эрхээ дахин зөрчигдөх байдал гаргуулахгүй байх хэмээн хуулиар хамгаалагдах эрх ашиг, сонирхлоо тодорхойлж буй нь үндэслэлтэй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгийн Засаг дарга нарт чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2.1, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.2, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1.23 дахь заалтыг тус тус баримтлан Ш******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгийн Засаг дарга нарт чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 




 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА