2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02949

 

 

 

 

 

 

 

 

 

2025  04   08  191/ШШ2025/02949

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, ..., .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг,  дүгээр хороолол, дугаар хороо,  байр,  тоот хаягт оршин суух, .... овогт Дарын Уа /РД:..../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг,  дүгээр хороо,  .... төвийн байранд байрлах, ....ХК /РД:...../-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, үр дүнгийн болон 13 дахь сарын цалингийн урамшуулал гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Уа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Х.Э

Гэрч Д.А

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Уа нь хариуцагч ....ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

Миний бие 2018 оноос ....ХК-д зөвлөх, ахлах мэргэжилтэн, менежер, геологи уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга, уул уурхай технологийн газрын дарга зэрэг албан тушаалуудад үе шаттайтайгаар дэвшин, эрхэлсэн ажилдаа идэвхи санаачилга, хариуцлагатай байж аливаа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргалгүй хамт олны дунд нэр хүндтэй хичээнгүй ажиллаж тасралтгүй 5 жилийн хугацаанд хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж ирсэн.

....ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...дугаар тушаалаар 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, ....ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг тус тус үндэслэн намайг Уул уурхай, технологийн газрын даргын үүрэгт ажлаас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсан болно.

Миний бие ... ХК-д ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд ажил олгогч талаас зөрчлийг шалган тогтоосон ямар нэг хяналт шалгалтын дүгнэлт, акт гараагүй, надад танилцуулсан зүйл байхгүй тул ...дугаар тушаалын үндэслэлд дурдсан ...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан... гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй.

Цар тахал, Дэлхийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдалд улсын нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдол бүхий стратегийн ордыг үр ашигтай ашиглаж, уурхайн олборлолтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж, нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг нэмэгдүүлэх, гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэх чиглэлээр миний бие өнгөрсөн хугацаанд бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж ирсэн бөгөөд цаашид төрөөс дэвшүүлсэн зорилтод ажлуудыг бодит болгоход өөрийн туршлага, мэдлэг ур чадвараа харамгүй дайчлан зүтгэж эхлүүлсэн ажил, төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Миний бие ажиллах хугацаандаа .... ордын үнэ цэнийг өсөн нэмэгдүүлэх, улс эх орны эдийн засагт бодит хэмнэлт гаргахуйц томоохон ажлуудыг санаачлан хэрэгжилтийг хангаж ирснээс дурдвал:

Анх ажилд томилогдсоны дараа .... ордын орчим орсон их хэмжээний хур борооны улмаас уурхайн зарим хэсэг үерийн усанд автаж уурхайн ашиглалтын үйл ажиллагаа түр хугацаагаар зогсож, багагүй хэмжээний хохирол учруулсан. Энэ төрлийн эрсдэл үүсэхээс сэргийлэх үүднээс ....н нүүрсний ордыг гадаргын усны урсац, хур борооны үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах, усан сан, хөв цөөрмийг байгуулах ажил-ыг анх санаачлан ажилласан. Тус усан сан, хөв цөөрмийн байгууламжуудыг байгуулснаар ....ХК-ийн ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудыг гадаргын үерийн уснаас хамгаалахаас гадна орон нутгийн байгаль орчныг хамгаалах, .... ордын Улаан нуурын усны гүнийг нэмэгдүүлж ууршилтыг багасгах аргаар байгалийн нөхцөлийг сэргээж хамгаалах зэрэг чухал ач холбогдолтой, цогц арга хэмжээ болсон байдаг.

Мөн уурхайн олборлолтын өртгийг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор 2019 онд .... уурхайн хөрсний нэгдүгээр овоолгын тогтворжилт, геотехникийн судалгааны ажлыг санаачлан гүйцэтгэж овоолгын багтаамжийг 30 сая.м.куб-ээр нэмэгдүүлсний үр дүнд 70 гаруй тэрбум төгрөгийн цэвэр хэмнэлтийг гаргасан. Энэхүү геотехникийн судалгааны ажил нь олон улсын стандарт шаардлагыг хангасан тэргүүн туршлага бөгөөд өнөөдрийг хүртэл уурхайн үйл ажиллагаанд мөрдөгдөж байна.

2020 онд Уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц томоохон асуудлуудын нэг болох уурхайн тоосжилтын асуудлыг хөндөж, тоосжилтыг бууруулах зорилгоор холбогдох судалгааны ажлыг санаачлан хэрэгжүүлэн, тоос дарах туршилтын ажлыг хийж гүйцэтгэсний үр дүнд замын гадаргуугаас хэт нарийн тоос үүсэх байдал эрс буурсан, тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсний дараа агаарт харьцангуй урт хугацаанд тогтож үлддэг хэт нарийн ширхэгтэй тоосны хэмжээ багассан зэрэг бодит үр дүн, дүгнэлт гарсан бөгөөд тус аргыг хэрэглэн уурхайн тоосжилтын хэмжээг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулж чадсан.

.... ордыг цогцоор нь хөгжүүлэх ажлын хүрээнд 2020 онд ....н ордын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэх ажилд оролцон Монгол Улсын засгийн газраар батлуулан ажилласан. Уурхайн нүүрс олборлолт, борлуулалт, нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр замын тээврийн хэрэгсэлд ачилт хийх нэгдсэн төв, үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлуудыг бодитоор хэрэгжүүлж Монгол Улсын Засгийн Газар, Улсын Их Хурлаас дэвшүүлсэн ....н орд газрыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн цогцолбор, парк байгуулах, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилтуудын хүрээнд бүтээн байгуулалтад шаардагдах газрын асуудлыг аймаг, сум орон нутгийн төр захиргааны байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.

Уурхайн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр тээвэрлэлтийн зай нэмэгдэж үүнээс шууд хамааралтайгаар өсөн нэмэгдэх олборлолтын өртгийг бууруулахаар ...., Зүүн уурхайн нүүрс, хөрсний тээвэрт орчин үеийн дэвшилтэт техник, технологи болох Авто конвейерийн хосолсон тээвэр бүхий мөчлөг-урсгал технологи-ийг нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Авто-конвейерийн хосолсон тээвэр бүхий мөчлөг-урсгал технологи нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг санаачлан хэрэгжүүлж өдгөө эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон зэрэг томоохон ажлуудыг санаачлан хийж гүйцэтгэсэн байдаг.

Иймээс Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан ... гэх үндэслэлгүй шалтгаанаар ...дүгээр тушаалыг гаргаж, үүрэгт ажлаас чөлөөлсөн үйлдэл нь миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Хариуцагч талаас тушаалын үндэслэл болох ...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан ... гэдгийг хожим шүүхэд тайлбар өгөхдөө Э ХХК, Х түншлэл, Б ХХК, У ХХК-ийн хамтарсан гэрээнүүдтэй холбоотойгоор тайлбарласан нь үндэслэлгүй.

Э ХХК, ....ХК-ийн хайгуулын ажил дээр олон жил орсон туршлагатай компани байсан ба шалгараад гэрээ байгуулагдсан. Э ХХК-иас хайгуулын ажил үнэн, зөв явахын тулд чөмгөн дээжийг тээвэрлэж ирэхэд механик гэмтэл буюу тээвэрлэх явцад гэмтэл гараад, доргилт үүсвэл геотехникийн судалгааны ажил үр дүнгүй болох учир бид нар тэнд маш том хэмжээний сэндвичээр том барилга байгууламж барина, энэ барилга байгууламждаа лаборатори ажиллуулж, өвлийн улиралд өрөмдлөг хийх олон хүч ажиллуулах учраас урьдчилж гарах зардлаа та бүхнээс нэхэмжилье гэсэн. Тендерийн тухай хуулиараа явсан буюу төрийн нууцад хамаараагүй байсан бол урьдчилгаа төлбөрийн баталгаа авах нь зөв байдаг. Тендерийн тухай хуулиар яваагүй, төрийн нууцтай холбож явсан учраас бид шууд татгалзаагүй. Ажил дууссаны дараа 20,9 тэрбум төгрөгөөр барьж байгаа барилга байгууламжаа ....ХК-д үнэ төлбөргүй нь өгвөл урьдчилгаа төлбөр өгнө гэдэг ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Урьдчилгаа төлбөрийг өгөөгүй байсан компани өөрсдөө санхүүжилтээ шийдээд өрөмдлөг хайгуулын ажлаа хийлээ гэхэд тэнд баригдсан барилга байгууламж тухайн компанийн өмч болоод үлдэх байсан. 20,9 тэрбум төгрөгийг ирээдүйд ....ХК өөрсдөө авч үлдэх боломж харагдсан учраас урьдчилгаа төлбөрийг нь өгье гэдэг ийм шийдвэр ажлын хэсгээс гарсан. Энэ урьдчилгаа төлбөр өгч байгаа асуудал ямар ч хууль зөрчөөгүй, Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т хамаарагдахгүй байсан. Энэ гэрээг зөвхөн би байгуулаагүй ... ХК-ийн холбогдох хууль хяналт бүх дарга нар гарын үсэг зураад, танилцаад гэрээ байгуулагдсан. Уул уурхайн хэлтсийн дарга нь санхүү мөнгө олгоход гарын үсэг зурдаггүй, тийм эрх олгогдоогүй зөвхөн гэрээний дагуу нэхэмжлэхийг нь холбогдох санхүүгийн газар нь өгсөн. Үүнд намайг шууд буруутгаж 20,9 тэрбум төгрөгийг авсан мэтээр харлуулсан.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга нь худалдан авалтын тухай хуульд хамаарахгүй төрийн нууцад орчихсон ажлыг худалдан авалтын тухай хуулиараа тайлбарлаад бид нарыг хэвлэл мэдээлэл, олон нийтээр гүтгэж, харлуулж байсан.

Х түншлэлтэй холбоотой асуудлын талаар ярьж байна. ......газарт намайг гэрчээр дуудаж, яагаад т тоног төхөөрөмжид гал унтраах автомат систем байхгүй байгаа юм бэ? яагаад дугуй нь тендер дээр заасан шаардлага хангахгүй байгаа юм бэ? яагаад ийм техник хүлээгээд авчихсан юм бэ? гэж намайг байцаасан. Би техник хүлээж аваагүй, ажлын хэсэг томилоод хил дээр байсан машинууд дээр нь очоод шалгалт хийсэн байгаа юм. Галын систем гэдэг нь Монгол Улсад орж ирээд талбай дээр зогсоож байгаад бүгдийг нь тендерийн дагуу бэлтгэж өгөх ёстой. Тэр систем нь цаанаасаа үйлдвэрийн систем биш. Бид нар нэмж гал гарахад өөрийгөө унтраах автоматыг нь тоноглосон байна, камержуулсан байна, жолоочийг зүүрмэглэхэд нь дохиолол өгдөг тал дээр нарийн зааж өгсөн. Гэтэл тоног төхөөрөмжийг хил дээр байхад нь шалгаж, шалгаруулсан компани нь шаардлага хангаагүй байхад шалгаруулсан байна гэсэн.

 

Борооны үер болоход уурхайн ханын овоолгоор ус нэвчээд нуранги үүсэх өндөр эрсдэлтэй. Би өөрөө зохион байгуулж үерийн уснаас хамгаалах, нурахаас сэргийлэх, техник тоног төхөөрөмж хүний амь насыг хамгаалах судалгааны ажил хийж байсан. Шинжлэх Ухаан Технологийн сургуулийн геотехникээр доктор хамгаалсан н.Ганзориг багштай хамтарч уурхайд овоолгыг өндөрсгөх, нуралтаас хамгаалах технологийн шийдэл хайж геотехникийн судалгааны ажлыг цуг хийж ирсэн. Геотехникийн судалгааны ажлын үр дүнд Сангийн баруун уурхайн Оросын холбооны улсын тухайн үед хийж байсан судалгааг орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хийж уурхайн овоолгыг 40 м-ээр өндөрлөж энэ хүрээнд улсад 70,000,000,000 төгрөг хэмнэгдсэн байдаг.

Өнөөдөр намайг буруутгаад байгаа хөв цөөрөм нь том нуур болж 5 сая.м.куб ус хуримтлагдсан. ....ХК сүүлийн 2 жил гүний ус ашиглахгүйгээр уурхайн технологийн усаар техникийнхээ тоосыг дарж байна. Б ХХК гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулах үед би зуны ээлжийн амралттай байсан. Энэ компанитай нүүр тулж гэрээ байгуулж чадаагүй. Гэтэл нэмэлт гэрээний асуудал гараад ирсэн. Нэмэлт ажил хийлгэ гэдгийг хэн үүрэг даалгавар өгсөн юм бэ? яагаад шууд гэрээ байгуулахгүйгээр хийсэн юм, хожим 633,028,090 төгрөгийг яагаад ....ХК-иас нэхээд байгаа гэх үйл баримт энэ хавтаст хэрэг дотор байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэмэлт гэрээ байгуулахгүйгээр Б ХХК, У ХХК-аар ажил гүйцэтгүүлж, 633,028,090 төгрөгийн төлбөр төлөх эрсдэлийг компанид үүсгэсэн нөхцөл байдал тогтоогүй гэж үзнэ.

Түүнчлэн намайг ажлаас халсан тушаалын үндэслэл болсон хууль тогтоомж нь Үндсэн хууль зөрчсөн.

Хариуцагч ....ХК-аас миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөний улмаас авах ёстой байсан цалин хөлс, үр дүнгийн урамшууллаа авч чадаагүй.

....ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн нийт ажилтнуудад ....ХК-ийн хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-т Жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн 1 улиралд олгоно гэж заасны дагуу компанийн дундаж цалинг 2,712,745.4 төгрөгөөр тооцож, ажилтнуудад 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал болох 16,276,472 төгрөг

2023 оны 7 дугаар сард нийт ажилтнуудад компанийн дундаж цалинг 2,850,000 төгрөгөөр тооцож, ажилтнуудад 4 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал болох 11,046,363 төгрөг,

2023 оны 12 дугаар сард ажилтнуудад 8 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал болох 21,944,974 төгрөгийг тус тус олгосон.

Иймд авах ёстой байсан үр дүнгийн урамшуулал болох нийт 49,267,809 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Мөн өдөр бүрэн эрхт төлөөлөгч нь ажилтан нарт 13 дахь сарын цалин хөлс урамшууллыг ....ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/241 дугаар тушаалаар батлагдсан Цалин хөлс олгох журам-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгосон байна.

Миний үндсэн цалин хөлс нь компанийн цалингийн сүлжээний G7 дахь хэсэгт заасан 6,812,500 төгрөг бөгөөд дээрх үндсэн цалин хөлсөөр тооцож 13 дахь сарын цалингийн урамшуулалд 13,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Иймд ....ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...дугаар тушаалыг хүчингүй болгож, Уул уурхай, технологийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, үр дүнгийн урамшуулалд 49,267,809 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 13,625,000 төгрөг нийт 62,892,809 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ....ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: 

 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор ....ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон үйл ажиллагаа явуулж байна.

Онцгой дэглэмийн хугацаанд баримтлах хууль тогтоомжийг тус тогтоолын 2 дугаар зүйлд онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх-ийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгаж, 3.1.3.2 дах хэсгээр тухайлсан эрх олгосон.

Өөрөөр хэлбэл, ....ХК-д тогтоосон онцгой дэглэм нь 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулиар тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Д.Уаг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...тоот тушаал хууль зүйн үндэслэл бүхий гарсан болно. Тус тушаалыг Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д заасан компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх... гэсэн Засгийн газраас олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан болно.

Нэхэмжлэгч Д.Уа нь ....ХК-ийн Уул уурхай, технологийн газрын даргаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Э ХХК-тай байгуулсан ....ХК-ийн далд уурхайн бүтээн байгуулалтын хайгуул судалгааны ажлын гэрээ-ний дагуу төлбөрийн баталгаа авалгүйгээр 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 20.9 тэрбум төгрөг /их хэмжээний/-ийг шилжүүлэх компанийн төлбөрийн гүйлгээний баримтад захиалагч нэгжийн даргын хувиар гарын үсэг зурснаар, үүний дагуу Ерөнхий нягтлан бодогч уг төлбөрийн баримтыг Бүрэн эрх төлөөлөгчөөр гарын үсэг зуруулах гэж оролдсон бөгөөд тус үйлдлийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч компанийг санхүүгийн эрсдэлд оруулсан, Э ХХК-д давуу байдал олгосон, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзсэн болно.

....ХК нь тендер шалгаруулалтын үр дүнд ....дугаартай ....н ордын нүүрсний уурхайг гадаргын үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах усан сан, хөв цөөрөм байгуулах ажил гүйцэтгэх гэрээг Б ХХК болон У ХХК-ийн хамтарсан Түншлэлтэй 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан. Тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, нэмэлт гэрээ бүртгэгдээгүй байхад компанийн албан тушаалтнууд эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр Б ХХК-иар гэрээнд тусгагдаагүй Хиймэл нуур үүсгэх ажлыг гүйцэтгүүлж, 633,028,090 төгрөгийн төлбөр төлөх эрсдэлийг компанид үүсгэсэн.

......газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ....ХК-ийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тухай....тоот албан бичгээр Х түншлэлтэй байгуулсан дээрх гэрээнүүд нь тендерийн шаардлагыг хангаагүй буюу тендерийн өгөгдлийн хүснэгт болон холбогдох дүрэм, журам зөрчсөн, мөн ......газраас үзлэг хийхэд техникүүд нь гэрээнд заасан техникийн тодорхойлолтод нийцээгүй нь гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу барааг хүлээн авахаас татгалзах, улмаар гэрээг цуцлах, төлбөрийг төлөхгүй байх үндэслэл үүссэн байх тул ....ХК-ийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, захиалагчийн эрхээ хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, Компанийн эрх бүхий албан тушаалтнууд 2022 онд эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр их хэмжээний үнийн дүн бүхий уулын үндсэн болон туслах техникүүдийг худалдан авах тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тендерийн шаардлага хангахгүй Х түншлэл-ийг сонгон шалгаруулж, .... дугаартай нийт 32.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, түүнчлэн чанар, стандартын шаардлага хангахгүй техник хэрэгсэл байсан болохыг компаниас байгуулсан ажлын хэсэг дүгнэж, компанийг илтэд хохирол учруулсан, үр дүнгүй худалдан авалт болсон болно. Нэхэмжлэгч Д.Уа нь дээрх гэрээнүүдтэй холбоотойгоор ажил үүргийн хувьд захиалагч нэгжийн даргаар ажиллаж Техникийн тодорхойлолтыг боловсруулсан, Үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан үйл баримт хэрэгт авагдсан болно.

....ХК-ийн зүгээс хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг шалгуулахаар тухай бүр ......газарт гомдол мэдээллийг гаргасан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ....тоот албан бичгээр Э ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт ....ХК-ийн Уул уурхай, технологийн газрын даргаар ажиллаж байсан Д.Уа болон нэр бүхий бусад албан тушаалтнуудыг холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, түүнчлэн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 06/7881 тоот албан бичгээр Х түншлэл-тэй холбоотой сонгон шалгаруулсан, гэрээ байгуулсан асуудлаар эрүүгийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллаа явуулж байгаа талаар мэдэгдсэн байдаг.

Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолоор даалгасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй бөгөөд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг таслан зогсоох, албан тушаалтанд хариуцлага тооцох эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнийг Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж заасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам 1.4.5-д Шагнал, урамшуулал гэж ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал, онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал тус тус хамаарна гэж тодорхойлжээ.

Хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин нь шагнал, урамшуулал гэсэн ойлголтод хамаарна.

....ХК-ийн хувьд ажилтанд олгох шагнал, урамшуулалтай холбоотой харилцааг ...... тоот Хамтын гэрээний 3.3.1-т жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгож болохоор тохиролцсон бөгөөд Гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ын 3.1, 3.15-д заасны дагуу компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан Гүйцэтгэх захирлын тушаалаар олгохоор зохицуулсан болно.

Түүнчлэн, ....ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын 1.2-т заасны дагуу компанийн болон нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтот түвшний үзүүлэлт, ажилтан тус бүрийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгоход дагаж мөрдөнө гэж заасан байдаг.

Үүний дагуу, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 тоот тушаалаар ... ....ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, борлуулалтын орлогыг бүрэн биелүүлсэн..... гэсэн зорилтот түвшний үзүүлэлтээр, газар нэгж, ажилтан бүрийн тайлан үнэлэн, ялгавартайгаар 4-6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалин олгохоор шийдвэрлэсэн

Дээрх 2 тушаал гарах үед нэхэмжлэгч Д.Уа нь Уул, уурхай технологийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн (2022.10.31) байсан бөгөөд ....ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын хавсралтаар баталсан Ажилтны ажил дүгнэх заавар-т заасан үзүүлэлтээр холбогдох тайлан, ажлын төлөвлөгөөний биелэлт дүгнэгдээгүй тул түүнд олгохгүй гэж шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Д.Уагийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, ....ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1198 дугаар "Д.Уаг ажилд томилох тухай" тушаалын хуулбар /хх-6/, ....ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...дугаар Д.Уаг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал /хх-7/, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Т-22/02 дугаар ....ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссйн хуралдааны тэмдэглэл /хх-8-9/, Нийслэлийн .... дүүргийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-10/, Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-11/, Цалин хөлсний лавлагаа /2хх-1/, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаар Прокурорын тогтоол /2хх-2-6/,

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ....ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/3212 дугаартай ......газарт хүргүүлсэн албан бичиг /хх21/, ......газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ....дугаартай ....ХК-д ирүүлсэн албан бичиг /хх-22/, News.mn сайтад 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ......газраас Нүүрсний хулгайн хэргээр мэдээлэл хийлгээ гэсэн мэдээ /хх-31-33/, ....ХК болон Э ХХК-ийн хооронд байгуулсан ЭТТ-2022/946 дугаартай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн .... ордын далд уурхайн хайгуул судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт /хх-39-75/, ... ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/70 тоот Э ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-76/, ....ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/2330 дугаар ......газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан дарга ахлах комиссар Б.Бт хүргүүлсэн албан бичиг /хх-77/, ....ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаал /хх-78-79/, МУ-ын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл /хх-102/, МУЗГ-ын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 440 дугаар тогтоол /хх-103/, Б ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23/96 дугаар төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг /хх-104/, нэхэмжлэх /хх-105/, ......газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 06/0202 дугаар ....ХК-ийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тухай албан бичиг /хх-106/, ......газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 06/7881 дугаар албан бичиг /хх-107/, ....ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/47 дугаар тушаалаар байгуулагдсан төслийн удирдлагын багийн дүгнэлт /хх-108-113/, Гэрээ, санамж бичгийн төслийн хяналтын хуудас /хх-114/, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ЭТТ-2022/534 дугаар Экскаватор худалдах, худалдан авах гэрээ, гэрээ, санамж бичгийн төслийн хяналтын хуудас /хх-115-121/, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн _.... дугаар ..... худалдах, худалдан авах гэрээ, гэрээ, санамж бичгийн төслийн хяналтын хуудас /хх-122-128/, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ЭТТ-2022/574 дүгээр ..... худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт /хх-129-159/, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ......-2 дугаар ....ХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ /хх-171-180/, ....ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам /хх-181-185/, ....ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/162 дугаар тушаал, хавсралт /хх-186-191/, ....ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ..... дугаар тушаал /хх-192-193/, МУЗГ-ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол /хх-218/, ....ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1198 дугаар "Д.Уаг ажилд томилох тухай" тушаал /хх-219/, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-220-222/, Ажлын байр тодорхойлолт /хх-223-225/, ....ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/248 дугаар Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх-226-227/, Ажлын байрны санал /хх-228/, ....ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ..... дугаар Д.Уатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал /хх-229/, ....ХК-иас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/2281, 06/2282 дугаар Цогтцэций сумын Засаг даргад хүргүүлсэн албан бичиг /2хх-145-146/, Нууцын баталгаа, Ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /2хх-147-159/, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /2хх-160-161/, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ....дугаар .... ордны нүүрсний уурхайг гадаргын үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах, усан сан, хөв цөөрөм байгуулах ажил гүйцэтгэх гэрээ /3хх-121-123/, ....ХК-ийн нүүсний уурхайг гадаргын үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах сан байгуулах ажлын 2022 онд гүйцэтгэх барилга угсралтын ажлын төсөв /3хх-124-137/,

Гэрээ дүгнэсэн акт /хх-138-139/, .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /3хх-140-143/,

 

5. Хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн журмаар цуглуулсан баримт. Үүнд: Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Их Хурлын чуулганы 12 дугаар тэмдэглэл /2хх-18-75/, хариуцагч ....ХК-аас Хөдөлмөрийн дотоод журам, Дотоод хяналт зохион байгуулах журам, Д.Уагийн 2018 оноос хойш цалингийн хуулга, ....ХК-аас Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалаар Уул уурхай, технологийн газрын даргатай ижил түвшинд үүрэг гүйцэтгэж буй бусад газрын дарга нарт олгосон урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинд хэдэн төгрөг олгосон талаарх тодорхойлолт /2хх-76-100/, /2хх-119-143/, ....аймгийн .... сумын Засаг даргын тодорхойлолт /2хх199/, ....ХК-иас А ХХК-тай байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн .... дугаартай гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ..... дугаартай гэрээ, Булган Майнинг ХХК-тай байгуулсан .... дугаартай гэрээ, МөХХК-тай байгуулсан .... дугаартай гэрээ /2хх-189-198/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Уа нь хариуцагч ....ХК-д холбогдуулан Уул уурхай, технологийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас

2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 6,812,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,

2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр үр дүнгийн урамшуулалд 32,991,337 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 6,812,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт үр дүнгийн урамшуулалд 49,267,809 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 13,625,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагч ....ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотой бүрэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгохдоо Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хуулийг үндэслэж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд нийтлэг баримталдаг хуулийг хэрэглээгүй. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. Ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагатай, хариуцлагатай ажиллаж байсан бөгөөд аливаа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Хариуцагч талаас шүүхэд тайлбар өгөхдөө 3 гэрээний асуудалтай холбон эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй ба уг татгалзал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуульд зааснаар тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол гарч компанид онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгч томилж, байгууллагын зохион байгуулалт бүтцийг оновчтой шинэчлэн тогтоох, шаардлагатай тохиолдолд ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгосон. Уг эрхийн хүрээнд бүрэн эрхт төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Тэрээр удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үүний улмаас компанид хохирол учруулсан гэж маргажээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Д.Уаг ....ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1198 дугаар тушаалаар мөн сарын 20-ны өдрөөс эхлэн Уул уурхай, технологийн газрын даргаар томилон ажиллуулж, ....ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...дугаар тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан захирлын тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэргээр нотлогджээ.

 

4.2 Ажил олгогч ....ХК нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...дугаар тушаал гаргахдаа Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, ....ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Засгийн газраас ....ХК-д Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. /1хх 7/

 

4.3 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалтад Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж,

2 дахь заалтад Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1/.Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох... гэж хуульчилсан бөгөөд өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна.

 

4.4 Дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн, Монгол Улсын Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол гарган, ....ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, тодорхой бүрэн эрхийг олгожээ.

Тогтоолын 3.1 дэх заалтад компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч Д.Уаг ажлаас чөлөөлсөн тушаалын ...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан... гэх үндэслэлийг хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь байдлаар нөхөн тайлбарлав.

 

5.1 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Э ХХК-тай байгуулсан ....ХК-ийн далд уурхайн бүтээн байгуулалтын хайгуул судалгааны ажлын гэрээ-ний дагуу төлбөрийн баталгаа авалгүйгээр 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 20.9 тэрбум төгрөг /их хэмжээний/-ийг шилжүүлэх компанийн төлбөрийн гүйлгээний баримтад Д.Уа нь захиалагч нэгжийн даргын хувиар гарын үсэг зурсан нь компанийг санхүүгийн эрсдэлд оруулсан, Э ХХК-д давуу байдал олгосон, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан

 

5.2 ....ХК-ийн Б ХХК болон У ХХК-ийн хамтарсан түншлэлтэй 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ....дугаартай ....н ордын нүүрсний уурхайг гадаргын үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах усан сан, хөв цөөрөм байгуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, нэмэлт гэрээ бүртгэгдээгүй байхад эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр Б ХХК-иар гэрээнд тусгагдаагүй Хиймэл нуур үүсгэх ажлыг гүйцэтгүүлж, 633,028,090 төгрөгийн төлбөр төлөх эрсдэлийг компанид үүсгэсэн.

 

5.3 Компанийн эрх бүхий албан тушаалтнууд 2022 онд эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр их хэмжээний үнийн дүн бүхий уулын үндсэн болон туслах техникүүдийг худалдан авах тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тендерийн шаардлага хангахгүй Х түншлэл-ийг сонгон шалгаруулж, ЭТТ-2022/534, _...., ЭТТ-2022/574 дугаартай нийт 32.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, түүнчлэн чанар, стандартын шаардлага хангахгүй техник хэрэгсэл байсан болохыг компаниас байгуулсан ажлын хэсэг дүгнэж, компанийг илтэд хохирол учруулсан, үр дүнгүй худалдан авалт болсон болно.

Энэ талаар ......газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ....ХК-ийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тухай....тоот албан бичгээр Х түншлэлтэй байгуулсан гэрээнүүд нь тендерийн шаардлагыг хангаагүй буюу тендерийн өгөгдлийн хүснэгт болон холбогдох дүрэм, журам зөрчсөн, мөн ......газраас үзлэг хийхэд техникүүд нь гэрээнд заасан техникийн тодорхойлолтод нийцээгүй нь гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу барааг хүлээн авахаас татгалзах, улмаар гэрээг цуцлах, төлбөрийг төлөхгүй байх үндэслэл үүссэн байх тул ....ХК-ийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, захиалагчийн эрхээ хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Д.Уа нь дээрх гэрээнүүдтэй холбоотойгоор ажил үүргийн хувьд захиалагч нэгжийн даргаар ажиллаж Техникийн тодорхойлолтыг боловсруулсан, Үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн тайлбар, татгалзлыг эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх үндэслэл тусгагдаагүйгээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Уа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үйл баримт тогтоогдоогүй гэж мэтгэлцсэн.

 

7. Хариуцагч ....ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байхыг БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуульд зохицуулсан, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.

 

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.Уаг ажлаас чөлөөлөх шаардлагатай нөхцөлийг ...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан... гэж тодорхойлсон ба уг нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу тогтоосон байхыг дээрх хуулиар шаардаагүй.

 

Иймд шүүхээс дээрх хариуцагчийн татгалзал, тайлбарт дурдсан үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглээгүй гэх тайлбар үндэслэлгүй ба хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалт, 2 дугаар зүйлийн 1 дэх заалтад нийцсэн байна.

 

8. Нэхэмжлэгч нь ....ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 2023 оны 7 дугаар сард, 2023 оны 12 дугаар сард компанийн нийт ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгосон үндэслэлээр авах ёстой байсан үр дүнгийн урамшуулалд нийт 49,267,809 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 13,625,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

 

8.1 ....ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 3.15-д Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно гэж заажээ. /1хх 181-185/

 

Уг журамд зааснаар ажил олгогч нь компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан ажилтанд 13 дахь сарын шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгох эсэхийг шийдэхээр зохицуулсан тул ажил олгогч нь 13 дахь сарын шагналт цалин, үр дүнгийн урамшууллыг заавал олгох, нөхөн олгох үүрэг хүлээгээгүй гэж үзлээ.

 

8.2 ....ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний хамтын гэрээний 3.3.1-д Жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 /дөрвөөс зургаан/ сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн I улиралд олгоно гэжээ. /1хх171-179/

....ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журам-ын 3.1-д компанийн ажилтан, нэгжийн удирдлагын ажлын үр дүнг дараах үзүүлэлтээр дүгнэхээр заасан. Үүнд: ажлын төлөвлөгөөний биелэлт, компанийн удирдах ажилтан болон нэгжийн удирдлага, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, идэвхи санаачилга, шинэ санал санаачилга, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, сахилга, хариуцлага гэж заасан ба нэхэмжлэгч Д.Уагийн ажлыг дүгнэсэн болон дээрх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

Энэ талаар хариуцагч талаас Ажилтны ажил дүгнэх заавар-т заасан үзүүлэлтээр холбогдох тайлан, ажлын төлөвлөгөөний биелэлт дүгнэгдээгүй гэж тайлбарлах тул үр дүнгийн урамшууллыг олгох үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752 дугаар тушаалаар ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал, мөн өдрийн А/753 дугаар тушаалаар ажилтнуудад шагналт цалин олгоход нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөж, түүний ажлын тайлан, төлөвлөгөөний биелэлт дүгнэгдээгүй байх тул үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

9. Дээрх бүгдээс дүгнэвэл, хариуцагч ....ХК-д холбогдох нэхэмжлэгч Д.Уагийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, үр дүнгийн урамшуулалд 49,267,809 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 13,625,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэгч Д.Уагийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 он/ хуулийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, үр дүнгийн урамшуулалд 49,267,809 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 13,625,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Уагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Д.Уагийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ