| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0471/Э |
| Дугаар | 396 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа;
улсын яллагч: Ц.Сүхбат;
шүүгдэгч: Д.С /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Даваажавын Сад холбогдох эрүүгийн 1709002980096 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Агуйтад оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжны 448 тоотод түр оршин суух,
1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар нийт 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр суллагдсан, ГЮ77060318 регистерийн дугаартай, Харчу овогт Даваажавын С.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.С нь согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-619а тоот хашаанд иргэн Д.Бямбадоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутгалж Д.Бямбадоржийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/, хохирогч Д.Бямбадорж /хх-ийн 31-33/, гэрч Ч.Амарбаясгалан /хх-ийн 34/, Б.Сайнжаргал /хх-ийн 35/, Д.С /хх-ийн 36-37/, Ч.Хажидсүрэн /хх-ийн 38-39/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9322, 7722 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 43, 44-45/, Д.Сын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/, хохирогч Д.Бямбадоржийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 59-66/, Д.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 67, 70-73, 81-91/, хохирогч Д.Бямбадоржийн хүсэлт /хх-ийн 94/, Д.Сын хүсэлт /хх-ийн 95/, эвлэрсэн тухай баталгаа /хх-ийн 98/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.С нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-619а тоот хашаанд хохирогч Д.Бямбадоржтой маргалдан улмаар түүний хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Бямбадоржийн /хх-ийн 20-23/ “...Би 2017 оны 06 дугаар сарын 22-ны шөнийн 00 цагийн үед өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-619 тоотод байрлах хашаа руугаа ортол манай хашаанд түрээсээр амьдардаг С гэх залуу надаас гал асуусан. Би “байхгүй” гэж хэлсэн чинь нөгөө залуу над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би гэр рүүгээ орсон. Гэртээ байж байтал нөгөө залуу араас орж ирээд “чи гараад ир” гэж хэлэхээр нь би гэрээс гараад хаалгаа хаатал С гэх залуу үгийн зөрүүгүй миний баруун суга хэсэг рүү хутгалахаар нь “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь хажуу айлын Амараа гэх залуу гарч ирээд биднийг салгасан юм. ...Миний баруун суга, нурууны гол хэсэг, баруун бугалга хэсэг зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ч.Амарбаясгалангийн /хх-ийн 34/: “... 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэртээ 23 цаг өнгөрөөж ирээд машиндаа унтаж байтал Бямбадорж, С нар миний унтаж байсан машины хажууд зодолдож байсан. Би тэднийг салгаад Бямбадорж, С нар гэр гэр рүүгээ яваад орсон. Би буцаад машиндаа ороод унтаж байтал хүмүүс орилоод “Бямбадорж хутгалуулсан байна” гээд орилоод байсан. Машинаасаа буугаад хартал Бямбадорж машины хажууд хэвтэж байсан. Бямбадоржийн нуруу, баруун гарын булчин хэсэгт хутгалсан байсан. Бямбадоржийг хутгалсан хутгаа миний унтаж байсан машины хажууд хаясан байсан...” гэх мэдүүлгээр,
Д.Сын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 55-56/: “…Би хамтран амьдрагч Хажидсүрэнгийн гэр болох Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11-448 тоот гэрт нь очихоор хашааны хаалгаар гарах гэтэл цаанаас нэг хүн хаалга онгойлгоод миний бие хэсгийг хаалгаар цохисон юм. Тэгээд бид хоёр маргалдсанаас болоод хоорондоо барьцалдаж авсан. 25 гаран насны залуу нь намайг газар унагааж бид хоёр дээр, доороо орж ноцолдсон. Бид хоёр салцгаасан ба би өрөө рүүгээ орох гээд явж байтал цонхны тавцан дээр хутга байхаар нь нөгөө залууг айлгах зорилгоор уг хутгыг аваад Бямбадорж гэх залууг гэрээс нь дуудаж гаргаад баруун гартаа байсан хутгаараа нуруу хэсэг рүү нь 1 удаа хатгасан. …Тэгээд тавихгүй болохоор нь хоорондоо ноцолдсон ба хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан юм” гэх мэдүүлгээр,
Д.Сын буруутай үйлдлийн улмаас Д.Бямбадоржийн биед “баруун бугалга, цээж, нуруунд сорви” бүхий ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9322 тоот дүгнэлт /хх-ийн 43/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг хутгалсныг өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийг хутгаар хүн гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид хутгалуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Д.Сын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.
Гэвч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.
Прокуророос Д.Сын гэм буруутай үйлдлийг хүний эрүүл мэндэд учруулсан шууд үр дагавар хохирлыг үндэслэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргээр зүйлчилсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.
Д.Сын “хаалгаар савж цохисон” хэмээн ялимгүй зүйлээр шалтаглан Д.Бямбадоржтой хэрүүл маргаан өдөөн маргалдан тэмцэлдэж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Сын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлын мөнгө хэмээн нийт 330.000 төгрөг төлсөн бөгөөд хор уршгийн нөхөн төлбөрт 1.200.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Эрүүгийн хариуцлага, ялын зорилгын нэг хэсэг нь хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино. Ийм учраас шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэж Д.Сад оногдуулсан ял дээр нэмж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.
Шүүх Д.Сын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж дээрх албадлагын арга хэмжээний хугацааг 2 сарын хугацаагаар тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөлөг өнгийн, үзүүр хэсэг нь хугарсан, ажлын хэсэг нь 10 см, бариул хэсэг нь 10 см, төмөр иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харчу овогт Даваажавын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сад оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Сад гэмт хэргийн хор уршиг буюу 1.200.000 төгрөгийг 2 сарын хугацаанд нөхөн төлж арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, уг хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 330.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг өнгийн, үзүүр хэсэг нь хугарсан, ажлын хэсэг нь 10 см, бариул хэсэг нь 10 см, төмөр иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай..
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ