| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2025/00027/И |
| Дугаар | 197/ШШ2025/05648 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/05648
| 2025 05 06 | 197/ШШ2025/05648 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Бажуун овогт Батмөнхийн Мөнхгал /РД:***/,
Хариуцагч: *** байрлах, О ХХК /РД:***/,
Нэхэмжлэлийн шаардлага: Цалин хөлс 10,398,616.86 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.М нь О ХХК-д өрмийн оператораар ажиллаж, сард 1,059 ам.долларын үндсэн цалинтай, 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болох нь зохигчийн хооронд байгуулагдсан 2014.10.09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2022.02.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт зэрэг баримтаар тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч нь 2024 оны 5 сард илүү ажилласан 44 цагийн нэмэгдэл 2,938,052.04 төгрөг, 2024 оны 6 сард илүү 44 цагийн нэмэгдэл 3,102,755.70 төгрөг, 2024 оны 7 сард илүү ажилласан 56 цагийн нэмэгдэл 4,357,809.12 төгрөг, нийт 10,398,6916.86 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
4. Хариуцагчаас эрх нь зөрчигдсөн гэж мэдсэнээс хойш гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, сард 168 цаг ажиллах байтал 2024 оны 5 сард 156 цаг, 6 сард 156 цаг ажилласан, 7 сард 192 цаг ажилласан тул илүү ажилласан 24 цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1.5 дахин нэмэгдүүлж олгосон гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргав.
5. Нэхэмжлэгч Б.М нь илүү цагийн хөлс олгоогүй талаарх гомдлоо хуульд заасан урьдчилсан шийдвэрлүүлэх журмын дагуу, тогтоосон хугацаанд компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст, дараа нь дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаж хариу авсан, шүүхэд хуульд заасан хугацаанд хандаж нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.6, 154.1.8-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.
6. Нэхэмжлэгч нь уртын ээлжээр буюу 14 хоногийн турш ажил үүрэг гүйцэтгэхдээ өдөрт 12 цагаар ажилласан үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин тухайн 12 цаг ажилласны 4 цагийг нь илүү цаг гэж үзэх эсэхэд зохигч маргалаа.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус заажээ.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 87 дугаар зүйлийн 87.2-т зааснаас үзэхэд ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байхаар хуульчилсан бөгөөд энэ журам ээлжийн ажилтны ажиллах цагийн үргэлжлэлд адил хамаарахаар байх ба ердийн ээлжийн болон уртын ээлжээр ажиллуулах ажлын цагийн үргэлжлэлийг ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу 4 хүртэл цагаар буюу нийт 12 цаг хүртэл цагаар ажиллуулахаар уртасгаж болох бөгөөд энэ тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлс олгохыг хуульд тодорхой тусгасан байна.
9. Уртын ээлжийн ажилтныг 14 хоног амрааж байгаа нь илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амрааж байгаа гэсэн агуулгагүй тул өдөрт 12 цагаар ажилласны 4 цагийг нь илүү цагаар ажилласан гэж үзнэ.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж зааснаар ажил олгогч нь дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.
11. Нэхэмжлэгч нь 2024 оны 5 сард 44 цаг, 2024 оны 6 сард 44 цаг, 2024 оны 7 сард 80 цаг илүү цагаар ажилласан байна.
12. О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 72 дугаар тушаалаар баталсан ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ийн 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заажээ.
13. Хөдөлмөрийн гэрээ, дээрх журам, Хамтын гэрээ зэргээр нэхэмжлэгч нь сард 168 цаг ажиллаж 1,059 ам.долларын цалин авахаар тохиролцсоны дагуу хариуцагч нь цалин хөлсийг бодож олгосон байх тул 5 сарын 44 цаг, 6 сарын 44 цаг, 7 сарын 56 цагийн хөлсийг 1 хувиар тооцож олгосон байна гэж үзэж, дутуу олгосон 0.5 хувийн нэмэгдлийг тооцон гаргуулах үндэслэлтэй байна.
14. Нэхэмжлэгч 5 сарын 1 цагийн хөлсийг 44,515.94 төгрөг, 6 сарын 1 цагийн хөлсийг 47,011.45 төгрөг, 7 сарын 1 цагийн хөлсийг 51,878,68 төгрөгөөр тооцсоныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.
15. Иймд 2024 оны 5 сарын илүү цагийн хөлсөнд 44 цаг х 44,515.94 төг х 0.5 = 979,350.68 төгрөг, 2024 оны 6 сарын илүү цагийн хөлсөнд 44 цаг х 47,011.45 төг х 0.5 = 1,034,251.90 төгрөг, 2024 оны 7 сарын илүү цагийн хөлсөнд 56 цаг х 51,878.68 төг х 0.5 = 1,452,603.04 төгрөг, нийт 3,466,205.62 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,932,411.24 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 3,466,205.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,932,411.24 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 68,243.08 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ