Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

Б.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

шүүгдэгч Б.М,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/698 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2310 00000 1260 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын М, 1994 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Ж ХХК-д борлуулалтын менежер ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/913 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Б.М- нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Х” цамхгийн 6 давхарт “Засгийн газрын авто баазаас актлагдаж байгаа 2 ширхэг “Land Cruiser-105” загварын автомашиныг нэг бүрийг нь 8 сая төгрөгөөр авч өгнө, автомашины урьдчилгаа болох тус бүр 4 сая төгрөгийг шилжүүлчих” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны 555555555 дугаартай дансанд Г.Г, Н.Т нараас тус бүр 4 сая төгрөгөөр тооцож Г.Ганшагайн “Төрийн банк”-ны 111111111111 дугаартай данснаас 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ын М-т хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Г-д, 4.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Т-д тус тус олгож, шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хорихоос өөр төрлийн ялаар солиулах, эсвэл анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн санал болгосноор шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Учруулсан хохирлыг төлж барагдуулж байгаа. Үлдсэн хохирлыг шуурхай төлж барагдуулахаа илэрхийлж байна. ... Анхан шатны шүүх хуралдаанд би өмгөөлөгчгүй оролцсон болохоор хохирол төлөх 5 хоногийн завсарлага авдаг болохыг мэдээгүй. Би энэ хугацаагаа авсан байсан бол хохирлыг барагдуулах боломжтой байсан. Эцэг, эх маань тэтгэвэрт гарсан тул хохирлын мөнгийг шүүх хурал болохоос өмнө төлж барагдуулах ямар ч боломж байгаагүй. ... Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулах юм бол би хохирлыг 10-14 хоногийн дотор бүрэн барагдуулна. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. ...” гэв.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон прокурорын нэгдсэн системээс шүүгдэгч Б.М- нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэг байхгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Б.М- нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Х” цамхгийн 6 давхарт “Засгийн газрын авто баазаас актлагдаж байгаа хоёр ширхэг “Toyota Land Cruiser-105” загварын автомашины нэг бүрийг нь 8 сая төгрөгөөр авч өгнө, автомашины урьдчилгаа тус бүр 4 сая төгрөгийг шилжүүлчих” хэмээн хохирогч Г.Г, Н.Т нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дансаар хохирогч нараас тус бүр 4,0 сая төгрөг, нийт 8,0 сая төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • шүүгдэгч Б.М-ын “Засгийн газрын авто баазаас гарч байгаа машин дуудлага худалдаа гэхгүй, танилын журмаар бусдад задруулахгүй, таньдаг хүмүүстээ худалдаалдаг, өнөөдөр мөнгөө шилжүүлчихвэл маргааш авто баазаас авчихна, би өөрөө машин авч байсан” гэсэнд итгэж, “Toyota Land Cruiser-105” загварын автомашины урьдчилгаа хэмээн мөнгө шилжүүлсэн талаар мэдүүлсэн хохирогч Г.Г, Н.Т нарын мэдүүлгүүд /хх 18-25/,
  • гэрч Н.Сод-Эрдэнийн: “...Б.М-, Г.Г, Н.Т нар сууж байгаад хоорондоо ярилцахад Б.М- “Засгийн газрын авто баазаас актлагдаж байгаа машинууд байгаа юм. Зургийг нь харуулж болохгүй байна. Жаахан нууц байдлаар явагддаг, яаралтай 5 цагаас өмнө захиалга баталгаажуулах хэрэгтэй байна” гэсэн. “Бид нар машинаа хараагүй, мөнгө шилжүүлэх юм уу, маргааш нь дуудлага худалдааны газар очоод мөнгөө өгөөд авч болохгүй юм уу” гэхэд Б.М- “Болохгүй, заавал урьдчилгаа 50 хувийг өгч байж баталгаажуулдаг” гэсэн учраас Г.Г ах, Н.Т хоёр тус бүр 1 ширхэг “Toyota Land Cruiser-105”  загварын автомашин авахаар болоод Б.М-ын данс руу 8.000.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр Г.Ганшагай ахын данснаас шилжүүлсэн. Маргааш нь Б.М- таг чимээгүй алга болсон. ...” /хх 27/,
  • шүүгдэгч Б.М-ын хохирогч Г.Г, Н.Т нараас 2 удаагийн гүйлгээгээр нийт 8 сая төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх 33/,
  • “Хаан” банк дахь шүүгдэгч Б.М-ын эзэмшлийн 555555555 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, уг дансны хуулга /хх 12-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Б.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргаагүй болно.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.М- нь урьд мөн адил аргаар бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад хууль бусаар учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, түүний учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-т оногдуулсан хорих ялын хэмжээг “1 жил 6 сар” болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Шүүгдэгч Б.М- бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас хууль зүйн туслалцаа авч, өмгөөлүүлж байгаа, түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, цахимаар оролцоогүй, энэ талаарх хүсэлтээ гаргаагүй бөгөөд шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд ирцийн талаар гаргасан саналдаа “Манай өмгөөлөгч гадаадад байгаа, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн болохыг дурдаж байна.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэх хангах ажиллагааны журмыг хуульчилсан бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрийн бүтэц, түүнд тусгах зүйлсийг мөн хуулийн 33.2 дугаар зүйлд тодорхой заасан.

Хэргийн 94 дэх талд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/1664 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “...Б-ын М холбогдох эрүүгийн 23100000012690 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсүгэй.” хэмээн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх бус хэргийг шүүхэд шилжүүлснээр бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

Дээрх үндэслэлүүдээр “Хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/698 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/698 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Б.М-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Б.М-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ