| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0475/Э |
| Дугаар | 397 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг;
улсын яллагч: Д.Мөнхтогоо;
шүүгдэгч: П.Э /өөрийгөө өмгөөлөж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пүрэвжавын Эд холбогдох эрүүгийн 1709011330085 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Од” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 35 дугаар гудамжны 446а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1999 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 209 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 106 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 651 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 311 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ХЛ72060972 регистерийн дугаартай, Боржигон овогт Пүрэвжавын Э.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч П.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “Ар хустайн” зуслангийн задгай тоотод Г.Амарбаясгалангийн зүүн гуян тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ: Тухайн өдөр хүргэн ах “байшингийн дээвэр тавиад өгөөч” гэсэн. Би ажил амжихгүй явж байгаад эхнэр, хүүхдээ дагуулаад орой нь очсон. Тэгэхэд хүргэн нэг шил архи ууж байсан ба агсам тавих гээд байхаар нь би эхнэр, хүүхдээ аваад явсан. Явж байгаад хүүхдийнхээ гутлыг тэднийд орхисон байснаа мэдээд буцаж очсон. Намайг гэрт нь ороход Амарбаясгалан баруун талын орон дээр эгчийг зодож байсан. Би айлгах гээд ширээн дээр байсан хутгыг аваад хутгалсан. Тэгээд цагдаа, түргэн дуудаж, цагдаа намайг авч явсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 11-12/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 13-14/, хохирогч Г.Амарбаясгалан /хх-ийн 20-23/, гэрч Б.Цэцэгмаа /хх-ийн 30-32/, Л.Саранчимэг /хх-ийн 33-35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11633 дугаартай дүгнэлт //хх-ийн 37/, П.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-66/, П.Эийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/, П.Эийн хүсэлт /хх-ийн 80/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “Ар хустайн” зуслангийн задгай тоотод Г.Амарбаясгалангийн зүүн гуянд хутгалж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.Амарбаясгалангийн /хх-ийн 20-23/ “... Би согтуу байсан болохоор агсам согтуу тавьсан. Э ширээн дээр байсан хутга аваад айлгах гэж байхад нь би барьсан хутгыг нь авах гэж ноцолдож байгаад хутгалуулсан. Э бид хоёрыг ноцолдож байхад зурагт унаж хагарсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Эмчилгээний зардал 400.000 төгрөг надад өгсөн. Зурагт авч өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Л.Саранчимэгийн /хх-ийн 33-35/: “... Энхээ миний араас миний цүнхийг авч гарч ирсэн. Бид 3 төв замаас такси барих гээд зогсож байтал хүүгийнхээ өмд гутлыг Амараа ахын гэрт үлдээсэн байсан. Тэгээд бид 3 хүүхдийнхээ өмд гутлыг авах гээд Амараа ахын гэр рүү ортол ах Цэцэгээ эгчийг цохиод байж байсан. Манай нөхөрийг ороход Цэцэгээ эгч “Ама чи намайг аллаа” гээд орилж байсан. Манай нөхөр “эгчииг минь аллаа” гээд Амараа ахыг Цэцгээ эгчийн дээрээс татаж босгож хоорондоо зууралдан ноцолдохоор нь би хүүгийнхээ хувцсыг аваад гэрээс нь гарсан. Тэгээд нөхрөө хүлээгээд гадаа байж байтал нөхөр маань “миний хань ороод хардаа Амараа ах бид 2 нэг юм болчих шиг боллоо” гэсэн. Тэгээд гэрт ороод хартал Амараа ахын зүүн хөлнөөс цус гарсан байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч П.Цэцэгмаагийн /хх-ийн 32/: “... Манай нөхөр Амарбаясгалан, дүү Э бид гурав архи хувааж уугаад би нилээд согтон гэрийнхээ хойморын орон дээр тасраад унаад сэртэл Амаа надад “танай дүү Энхээ чинь намайг хутгалчихлаа” гэж хэлсэн ...” гэх мэдүүлгээр,
П.Эийн буруутай үйлдлийн улмаас Г.Амарбаясгалангийн биед “зүүн гуянд шарх” бүхий ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11633 тоот дүгнэлтээр /хх-ийн 37/, П.Эийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг хутгалсныг өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийг хутгаар хүн гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид хутгалуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
П.Эийн “эгчийг зодлоо” хэмээн буруутган Г.Амарбаясгалантай маргалдан тэмцэлдэж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
П.Эийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь архи ууж согтуурсан, хохирогчийн зүй бус үйлдлээс буюу агсам тавьж, бусдын эрх чөлөөнд халдсан үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг нь П.Эд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 451.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх П.Эийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, ажлын хэсэг нь 15 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвжавын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эийг 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд оногдуулсан 451.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй, ажлын хэсэг нь 15 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай..
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ