| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0992/З/Т |
| Дугаар | 128/ШШ2025/0271 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2025/0271
2025 04 16 128/ШШ2025/0271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ******* байр, 6 тоот орон сууцны өмчлөгч Х******* овогт Д*******ийн ******* /РД:/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ******* байр, 7 тоот орон сууцны өмчлөгч Б******* овогт Б*******ын А******* /РД:/,
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,
Гуравдагч этгээд: Х НҮТББ /РД:/,
Маргааны төрөл: Орон сууцны хороолол дунд барилга төлөвлөхдөө хөрш зэргэлдээ оршин суугчдаас боломжит хугацаанд санал аваагүй архитектур төлөвлөлтийн даалгавар хууль бус, уг төлөвлөлтийн даалгаварт үндэслэн олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хууль бус гэж маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я., М.Э /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.Б /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г /цахим/ нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа:
1.1. Х НҮТББ-д Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,
1.3. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны дугаар захирамжаар Х НҮТББ-д 1134 м.кв талбай газрыг сургалт судалгааны төвийн зориулалтаар эзэмшүүлсэн ба, 2018 оны дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 1539 м.кв талбай хэмжээгээр эзэмшүүлж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалтаар дээрх хэмжээнд эзэмшүүлсэн,
2.2. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Х НҮТББ-ын барилгад МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, 2020/ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон,
2.3. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга бөгөөд хотын ерөнхий архитектор Х НҮТББ-ын барилгын Д ХХК-ийн боловсруулсан загвар зургийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, И ХХК-ийн боловсруулсан шинэчилсэн загвар зургийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус баталсан,
2.4. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Х НҮТББ-ын барилгад дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус олгосон.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч бид Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ХД ******* дугаар байр хаягт орших 10 айлын 6 давхар орон сууцанд 6, 7 тоотод тус тус оршин суудаг, Д.******* би 96 м.кв талбай 3 өрөө дугаар гэрчилгээгээр, Б.А******* нь 96 м.кв талбай 3 өрөө байрыг дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус өмчилдөг. Тухайн орон сууцны баруун талд Х НҮТББ-ын 9 давхар баригдаж байгаа. Тус барилгын ажил 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд үндэслэн явагдаж байгаа.
Гэтэл тус захиргааны актууд Захиргааны ерөнхий хууль болон Барилгын тухай хууль бусад холбогдох дүрэм журамд нийцүүлэн гаргаагүй. Өөрөөр хэлбэл тус маргаан бүхий актуудыг гаргахдаа захиргааны акт гаргах журмыг баримталж гаргаагүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүй гаргаснаас болоод нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, цаашлаад өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхэд ноцтой халдаж, эрх зүйн байдлыг дордуулж байна.
Иймд Х НҮТББ-д Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ тус тус хууль бус тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.
3.2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.*******, Б.А******* нар нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр ХД ******* байрны 6, 7 тоотуудад оршин суудаг. Тухайн байрны хажууд Хөгшрөлт судлалын төв НҮТББ буюу гуравдагч этгээдийн барилга баригдаж байна. Энэхүү барилгын ажил 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дүгээр барилгын ажлын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд үндэслэж явагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын тусгай зөвшөөрлийг хууль бус гэж үзэн маргаж нэхэмжлэл гаргасан.
Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт”-ийг БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтэд хавсаргасан байх ёстой. Барилгын ажлын зураг төслийн магадлал гэдгийг Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д хуульчилж өгсөн. Архитектур төлөвлөлтийн даалгавар анх батлагдан гарахдаа холбогдох хууль, журамд нийцэж гараагүй. Ямар журмыг зөрчсөн талаар тайлбарлахад архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэрхэн батлах талаар Барилгын тухай хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй учир Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг удирдлага болгох ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд төлөвлөлт гэдэг ойлголт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т “хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх” гэж зааснаар төлөвлөлтөд хамаарна.
Өөрөөр хэлбэл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан төлөвлөлт хийх журмыг баримтлах ёстой байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай тогтоолоор архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргахдаа баримтлах журмыг баталсан байдаг. Энэ журмын дагуу орон сууцны дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барих тохиолдолд оршин суугчдаас санал авч, оршин суугчдын саналд үндэслэж архитектур төлөвлөлтийн даалгавар гарах ёстой. Гэтэл энэ санал авах ажиллагаа огт хийгдээгүй.
Хавтаст хэрэгт гуравдагч этгээдийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах хүсэлт, хувийн хэргүүд авагдсан. Энэхүү хувийн хэрэгт оршин суугчдаас санал авсан тухай баримт байхгүй. Тиймээс санал аваагүй гэж үзэж байна. Мөн тухайн баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх ёстой байдаг. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд сонсох ажиллагаа явуулсан байх ёстой ба тус сонсох ажиллагааг хийгээгүй байх тул архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус гэж үзэж байна.
Тус архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэж барилгын ажлын зураг, барилгын ажлын тусгай зөвшөөрөл гарсан байдаг. Дээрхтэй адил үндэслэлээр маргаан бүхий барилгын ажлын тусгай зөвшөөрөл хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.3. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: “Барилгын ажлын тусгай зөвшөөрлийг үе шаттайгаар олгодог. Эхлээд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын магадлал бүхий зураг, үүний дараагаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсоноор барилгын ажил эхэлдэг. Архитектур төлөвлөлтийн даалгавар авахаар иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн газарт хүсэлт гаргадаг. Хот байгуулалт, хотын стандартын газраас тухайн хүсэлтийг судалж үзэж байж шийдвэр гаргана.
Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд заасан үндэслэлийг дурдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд төлөвлөлт гэдэг зүйлийг хуульчилсан байдаг.
Х НҮТББ-ын барьж буй судалгааны барилгад сургалт судалгааны чиглэлээр архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан бөгөөд үүнд Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд заасан зохицуулалт хамаарахгүй гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай тогтоолоор батлагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм бий. Энэхүү дүрэм, журам нь маргаан бүхий захиргааны актуудыг батлан гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.
Тус дүрэм, журмын 4 дүгээр бүлэгт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах талаар зохицуулсан ба 4.2-т ямар тохиолдолд иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгжээс санал авч болох тухай заасан байдаг. Аль үе шатанд санал авахыг манай байгууллага шийднэ.
Х НҮТББ-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсаны дараагаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахаар ирэх үед “самбар байршуулах” гэдэг шаардлагыг тавьж, захиргааны байгууллагын шаардлагыг гуравдагч этгээдээс биелүүлсний дараагаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байдаг. Дээрх журмын 4.2-т “саналыг авч болно” гэж заасан нь заавал санал авах агуулгыг агуулдаггүй.
Маргаанд хамаарах барилга нь орон сууцны хороолол доторх байршилд хамаарахгүй. Тухайн байршлын хувьд хойд талдаа Улаанбаатар сувилал, баруун талдаа нэхэмжлэгч нарын амьдарч буй орон сууц, урд талдаа өөр төлөвлөлттэй. Тиймээс энэ нь орон сууцны хороолол дундах байршил биш. Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох процесст заавал иргэдийн саналыг авна гэж үзэхгүй. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний тухайд Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрдлийг хангасан.
Иймд Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь тус тус хууль зүйн үндэслэлтэй учир нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3.4. Гуравдагч этгээд Х НҮТББ нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох тайлбартаа: “Санал авах хуудсыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас тогтоосон журмыг баримтлан боловсруулж ******* дугаар байр луу харуулан байрлуулсан. Энэ нь нэгдүгээр хавтаст хэргийн 47-48 талаас харагдаж болно. Иймд нүднээс далд байршуулсан асуудал байхгүй болно. Нэгдүгээр хавтаст хэргийн 47-48 талд байгаа зургуудаас самбар ил тод, бүрэн харагдахуйц байгаа нь маш тодорхой харагдаж байна.
Нэхэмжлэгч нар нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зөвхөн мэдсэн байх боломжгүй. Учир нь самбарыг байршуулсны маргааш буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тухайн байрны оршин суугч Г.Т хэмээх хүн утсаар холбогдож барилгын тухай мэдээллийг тодруулан асуусан байдаг. Мөн дээрх асуудлаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүх оршин суугчдын хурлыг зарлан хуралдуулсан байдаг. Энэ тухай Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт ирүүлсэн "Барилга барих хүсэлтийг эсэргүүцэх тухай" өргөдөлд тусгасан байна. Энэ нь нэхэмжлэгч нар нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн гэх нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй буюу илтэд худал мэдүүлсэн болохыг харуулж байна. Дээрх тайлбар дээр үндэслэн хэлэхэд нэхэмжлэгчээс санал авах, эрхээ хэрэгжүүлэх боломжийг хааж боогдуулсан ямар ч үйлдэл гаргаагүй, холбогдох журам зөрчөөгүй болно.
Барилга хоорондын зай хэмжээ 30 метр байх норм, норматив, нар ээвэрлэлтийн норм, норматив зөрчсөн талаар гаргах тайлбар: Хавтас хэргийн нэхэмжлэлд дурдсан дагуу Х НҮТББ-ын төлөвлөсөн барилга нь хоёр тусдаа суурь, бүтээц, зориулалт бүхий 9 давхар Б блок, мөн 3 давхар А блок бүхий барилгууд байхаар төлөвлөгдсөн юм. Б блок 9 давхар барилгын тухайд гомдол гаргасан ******* дугаар байрны ташуу баруун урд талд байрлуулж төлөвлөсөн тул БНбД 31-01-10-ын заалт 4.18 "Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжтай харьцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт"-д заасан зай хэмжээний нормативд тодорхойлсон "Барилгын тууш /урт/ талуудын хооронд" болон "Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд" заалтууд хэрэгжихгүй болно. А блок 3 давхар барилга хуучин барилгын суурины хэмжээг томруулаагүй, байр луу ойртуулж барилга хоорондын зай хэмжээг ойртуулаагүй.
Төвийн барилгыг "Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын нарны хангамж" БНбД 23-04-07-ийн 3.2 дахь заалт Нормчлогдох хугацааг хавар, намрын улиралд тооцох ба тухайн орон нутгийн байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын онцлогийг тусган тооцно. Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаанд нар мандсаны дараах болон жаргахын өмнөх нэг цагийг тооцохгүй. "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 5.26-д сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх тохиромжтой гэж үзнэ гэсэн заалтыг орчны барилгуудад хангуулан төлөвлөсөн болно. Тухайлбал 9 давхар барилгыг төлөвлөхдөө БНбД 23-04-07 дагуу нарны шууд тусгалын /ээвэрлэлтийн/ хангамжийг хугацааг тооцсон загварчлалаас үзэхэд ******* дугаар байрны өрөө тасалгааны нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа нь уг нормд заасан 2.5 цагаас багагүй байх хугацааг давуулан хангаж байгаа бөгөөд нарны гэрлийг бүрэн хаасан зүйл огт үгүй болно.
Барилгажих талбай, нийт эзэмшил газрын 70 хувь хүртэл барилга төлөвлөж болдог бол бид орчны өнгө үзэмж, оршин суугчдын таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс өөрийн газрын дөнгөж 39 хувьд барилгажих төлөвлөлт хийж үлдсэн хувьд буюу 900м2 гаруй талбайд ногоон тохижилт, зам талбай, орц гарц, зогсоол байхаар төлөвлөсөн болно. Энэ нь бид орчны байдлыг давчуу болгохоос сэргийлсэн, зөвхөн том барилга барих өөрийн эрх ашгийг нэн түрүүнд тавихгүйгээр, байгууллагын зүгээс уян хатан хандаж гаргасан шийдвэр юм” гэв.
3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.*******, Б.А******* нарын нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан ба үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэрэг нь Б.Э нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргээс тусгаарлагдсан хэрэг. Нэхэмжлэгч нарын өөрчилж гаргасан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.
Манай талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байгаа. Гуравдагч этгээдийн барихаар төлөвлөсөн А, Б блок барилгад Барилгын хөгжлийн төвөөс 2 удаа, Онцгой байдлын ерөнхий газраас 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр барилга хоорондын зай хэмжээ зөрчилгүй, нарны ээвэрлэлт зөрчөөгүй, барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч Д.*******, Б.А******* нарын хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ барилгын төлөвлөлтийг хийхдээ оршин суугчдаас санал аваагүй гэдэг ба тэр нь үндэслэлгүй юм. Манай зүгээс оршин суугчдаас санал авах журмын дагуу самбар байршуулсан. Уг самбар байршуулсныг нэхэмжлэгч нар мэдээд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр барилга барихыг эсэргүүцэх өргөдлөө Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргаж байсан. Уг өргөдөлдөө самбар байршуулсан тухай нэхэмжлэгч нар дурдсан байдаг. Гэхдээ санал авах ажиллагаа нь заавал иргэдээс зөвшөөрөл авах ажиллагаа биш.
Мөн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс холбогдох хүсэлт, баримтуудыг бүрдүүлж өгсөн. Захиргааны байгууллагаас өөрийн эрх хэмжээний хүрээнд барилгын ажлын зөвшөөрлийг олгосон. Энэ нь нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд заасан төлөвлөлтийн асуудалд хамааралгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.6. Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний дүгнэлтэд: “Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай магадлалын дүгнэлтээр ... барилгын ажлын зураг төсөл нь "А, Б" 2 блок, "А" блок нь тэнхлэгээрээ 15.0 м х 18.0 м, ± 0.00 түвшнээс доош 1 давхар, ± 0.00 түвшнээс дээш 3 давхар, "Б" блок нь тэнхлэгээрээ 18.0 м х 15.0 м, ± 0.00 түвшнээс доош 1 давхар, ± 0.00 түвшнээс дээш 9 давхар, техникийн давхартай байхаар батлагдсан.
Газар дээр хэмжилт хийхэд "А" блок нь тэнхлэгээрээ 12.0 м х 18.0 м, ± 0.00 түвшнээс доош 1 давхар, ± 0.00 түвшнээс дээш 4 давхрын цутгалт, "Б" блок нь тэнхлэгээрээ 15.0 м х 18.0 м хэмжээтэй, суурь болон зоорийн цутгалт хийгдсэн байна. Барилга угсралтын ажил нь батлагдсан зураг төслөөс тэнхлэгийн болон давхрын зөрүүтэй.
1/ ******* дугаар байр, түүний баруун талд тууш байршилтай баригдаж буй 4 давхар "А" блок барилгын хоорондох зай хэмжилтээр үндсэн хийцээс 13.6 м, "Орон сууцны барилгын зураг гадна Төлөвлөлт" /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18 "Орон сууцны өөр хоорондоо болон орчны барилга байгууламжтай харьцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно", хавсралт 4-ийн 2.5-д "Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг зөвлөмжийн 12 дугаар хүснэгтэд үзүүлэв", 12 дугаар хүснэгтэд дээрх хэмжээ 15 м байхаар тусгасан.
2/ ******* дугаар байрны баруун урд талд ташуу зэргэлдээ баригдаж буй 9 давхар "Б" блок хэмжилтээр "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн тууш болон хөндлөн байршил байхгүй тул барилга хоорондын зай хэмжээний асуудал нь галын нормоор тогтоогдох бөгөөд нормын шаардлага хангаж байна.
3/ А, Б блок барилгын нарны ээвэрлэлтийн хангамжийн үргэлжлэх хугацааг тооцохдоо газар дээр хийсэн хэмжилт, 2021.10.28-ны өдрийн дугаартай магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажсан барилгын зураг төсөл болон БХБСайдын 2007 оны 179 дүгээр тушаалаар батлагдсан "Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж" /БНбД 23-04-07/ барилгын норм ба дүрмийн 3.2-т зааснаар нормчлогдох хугацааг хавар-намрын улиралд тооцно гэж зааснаар 3 дугаар сарын 22-ны өдрөөр тооцсон, байршил, цаг агаар, барилгажилтын онцлогийг тусгав. Улаанбаатар хот хойд өргөргийн 47°55'-т байрлах тул нормын 3.6-ын дагуу нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа нь 2 цагаас багагүй байна.
Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг компьютер программ хангамжийн тусламжтайгаар /online Sketchup pro2022/ тодорхойлно гэсэн заалтуудыг үндэслэн "А" 11,3,4,6,8 тоот/ айлууд тус заалтыг хангаж байгаа учир зөвхөн "Б" /2,10,5,7,9 тоот/ айлууд дээр тооцоог хийж гүйцэтгэв.
Нэхэмжлэл гаргасан иргэдийн *******-р байр:
| 10 айл | Зүүн зүгт харсан 22 цонх | Схем зураг
|
| Баруун зүгт харсан 19 цонх | ||
| Урд зүгт харсан 12 цонх | ||
| Хойд зүгт харсан 10 цонх |
Хавсралт нарны тусгалын хангамжийн зурагт үзүүлснээр:
| *******-р байр | Нар үзэж буй цонх | Нар үзсэн хугацаа | БНбД 23-04-07-г хангаж байгаа эсэх |
| 1-р давхрын Б айл | Д цонх | 06:57-11:48 | Хангаж байна. |
| Е цонх | 06:57-11:32 | ||
| 2-р давхрын Б айл | Д цонх | 06:57-11:48 | Хангаж байна. |
| Е цонх | 06:57-11:32 | ||
| 3-р давхрын Б айл | Б цонх | 15:16-15:45 | Хангаж байна. |
| Д цонх | 06:57-11:48 | ||
| Е цонх | 06:57-11:32 | ||
| 4-р давхрын Б айл | А цонх | 15:40-16:37 | Хангаж байна. |
| Б цонх | 14:35-16:37 | ||
| Д цонх | 06:57-11:32 | ||
| Е цонх | 15:40-16:40 | ||
| 5-р давхрын Б айл | А цонх | 15:05-17:37 | Хангаж байна. |
| Б цонх | 12:40-17:37 | ||
| Д цонх | 06:57-11:48 | ||
| Е цонх | 06:57-11:32 | ||
| Д цонх (мансард) | 06:57-11:48 |
Иймд “Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж” /БНбД 23-04-07/ заавал мөрдөх шинж чанартай норматив баримт” бичгийн шаардлагыг 10 айлын *******-р орон сууцны барилгын нарны шууд тусгал хангаж байгаа тул А,Б блок барилгууд нь тус нормын шаардлагыг хангаж байна.” гэжээ.
3.7. Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд: Д ХХК-ийн боловсруулж, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан барилгын загвар зургийн А блок нь тэнхлэгээрээ 15м х 19м хэмжээтэй 3 давхар барилга. Батлагдсан загвар зургаар ******* дугаар байрны барилгын баруун талын хананаас А блокийн зүүн хойд цэг хүртэл 8.8м, зүүн хана хүртэл 8.9м, зүүн урд цэг хүртэл 9м.
И ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан барилгын загвар зургийн А блок нь тэнхлэгээрээ 12м х 19.45м хэмжээтэй 4 давхар барилга. Батлагдсан загвар зургаар ******* дугаар байрны барилгын баруун талын хананаас А блокийн зүүн хойд цэг хүртэл 13.6м, зүүн талын хана хүртэл 13.4м, зүүн урд цэг хүртэл 13.28м.
2020 онд батлагдсан загвар зургаар А блокийн барилгын суурийн өргөний хэмжээ 15м байснаас 3м хасагдаж, А блокийн барилгын суурийн уртын хэмжээ 19м байснаас 45см нэмэгдэж баригдсан байна. Байршил дээрх хэмжилтээр барилга сууриараа 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургийн дагуу баригдсан байна.
И ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан барилгын загвар зургаар ******* дугаар байр ба түүний баруун талд баригдаж буй 4 давхар А блок барилгын хоорондын зай 3 цэгт барилгын загвар зурагт хэмжилт хийхэд 13.28м-13.6м байхаар төлөвлөсөн байна. "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18-т "Орон сууцны өөр хоорондоо болон орчны барилга байгууламжтай харьцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно" гэж заасан. И ХХК-ийн боловсруулсан 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургаар барилга хооронд 15м байх барилгын норм ба дүрмийг ******* дугаар байрнаас хангуулаагүй байна.
Барилгын хөгжлийн төвөөс 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт А, Б блок барилгын нарны ээвэрлэлтийн үргэлжлэх хугацааг тооцохдоо 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан барилгын загвар зургийг үндэслэсэн байна.
И ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан барилгын загвар зургийн хэмжээнд Б блокийн суурь баригдсан. ******* дугаар байрны баруун урд талд ташуу зэргэлдээ баригдаж буй "Б" блок нь "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/-ийн тууш болон хөндлөн байршилд хамаарахгүй тул барилга хоорондын зай хэмжээний асуудал нь галын зай хэмжээгээр зохицуулагдана. ******* дугаар байр ба 9 давхар Б блок барилгын хоорондох зайг барилгын загвар зураг болон байршил дээр 2 цэгт хийсэн хэмжилтээр 6.19м болон 10.78м байна. Барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээг Дэд бүтцийн хөгжлийн Сайдын 2004 оны 130 дугаар тушаалаар батлагдсан "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" /БНбД 30-01-04/-ийн хавсралт 4-ийн 1-р хүснэгтийн дагуу тогтооно. 1-р хүснэгтэд барилгын гал тэсвэршилтийн 2-р зэргийг барилга хоорондох зай хэмжээ нь 6 м байхаар туссан. И ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зураг болон байршил дээрх хэмжилтээр гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээ нь "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" /БНбД 30-01-04/- ийн шаардлагыг хангаж байна.” гэжээ.
3.8. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэд: “"Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийн "Тайлбар" хэсгийн 2-т Барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг гадна хавтгайлжин ханын гадаргуу хоорондын хэмжээгээр тодорхойлно гэж заасан ба 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургаар Б блок барилгаас ******* дугаар байр хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээ хангагдаж байна” гэжээ.
3.9. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтэд: “Б блок барилгаас ******* дугаар байрны барилга байгууламж хүртэлх галаас хамгаалах зай хэмжээг шалгахад Б блок барилгын ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хавтгайлжин хананы гадаргуу хэсэг ******* дугаар байрны ертөнцийн зүгээр баруун тийш харсан барилгын хавтгайлжин хананы гадаргуу хоёрын хооронд паралел түвшинд огтлолцохгүй буюу Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын тайлбар хэсгийн 2 дугаар зүйл "Барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг гадна хавтгайлжин ханын гадаргуу хоорондын хэмжээгээр тодорхойлно"-д заасныг мөрдлөг болгон хэмжилт хийх үндэслэлгүй байна. И ХХК-ийн боловсруулсан зургаар Б блок барилга нь төмөр бетонон каркасан бүтээцтэй, блокон дүүргэлттэй буюу Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм БНбД 21-02-02 дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгт тайлбарт зааснаар гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй. Орон сууцны ******* дугаар байр хийцлэл нь төмөр бетонон каркасан бүтээцтэй, тоосгон дүүргэлттэй, БНбД 21-02-02 дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгт тайлбарт зааснаар гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм БНбД 21-02-02 дүрмээр барилга байгууламжийн гал тэсвэржилтийн зэрэг нь нормын хүрээнд хангагдсан.” гэжээ. inTop of Form
Bottom of Form
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд. Х НҮТББ-д олгогдсон маргаанд хамаарах архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу баригдаж буй Б блок бүхий барилга нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо /19 дүгээр хороо/-нд орон сууцны байрны баруун талд тууш А блок, баруун урд талд ташуу зэргэлдээ Б блок баригдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нар дугаар байрны өмчлөгч, иргэний бүртгэлээр тухайн хаягт оршин суугчид, тухайлбал, нэхэмжлэгч Д.******* дугаартай 6 давхар орон сууцны барилгын 4 дүгээр давхрын 6 тоотод, нэхэмжлэгч Б.А******* 7 тоотод оршин суудаг өмчлөгч тул тэдгээр иргэдийг уг орон сууцны зэргэлдээ барилга баригдах нь барилга хоорондын зай хэмжээ, нарны ээвэрлэлтийн норм, дүрмийг зөрчсөн эсэх, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хууль, түүнд нийцүүлэн баталсан хэм хэмжээний актаар тогтоосон журмыг биелүүлсэн эсэхэд маргах эрхтэй хэмээн үзсэн.
Хоёр. Нэхэмжлэгч Д.*******, Б.А******* нар 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр анх тус байрны Б.Э нарын иргэдтэй хамтран нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10338 дугаар захирамжаар хэргийг тусгаарласан, улмаар нэхэмжлэгч нар урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгах байдлаар өөрчилж орон сууцны ******* байрны баруун урд талд ташуу зэргэлдээ баригдаж буй Х НҮТББ-ын Б блок барилгад Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-аар тодорхойлсноор хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Гурав. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үйл баримтууд тогтоогдож байна.
3.1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны дугаар захирамжаар Х НҮТББ-д 1134 м.кв талбай газрыг сургалт судалгааны төвийн зориулалтаар эзэмшүүлсэн ба, 2018 оны дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 1539 м.кв талбай хэмжээгээр эзэмшүүлж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалтаар дээрх хэмжээнд эзэмшүүлсэн[1].
3.2. Хариуцагч болон холбогдох эрх бүхий байгууллагаас дараах эрх зүйн актуудыг гуравдагч этгээд Х НҮТББ-ын маргаанд хамаарах барилгад олгосон.
- Хариуцагч байгууллагаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар[2] олгосныг хүчингүй болгож шинэчлэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2020/ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар[3] олгосон,
- Д ХХК-ийн боловсруулсан барилгын загвар зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталж[4], улмаар ажлын зураг[5] төсөлд магадлал хийж Барилгын хөгжлийн төв 2021 оны 10 дугаар сарын 28-нд дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт[6] гаргасан,
- Хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр[7] сургалт, судалгааны төвийн зориулалтаар, В1-3 давхар сууриараа 18.0м х 33.0м, 4-9 давхар сууриараа 18.0м х 15.0м хэмжээтэй, 9 давхар, 1 блок барилга И******* ХХК-ийн боловсруулсан 2022 оны загвар зургаар барих зөвшөөрөл олгосон,
- уг барилгад цахилгааны[8], цэвэр ус хангамж, бохир ус татан зайлуулах шугамын[9], дулааны шугамын[10], холбооны шугамын[11] техникийн нөхцөлийг холбогдох байгууллагуудаас олгосон,
- Улаанбаатар хотын ерөнхий архитектор 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр И******* ХХК-ийн боловсруулсан барилгын загвар зургийг шинэчилж баталж[12], улмаар ажлын зураг[13] төсөлд магадлал хийж Барилгын хөгжлийн төв 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 564/2023 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт[14] гаргасан.
- Хариуцагч 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг[15] сургалт судалгааны төвийн зориулалтаар, сууриараа 18м х 15м хэмжээтэй, 9 давхар 1 блок буюу Б блок барилгад И******* ХХК-ийн боловсруулсан, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан загвар зургаар олгосон байна.
3.3. Нэхэмжлэгч нар анх “баригдаж буй А, Б блок барилгыг ******* дугаар байрнаас барилга хоорондын зай хэмжээний болон нарны ээвэрлэлтийн норм ба дүрмийг хангуулаагүй төлөвлөж, барьснаас тэдгээрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” хэмээн маргаж байсан бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтүүдээр “баригдаж буй А, Б блок барилгыг нэхэмжлэгч нарын орон сууцны ******* дугаар байрнаас барилга хоорондын зай хэмжээний болон нарны ээвэрлэлтийн холбогдох норм, дүрэм зөрчиж төлөвлөсөн, барьсан эсэх”-ийг тогтоолгохоор шинжээч томилж, дараах дүгнэлтүүдээр доорх нөхцөл байдал тогтоогджээ.
3.3.1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 303 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвөөс томилогдсон шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр[16] 1/******* дугаар байр ба түүний баруун талд тууш байршилтай баригдаж буй 4 давхар А блок барилгын хоорондох зай хэмжилтээр 13.6 метр байгаа нь Орон сууцны барилгын зураг гадна Төлөвлөлт /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18, Хавсралт 4-ийн 2.5, 12 дугаар хүснэгтэд 15 м байхаар тусгасныг хангаагүй. 2/ ******* дугаар байрны баруун урд талд ташуу зэргэлдээ баригдаж буй Б блок барилгын хувьд хэмжилтээр "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн тууш болон хөндлөн байршил байхгүй тул барилга хоорондын зай хэмжээний асуудал нь галын нормоор тогтоогдох бөгөөд нормын шаардлага хангаж байна. 3/ Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж" /БНбД 23-04-07/ барилгын норм ба дүрмийг “4 дүгээр давхрын 6 тоот нэхэмжлэгч Д.*******гийн орон сууц зүүн тийш харсан 2 цонх, урагшаа харсан 2 цонхоор хангаж байна, 4 дүгээр давхрын 7 тоот нэхэмжлэгч Б.А*******ийн орон сууцны зүүн тийш харсан 1 цонхоор /06:57-11:32 цагуудад/, баруун тийш харсан 2 цонхоор /14:35-16:37, 15:40-16:37 цагуудад/ хангаж буй нь” тогтоогдсон.
3.3.2. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7003 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвөөс томилогдсон шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтээр[17] “ ...И ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан барилгын загвар зургаар Б блок нь загвар зургийн хэмжээгээр суурь нь баригдсан. ******* дугаар байрны баруун урд талд ташуу зэргэлдээ бөгөөд "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/-ийн тууш болон хөндлөн байршилд хамаарахгүй тул барилга хоорондын зай хэмжээ нь галын норм дүрмээр зохицуулагдана. ******* дугаар байрнаас хэмжилтээр 6.19 метр болон 10.78 метр, барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээг Дэд бүтцийн хөгжлийн Сайдын 2004 оны 130 дугаар тушаалаар батлагдсан "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" /БНбД 30-01-04/-ийн хавсралт 4-ийн 1-р хүснэгтээр барилгын гал тэсвэршилтийн 2-р зэргийг барилга хоорондох зай хэмжээ нь 6 метр байхаар туссан нь шаардлагыг хангаж байгаа”-г тогтоожээ.
3.3.3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 4389 дүгээр захирамжаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас томилогдсон шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр[18] "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийн "Тайлбар" хэсгийн 2-т Барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг гадна хавтгайлжин ханын гадаргуу хоорондын хэмжээгээр тодорхойлох ба 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургаар Б блок барилгаас ******* дугаар байр хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээ хангагдаж байгааг тогтоосон.
3.3.4. Мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6230 дугаар захирамжаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас өмнө томилогдсон шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн нэмэлт дүгнэлтээр[19] 1/ Б блок барилгын зүүн талын хавтгайлжин хананы гадаргуу ******* дугаар байрны баруун талын хавтгайлжин хананы гадаргуу хооронд паралел түвшинд огтлолцохгүй буюу Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын тайлбар хэсгийн 2 дугаар зүйл "Барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг гадна хавтгайлжин ханын гадаргуу хоорондын хэмжээгээр тодорхойлно"-д заасныг мөрдлөг болгон хэмжилт хийх үндэслэлгүй. 2/ И ХХК-ийн боловсруулсан загвар зургаар баригдах Б блок барилга нь төмөр бетонон каркасан бүтээцтэй, блокон дүүргэлттэй буюу Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм БНбД 21-02-02 дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгтээр гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, ******* дугаар байр төмөр бетонон каркасан бүтээцтэй, тоосгон дүүргэлттэй, БНбД 21-02-02 дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгтээр гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, гал тэсвэршилтийн зэрэг нь нормын хүрээнд хангагдсаныг тогтоосон.
Өөрөөр хэлбэл шинжээчдийн дүгнэлтээр Б блок барилга И ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан загвар зургаар төлөвлөсөн хэмжээндээ баригдсан ба ******* дугаар байртай тууш, хөндлөн зэргэлдээ биш, барилга хоорондын зай хэмжээ тодорхойлогдох галын аюулгүй байдлын норм ба дүрмийг хангуулсан. А, Б блок барилга ******* дугаар байрны нарны ээвэрлэлтийн норм ба дүрмийг хангуулан төлөвлөгдөж, баригдсан нь тогтоогджээ.
Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлага бүрээр дүгнэж дараах үндэслэлээр шийдвэрлэлээ.
4.1. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.
4.1.1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д "барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэдэгт барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг ойлгохоор”, 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Барилгын зураг төсөл эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх шаардлагыг хангасан байхаар” заасан ба архитектур төлөвлөлтийн даалгавар нь эдэлбэр газар, түүн дээрх барилгажих талбайн хувь, эдэлбэр газрын аль хэсэгт барилгажих талбайг төлөвлөснийг харуулдаг, барилгын зориулалт, хүчин чадал, ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтийн шаардлага, инженерийн шугам хангамж зэрэг шаардлагуудыг тогтоодог баримт бичиг бөгөөд түүнд заасан зориулалт, хүчин чадлын хүрээнд барилгын загвар зургийг боловсруулдаг, энэ шаардлагыг хангаагүй зургийг батлахгүй үр дагавар агуулах тул нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн тодорхой үр дагавартай захиргааны акт гэж үзэхээр байна.
4.1.2. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Х НҮТББ-д эзэмшил газарт нь сургалт судалгааны төвийн зориулалттай барилгын төсөлд олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь хүчин төгөлдөр бөгөөд эдэлбэр газар, түүн дээрх барилгажих талбайн төлөвлөлт, барилгын зориулалт, хүчин чадал, ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтийн шаардлага, инженерийн шугам хангамж зэрэг шаардлагуудыг тогтоосон, түүнд үндэслэж барилгын загвар зураг боловсруулагдан, батлагдаж, зураг төсөлд магадлал хийгдсэн, тэдгээр нь хүчин төгөлдөр байна.
4.1.3. Нэхэмжлэгч нар архитектур төлөвлөлтийн энэ даалгавраар тогтоосон төлөвлөлтийг хууль бус гэж маргаагүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн Х НҮТББ-д олгосон Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдлоо.
Х НҮТББ-д олгосон Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр Б блок буюу ******* дугаар байрны баруун урд талд ташуу /тууш, хөндлөн биш/ зэргэлдээ байршилд баригдаж /суурийн ажил хийгдсэн/ буй 9 давхар 1 блок барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож[20], улмаар өмнө А, Б блок буюу 18м х 33м В1-3 давхар, 18м х х15м 4-9 давхар барилгад олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүйд тооцсон[21].
Нэхэмжлэгч нар энэ шаардлагын үндэслэлээ мөн баригдаж буй Б блок барилгыг ******* дугаар байрнаас барилга хоорондын зай хэмжээний норм ба дүрмийг хангуулаагүй төлөвлөж, барьснаас тэдгээрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн маргадаг.
4.2.1. Хариуцагч барилгын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар “барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээх” ба, 35 дугаар зүйлийн 35.1.2-т “барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх”, 35.1.3-т “барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих”, 35.1.6-т “... барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” бүрэн эрхийг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.
Нөгөө талаас барилгын захиалагч буюу энэ хэргийн хувьд гуравдагч этгээд Х НҮТББ нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 37.1.2-т “... барилга байгууламж болон үйл ажиллагааныхаа талаарх иж бүрэн мэдээллийг тухайн нутаг дэвсгэрт нийтэд ил тод байрлуулах”, 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх” үүргийг хүлээнэ.
И******* ХХК-ийн боловсруулсан загвар зургийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хотын ерөнхий архитектор баталж, барилгын ажлын зураг төслийн өөрчлөлтөд Барилгын хөгжлийн төв 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 564/2023 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан, шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2-т тоочсончлон холбогдох техникийн нөхцөлүүдийг 2022, 2023 онд шинэчлэн батлуулсан буюу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоход бүрдүүлэх Барилгын тухай хуулийн холбогдох баримт бичгийг бүрдлүүд хангуулсан, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзах хуульд заасан үндэслэл үүсээгүй байна.
Тодруулбал, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон захиргааны шийдвэр гаргах ажиллагаа Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ”, 27 дугаар зүйлийн 27.3.2-т “зураг төсөлд магадлал хийгдээгүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.2-т “28.2.1-д “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр”, 28.2.2-т “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт”-ийг барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргана” гэж заасны дагуу эзэмшил газарт, өгөгдсөн төлөвлөлтийн даалгавар, батлагдсан загвар зураг, олгогдсон техникийн нөхцөлүүд, тэдгээрт үндэслэн боловсруулагдсан зураг төсөл, түүнд хийгдсэн магадлалын дүгнэлт зэрэг барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийг үндэслэсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй байна.
4.2.2. Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтээр Б блок барилга нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан загвар зургийн хэмжээнд сууриараа баригдсан, нэхэмжлэгч нарын орон сууцны ******* дугаар байртай аль ч талаараа хөндлөн болон тууш байршилд биш, баруун урд ташуу буюу Б блок барилгын зүүн хойд цэг ******* дугаар байрны баруун урд цэгтэй зэргэлдээ байрлалтай тул эдгээр барилга хоорондын зай хэмжээ галын норм ба дүрмээр зохицуулагдах ба галын норм ба дүрмийн шаардлагыг хангаж байгааг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоожээ. Тухайлбал,
а. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан загвар зургаар Б блок барилгаас ******* дугаар байр хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээ хангагдаж байгааг,
б. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээр И ХХК-ийн боловсруулсан загвар зургаар Б блок барилга нь Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм БНбД 21-02-02 дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгт тайлбарт зааснаар гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, орон сууцны ******* дугаар байр нь БНбД 21-02-02 норм ба дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгт тайлбарт зааснаар гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм БНбД 21-02-02 норм ба дүрмийг үндэслэн дүгнэхэд барилга байгууламжийн гал тэсвэршилтийн зэрэг нь нормын хүрээнд хангагдсан болохыг тус тус тогтоожээ.
4.2.3. Мөн дээр дүгнэгдсэн шинжээчийн дүгнэлтээр Хийн А болон Б блок барилга И******* ХХК-ийн боловсруулсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан эх загвар зургаар “Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж" /БНбД 23-04-07/ барилгын норм ба дүрмийг нэхэмжлэгч нарын 4 дүгээр давхрын 6, 7 тоот орон сууц хангаж буй нь тогтоогдсон.
4.2.4. Ийнхүү шинжээчийн дүгнэлтүүдээр Хийн Б блок барилга И******* ХХК-ийн боловсруулсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан загвар зургийн хэмжээнд баригдаж буй нь, нэхэмжлэгч нарын орон сууцны нарны ээвэрлэлтийн норм ба дүрмийг хангуулсан нь, барилга хоорондын зай хэмжээний норм ба дүрмийг хангуулсан нь тогтоогдож байх тул 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр баригдаж буй барилга нь барилга байгууламжид тавигдах Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 “зураг төслийн дагуу баригдсан байх”, 14.1.2 “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.4 “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” шаардлагыг хангаагүй гэх, нэхэмжлэгч нарын оршин суух орон сууцны хувьд барилга хоорондын зай хэмжээ, нарны ээвэрлэлтийн норм дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
4.2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 303 дугаар захирамжаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн шийдвэр нь актын хэрэгжилтийг л түр хязгаарласан агуулгатай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын шийдвэр бөгөөд захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг зөвтгөх буюу хүчингүй болгож, өөрчилж, дахин гаргах Барилгын тухай хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийг хязгаарласан агуулгагүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага өөрийн шийдвэрийг өөрчлөх, шинэчлэн батлах эрх хэмжээний хүрээнд шинэчлэн батлах нь эрх зүйн хувьд боломжтой.
Харин ийнхүү 2020 оны эх загвар зураг, 2022 оны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг эрх зүйн үйлчлэлгүй болгож, улмаар 2022 онд батлагдсан шинэ загвар зургаар 2023 онд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгосон нь “2022 оны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.
4.3. Хариуцагч байгууллага Х НҮТББ-ын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлэхдээ “эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, сонсох, нөхцөл байдлыг тогтоох” шийдвэр гаргах ажиллагааны нарийвчилсан журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т нөхцөл байдлыг тогтоох, 26 дугаар зүйлийн 26.1-т захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгох шийдвэр гаргах ажиллагаанд 7.1.1-т барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, 7.1.2-т иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол байгаа эсэхийг харгалзах, энэ талаарх нарийвчилсан зохицуулалт бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны дүгээр тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх барилгын талбайд самбар байршуулж хөрш зэргэлдээ иргэд, оршин суугчдаас санал авах, саналыг шийдвэр гаргахдаа үндэслэх зохицуулалтыг хэрэгжүүлсэн байна гэж үзлээ.
Тухайлбал хөрш зэргэлдээ байрны оршин суугчдын саналыг авах зорилгоор санал авах хугацааг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тогтоосон барилгажих талбайн схем зураг, төлөвлөлт бүхий самбарыг барилга барих талбайн орчимд байршуулсан байх бөгөөд улмаар орон сууцны ******* дугаар байрны оршин суугчид 06 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, барилга барихыг эсэргүүцэж буй талаараа 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 тоотын оршин суугчдын гарын үсэг бүхий гомдлыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бичгээр гаргасан[22], улмаар 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр оршин суугчдын гарын үсэггүй гомдлыг дахин гаргасан[23] байдаг.
Нэхэмжлэгч нар хариуцагч байгууллагыг “шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн” хэмээх үндэслэлээ “санал авах самбарыг нүдэнд харагдахуйц байршуулаагүйгээс 06 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн, улмаар санал өгөх боломжит хугацаа олгоогүй” хэмээн нэхэмжлэлдээ дурдсан ч энэ нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бичгээр 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 тоотын оршин суугчдын гарын үсэг бүхий гомдол гаргаснаар, гомдолдоо “бүх оршин суугчдын хурал 06 дугаар сарын 08-ны өдөр хийсэн” талаар дурдсанаар няцаагдаж байна.
4.4. Маргаанд хамаарах барилга баригдаж буй талбай нь орон сууцны хорооллын дундах барилгажаагүй талбайд хамаарахгүй, нөгөөтээгүүр ийнхүү Х ТББ нь өөрийн өмчлөлийн барилгыг буулгаж суурин дээр нь барих барилгад архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл олгох захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн төлөвлөлт 73 дугаар зүйлээр зохицуулсан төлөвлөлт гэх харилцаанд хамаарахгүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.5, 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.4, 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.3.2, 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 35.1.6, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******, Б.А******* нарын “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Х НҮТББ-д олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч нар, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 3 дугаар хавтсын 157 дугаар хуудас
[2] Хэргийн 5 дугаар хавтсын 200-202 дугаар хуудас
[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 51-53 дугаар хуудас
[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 57-74, 2 дугаар хавтсын 112-129 дүгээр хуудас
[5] Хэргийн 4 дүгээр хавтсын 227-244 дүгээр хуудас
[6] Хэргийн 1 дүгээр хавтсын *******-90, 4 дүгээр хавтсын 58-71 дүгээр хуудас
[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 91-92, 3 дугаар хавтсын 14-15 дугаар хуудас
[8] Хэргийн 3 дугаар хавтсын 244-249, 4 дүгээр хавтсын 6-8 дугаар хуудас
[9] Хэргийн 4 дүгээр хавтсын 10-12, 23-25, 28-30, 38-40 дүгээр хуудас
[10] Хэргийн 4 дүгээр хавтсын 42-46 дугаар хуудас
[11] Хэргийн 4 дүгээр хавтсын 48-49 дүгээр хуудас
[12] Хэргийн 2 дугаар хавтсын 87-111 дүгээр хуудас
[13] Хэргийн 4 дүгээр хавтсын 245-250, 5 дугаар хавтсын 1-16 дугаар хуудас
[14] Хэргийн 3 дугаар хавтсын 21-23, 79-94, 4 дүгээр хавтсын 72-84 дугаар хуудас
[15] Хэргийн 3 дугаар хавтсын 16-17 дугаар хуудас
[16] Хэргийн 2 дугаар хавтсын 172-173, 182-194 дугаар хуудас
[17] Хэргийн 3 дугаар хавтсын 125-126, 128-136 дугаар хуудас
[18] Хэргийн 5 дугаар хавтсын 18, 23-24 дүгээр хуудас
[19] Хэргийн 5 дугаар хавтсын 18, 67-69 дүгээр хуудас
[20] Хэргийн 3 дугаар хавтсын 16-17 дугаар хуудас
[21] Хэргийн 3 дугаар хавтсын 14-15 дугаар хуудас
[22] Хэргийн 2 дугаар хавтсын 21-22 дугаар хуудас
[23] Хэргийн 1 дүгээр хавтсын 18-19 дүгээр хуудас