| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0875/З |
| Дугаар | 128/ШШ2025/0252 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0252
2025 04 10 128/ШШ2025/0252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* овогт В******* О******* /РД:*******/,
Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
Маргааны төрөл: Олгогдоогүй тасалдсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгохоос татгалзсан захиргааны байгууллагын шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: О.С*******, О.Ц нарт 2022 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал, 2022 оны 08 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгохоос татгалзсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дээрх хугацааны хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах.
2. Маргах үндэслэл болсон үйл баримтын хувьд: Монгол Улсын иргэн В.О*******ын 2007 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрүүлсэн хүү С******* / регистрийн дугаартай/, 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрүүлсэн хүү Ц / регистрийн дугаартай/ нарт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2022 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал, 2022 оны 08 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд олгогдоогүй, тасалдсан.
3. Маргаж буй үндэслэл буюу талуудын тайлбар.
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “В.О******* миний бие одоо өөрийн төрсөн хүүхдүүд болох Б******* овгийн О*******ын С*******, Б******* овгийн О*******ын Ц нартайгаа Шведийн хаант улсад амьдарч байгаа. Миний бие 2020-2022 онуудад түр хугацаагаар Шведэд ажиллах болсон бөгөөд хоёр хүүгээ авч явахад миний нөхцөл байдал түр оршин суух статустай учраас өөр дээрээ авах боломж нь арай бага байсан учраас амьдралын эрхээр хүүхдүүдтэйгээ хамт байх гарцыг хайж хүү О.Ц, хүү О.С******* нарыгаа Шведэд албан ёсоор амьдарч байгаа том охин Г.Хдаа 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үрчлүүлсэн. Үрчлэлтийн бүртгэл хийлгээд Швед рүү явцгааж том охин Г.Х, хүү О.С*******, О.Ц нартайгаа одоо Шведэд амьдарч байна.
Одоо миний бие Швед улсад албан ёсоор амьдарч хоёр хүүхдээ өөрөө асран хүмүүжүүлж байгаа, мөн охин маань гэр бүлтэй болж байгаа зэрэг шалтгаануудаас үрчлэлт бодитойгоор хэрэгжээгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийдвэрээр үрчлэлтийг хүчингүйд тооцу эргээд төрсөн эх О*******ын нэр дээр бүртгэл сэргээсэн.
Би хүүхдийн мөнгөн тэтгэмж орж байгаа гэж бодоод явж байснаа сая хүүхдүүдийнхээ овгийг буцаан авсны дараа үрчлэгдсэнээс хойш хүүхдийн мөнгө огт ороогүй байгааг мэдсэн. Бид ч өөрсдөө дансны дугаараа үрчилж авсан хүнийхийг холбодог гэдгийг ойлгоогүй явсан байна. Иймд халамж руу хүсэлт гаргаснаар өмнө нь миний хүүхдийн мөнгө орж байсан дансаар 2023 оны хүүхдийн мөнгө бүтнээрээ 2024 оны эхнээс хэвийн олгогдож байгаа.
Гэвч 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар дуусталх хугацааны 16 сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй гэсэн. Засгийн газраас бүх хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг мөнгөний санхүүжилт нь орсон боловч зохих эзэндээ олгогдоогүй буцаагдсан гэж үзэж байгаа. Иймд хүү О.С*******, О.Ц нарын олгогдоогүй 16 сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 3,200,000 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү...” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “В.О******* нь хүү О.Ц, О.С******* нарыг 2021 онд охин О.Хд үрчлүүлсэн. Үрчлүүлснээс хойш хүүхдийн мөнгө олгогдож байгаад 2022 оноос олгогдохоо больсон байдаг. Түүний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандсанаар 2023 оны хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөж олгосон. Одоо 2022 оны 07 дугаар сараас бусад саруудын хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгогдоогүй, нөхөж олгохгүй байгаа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 1-6, 8-12 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгуулж өгнө үү. 2022 оны 07 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж нь орсон байна. Тэрийг дансны хуулганаас харсан. Тиймээс О.Ц, О.С******* нарын 2022 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал, 2022 оны 08 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
3.3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн В.О*******аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогду гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, хариу тайлбарыг үүгээр хүргүүлж байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг:
- 2017-2021 оныг дуусталх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ын дагуу,
- 2022 онд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршу хуримтлуулах, бүртгэх, олгох журам"-ын дагуу олгосон.
Дээрх журмын дагуу О******* овогтой С*******, О******* овогтой Ц нарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд, мөн 2022 оны 07 дугаар сард Хаан банк дахь холбогдох дансаар олгосон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын 2.5-д "Энэхүү журмын 2.1-д заасан иргэн хүүхдийн мөнгө авах дансыг хүүхэд тус бүрээр нээлгэх бөгөөд эдгээр дансыг нэгтгэн нэг дансаар хүүхдийн мөнгө авах хүсэлтэй бол тухайн банк нь уг иргэний дансанд холболт хийнэ." гэж заасан. Мөн журмын 3.8-д "Хүүхэд шинээр төрсөн, үрчлэгдсэн, нас барсан зэргээр тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдийн тоо өөрчлөгдсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь тухайн сонгосон банк болон тухайн орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр мэдэгдэнэ." гэж заасан.
Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар иргэн В.О******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн том охин Г.Хдаа О.Ц, О.С******* нарыг үрчлүүлсэн байна. Улсын бүртгэлийн байгууллагад овог, нэр өөрчлүүлсэн тохиолдолд дээрх заалтын дагуу арилжааны банкин дахь дансны мэдээллээ засварлуулж, үүний дараа дүүрэг, хорооны мэргэжилтэнд хандаж, эсвэл Халамжийн нэгдсэн систем /Е-halamj.mn/-ээр дамжуулж мэдээллээ шинэчлэх шаардлагатай байсан. Түүнчлэн 2021 оны 4 дүгээр улирлаас нийгмийн халамжийн үйлчилгээнд бүртгүүлэх болон олголтын гүйлгээ гаргахад Монгол банкны "Дансны нэгдсэн сан"-тай тулгалт хийж эхэлсэн бөгөөд хүүхдийн мөнгөний данс нь тухайн арилжааны банкинд овог, нэр, дансны мэдээллийн зөрүүгүй бүртгэгдсэн байх шалгуур тавигдсан. Тухайн төсвийн жилд уг шалгуур бүрэн ажиллаагүй буюу жигдрээгүй байсан тул 2021 оны 09-12 дугаар сарын тэтгэмж олгогдсон байна. Тиймээс дээрх хугацаанд хамаарах тэтгэмжийг ямар дансанд шилжүүлэн авсан талаарх мэдээллийг Хаан банкнаас тодруулах нь зүйтэй.
Харин 2022 оны 01 дүгээр сараас шалгуур бүрэн ажилласнаар тухайн онд хамаарах тэтгэмж олгогдоогүй ба системийн шалгуур бүрэн ажиллаагүйгээс зөвхөн 07 дугаар сарын тэтгэмж олгогджээ.” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “2022 оны Ирээдүйн өв сангийн төсвийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршу хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох журам”-ын дагуу хүүхдийн мөнгийг мөнгөн хуримтлал хэлбэрээр олгосон болно. 2021 оны 4 дүгээр улирлаас нийгмийн халамж үйлчилгээний олголтын гүйлгээг Монгол банкны дансны нэгдсэн сантай тулгалт хийж үзэхэд О.Ц, О.С******* нарын тухайн онд хамаарах тэтгэмж нь бүрэн олгогдоогүй, мөн системийн шалгуур хангаагүй, банкны мэдээллээ шинэчлээгүй байсан байна. Харин 2022 оны 07 дугаар сарын тэтгэмж олгогдсон байна. О.Ц, О.С******* нарын хүүхдийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн түүхийг хэрэгт хавсаргасан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтуудыг дүгнэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж нь нийгмийн халамжийн үйл ажиллагааны нэг чиглэл болох нийгмийн халамжийн тэтгэмжийн нэгэн төрөл бөгөөд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг манай улс 2005 онд сар бүр 3,000 төгрөгөөр олгож эхэлсэн, 2007 оны 07 дугаар сараас улиралд 25,000 төгрөгөөр, 2012 оны 10 дугаар сараас сар бүр 20,000 төгрөгөөр, 2020 оноос сар бүр 100,000 төгрөгөөр 0-18 насны хүүхэд бүрд олгож байна.
2. Нэхэмжлэгч Монгол Улсын иргэн В.О******* нь 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрүүлсэн хүү О*******ын С******* / регистрийн дугаартай/, 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрүүлсэн хүү О*******ын Ц / регистрийн дугаартай/ нарт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2022 оны 1-6 дугаар сар, 8-12 дугаар сард олгогдоогүй зогсоосон үйлдэл болон нөхөн олгоогүй төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус хэмээн маргасан.
3. Нэхэмжлэгч В.О******* нь Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “хүүхдийн эрх, ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хамгаална” гэж зааснаар төрүүлсэн хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийн асуудлаар төрийн захиргааны байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
4. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах”, 25.1.4-т “нийгмийн халамжийн болон асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагыг мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулах, тэдгээрт мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг нь уялду зохицуулах”, 25.1.5-т “доод шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь уялду зохицуулах”, 25.1.8-д “шаардлагатай тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн халамжийн сангийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төвлөрүүлж нэгдсэн журмаар хуваарилан зарцуулах”, 25.1.9-д “нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдсон иргэд, байгууллагын санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх”, 25.1.10-т “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох”, 25.1.12-т “нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргу авах”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх” чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаар нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг тодорхойлсныг буруутгахгүй, хариуцагч энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
5. Монгол Улсын иргэн 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн О.С*******, 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн О.Ц нарт хүүхдийн мөнгөн тэтгэмж 2021 оныг дуустал сар бүр олгогдож байсан болох нь хариуцагчийн тайлбартаа хавсаргаж халамжийн нэгдсэн системээс гаргаж ирүүлсэн тооцооллоос, 2023 оны болон 2024 оны эхний 3 сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нөхөж олгосон нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж ирүүлсэн нэгтгэлээс, 2022 онд зөвхөн 07 дугаар сарын мөнгөн тэтгэмж олгогдсон нь, түүнчлэн 2022 оны 1-6 дугаар сар, 8-12 дугаар сард олгогдоогүй нь ХААН банкнаас шүүхэд ирүүлсэн тус банк дахь О.Цийн 57...57 тоот, О.С*******гийн 50...45 тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.
6. Нийгмийн халамжийн тухай хуулиар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох, зогсоох зохицуулалтыг хуульчилсан ба хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжу олгоно”, 15.4-т “16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол уг тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг зогсооно.” гэж тус тус заасан.
7. О.С*******, О.Ц нарт 2021 оныг дуустал сар бүр, 2022 оны 07 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмж арилжааны банкин дахь бүртгэгдсэн дансаар олгогдож байсан, Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан “... тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж ... тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдсон байх” гэх тэтгэмжийн олголтыг зогсоох үндэслэл үүсээгүй байсан нь тогтоогдож байна.
8. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.15 дахь хэсгээр Засгийн газарт энэ хуулийн 13.1.6-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг батлах эрх олгосноор Засгийн газар хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг /О.С*******, О.Ц нарт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдож байсан, олгохыг зогсоосон, үргэлжлүүлэн олгосон цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан болон “... хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах” шаардлагыг шүүх шийдвэрлэх үед хүчин төгөлдөр үйлчилж буй/ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 236 дугаартай тогтоолоор тус тус баталж, энэ үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд уг журмууд болон түүнийг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа Нийгмийн халамжийн тухай хуулийн зохицуулалтаас давсан хязгаарлалт тогтоох учиргүй.
8.1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 236 дугаартай тогтоолоор баталсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох журмаар Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдэд олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох, олгохыг зогсоох, түр зогсоох, нөхөн олгох харилцааг нарийвчлан журамласан. Тодруулбал,
8.1.1. Журмуудад хүүхдийн мөнгө олгох харилцааг ижил агуулгаар “өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд, эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно. Хүүхэд болон хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгө авах эцэг, эх, ... үйлчлүүлэх банкийг өөрөө сонгож данс нээлгэнэ. Эцэг, эх, ... хүүхдийн мөнгө авах хүсэлтийг нийгмийн ажилтанд хандан ... гаргана. Сонгосон банкны салбарт хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргана. Банк мэдээллийн санд шинээр нэмэгдсэн, дансны мэдээлэлд нь өөрчлөлт орсон хүүхдийн мэдээллийг тухай бүр нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж баталгаажуулна. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шинээр төрсөн, нас барсан, харьяатаас гарсан зэрэг 0-18 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, овог, нэр, оршин суугаа хаягийн мэдээллийг тухай бүр төрийн байгууллагатай мэдээлэл солилцох системээр дамжу нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.” хэмээн,
8.1.2. тэтгэмжийг олгохыг зогсоох үндэслэл, журмыг “нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага “хүүхэд 18 нас хүрсэн, хүүхэд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан” тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана.” хэмээн,
8.1.3. тэтгэмжийг олгохыг түр зогсоох үндэслэл, журмыг “нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага “хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэл өгөх, хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банкинд санаатайгаар давхар данс нээлгэх зэргээр хүүхдийн мөнгө авсан нь тогтоогдсон, регистрийн дугаар давхардах зэрэг өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгө илүү олгогдсон, тухайн өрхийн ам бүлийн тоо гурав болон түүнээс дээш гишүүнээр өөрчлөгдсөн, хүүхдийн мөнгө авч байгаа өрх нь сум, дүүрэг, аймаг хооронд шилжилт хөдөлгөөн хийсэн, эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон, эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан” тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг түр зогсоох шийдвэр гаргана” хэмээн,
8.1.4. түр зогсоосон хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй үндэслэлийг “хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэл өгөх, хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банкинд санаатайгаар давхар данс нээлгэх зэргээр хүүхдийн мөнгө авсан нь тогтоогдсон бол” хэмээн тус тус ижил агуулгаар журамласан.
8.1.5. Түүнчлэн О.С*******, О.Ц нарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зогсоосон хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршу хуримтлуулах, бүртгэх, олгох журмын 2.4-т “Халамжийн системд энэ журам хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгэлтэй хүүхэд бүрийг мөнгөн хуримтлалд хамрагдах хүсэлт гаргасанд тооцно.”, 2.10-т “Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төрсний, нас барсны, үрчилсний, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлд бүртгүүлсэн хүүхдийн регистрийн дугаар, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээр дамжу улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас авна.” хэмээн хүсэлтээ шинэчлэн гаргаагүй ч тэдгээрт мөнгөн тэтгэмж үргэлжлүүлэн олгогдохоор, хүүхдийн овог өөрчлөгдсөн мэдээллийг халамжийн байгууллага төрийн мэдээлэл солилцооны системээр дамжу улсын бүртгэлийн байгууллагаас авах ч энэ нь тэтгэмжийг зогсоох үндэслэл болохгүйгээр нэмэлт зохицуулалт тусгагдсан.
9. Ийнхүү 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдсан журмаар нэмэлт зохицуулалт орсноор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ... хүүхэд үрчилсний, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлд бүртгүүлсэн хүүхдийн регистрийн дугаар, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээр дамжу улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас авахаар заасан ч энэ нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зогсоох, түр зогсоох үндэслэлд хамаарахгүй, түүгээр ч барахгүй олгогдоогүй мөнгөн тэтгэмжийг нөхөн олгохгүй байх үндэслэлд ч хамаарахгүй байна.
10. Хариуцагч Нийгмийн халамжийн үйлчилгээ хариуцсан төрийн захиргааны байгууллага 2021 оны 04 дүгээр улирлаас хийгдсэн “нийгмийн халамжийн үйлчилгээнд бүртгүүлэх болон олголтын гүйлгээ гарахад Монгол банкны дансны нэгдсэн сантай тулгалт хийж, хүүхдийн мөнгөний данс нь арилжааны банкин дахь овог, нэр, дансны мэдээлэл зөрүүгүй бүртгэгдсэн байх шалгуур тавигдсан” гэж тайлбарлах ч энэ тайлбар нь хуулийн болон журмын дээрх зохицуулалтаарх мөнгөн тэтгэмжийн зогсоох, түр зогсоох, олгохгүй байх үндэслэлд хамаарахгүйн дээр дараах үйл баримтаар няцаагдаж байна.
10.1. Б******* овогт О*******ын С*******, Б******* овогт О*******ын Ц нарыг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Г.Хд үрчлүүлж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийдвэрээр уг үрчлэлтийг хүчингүйд тооцсон. Хэдий хүүхдүүдийн овог өөрчлөгдсөн мэдээллийг нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад болон хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогддог арилжааны банк дахь дансны эзэмшигчийн овог өөрчлөгдсөн мэдээллийг оруулаагүйгээс энэ хугацаанд тухайн хүүхдүүдийн мөнгөн тэтгэмж олгогдоогүй байж болох ч, энэ талаар хүсэлтээ гаргасан үед 2023 оны болон 2024 оны эхний 3 сарын мөнгөн тэтгэмжийг нөхөж олгохдоо мөн олгогдоогүй 2022 оны 1-6, 8-12 дугаар саруудын мөнгөн тэтгэмжийг нөхөж олгоогүй хариуцагч нийгмийн халамжийн үйлчилгээ хариуцсан төрийн захиргааны байгууллагын эс үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.
10.2. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч В.О*******ын төрсөн хүүхдүүд болох О.С*******, О.Ц нарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ХААН банк дахь О.Цийн 57...57 тоот, О.С*******гийн 50...45 тоот дансаар тус тус 2021 оныг дуустал, 2022 оны 07 дугаар сард олгосон, 2023 оны болон 2024 оны эхний 3 сарын мөнгийг 2024 оны 3 дугаар сард нөхөн олгосон, 2024 оны 3 дугаар сараас үргэлжлүүлэн олгосон байх бөгөөд эдгээр данснууд 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дансны нэгдсэн санд бүртгэгдсэнээс хойш данс эзэмшигчийн овог, нэр, дансны мэдээлэл хэвээр /50...45 тоот данс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 08:11:01 цагт данс эзэмшигчийн нэр О.Ц******* байсныг О.Ц болгож нэрийн бичиглэл дэх “-” дундуур зураас нэмж зөвтгөсөн өөрчлөлт орсон, үрчлэлттэй холбоотой данс эзэмшигчийн овгийн өөрчлөлт хийгдээгүй/, данс идэвхтэй төлөвт байгаа нь Монголбанкны шүүхэд ирүүлсэн дансны нэгдсэн сангийн мэдээллээр тогтоогдож байна.
11. Үүнээс үзвэл Нийгмийн халамжийн тухай хуулиар болон энэ хүрээнд Засгийн газраас журмаар тогтоосон нийгмийн халамжийн сангаас тэтгэмж олгохтой холбоотой “банкинд данстай байх”, “дансны мэдээлэл дансны нэгдсэн санд зөрүүгүй бүртгэгдсэн байх” болзол, шаардлагыг О.Ц, О.С******* нар болоод төрсөн эх В.О******* нар хангаагүй гэх үндэслэл үүсээгүй байна.
12. Нийгмийн халамжийн тухай хуулиар 0-18 насны хүүхэд бүрд сар бүр олгож байгаа мөнгөн тэтгэмжийг “банкны мэдээлэл шинэчлэгдээгүй” гэх хуулиар болон журмаар зөвтгөгдөхгүй шалтгаанаар зогсоосон нь, улмаар нөхөж олгоогүй төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүй Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй, Арванзургадугаар зүйлийн 5-д заасан “... хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах” иргэнийхээ үндсэн эрхийг зөрчсөн, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5-д заасан “хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэх” төрийн чиг үүргийг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэд болох нэхэмжлэгч В.О*******, түүний төрсөн хүүхдүүд болох О.С*******, О.Ц нарт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг “банкны мэдээлэл зөрүүтэй, шинэчлээгүй” гэх үндэслэлээр олгоогүй зогсоосон, улмаар хүсэлт гаргаснаар нөхөж олгоогүй төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүйг зөвтгөх боломжгүй байна.
13. О.С*******, О.Ц нар нь Монгол Улсын иргэн бөгөөд гадаад улсад байнга оршин суудаг үйл баримттай хариуцагч маргаагүйн дээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д нийгмийн халамжийн үйл ажиллагаанд энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй гэж зааснаар гадаад улсад байнга оршин суудаг нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зогсоох, нөхөн олгохоос татгалзах үндэслэл болохгүй, хариуцагчийн тайлбараар ч энэ маргаанд уг үндэслэл хамаарахгүй. Өөрөөр хэлбэл гадаад улсад байнга оршин суудаг нөхцөл нь тэдгээрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоогүй зогсоосон үндэслэл болоогүй.
Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын иргэн Б******* овгийн О*******ын С*******, Б******* овгийн О*******ын Ц нарт Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар олгогдох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2022 оны 1-6 дугаар сар, 8-12 дугаар саруудад олгоогүй зогсоосон, нөхөж олгоогүй Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүүхэд тус бүрд 1,100,000 төгрөгийг нөхөж олгохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, Арванзургадугаар зүйлийн 5, Нийгмийн халамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1.6, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.О*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын иргэн Б******* овгийн О*******ын С*******, Б******* овгийн О*******ын Ц нарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2022 оны 1-6 дугаар сар, 8-12 дугаар саруудад олгоогүй зогсоосон, нөхөж олгоогүй Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүүхэд тус бүрд 1,100,000 төгрөгийг нөхөж олгохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн 100200700941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч В.О*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*******т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА