Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 

Э.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1443 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2306 00000 2733 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Э-ын А, 2001 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, “Н” авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ...дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, /РД: ... /,

  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Э.А нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “А” нэртэй зочид буудлын гадна хохирогч Ш.Г-ын эзэмшлийн “Iphone 11 Pro Max” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.Авирмэдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх: А овогт Э-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийн урьд цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.А-ээс 1.375.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Г-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А давж заалдах гомдолдоо: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хянаж шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл дээр маргаантай. Мөн гэмт хэргийн холбогдогч болох Б.Э, Б.Б нарыг мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татаж мэдүүлэг аваагүй. Харин гэрчээр мэдүүлэг авч анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн болно. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж, нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн болно. Иймд гэмт хэргийн холбогдогч болох Б.Э, Б.Б нарыг яллагдагчаар татаж, анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн зүйлчлэлийг миний үйлдсэн үйлдэл, гэмт хэргийн шинжид нийцүүлэн зүйлчлэн, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх саналтай  байна. ...” гэжээ.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч Б.Э, Б.Т, Б.Б нарын мэдүүлэг, мөн хохирогч Ш.Ганбат нарын мэдүүлгээр дээрх үйлдлийг Б.Т, Б.Э, Б.Б, Э.А нар нь урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж гүйцэтгэсэн гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч Э.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгч болон прокуророос дээрх гэрч нарын үйлдэл оролцоо байгаа эсэх талаар тодруулж асуусан байдаг. Э.Авирмэд мэдүүлэгтээ “Тухайн үйлдлийг би ганцаараа үйлдсэн. Эд нар мэдээгүй байсан” гэсэн байдаг. Шүүгдэгч Э.А нь гэм буруугийн шүүх хуралдаанд зүйлчлэл болон хохирол дээр маргаж байгаагүй. Хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан. Шүүгдэгч Э.А нь улсын өмгөөлөгч Ц.Мандалын хамт шүүх хуралдаанд оролцсон. Хурал үргэлжлэхэд завсарлага авсан хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй байсан бөгөөд харин дээрх үйлдлийг бүлэглэж үйлдсэн гэх асуудлыг ярьсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх үйл баримт тогтоогдоогүй. Э.А ганцаараа үйлдсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Одоо гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Э.А-ээс маргаж оролцож байна. Тухайн хэрэг болоход хохирогчийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч жолооны хүрдний ард, шүүгдэгч Э.А тухайн тээврийн хэрэгслийн урд талын суудал дээр буюу хажууд нь сууж байсан. Ингээд “А” төвийн үүдэнд бууна гэж хэлээд машин зогсох үед тээврийн хэрэгслийн голын хайрцагны урд талд тавьсан байсан гар утсыг аваад зугтаасан үйл баримт тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Зүйлчлэлийг шүүхээс хэргийн нөхцөл байдалтай тохирсон байна гэж үзэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

  1. Шүүгдэгч Э.А нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ш.Г-ын тээврийн хэрэгслээр үйлчлүүлж Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “А” зочид буудлын орчим хүргүүлэн буухдаа түүний эзэмшлийн “Iphone-11 Pro Max” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Ш.Г-ын: “...Такси үйлчилгээнд явж байгаад 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүнийг аваад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын орчим буулгахаар зам дээр шахаж зогссон. Гэтэл миний хажуу талд байсан залуу машины голын хайрцагт байсан “Iphone-11 Pro Max” загварын гар утсыг авч байхыг нь хараад “Хөөш” гэхэд шууд гараад зугтаасан. Ард байгаа гурван хүүхэд нь гар утсыг авсан талаар мэдэхгүй байх. “Найз чинь шүүрээд зугтаачихлаа” гэхэд “Одоо хүрээд ирнэ, бие засах газар орсон байх” гэх мэт хэрэлдээд машинаас буусан. ...” /хх 8-9/
  • гэрч Б.Э-ийн: “...Э.А машин зогсох үед буусан. Би тухайн таксины жолоочид мөнгийг өгтөл жолооч “Сая урд суусан залуу хаана байна” гэх мэтчилэн уурлаад байсан. Б.Б, Б.Т бид гурав “Бие засах газар орсон” гэж хэлээд буусан. Тухайн жолоочоос салаад явсан. Удалгүй Э.А-тэй уулзахад “Жолоочийн гар утсыг авчихлаа” гэж бид гуравт хэлсэн. ...” хх 16-17/,
  • гэрч Б.Т-ий: “...13-ын автобусны буудлын орчим зогсоход Э.А “Нойл орлоо” гээд таксинаас гараад гүйсэн. Араас тухайн таксины жолооч “Миний гар утсыг аваад зугтаачихлаа” гээд хойно сууж байсан Б.Э, Б.Б бид гурав руу уурлаад байсан. ...” /хх 20-21/,
  • гэрч Б.Б-ын: “...Автобусны буудал дээр буух гэж байтал Э.А урд сууж байгаад гэнэт гараад гүйчихсэн. Араас нь таксины жолооч “Гар утас аваад зугтаачихлаа” гээд байсан. Би Б.Э, Б.Т-тэй хамт арын суудалд суусан. ...” /хх 25/
  • шүүгдэгч Э.А-ийн: “...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдрөө жаахан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гар утсыг аваад яг хаана, яасныг мэдэхгүй байна. Зарсан, эсвэл ломбардад тавьсан эсэхээ ч мэдэхгүй байна. Би гар утаснаас өөр ямар нэгэн зүйл авч яваагүй. ...” /хх 60/ гэсэн мэдүүлгүүд,
  • хохирогч Ш.Г-ын алдагдсан гар утасны үнэлгээг 1.375.000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт /хх 28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.А-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Э.А-ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

  1. Шүүгдэгч Э.А хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь объектив шинжээрээ буюу үйлдлийн аргаараа ялгагдана.

Тодруулбал, дээрэмдэх гэмт хэргийн хулгайлах гэмт хэргээс ялгагдах үндсэн шинж нь хохирогчийн мэдэлд байгаа эд зүйлсийг ил аргаар бусад хүмүүсийн болон хохирогчийн нүдэн дээр харсаар байтал хүч хэрэглэхгүйгээр авч ашиглан шамшигдуулах хэлбэрээр үйлдэл төгсдөг. Өөрөөр хэлбэл хохирогчид хүч хэрэглээгүй, ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулсанд тооцогдоно.

Харин хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг үед хохирогч өөрийн эд хөрөнгөө алдаж, хохирол амссан болохоо мэдээгүй байхад нь нууц, далд аргаар үйлдэгддэг онцлогтой.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.А хохирогч Ш.Г-ын авто машинаас буухдаа машины голын хайрцагт байсан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авах үед хохирогч мэдэж, араас нь “Хөөе” хэмээн дуудахад шүүгдэгч зугтан явсан үйл баримт тогтоогдож байгаа нь дээрэмдэх гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байгаа болно.

  1. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт явж байсан нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татах шаардлагатай талаар дурджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж ойлгохоор хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Э.А-тэй хамт авто машинд байсан Б.Б, Б.Т, Б.Э нар нь Э.А-тэй хамт хохирогч Ш.Г-ын гар утсыг хулгайлах, эсхүл дээрэмдэн авахаар тохиролцсон, тэдгээр нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд тэдгээрээс гэрчээр мэдүүлэг авахад энэ талаар тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч Э.А-ийн үйлдлийг нотолж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой мэдүүлгийг өгчээ.

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн урьд хоёр удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1443 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1443 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ