Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

Ш.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

яллагдагч Ш.Х-гийн өмгөөлөгч Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/3039 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Анхжаргалын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 69 дугаар эсэргүүцлээр Ш.Х-д холбогдох 2302 00069 0171  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Ш-ийн Х-, 1962 оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бараа судлал мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ... /;

Ш.Х- нь худалдаалах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Д " ХХК-аас илгээмж авах нэрийдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисуудыг хууль бусаар олж авч,

улмаар 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд өөрийн оршин суух хаяг болох Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод цэвэр жин 1,9331, 0,9493, 0,9373 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетрагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 0,6330 грамм бүхий "метамфетамин"-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гүүрэн гарцын хажууд байх дулааны шугамын дээд талын зүүн талын буланд 0,4589 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетрагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйл,

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн урд талын автобусны буудлын хажууд байх "Анар авто сервис" гэх самбарын арын хэсгээс 19,3934 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетрагидроканнабинол"-ын бодисын агууламжтай "шавар" мэт зүйл,

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "М” зах сүлжээ дэлгүүрийн урд байх "А " гэсэн хаяг бүхий ТҮЦ-ны баруун хойд булангаас 7,3108, 41,7713 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "метамфетамин"-ын бодисын агууламжтай "мөс" мэт зүйлүүд,

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын манаачийн байрны урд булангийн хэсгийн тоосгон доороос 0,7748 грамм, баруун урд хэсгээс 28,9853, 36,1452 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "метамфетамин"-ын бодисын агууламжтай "мөс” мэт зүйлүүдийг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Ш.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ш.Х- нь худалдаалах зорилгоор “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисуудыг хууль бусаар олж авч, хадгалж 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн гэх боловч хамгийн сүүлийн үйлдэл нь аль дүүргийн нутаг дэвсгэрт, ямар цаг хугацаанд үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.”, 7 дахь хэсэгт “Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд дээр дурдсан гэмт хэрэг төгссөн газрыг зөв олж тогтоосноор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдах боломж бүрдэх тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт Ш-ийн Х-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302000690171 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж,  шүүгдэгч Ш.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор У.Анхжаргалын бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. ...Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар мөрдөгч яллагдагчийн орон байранд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод нэгжлэг хийж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна. Тодруулбал: Нэгжлэгээр 1,9331, 0,9493, 0,9373 грамм бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан "дельта-9-тетрагидроканнабинол"-ын бодисын агууламжтай “шавар” мэт зүйлүүд, мөн цэвэр жин нь 0,6330 грамм бүхий "метамфетамин”-ын бодисын агууламжтай "мөс” мэт зүйлүүдийг хадгалсан болох нь тогтоогдсон. Мөн сайн дурын үндсэн дээр яллагдагч Ш.Х-гээс өөр төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисууд байгаа эсэхийг тодруулахад “...хэд хэдэн газарт хар өнгийн уутанд боож, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тавьж үлдээсэн..." талаар дурдахад, нөхцөл байдлыг шалгаж тогтоох зорилгоор цагийн зүүний дагуу үзлэгийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хүртэл үзлэгийг хийсэн болох нь 1-6 хүртэл дугаарласан нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, сэжигтний мэдүүлэг болон хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол зэргээр тогтоогдсон ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэрэг нь Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт төгссөн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн ...бодисуудыг худалдаалах зорилгоор хадгалсан ...тэдгээрийг олж илрүүлснээр ...үйлдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд шүүхийн харьяаллын талаар тодорхой зохицуулсан ба анхан шатны шүүх хуульд заасан журмыг баримтлах нь шүүхийн үйл ажиллагаа хууль ёсны байх шалгууруудын нэг мөн. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэхээр байна. Түүнчлэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, үйлдэгдсэн цаг хугацааг хөтөлбөргүй тогтоосон байхад шүүхээс мөрдөн байцаалтаар тогтоогдсон үйл баримтыг дахин шалгуулахаар буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Нөгөөтээгүүр хэргийн  байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүйгээр байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/Ш3/3039 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. Яллагдагч Ш.Х- нь гэм буруу дээр маргадаггүй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй, хурдан шуурхай явуулах нөхцөл байдал алдагдаж байна. Зөвхөн хадгалсан гэдгээр ялласан. Учир нь, сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “хадгалсан” гэж л дурдсан. Өөр гэрчийн мэдүүлэг болон өөр нотлох баримтууд байхгүй болохоор хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэрч Б-ийн мэдүүлгээр каргоноос хүлээж авсан нөхцөл байдал тогтоогдсон. Ш.Х-гийн төрсөн хүүхэд болох Уянгасайхан гэх хүн Турк улсаас явуулсан байдаг. Энэ хэргийг нь тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн шалгаж байгаа. ...” гэв.

Яллагдагч Ш.Х-гийн өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Энэ боломжийг хуулиар олгосон. Яллагдагч Ш.Х- нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй, гэр нь Чингэлтэй дүүрэгт байдаг. Бусад дүүргийн нутаг дэвсгэрт тавьсан асуудал байдаг. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан. Тухайн үед хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Ш.Х-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурор эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг заасан. Үүнд, гэмт хэрэг хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын шүүх хэргийг шийдвэрлэхээр заасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байх үед тухайн хэрэг нь адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхээр заажээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Ш.Х- нь хэд хэдэн дүүрэг дамжин гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтыг цуглуулан бэхжүүлж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн сүүлд гэмт хэрэг үйлдсэн хэмээн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсанаас өөр дор дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б: “...2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Турк улсаас карго ачаанууд ирсэн. ...19 цаг 30 минутын үед манай ачаа ирээд задарсан. Хамгийн түрүүнд гадаа ирсэн байсан Ш.Х- гэх хүний 7200, 7201 гэсэн дугаартай ачаануудыг шууд гаргаж хүлээлгэж өгсөн. ...Уг ачаа Турк улсаас илгээгчийн нэр байхгүй “илгээмж” гэсэн нэртэй л ирсэн. ...” /1хх 170/,

            яллагдагч Ш.Х-: “...Манай хүүхэд У над руу залгаад “Юм явуулсан байгаа, та карго дээр тосож аваарай” гэсэн. ...Тэр юмнуудыг нь гаргаж ирээд үзэж байхад Уянгасайхан миний фэйсбүүк чатаар мессеж бичсэн байсан. “Та ачаагаа авсан уу, ачаан дотор нь жижиг боодолтой юм байгаа, тэрийг та авч гараад зайдуухан газар юман доогуур хийчихээрэй, тэгээд тавьсан газрынхаа зургийг аваад над руу явуулчихаарай” гэсэн утгатай чат бичсэн байсан. ...” /2хх 25-26/ гэж тус тус мэдүүлсэн байх ба Ш.Х- нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, олж авсан, бэлтгэсэн, тээвэрлэсэн, илгээсэн эсэх, мөн уг гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхээс гадна гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах буюу ял завшуулахгүй байх явдал болно.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд прокурорын яллах дүгнэлтийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хуульчилсан бөгөөд түүнд гэмт хэргийн үйл баримтыг бүрэн, тодорхой тусгах шаардлагатай.

Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 338 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...Ш.Х- нь ...илгээмж авах нэрийдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан бодисуудыг хууль бусаар олж авч...”, “...самбарын арын хэсгээс ...ТҮЦ-ийн баруун хойд булангаас ...тоосгон доороос ...хадгалсан...” гэх мэтээр хэдий хэмжээний, ямар бодисыг олж авсан, хадгалсан болохыг тодорхой бус байдлаар дүгнэж, гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлсон байх тул энэхүү алдааг зөвтгөн өөрчлөх шаардлагатай гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах”-аар бичсэн прокурор У.Анхжаргалын эсэргүүцлийн агуулгыг бүхэлд нь хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ЗШ/3039 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хэвээр үлдээсэн тул яллагдагч Ш.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/3039 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй.
  2. Яллагдагч Ш.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ