| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0237/Э |
| Дугаар | 356 |
| Огноо | 2017-10-23 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ;
Нарийн бичгийн дарга: Б.Нямжав;
Шүүгдэгч: Х.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Эд холбогдох эрүүгийн 201525022169 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Э.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Х.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цүки Хаус” төвийн караоке баарны гадна Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Дөлгөөнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн өмсөж явсан кителийг нь урж, толгойн тус газарт гараараа цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулан эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Дөлгөөн /хх-ийн 29-30, 2хх-ийн 13-14/, гэрч Г.Дашжамц /1хх-ийн 31/, Г.Гандаваа /1хх-ийн 33-35/, Т.Туяа /1хх-ийн 36-38/, Н.Далхжав /1хх-ийн 39/, Б.Амарзаяа /1хх-ийн 40-41/ Н.Мөнхманлай /1хх-ийн 42/, Ц.Эрдэнэбилэг /1хх-ийн 43/, У.Батбаяр /1хх-ийн 44/, Б.Баярмаа /1хх-ийн 123-124/, Д.Мандуул /1хх-ийн 180/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15947, 5416 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 49, 57-61/, Х.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 86/, Х.Эгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 87/, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 92/, Х.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 93-95/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Цүки Хаус” төвийн караоке баарны гадна Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Дөлгөөнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглсэн, эсэргүүцсэн болох нь:
хохирогч А.Дөлгөөний /1хх-ийн 29-30/: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагаас 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09:00 цагийн хооронд цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнхманлайгийн хамтаар “Тамир 113” дуудлагатай 2042 УНҮ дугаартай албаны тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан юм. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны 01 цаг 25 минутанд станцаар “Тамир 10”-аас “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Цүки Хаус” караокед зодоон болоод байна” гэх дуудлагыг хүлээн авч очсон. … Тухайн хоёр иргэний биед “бичиг баримт байхгүй” байсан. Бичиг баримт байгаа эсэхийг шаардахад биед нь “бичиг баримт байхгүй” гээд өөрсдийнхөө нэрийг Э, Тэмүүлэн гэж хэлсэн. ... Хэн болохыг нь тогтоох бичиг баримт биед нь байхгүй гээд байсан учраас тус зодсон, зодуулсан гэх иргэдийг “цагдаагийн хэлтэс дээр аваачиж шалгах шаардлагатай зүйлс байна” гэхэд Э гэх залуу нь “Би Дамбын Хишгээгийн хүүхэд байна, та нар муу сайн цагдаа нар яах гээд байгаа юм, наад зодуулсан гээд байгаа гөлөгөө аваад яв” гэж орилоод өөрийн биеийг удирдан авч явах чадваргүй эсэргүүцэл үзүүлээд байсан юм. Тэгэхээр нь дахин дахин хууль ёсны шаардлага тавьсан. ...Э нь эсэргүүцэл үзүүлэн миний куртикны цахилгааныг татаж ханзлаад, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. ... уг гэмтлийг надад Э гэх залуу учруулсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Мөнхманлайгийн /1хх-ийн 249/: “...Тэр өдөр би А.Дөлгөөний хамт ээлжинд “Тамир 113” машин дээр гарсан гэмт хэрэг, зөрчлийн хэдэн дуудлагад явснаа санахгүй байна. Ирсэн бүх дуудлагад Дөлгөөний хамт явсан. ... Эгээс өөр цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн тохиолдол гараагүй ...” гэх мэдүүлгээр,
Х.Эгийн буруутай үйлдлийн улмаас А.Дөлгөөний биед “чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15947 тоот дүгнэлтээр /хх-ийн 49/,
мөн хүрээлэнгийн: “… шинжилгээнд ирүүлсэн ахлагч мөрдөстэй хүрэмний …баруун суганд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзарсан уранхай байна ...” гэсэн криминалистикийн шинжээчийн 5416 дугаартай дүгнэлтээр /1хх-ийн 57/ болон Х.Эгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 179, 247/, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 4/, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэв журмын офицер Н.Мөнхманлайн илтгэх хуудас /1хх-ийн 5/, гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага хүлээн авах цахим бүртгэлийн хуулбар /1хх-ийн 7-10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Х.Э нь хууль сахиулагч А.Дөлгөөнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Х.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.
Гэвч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.
Х.Эгийн үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн” гэмт хэргээр зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын дээд хэмжээ шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд (хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн” гэмт хэрэгт) багассан нь түүний үйлдлийг дээрх хуулийн зүйл, хэсгээр зүйлчлэх үндэслэл болов.
Х.Эгийн “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохиролыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Х.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Х.Эд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Х.Эгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Жаран овогт Хишигжаргалын Эг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт 13 /арван гурав/ хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож оногдуулсан торгох ялаас нийт 195.000 /нэг зуун ерин тав/ төгрөгийг эдлэх ялаас хассугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Эд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ