| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0427/Э |
| Дугаар | 357 |
| Огноо | 2017-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Тунамал,
Улсын яллагч: С.Мөнхгэрэл,
Шүүгдэгч: Н.С, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намсрайн Сд холбогдох эрүүгийн 1709002200009 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялын зарим болох 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 27 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, ДЮ59020711 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Н. С.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Н.С нь 2017 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий бүдүүн шулуун гэдэсний мэс заслын клиникийн 6 дугаар платанд хууль бусаар нэвтэрч, хэвтэн эмчлүүлж байсан иргэн Э.Уянгын эзэмшлийн “Huawei” (Хуавэй) загварын гар утсыг хууль бусаар хулгайлж авсны улмаас 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг ярьсан. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, хохирогч Э.Уянга /хх-ийн 16-18/, гэрч С.Даваажав /хх-ийн 19/, Д.Цэеннямбуу /хх-ийн 20/ нарын мэдүүлэг, Н.Сгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-61/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 62/, Улсын нэгдсэн эмнэлгийн харуул хамгаалалтын гэрээ /хх-ийн 64-74/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокуророос Н.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэмээн яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэнтэй шүүх санал нийлэхгүй байна.
Н.Сг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орсон гэж дүгнэхэд учир дутагдалтай.
Нөгөөтэйгүүр Н.Сгийн өөрийгөө өмгөөлөн “…1 дүгээр эмнэлэгт таньдаг хүнтэй уулзах гэж очсон боловч уулзах гэж очсон хүн байхгүй байсан. “Бүдүүн шулуун гэдэсний” тасгаар орж бие засчихаад…онгорхой байсан өрөө рүү орж гар утас байсныг аваад гарсан…” гэж мэдүүлснийг баттай үгүйсгэсэн баримт сэлт хэрэгт авагдаагүй байх ба түүнийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын клиник” рүү хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Харин шүүгдэгч Н.С нь 2017 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын клиник”-ийн 6 дугаар өрөөнөөс хохирогч Э.Уянгын “Huawei” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.Уянгын /хх-ийн 16-18/: “... 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 02 цагт унтахдаа өөрийн гар утсаа дэрнийхээ хажууд тавьчихаад унтсан. Өглөө 06 цагт сэрэхэд гар утас маань байхгүй болсон байсан. Би Нэгдүгээр эмнэлгийн хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд уг камерийн цагаар 04 цаг 36 минутын үед гаднаас цагаан өнгийн пудволк өмссөн үл таних эрэгтэй хүн манай плат руу ороод гарч байгаа дүрс бичигдсэн байсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Даваажавын /хх-ийн 19/: “... 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр намайг ээлж авах гэж ажил дээрээ ирэхэд бүдүүн шулуун гэдэсний тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн утсаа хулгайд алдсан гэж ирсэн. Тэгээд би камерийг нь шүүж өгөхөд 04 цаг 28 минутанд үл таних хүн гаднаас орж ирээд өрөөнүүдээр хэсээд явж байсан бичлэг үлдсэн байна ...” гэх мэдүүлгээр,
камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-ийн 12/: “... Уг бичлэгийг тоглуулж үзэхэд 04 цаг 36 минутанд дээгүүрээ цагаан өнгийн пудволктой доогуураа хар өнгийн өмд өмссөн 40-45 орчим настай эрэгтэй хүн тус тасгийн коридорт орж ирээд өрөө нэг бүр рүү орж гарч байгаад 04 цаг 40 минутанд гараад явж байгаа бичлэг байсныг тэмдэглэлд тусган үзлэгийг 14 цаг 55 минутанд дуусгав ...” гэснээр,
Н.Сгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 29-31/: “... Би 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нэгдүгээр эмнэлэгт таньдаг хүнтэй уулзах гээд очсон чинь миний уулзах гэж байсан хүн байхгүй байсан. Тэгээд би бүдүүн шулуун гэдэсний тасгаар ороод бие засчихаад /яг аль өрөөг нь санахгүй байна/ онгорхой байсан өрөө рүү ороход өрөө хүнгүй байсан. Тэнд нэг орны дэрэн дээр нэг гар утас байсан. Би түүнийг нь аваад шууд гараад явсан. Би гар утсыг Төв шуудангийн ар талд байдаг “гар утас авна” гээд байж байдаг хүмүүсийн нэгэнд 20.000 төгрөгөөр зарсан ...” гэх мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 62/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа эд зүйлээ хулгайд алдсан, гэрч нар хохирогч эд зүйлээ хулгайд алдсаныг гэрчилсэн, шүүгдэгч хохирогчийн хөрөнгийг хулгайлснаа хүлээн мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээг шинжээч нар тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Н.С нь Улсын Нэгдүгээр төв эмнэлэг рүү хууль ёсоор нэвтэрч орсоны дараа хохирогчийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь тогтоогдож байна.
Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Н.Сгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийм учраас нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос Н.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтов.
Н.Сгийн “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Сд хорих ял шийтгэхээр шийдвэрлэснээс гадна шүүгдэгчийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох Э.Уянгын 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.Сгаас гаргуулж олгох хууль зүйн үндэслэлтэй.
Мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон “Баян соёмбо” ХХК-ийн хооронд байгуулсан “харуул хамгаалалтын” гэрээгээр “эмнэлгийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд материалыг” “Баян соёмбо” ХХК хамгаалахаар тохиролцсон байх тул уг компанийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээд гэж үзээгүй болохыг тэмдэглэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Н.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Намсрайн Сг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сгаас 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Уянгад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ