Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 383

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Билгүүн;

улсын яллагч: П.Даваасүрэн;

шүүгдэгч: Г.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Бд холбогдох эрүүгийн 1709002270040 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт, мөнгөний дархан мэргэжилтэй, “Урт цагаан”-д алт, мөнгөний дархан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн 4а-917 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, УК91113055 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганболдын Б.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Б нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 10-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “WE” баарны орчимд хохирогч У.Долгоржавын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж баруун нүдний доод зовхинд шарх зөөлөн эдийн няцрал үүсгэж хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Долгоржав /хх-ийн 8-10/, гэрч А.Бат-Отгон /хх-ийн 12-13/, Б.Анхболд /хх-ийн 14-15/, М.Нямгэрэл /хх-ийн 19-21/, Д.Энхбаяр /хх-ийн 22-23/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9203 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, Г.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/, хохирлын баримтууд /хх-ийн 31-36/, Г.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-45/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “WE” нэртэй баарны орчим хохирогч У.Долгоржавыг тодорхой шалтгаангүйгээр, “өөр хүнтэй андуурсан” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

           

хохирогч У.Долгоржавын /хх-ийн 9-10/: “... Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны шөнө 23 цаг өнгөрч байхад хамаатныхаа хүмүүстэй “WE” нэртэй бааранд сууж байгаад гараад явж байтал гарцаар урдаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс зөрсөн. Нэг эмэгтэй нь намайг “гичий” гэхэд манай эгч намайг өмөөрөөд тэр эмэгтэйтэй маргалдсан. Би тэр 2-ыг салгаад байж байтал гэнэт намайг цагаан канттай, хар өнгийн цамцтай залуу шалтгаангүйгээр миний баруун нүдний доод хэсэг рүү цохисон. Би цохиулаад шууд газарт унасан. Тэгээд нэг мэдэхэд хадам ээжийндээ ирчихсэн байсан. ... Би баруун хацартаа 5 оёдол тавиулсан. ... Б надад  ажилгүй байх хугацааны мөнгө, эмчилгээний зардал өгсөн. Одоо миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлгээр,

           

гэрч А.Бат-Отгоны /хх-ийн 12-13/: “... Б “Авто-Молл” руу гардаг гарцны тэнд нэг эмэгтэйг цохиод унагаачихсан. Нөгөөх нь цус нөжтэйгөө хутгалдчихсан байсан. Б цохисон хүүхэнтэйгээ юм ярьж байгаад гэнэт зугтчихсан. Тэгээд “танай найз зугтаачихлаа” гээд намайг бариад авсан...” гэх мэдүүлгээр,

           

гэрч Д.Мөнхбатын /хх-ийн 14-15/: “...Би 2017 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Б ахтай хамт бааранд сууж байгаад үүр цайхад гарч явсан. Б ах түрүүлээд гарсан. Намайг гарахад Б ах худгийн хажууд хацарнаас нь цус гоожсон хүүхэнтэй уулзаад зогсож байсан. Тэр эмэгтэй “танай ах намайг цохичихлоо” гэж байсан. Дараа нь би Б ахаас асуухад “би хүнтэй андуураад цохичихсон” гэж байсан...” гэх мэдүүлгээр,

           

Г.Бийн буруутай үйлдлийн улмаас У.Долгоржавын биед “баруун нүдний доод зовхины шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9203 тоот дүгнэлтээр /хх-ийн 25/,

 

Г.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 28-30/: “… “WE” нэртэй баарнаас 04 цагийн үед түрүүлж гараад тамхи татаад зогсож байтал 24 орчим насны үл таних залуу миний халаасанд гараа хийхээр нь “чи яагаад миний халаасанд гараа хийгээд байгаа юм бэ” гэж хэлээд “WE” баарны хажууд байрлах худгийн орчим маргалдаад зогсож байтал миний ар хүзүү рүү 1 хүн цохих шиг болохоор нь би эргэж хараад зүүн гараараа саваад цохисон чинь нэг хүн ёолоод газар унасан. Би өргөөд босгосон чинь эмэгтэй хүн байсан…” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, энэ нь хохирогч, гэрч нарын болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн мэдүүлгээр батлагдсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Г.Б нь тодорхой шалтгаангүйгээр, “өөр хүнтэй андуурсан” гэх шалтгаанаар У.Долгоржавыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү Г.Бийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Хохирогч У.Долгоржав “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нь шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж байна.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 300 /гураван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан  300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  өөрөө гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ