Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 07

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 150 дугаар шийдвэртэй,

Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.З ХХК-д холбогдох, ажлын хөлс 2.840.000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц.З ХХК-ийн захирал М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.З ХХК-ийн захирал М.Б нь надтай уулзаад “Манай компани Баруунтуруун сумын Онцгой байдлын газрын барилга барих болсон, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн барилга дээр ажиллуулна, өдрийн 40.000-50.000 төгрөгийн хооронд цалинжуулна” гэж хэлээд намайг Улаангомоос авч явсан. Би тэнд очоод Онцгой байдлын барилга дээр ажиллаж эхэлсэн ба намайг очиход барилгын суурийг нь буруу хийсэн байна гэж шалгалтын комиссын дүгнэлт гарсан юм шиг байсан. Би дөрвөн хүний хамтаар суурийг дахин нурааж, барилгын тоног төхөөрөмжийг угсарч, хайрга шигших, зуурмаг зуурах, мод хөрөөдөх, тасарсан цахилгаан засах зэргээр барилгын суурь тавьж тэгшилсэн юм. Би нийтдээ ажлын 71 хоногт өглөө 9 цагаас орой 8 цаг хүртэл ажилласан. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр миний бие өвдөөд Улаангом сум руу орж эмнэлэгт үзүүлж, эм тариа хийлгэсэн. Баруунтуруун суманд барилга дээр ажилласны цалин хөлсөө нэхэхэд цагийн бүртгэл байхгүй байна, бүртгэлээ аваад ир гэхээр би Н.А даамлаас амралтын хоног хасаад нийт 71 хоног ажилласан байна гэсэн тооцоо гаргаж өгснийг захирал М.Б-д өгсөн. Гэтэл миний ажилласан үеийн цалин хөлсийг надад өгөхгүй, цагийн бүртгэлийн дэвтэр нь байхгүй байна гэж шалтаглаад одоо болтол цалин хөлс гаргаж өгөөгүй тул шүүхэд хандсан. Захирал М.Б нь Баруунтуруун суманд ажилласан цалин хөлс өгөхгүй гэж шалтаглан намайг удаа дараа архи хэрэглэсэн гэж худлаа хэлдэг. Барилга дээр ажиллаж байсан залуучууд оройн цагаар ганц нэг шил архи хувааж уудаг байсан. Гэхдээ бид ажил хийдүүлж байгаагүй юм. Иймд надад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Баруунтуруун сумын Онцгой байдлын барилга дээр ажилласны цалин хөлс болох 2.840.000 төгрөгийг Ц.З ХХК-ийн захирал М.Боос гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани Баруунтуруун сумын Онцгой байдлын барилга барихад Б.Б ажилласан нь үнэн. Барилгыг өөр компани барьж суурийн давхрыг буруу хийсэн байсан. Суурь буулгах ажлын хөлсийг тухайн үед тухайн компанид өгсөн. Манай компани шинээр суурийн ажил эхлүүлж ажилчдыг цалинжуулсан. Б.Б архи удаа дараа хэрэглэж, бие нь муудаж Улаангом руу буцаж явсан. Тухайн үеийн цалинг нь өгсөн. Одоо бидний хооронд тооцоо байхгүй. Цалингаа бүгдийг авсан” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.З ХХК-д холбогдох 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалин 2.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие Ц.З ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин 2.840.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьж, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна.

“Ц.З” компанийн захирал М.Б нь надад “чиний цалинг өгнө, чи жаахан хүлээж бай” гэж хойшлуулж цаг хугацаа хожиж, миний эрх ашгийг зөрчиж, ажил хийсэн хөдөлмөрийг минь үнэгүйдүүлж, миний цалин хөлсийг өгөхгүй завшиж ашигласан.

Цалин нэхэмжлээгүй асуудал нь надаас шалтгаалаагүй, харин М.Б цалин өгнө хүлээж бай гэснээс миний бие түүнийг цалин өгөх юм байна гэж итгэж, түүний хэлснээр хүлээсэн юм. Сүүлдээ надад цалин өгөхгүй гэсэн шийдвэрээ хэлсэн тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл анхан шатны шүүх энэхүү зальт этгээдийн арга зальд автаж хуулийн цоорхойг ашиглаж, миний хөдөлмөрийн хөлсийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж түүнд завшуулах боломжийг бий болгоод байна хэмээн үзэж байна.

Хэрэв М.Б анхнаасаа надад “цалин өгөхгүй” гэсэн бол би шууд шүүхэд хандах байсан билээ. Тэрээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй хууль зөрчиж ажил хийлгээд, цалин хөлс өгнө гэж ажиллуулж, ажилчдын хөлсийг өгөхгүй, хөлсгүй ажиллуулж, хуулийн энэхүү аргыг хэрэглэж сурсан гэж үзэхээр байна. Надтай хамт ажиллаж байсан ажилчдын цалинг бас өгөөгүй, өдий хүртэл уг хүмүүс нэхээд л явж байгааг анхаарч үзнэ үү.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч М.Б нар  давж заалдах шатны шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Б.Б-гийн 2.840.000 төгрөгийн нэхэмжлэлийн талаар бид хоёр ярилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Бд 1.500.000 төгрөг өгөхөөр болов. Уг төгрөгөөс Б.Б-гийн манай компанийн  нягтлан бодогч Ю.Т-д төлөх 500.000 төгрөгийг хариуцагч би төлж, үлдэх 1.000.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 30-нд Б.Бд өгөхөөр тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь Ц.З ХХК-д холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 71 өдөр барилгын ажил гүйцэтгэсний хөлс 2.840.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.Б эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба зохигчид давж заалдах журмаар хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр “нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажлын хөлс 2.840.000 төгрөгөөс хариуцагч тал 1.500.000 төгрөг төлөхөөр, үүнээс нэхэмжлэгч Б.Бгаас хариуцагч Ц.З ХХК-ийн нягтлан бодогч Ю.Т-д төлөх  500.000 төгрөгийг хариуцагч төлөх, үлдэх 1.000.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлөх”-өөр тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-т заасан шаардлагад нийцсэн байна.

Иймд  хариуцагч Ц.З ХХК-д холбогдох, ажлын хөлс 2.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчдын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг батлах үндэслэлтэй гэж дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т: Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.З ХХК-д холбогдох, ажлын хөлс 2.840.000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 60390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

            1. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлага 2.840.000 /хоёр сая найман зуун дөчин мянга/ төгрөгөөс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг хариуцагч М.Б төлөхөөр, үүнээс нэхэмжлэгч Б.Бгаас хариуцагч Ц.З ХХК-ийн нягтлан бодогч Ю.Т-д төлөх 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч төлөх, үлдэх 1.000.000 /нэг сая/ төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр талууд тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.З ХХК-д холбогдох, ажлын хөлс 2.840.000 /хоёр сая найман зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Нэхэмжлэгч Б.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.390 /жаран мянга гурван зуун ерэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            3. Энэхүү магадлалд зохигчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                         Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                           Л.АЛТАН