Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 09

 

 

Б.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэртэй,

Б.Чийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, тушаал хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Зын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 7 дугаар сард Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын сул орон тоонд хууль, журмын дагуу ажилд орсон. Ажилдаа идэвхи санаачлагатай сайн ажиллаж,  2018 онд манай хамт олон улсад 1 дүгээр байр эзэлж байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б томилогдож ажиллах болсон. Ажил авснаасаа хойш 2 удаа намайг өрөөндөө дуудаж “ажлаа өг, улс төрийн шийдвэр гарга, хамтарч ажиллахгүй,  өргөдлөө бичээд өгчих” гэх мэтээр ажлын байрны дарамтыг удаа дараа үзүүлж байсан. Би төрийн үйлчилгээний албан хаагч учир надад нам, улс төрийн шийдвэр гаргах шаардлага байхгүй гэж хэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь улсын байцаагчийн актын тухай ярьж байна. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Батбаяр гэх залуу дотоод хяналт аудитын албаны дарга болсон. Ингээд тэр залууд Засаг даргын тамгын газрын дарга Б.Ч-г ажлаас нь халж болохоор шалтгаан олж ир гэж үүрэг өгсөн юм байна лээ. Тэр үүргийн дагуу тэр залуу надтай холбоотой асуудлуудыг нэлээдгүй шалгасан. Миний дүү “Үүрэг нуурын богч” ХХК-ийг 2018 онд байгуулсан юм байна. Би энэ талаар мэдээгүй. Гэхдээ дүүгийн маань компани хууль журмын дагуу нээлттэй тендер шалгаруулалтад ороод үйл ажиллагаагаа хууль журмын дагуу явуулдаг компани байгаа юм. Би дүүгийнхээ компанийн ажилд оролцдоггүй. Харин 2016 онд Г.Б нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2 ширхэг Ланд круйзер 80 маркийн автомашиныг төрийн өмчийн ямар ч шийдвэргүйгээр тэтгэвэрт гарсан 2 жолоочид өгөөд тэтгэвэрт нь гаргасан. Тэгээд Увс аймгийн Засаг дарга, түүний ажлын алба хуралдаад шинээр 2 машин авсан. Тэр хоёр машиныг хүлээж авсан аймгийн Засаг даргын тушаал байдаг юм. Би тэр ажилд оролцоогүй. Учир нь миний дүү найзтайгаа хамтарч тендерт нь оролцоод ялаад тэр хоёр машиныг нийлүүлсэн юм. Тэр хоёр машин нь Тамгын газарт ашиглагдаад явж байгаа. Аудитын шалгалтаар надад тавьсан 2.000.000 төгрөгийн актын тухайд 2 жилд нэг удаа нийтлэг үйлчилгээний албадуудаас шилдгийг шалгаруулж шагнал урамшуулал олгодог бөгөөд манай алба хоёр жил дараалан хоёрдугаар байранд орсон. Үүний үр дүнд намайг 2.000.000 төгрөгөөр шагнасан. Намайг шагнасан тушаал шийдвэр нь ч байгаа. Надад 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Би хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан. Иймд 2021 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүйд тооцож, намайг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Чийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б-г хариуцагчаар татаж, 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэл, тайлбараар эс зөвшөөрч байна. Үүнд: Б.Ч нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ 2 удаа өрөөндөө дуудаж “Ажлаа өг, улс төрийн шийдвэр гарга, хамтарч ажиллахгүй, өргөдөл бичиж өг гэх мэтээр ажлын байрны дарамтыг удаа дараа үзүүлж байсан” гэж дурджээ. Хариуцагч миний хувьд ямар нэгэн ажлын байрны дарамт шахалтыг Б.Чид үзүүлж байгаагүй. 4 жилийн хугацаанд ажиллахдаа байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргаж байсан нь Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн гаргасан 2020 оны 34/03 дугаар тэмдэглэлээр тогтоож, албан бичгээр ирүүлснийг нэхэмжлэгчид танилцуулахад дарамт шахалт, сүрдүүлгийг надад 2 ч удаа үзүүлсэн хүн нь нэхэмжлэгч өөрөө юм. Энэ нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.8.11-д заасан заалтыг ноцтой зөрчил гаргасанд тооцогдож байгаа юм. Энэ талаар аудио дуу хураагуурт хураагдсан бичлэг байгаа болно. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.1, 2.1.7-д заалтыг зөрчсөнөө гаргасан үйлдлээрээ батлан харуулж, ёс зүйн зөвлөлөөр орж хариуцлага хүлээсэн. Ингэж гүтгэсэн үйлдлийг нь тогтоолгохоор холбогдох газар нь хандаж байгаа болно. Ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан нь түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдож байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь ажил олгогчийн хувьд хууль, журмын хүрээнд гаргах ёстой шийдвэр гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч болон Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б нарын хоорондын харилцааны асуудлын талаар би мэдэхгүй байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Чийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Байгууллагын дотоод журмын 9.3.3, 9.3.13 дахь хэсгийг баримтлан тушаал гаргасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т:  Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээний 9.3.13-т: Ёс зүйн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан бол ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор заасан байдаг юм. Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайхан өөрийн үүрэгт ажлыг хүлээлгэн өгөхөөс өмнө Засаг даргын зөвлөлийн гишүүдэд 2 удаа мөнгө өгсөн байсан. Гэтэл Б.Ч нь зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд байдаггүй хэрнээ тэр мөнгөнөөс 2.000.000 төгрөг авсан байгаа. Ингээд энэ асуудалд улсын байцаагчийн акт тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь уг акттай танилцахаас татгалзсанаас гадна уг мөнгийг төлөлгүй ёс зүйн зөрчил гаргасан. Мөн тэрээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б-г “хөгшин төгцөг” гэж хэлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Энэ нь мөн л ёс зүйн зөрчил болсон учир түүнийг удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн байгаа. Мөн нэхэмжлэгч Б.Ч нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын жолооч н.Сүхтулга гэх хүнийг олон хүний нүдэн дээр зодож боож унагасан байдаг. Энэ мэтээр удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж байгаа нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д : Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол түүнийг ажлаас чөлөөлөхөөр заасан байдаг. Тендер шалгаруулалтаар худалдаж авсан машиныг үзэж шалгаж авах нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын үүрэг байгаа юм. Гэтэл Б.Ч нь одоог хүртэл тендер шалгаруулалтаар авсан машинуудын бичиг баримтуудыг хүлээн аваагүй. Үүнээс шалтгаалаад 2010 онд үйлдвэрлэгдсэн машин авах ёстой тендер шалгаруулалтаас 2006 онд үйлдвэрлэгдсэн машин авсан байсан зэрэг асуудлууд үүсээд байгаа юм. Үүнээс үзэхэд Б.Ч нь албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй болох нь харагдаж байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Чийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэл бүхий байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тоот Б.Чийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Чийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т: ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Б.Ч нь ажиллаж байх хугацаандаа байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргаж байсан нь Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн гаргасан 2020 оны 34/03 дугаар тэмдэглэлээр тогтоогдож, мөн тэрээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг “хөгшин төгцөг" гэж хэлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ нь мөн л байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.1, 2.1.7, 3.1.7.ё.-д заалтыг зөрчсөнөө гаргасан үйлдлээрээ батлан харуулж, ёс зүйн зөвлөлөөр орж хариуцлага хүлээсэн.

Анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "...сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг тул Б.Чид байгууллагын ёс зүйн зөвлөл хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй " гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжпэгчийн сахилгын давтан зөрчил гаргасныг үл харгалзан сахилгын зөрчилд байгууллагын ёс зүйн зөвлөл хариуцлага хүлээлгэсэн байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан байна гэж үзсэн.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2.-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 1.1-т "... үйлчилгээний албан хаагч (цаашид "төрийн албан хаагч" гэх)-ийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, мөн дүрмийн 6.1-т "...Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл (цаашид "Ёс зүйн зөвлөл" гэх) ...үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана" гэж заасан тул нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчилд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн зөвлөл хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” , тус хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т: "Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж тусгана” гэж заасан. Гэвч анхан шатны шүүх нь Б.Чид байгууллагын ёс зүйн зөвлөл хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэж шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, заалтыг шүүхийн шийдвэрт тодорхой заагаагүй байна.

Анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хэдийгээр актын хавсралтад Ч-ийг 2.000.000 төгрөг нөхөн төлөх талаар дурдсан боловч, Увс аймгийн Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 тоот захирамжийг гаргаж, урамшуулал олгохдоо холбогдох хууль, сайдын тушаал зөрчсөн талаар бичигджээ...Б.Ч аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах комиссын бүрэлдэхүүнд ажилладаг эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна." гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т "Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг...шүүх бүрдүүлнэ", тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т "Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" үүрэгтэй гэж хуульчилсан. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч нь Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны 34/05/01 тоот буруу олгосон мөнгөн урамшууллыг нөхөн төлүүлэх тухай актын хавсралтад дурьдсан 2.000.000 төгрөгийг нөхөн төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тайлбараа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх хуулийн зохицуулалттай.

Гэтэл Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Б.Ч аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах комиссын бүрэлдэхүүнд ажилладаг эсэх талаархи баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул тус шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шийдвэрийг алдагдуулсан гэж үзэж гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Б.Ч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Болор-Эрдэнэд бүдүүлэг зан авир гаргаж, зүй бус үг хэллэг хэрэглэж төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан тул уучлалт гуйх ёс зүйн хариуцлага хүлээлгэсүгэй” гэж бичигдсэн байдаг. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг. Гэтэл энэхүү тогтоолоос харахад байгууллагын ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэсэн байна. Өөрөөр хэлбэл Б.Чийг ажилд томилох тушаал гаргаж байгаа ажил олгогч буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга өөрөө хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ажил олгогч биш харин байгууллагын ёс зүйн зөвлөл нь хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль бус байна гэж шүүх тайлбарлаж дүгнэсэн гэж ойлгож байгаа.

Б.Ч нь төрийн үйлчилгээний албан тушаалтан тул түүнийг ажилд авах, ажлаас халах тушаалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гаргаж байгаа боловч ажил олгогч нь түр албан тушаалтан юм. Төрийн албаны тухай хууль шинжлэн батлагдсантай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталсан. Уг дүрмийн 1.1 дэх хэсэгт үйлчилгээний албан хаагч нь цаашид төрийн албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон мэргэшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн хуулийн этгээдийн гомдол мэдээллийг хянан шалгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг. Уг дүрмийн 6.1 дэх хэсэгт Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх асуудлаар эцэслэн дүгнэж шийдвэр гаргах эрх бүхий төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл нь үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана гэж зааж өгсөн байдаг. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн албаны салбар зөвлөлийн ёс зүйн зөвлөл нь Б.Чид сахилгын арга хэмжээ авч байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлнэ” гэж дурдсан байдаг. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Чид сахилгын хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг үндэслэлээр ямар хуулийн ямар зүйл заалтыг баримталж байгааг тайлбарлах ёстой гэж үзэж байна. Тайлбарлаж байж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим хангагдаж байх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсгийг хангаагүй байна гэж үзэж байна. Санхүүгийн хяналт аудитын улсын байцаагч У.Улаанхүүгийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ирүүлсэн 2/1882 дугаар албан тоотын дагуу хийсэн хяналт шалгалтын тэмдэглэл дээр “Үүрэг нуурын богч” ХХК болон Б.Чийн талаар бичсэн байна. Гэхдээ Б.Ч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах комиссын бүрэлдэхүүнд ажилладаг эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн. Б.Чийг анх ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хариуцдаг этгээд ажил олгогчийн итгэлийн алдсан гэдэг заалтыг үндэслэн ажлаас халсан байдаг.

Б.Чид Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн явуулсан шалгалтын тэмдэглэлийг танилцуулсан, мөн Б.Чид 2.000.000 төгрөгийн акт тавьсан материалыг танилцуулсан тул эдгээр үндэслэлүүдээр ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ өөрөө сайн мэдэж байгаа тул өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах учир өөрт холбогдолтой материалуудыг цуглуулж өгөх ёстой байсан. Анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Б.Чидэддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Миний хувьд өөрийн ажлаа хэвийн хийгээд явж байтал 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б намайг өрөөндөө дуудаж уулзаад “Чамд хийх ажил байхгүй тул ажлаа өгөөд гэр рүүгээ яв. Би чамтай улс төрийн хариуцлага тооцно. Ард түмэн чамтай улс төрийн хариуцлага тооцож зайлуул гэж намайг энэ албан тушаалд томилсон тул чи гарч зайл” гэж хэлсэн. Би хариуд нь “Энэ бол төрийн алба шүү дээ. Улс төрийн хариуцлага тооцно гэж хэлсэн үгийг гайхаж байна” гэж хэлээд явсан. 2020 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б намайг дахин дуудаад “Чи ажлаа өгөхгүй бол хүчээр ажлыг чинь авна шүү” гэх мэтээр хэл амаар доромжилсон.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Батбаяр гэх залуу дотоод хяналт аудитын албаны дарга болсон юм. Ингээд тэр залууд Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б “Б.Чийг ажлаас нь халж болохоор шалтгаан олж ир” гэж үүрэг өгсөн байсан. Тэр үүргийн дагуу Д.Батбаяр надтай холбоотой асуудлуудыг нэлээдгүй шалгасан. Миний дүү “Үүрэг нуурын богч” ХХК-ийг 2018 онд байгуулсан юм байна. Би энэ талаар мэдээгүй. Гэхдээ дүүгийн маань компани хууль журмын дагуу нээлттэй тендер шалгаруулалтад ороод үйл ажиллагаагаа хууль журмын дагуу явуулдаг компани байгаа юм. Би дүүгийнхээ компанийн ажилд оролцдоггүй ба уг компанид миний мөнгө төгрөг байхгүй.

Би Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлд гомдол гаргасан учир гомдлын дагуу Г.Б даргад сануулах арга хэмжээ авсан байдаг. Г.Б дарга намайг гомдол гаргасныг мэдээд өөрөө гарын үсэг зураад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Нармандахаар гомдол гаргуулсан ба бичлэг хавсаргуулсан байсан. Уг бичлэгийг би мэдээгүй. Нармандахаар хууль бусаар хийлгэж, дараа нь өөрөө гаргаж өгсөн байдаг. Уг гомдлын дараа Ёс зүйн хорооны хурлаар би орсон. Г.Б дарга намайг удаа дараа хэл амаар доромжилж ажил хийлгэхгүй байсан учир аймгийн Засаг дарга Ч.Чэд гомдол гаргасан. Дараа нь Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргатал хариуд нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон Г.Б нь хууль бус шийдвэрээр томилогдсон байна гэсэн хариу албан тоот ирсэн байдаг.

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б намайг өрөөндөө дуудсан бөгөөд би яваад очтол хууль зүйн хэлтсийн ажилтан Нармандах, хүний нөөцийн бодлого хариуцсан ажилтан Нямгэрэл нар Г.Б даргатай хамт байсан бөгөөд надад мэдэгдэл гардуулсан. Би маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын ёс зүйн хороонд гомдол гаргасан. Уг гомдлын дагуу байгууллагын ёс зүйн хорооноос Г.Б даргаас уучлалт гуй гэсэн шийдвэр гарсан тул маргааш өглөө нь 08 цагт ажлын өрөөнд нь орж бөхийж байгаад уучлалт гуйсан боловч “хулгайч минь гарч зайл” гэж хэлсэн. Дараа нь хүний нөөцийн дарга Нямгэрэлийг дагуулж орж ирээд уучлалт гуйсан байдаг.

Төрийн аудитын газрын аудитор Батбаяр, Улаанхүү, Баярмаа нар “Үүрэг нуурын богч” ХХК-тай холбоотой асуудлаар намайг олон удаа шалгасан боловч ямар нэг юм гарахгүй болохоор нь 2.000.000 төгрөгийн асуудлаар акт тавина гэж хэлсэн. Би уг 2.000.000 төгрөгийг авна гэж аваагүй болохоор намайг шагнасан хүмүүс энэ асуудалд тайлбар өгөх байхаа гэдгийг тухайн үед хэлж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч Б.Ч нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Увс аймгийн засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан Б.Чийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тушаалаар “...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.3, 9.3.13-д заасныг зөрчсөн “ гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д: ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д “ мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульчилсан байна.

        Хэрэгт авагдсан, ажил олгогч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга С.Б, ажилтан Б.Ч нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 9.3.3 дахь хэсэгт ”ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн”, 9.3.13-д “ёс зүйн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан нь баримтаар нотлогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ноцтой зөрчил”-д тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлах”-аар заажээ.

          Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан “ гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлд  тусгасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдоогүй байна.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “ нэхэмжлэгчийг ажлын байранд зөв боловсон харьцааг эрхэмлээгүй, ёс суртахуунгүй авир гаргаж, ёс зүйн зөрчил гаргасан гэх тайлбарыг гаргаж, шүүхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын ёс зүйн зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01  дүгээр тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч Б.Чийн хариуцагч Г.Бтэй бүдүүлэг зан авир гарган зүй бус үг хэллэг хэрэглэн харьцаж төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн зөвлөлийн гишүүдийн 01 дүгээр тогтоолоор уучлалт гуйх ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн байх боловч тэрээр ёс зүйн зөрчил давтан гаргасан нь нотлох баримтаар нотлогдоогүй байх  тул түүнийг хөдөлмөрийн гэрээний 9.3.13-д заасан “ ёс зүйн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан” гэж үзэх үндэслэлгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 9.3.3-д заасан ноцтой зөрчилд тооцогдох үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй байна.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д  “ мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэрэг этгээд хамаарна.

Гэтэл нэхэмжлэгчийн  ажлын байрны тодорхойлолтод зааснаар тэрээр  аймгийн Засаг даргын тамгын газрын нийт албан хаагчдын албан үүргээ хэвийн явуулах нөхцөл баталгааг эд хөрөнгө, ажиллах орчин нөхцөл, аж ахуйн үйлчилгээгээр хангаж, тэдэнд авто тээвэр, бичиг хэрэг, харуул хамгаалалт, дулаан цахилгаан хангамж, цэвэрлэгээ үйлчилгээг сатндартын түвшинд үзүүлэх ажлыг зохион байгуулж, төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий этгээд байна.  

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З нар шүүхэд “Б.Ч нь 4 жилийн хугацаанд ажиллахдаа байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан нь Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн гаргасан 2020 оны 34/03 тэмдэглэлээр тогтоосон” гэх тайлбарыг гаргаж, нотлох баримтаар улсын байцаагчийн хяналт шалгалтын тэмдэглэл гэх баримтыг ирүүлсэн байх ба уг тэмдэглэлд Увс аймгийн Засаг даргын тамгын газар  “Үүрэг нуурын богч” ХХК-аас тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааны явцад гарсан зөрчлийн талаар тусгасан байна. Уг хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал нь нэхэмжлэгч Б.Чийн эрхлэх ажлын хүрээнд хамааралгүй буюу түүний үйлдэлтэй холбоотой гэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн нэхэмжлэгч нь автомашин болон техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагаанд оролцож тодорхой үүрэг хүлээсэн талаархи баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.  

Иймд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр  Б.Чийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын үүрэгт ажлаас  чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих  үндэслэлтэй гэж дүгнэв.

         Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох, холбогдох баримтуудыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, нотлох  үүрэгтэй талаар танилцуулсан баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АЛТАН

ШҮҮГЧ                                               Н.МӨНХЖАРГАЛ

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН