Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

                                                                                    2024/ДШМ/02

 

 

 

           Ш.Б, Д.Б нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

           

            Прокурор                                                                    А.А

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Г.Э

            Шүүгдэгч                                                                   Д.Б           

            Нарийн бичгийн дарга                                              Д.О нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б, Ш.Б нарт холбогдох 2112001880176 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Дгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 00,00 хүүгийн хамт А аймгийн Ц сумын Т баг Н 0-00 тоотод оршин суух хаягтай, урьд Х аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1992 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Дгийн Б /РД:/,

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Х аймгийн М суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр 0 хүүхдийн хамт У хот Х дүүргийн 00 дугаар хороо 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд Х аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1992 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, тусгай ’ ангийн 220 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 240 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1- д зааснаар Ш.Бд энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Х аймгийн шүүхийн 1996 оны 42 дугаар тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 1 сар 27 хоногийн ялын заримыг буюу 4 жилийн хорих ялыг нэмж, бүгд 9 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй,  хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Ш Б /РД:/,

Шүүгдэгч Ш.Б, Д.Б нар нь бүлэглэж А аймгийн Ө сумын Я багийн нутгаас 2021 оны 09 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө хохирогч М.Гийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг Бонго портер загварын 00-0 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 А аймгийн Прокурорын газраас Ш.Б, Д.Б нарт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч И овогт Дгийн Б, Б овогт Ш Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 64 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч асан Ш.Бат-Эрдэнийн эзэмшлийн 00-00 УНЕ улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашиныг хураан улсын орлого болгож, Шүүгдэгч асан Ш.Б нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Г нь бусад учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарт шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Д.Бн гаргасан давж заалдах гомдолдоо... Д.Б би 2023 оны 11 сарын 13-ны өдөр анхан шатны шүүхээр орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ял сонссон биллээ. Иймд энэхүү ялыг иргэн миний эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдал, мөн түүнчлэн хам хэрэгтэн Ш.Б өвчний улмаас нас барж хэрэг нь хэрэгсэхгүй болсон зэргийг үндэслэн хөнгөрүүлэх шалтгаанаар шийдэж өгөхийг давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж байна гэжээ.

          Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 261 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Түүнд оногдуулсан ял нь түүний хувийн байдлыг харгалзсан үзсэн байх. Анх прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гэсэн боловч шүүгдэгч нь оргон зайлсан учир хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн. Түүний үйлдсэн хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан нөхцөл зэргийг харгалзан үзэж хоёр жилийн хорих ял оногдуулсан нь хуувь зүйн хувьд үндэслэлтэй байна. Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд шүүгдэгчийн хүсэлтийг дэмжиж байна. Уг хэргийн үйл явцын тухайд хэлбэл шүүгдэгч нь согтуу байхдаа 2 үхэр хулгайлаад эрүүл болсны дараа өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж үхрүүдээ буцаагаад байсан газарт нь тавих гэж байгаад цагдаад баригдсан байдаг. Хор уршгийн тухайд хохирогчид бодитойгоор учирсан хохирол байхгүй байна. Хоёр үхрээ хохирогч нь буцаагаад авчихсан байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд хэлэхэд гэмтлийн улмаас хоёр хөлийнхөө хуруунуудыг тайруулаад тулах эрхтний үйл ажиллагаа нь хүндээр алдагдсан гэсэн оношоор хугацаагүйгээр группэд байдаг. Мөн өрх толгойлсон эцэг. Шүүгдэгчийн хувьд эхнэр нь нас барсан. 3 хүүхэдтэй. Нэг хүүгийн хувьд тусдаа гарсан. 2 хүүтэйгээ хамт амьдардаг. Х аймгийн Р сумын 1 дүгээр багт харьяалагддаг ийм хүн байна. Хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй болсон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээд ялыг нь хөнгөрүүлэхэд хуульд харшилсан зүйл байхгүй байна гэж харж байна гэв.

Шүүгдэгч Д.Б давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Би  хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Тусдаа гараагүй 2 хүүхэдтэй. Миний биеийн байдал муу,  хоёр хөлийнхөө урд хэсгийг тайруулсан. Мөн элэг бөөр нь өвддөг. Эдгээр нөхцөл байдлыг минь харгалзаж үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Шүүгдэгч Д.Б, Ш.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б, Ш.Б нар нь бүлэглэж А аймгийн Ө сумын Я багийн нутгаас 2021 оны 09 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө хохирогч М.Гийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг Бонго портер загварын 00-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгч Д.Б, Ш.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Ш.Б 2022 оны 11 сарын 09-ний өдөр нас барсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч М.Гэд 2 тооны үхрийг буцаан өгсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, харин түүний шүүхийн шатанд оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулсан байна.

 

 Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч асан Ш.Бат-Эрдэнийн эзэмшлийн 00-00 УНЕ улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашиныг хураан улсын орлого болгож, шүүгдэгч асан Ш.Б нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Г нь бусад учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б  “...миний эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдал,  Ш.Б өвчний улмаас нас барж хэрэг нь хэрэгсэхгүй болсон зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

Шүүгдэгч Д.Б, Ш.Б нар бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тул гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн Ш.Б нас барсан нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулахаар заасан.

 

Шүүгдэгч Д.Бн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй хэдий ч түүний шүүхийн шатанд оргон зайлж, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.

 

Мөн шүүгдэгч Д.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч Д.Бн  цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бн цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь  оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж

болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

              ШҮҮГЧИД                                           В.Ц

 

                                                                              Н.Э