Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 08

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар шийдвэртэй,

Д.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү нийт 2.363.760 төгрөг гаргуулах, цалингийн урамшуулал буюу улирал тутам олгох 990.627 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, нийт 4.154.387 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 419.348 төгрөгийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ц.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2015 оноос эхлэн Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байсан билээ. Би ажлаа өөрийнхөө эрх хэмжээнийхээ дагуу гүйцэтгэж байтал Улаангом сумын Засаг дарга Ц.П ямар ч үндэслэлгүйгээр 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр захирамж гарган ажлаас чөлөөлсөн. Тэгээд би Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж тус төвийн их эмчээр томилогдон ажилласан. Би ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 690 дугаар шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоосон билээ. Би Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа үндсэн цалин 825.523 төгрөг, нэмэгдэл цалин 55 хувь, нийт 1.279.560 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд улирал бүр цалингийн урамшуулал 60 хүртэл хувиар тооцож 495.313 төгрөгийн урамшуулал авдаг байсан. 2020 оны эхний 1 дүгээр улиралд би өөрөө урамшуулал авахгүйгээр ажилчдынхаа эрх ашигт нийцүүлэн зохих хууль дүрмийн дагуу олгосон. Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй бол би ямар нэгэн байдлаар шүүхэд хандаж, өмгөөлөгч авч, өмгөөллийн хөлс төлөхгүй байсан. Мөн Улаангом сумын Засаг дарга, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төв нь гурвалсан гэрээ байгуулж ажилладаг. Уг гурвалсан гэрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, ажилчдын ажлын үр дүнг хагас бүтэн жилээр дүгнэнэ гэж заасан байдаг бөгөөд өрхийн эрүүл мэндийн төв нь 90 буюу түүнээс дээш хувиар ажлаа дүгнүүлсэн тохиолдолд тухайн эрүүл мэндийн төвийн ажилчдын ур чадвар, урамшууллыг олгодог. Гэтэл би өнгөрсөн хугацаанд ямар нэгэн ур чадварын урамшуулал аваагүй. Би өөрийнхөө урамшуулалыг улирал бүрээр 990.627 төгрөг авах байсан мөн өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг төлж их хэмжээгээр хохирол амсаад байна. Мөн ажлаас чөлөөлөгдөн тушаал буурч 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 738.000 төгрөгийн цалин авч байсан. Иймд цалингийн зөрүү, урамшуулал, өмгөөлөгчийн хөлс бүгд 4.154.387 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл 419.348 төгрөгийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.П анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом сумын Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О нь цалингийн зөрүү, урамшуулал, өмгөөлөгчийн зардал, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.О нь Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ёс зүйн алдаа дутагдал удаа дараа гаргаж байсан тул албан тушаал бууруулсан. Тухайн үед ажилтан албан хаагчдаас нь үндэслэлгүйгээр ажилтан, албан хаагчдаа сольж халдаг, хувийн компани шиг загнадаг, нөхөрлөлийн дүрэм журмаа барьж ажилладаггүй гэх мэт гомдлыг удаа дараа гаргаж байсан. Д.О нь чөлөөлөгдсөний дараа Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байсан. Д.О нь 7 дугаар сард ээлжийн амралтаа авсан. 8 дугаар сард өвчтэй байсан ба 9 дүгээр сарын цагийн балансаас харахад 20 цагийн таслалт /20x5137=102740/, 10 дугаар сард 76 цагийн таслалт /76x5811=441636/, 11 дүгээр сард 4 цаг таслалт /4x6.299=25.196 төгрөг/, 12 дугаар сард 120 цагийн таслалттай ажилласан /120x5.271=637.520 төгрөг/, нийт 1.207.092 төгрөгийн цалин илүү авсан байна. Нэхэмжлэгч нь Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллаж байх хугацаандаа аав өвчтэй, ээж өвчтэй гэх мэт шалтгаанаар нэг сар гаруй ажилдаа ирээгүй. Түүний ажилдаа ирээгүй цагийг цалинтай нь бодож үзэхэд 1.500.000 төгрөгийн цалин авах хэмжээний ажил тасалсан байсан. Одоо ч Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдаас Д.Отэй холбоотой гомдол ирсээр л байгаа. Иймд цалингийн зөрүү, урамшуулал өмгөөлөгчийн зардал, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг олгох боломжгүй ба нэхэмжлэлийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү 2.363.760 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 419.348 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, улирал тутам олгох урамшуулал 990.627 төгрөг, нийт 4.573.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88130  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхад 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаангом сумын Засаг дарга Ц.П захирамж гаргаж ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн. Би үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учир шүүхэд хандсаны дагуу Дун цагаан Эрүүл мэндийн төвийн даргын ажилдаа эргэн орсон билээ.

Би эмчээр 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан бөгөөд цалингийн зөрүү 2.363.760 төгрөг, улирал тутам олгох цалингийн урамшуулалд 990.627 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, бүгд 4.154.348 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 419.348 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Тэгтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа хэдэн төгрөгийн цалин авч байсан, хэдэн төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь тодорхойгүй, энэ талаар баримт авагдаагүй, урамшуулал олгох боломжгүй гэжээ. Би Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан дэвтрийн хуулбар, мөн цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Мөн манай байгууллагын эмч, ажилчид бүгд улирал тутам урамшуулал авч байсан би тушаал буурсан төдийгүй урамшуулал огт аваагүй. Би өөрөөсөө шалтгаалах бичиг, баримтуудаа шүүхэд хангалттай гаргаж өгснөөр байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс гаргасан шийдвэр ямар ч ойлгомжгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.  

Хариуцагч Улаангом сумын Засаг дарга Ц.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчтэй ажилладаг ажлын газрын хамт олноос Д.Отэй холбоотой гомдол удаа дараа ирүүлж байсан.

Тэрээр Улаангом сумын Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн хурлаар орж, ёс зүйн алдаа дутагдалтай гэсэн дүгнэлт гарсан. Мөн Эрүүл мэндийн газрын ёс зүйн хорооны хурлаар орсон зэрэг алдаа дутагдлууд байгаа бөгөөд энэ байдал нь одоог хүртэл үргэлжилсээр байна. Эдгээр нөхцлөөс шалтгаалан Улаангом сумын Засаг даргын Тамгын газар Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 11 албан хаагчдыг авч ирж, Засаг даргын Тамгын газрын хурал дээр “энэ О гэдэг хүнтэй хамтарч ажиллах боломж байна уу? хэмээн санал хураалт авахад, 8 хүн нь энэ хүнтэй хамтарч ажиллах боломж байхгүй, 3 хүн нь хамтарч ажиллах боломжтой гэсэн санал өгсөн. Хамтарч ажиллах боломжгүй гэх санал өгсөн 8 хүнийг Д.О гадуурхдаг, хэл амаар доромжилдог, эмнэлгийн ажилтны ёс зүйгүй гэсэн дүгнэлт гараад байгаа.

Эрүүл мэндийн салбарыг мэддэг хүний хувьд би хувийн зүгээс түүнд зөвлөгөө өгч байсан, ажилтнаа гомдоосон бол уучлаарай гээд уучлалт гуйчих гэсэн зөвлөгөөг хүртэл өгч байсан. Гэвч Д.О тэгж чадаагүй. Тэгээд би 6 дугаар сарын 31-ний өдөр ажлаас нь чөлөөлөн, тус эрүүл мэндийн төвийн эмчээр томилж,  тушаалыг нь бууруулсан ба шүүхийн шийдвэрийн дагуу дахин ажилд нь эргүүлж томилсон.

Хууль, дүрэм, журам энэ эмнэлэгт үйлчилдэггүй. Эмчлүүлэгч хүн эмчлэх эмчээ өөрөө сонгодог нөхөрлөлийн тухай журам байдаг. 5 дугаар багийн иргэдээс эмч Анхзаяаг өрхийн эмнэлэгт авч ажиллуулна хэмээн хоёр удаа өргөдөл ирснийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Гэтэл Д.О үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, Д.Анхзаяаг ажлаас нь халсан.

Д.О нь эмчээр томилогдсоноос хойш 7 дугаар сард ээлжийн амралттай, 8 дугаар сард өвчний улмаас акттай байсан. 9-12 дугаар саруудад тодорхой хэмжээнд чөлөөтэй, ажил тасалж байсан боловч цалинг бүрэн олгосон. Харин ч илүү цалин өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү 2.363.760 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, улирал тутам олгох цалингийн урамшуулал 990.627 төгрөг  тус тус гаргуулж,  нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 419.348 төгрөгийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.П нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ “Д.О нь Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа ёс зүйн алдаа гаргаж байсан тул албан тушаал бууруулсан. Д.О эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлөгдөж эмчээр ажиллаж байх хугацаандаа 07 дугаар сард ээлжийн амралт авсан, 08 дугаар сард өвчтэй байсан, мөн 09-12 дугаар сард тодорхой хэмжээнд ажил тасалсан боловч цалинг бүрэн бодож олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Д.О-г хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.П 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар “Дун цагаан” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлж, тус төвийн эмчээр томилсон нь үндэслэлгүй болохыг шүүх тогтоож, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 690 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.О-г урьд эрхэлж байсан ажилд нь буюу Увс аймгийн Улаангом сумын “Дун цагаан” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 дугаар захирамжаар биелүүлж, урьд эрхэлж байсан ажилд нь буцаан томилсон байна.

Нэхэмжлэгч Д.О нь өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, их эмчийн ажилд томилогдож албан тушаал буурсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын зөрүүг нэхэмжлэх эрхтэй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүх нэхэмжлэгчийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуусталхи хугацааны цалингийн зөрүү 2.363.760 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 419.348 төгрөг нөхөн төлүүлэхийг даалгах тухай  шаардлагыг “Нэхэмжлэгч нь Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа хэдэн төгрөгийн цалин авч байсан, албан тушаал буурч эмчээр ажиллаж байхдаа хэдэн төгрөгийн цалин авч, хэдэн төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь тодорхойгүй, энэ талаар баримт авагдаагүй” гэх дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх шаардлагад нийцээгүй байна. 

Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатчаар гэрчлүүлсэн/ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар гаргуулсан “Дун цагаан” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгчийн албан тушаал буурч ажилласан хугацааны цалингийн зөрүүг тооцож гаргах боломжтой, эдгээр нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан, үнэлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Ажил олгогчийн буруугаас ажилтан үндэслэлгүйгээр албан тушаал буурч цалин хөлсөөр хохирсон байх тул нэхэмжлэгчийн их эмчээр ажиллаж эхэлсэн үеэс хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа буюу 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн зөрүүг тооцож олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Д.О нь 2020 оны 07 дугаар сард ээлжийн амралттай, 08 дугаар сард өвчний улмаас ажиллаагүй нь нотлогдож байх тул энэ хугацаанд цалингийн зөрүү тооцогдохгүй юм.

Иймд нэхэмжлэгч Д.О-ийн үндэслэлгүйгээр өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, их эмчээр ажилласан хугацааны цалингийн зөрүүний олговрыг 2020 оны 09, 10, 11, 12 дугаар саруудын ажилласан өдрөөр тооцох, ингэхдээ  цагийн бүртгэлийн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн чөлөөтэй байсан хугацааг хасаж, нийт ажилласан хугацааг 64 өдрөөр тооцож, зөрүү цалинг олгох  үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан, Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвийн ажиллагсдын цагийн бүртгэлийн баримтад тусгагдсан нэхэмжлэгчийн чөлөөтэй байсан гэх хугацааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ба тухайн хугацаанд цалинтай чөлөө олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй болно. 

Нэхэмжлэгч Д.О-ийн урьд авч байсан цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн, Монгол Улсын нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар журмыг баримтлан түүний албан тушаал буурахаас өмнөх буюу өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа авч байсан 3 сарын цалингийн нийлбэрийн дунджаар тооцож, нэг сарын дундаж цалин хөлс 1388491 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс 64580 төгрөгөөр тус тус тооцов.

Нэхэмжлэгч Д.О нь эрүүл мэндийн төвийн даргаар 64 өдөр ажилласан бол 64х64580=4133120 төгрөг авах байтал нэхэмжлэгч тухайн өдрүүдэд  их эмчээр ажиллаж, нийт 3726077 төгрөгийн цалин хөлс авсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Иймд дээрх цалин хөлсний зөрүү 407.043/4133120-3726077/ төгрөг  хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн цалингийн зөрүү нэхэмжилсэн шаардлагаас үлдэх 1.956.717 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 407.043/ дөрвөн зуун долоон мянга дөчин гурав/ төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Улаангом сумын Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж дүгнэлээ.

 Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, улирал тутам олгох урамшуулал 990.627 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож, эрх зүйн туслалцаа авах нь түүний хуулиар олгогдсон эрх бөгөөд үүнийг зайлшгүй гарах зардалд тооцож, хохирол учирсан гэж үзэхгүй болно.

Аливаа шагнал, урамшуулал гэдэг нь ажилтан, албан хаагчийн ажлын үр дүн, эсхүл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь, нэмэр, хүчин чармайлтыг ажил олгогчоос үнэлэн хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актаар тогтоосон журмыг баримтлан олгож буй нэг удаагийн мөнгөн урамшууллыг хэлэх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас улирал тутам олгох урамшуулалд 990.627 төгрөг гаргуулах тухай шаардлагыг ажил олгогчийн эрх хэмжээний асуудал гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Нөгөө талаар, нэхэмжлэгч энэхүү шаардлагаа нотолсон баримтаа шүүхэд гаргаж нотлоогүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд “Засаг дарга болон Эрүүл мэндийн газартай байгуулсан гүйцэтгэлийн гурвалсан гэрээний дагуу гэрээгээ дүгнүүлсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байхад уг нотлох баримтыг шүүх үнэлээгүй тул улирал тутам олгох урамшууллын 990.627 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан ба түүний шүүхэд гаргаж  өгсөн, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 155 дугаар албан бичигт “Дун цагаан ӨЭМТ-90.8 хувийн гүйцэтгэлтэй” гэж дурдагдсан байх боловч уг гүйцэтгэл нь хэдэн оны, хэд дүгээр улирлын ажлын гүйцэтгэл болох нь тодорхойгүй байхын зэрэгцээ шүүхээс албан бичгийг үндэслэн ажил олгогчоос ажилтанд олгох  урамшууллыг тооцох боломжгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн болох 407.043 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12.861 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураажид төлсөн 88.130 төгрөгөөс гомдлын хангагдсан хэмжээ буюу 407.043 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12.861 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх 75.269 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 407.043/ дөрвөн зуун долоон мянга дөчин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Од олгож, 407.043 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт  бичилт хийхийг Увс аймгийн Улаангом сумын Тамгын газарт даалгаж, нэхэмжлэлээс цалингийн зөрүү 1.956.717 төгрөг, өмгөөллийн хөлс 800.000 төгрөг, улирал тутам олгох урамшуулал 990.627 төгрөг гаргуулах  шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.130 /наян найман мянга нэг зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 12.861 /арван хоёр мянга найман зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 88.130 /наян найман мянга нэг зуун гуч/ төгрөгөөс 75.269 /далан таван мянга хоёр зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12.861 /арван хоёр мянга найман зуун жаран нэг/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

            3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ