Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

 

 

 

 

 

  2024              01            02                                         2024/ДШМ/36

 

 

А.З-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Х.Б,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/758 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор А.З-т холбогдох ...................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.З нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ............ дүүргийн ............ дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.Э-тэй “найз охин Б.М-тай үерхлээ” гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт цээж, зүүн бугалгад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.З-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.З-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь тус гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүгдэгч А.З-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж уг торгох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү. Шүүгдэгч А.З нь насанд хүрээгүй байхдаа, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч А.З нь өдрийн цагаар хичээлдээ явж, оройн цагаар “Жи Эс 25” дэлгүүрт худалдагчаар ажилладаг баримтыг шүүхэд ирүүлсэн. ...” гэв.

Шүүгдэгч А.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.З нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр .............. дүүргийн ................ дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.Э-тэй “найз охин Б.М-тай үерхлээ” гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт цээж, зүүн бугалгад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч А.Э-ийн /хх 25-26, 28/,

насанд хүрээгүй гэрч Б.М-ийн /хх 35- 36/

шинжээч эмч Б.Д-ийн “...А.Э-ийн зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хавдаж хөхөрсөн нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд болон дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун шууны дунд хэсэгт 0.5x0.5 см ягаан өнгийн зулгаралт гэмтэл нь хэмжээг харахад тамхины цог унтраахад үүссэн байх боломжтой. ...” /хх 52-53/

яллагдагч А.З-ын “...Би А.Э-ийн эмчилгээтэй холбоотой баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлыг төлнө. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хийсэн буруу үйлдлээ ухамсарлаж байна. Би шүүх рүү хэрэг шилжихээс өмнө баримтаар гаргаж өгсөн хохирлыг төлж барагдуулна. Хэргийг хялбаржуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. ...” /хх 69-71/ гэх мэдүүлгүүд,

“...А.Э-ийн биед зүүн нүдний доод зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 10673 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 48-49/,

гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 15-16/, насанд хүрээгүй хохирогч А.Э-ийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 50-51/, шүүгдэгч А.З-ын нас тоолсон тэмдэглэл /хх 74/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч А.З нь хардалтын улмаас насанд хүрээгүй хохирогч А.Э-тэй маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний доод зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт цээж, зүүн бугалгад зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.З-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Х.Б-ийн “...шүүгдэгч А.З-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж, уг торгох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээ олгогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт ба дээрх хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал бөгөөд шүүгдэгч А.З-ын нийтэд тустай ажил хийлгэх ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар өмгөөлөгч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин, шүүгдэгч А.З нь ............... сургуульд суралцдаг, ................. ХХК-д ажиллаж байгаа зэрэг түүний хувийн байдал, гэмт хэрэг хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ буюу гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах хор уршгийн төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг өөрчилж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт, мөн 2, 3, 5 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/758 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг хуульд заасан хугацаанд буюу 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэж,

5 дахь заалтын “Шүүгдэгч А.З-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэснийг “Шүүгдэгч А.З-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар “Шүүгдэгч А.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Х.Б-ийн гаргасан ялаас чөлөөлүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ