Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 202/МА2021/00012

 

 

  2021          05          11       

                 202/МА2021/00012                                          

 

З.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137/ШШ2021/00095 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 144б-* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт З.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах Замын-Үүд сумын Засаг даргад холбогдох,

 

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30333888 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг;

 

Нэхэмжлэгч З.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б /зайнаас цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т /зайнаас цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.Б би 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах орон нутгийн өмчит “Чандмань бадрал” ХХК”-д дулаан хангамжийн инженерээр ажилд орж, 2018 оны 5 дугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 22-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 00091 дүгээр шийдвэр, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00012 дугаар магадлал, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 000296 дугаар тогтоолоор намайг урьд эрхэлж байсан орон нутгийн өмчит Чандмань бадрал ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2018 оны Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан 7.320.000 төгрөгийн нөхөн олговроос бусад нийт ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг хуульд заасны дагуу олголгүй өнөөдрийг хүртэл намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилоогүй, шат шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу хариуцагчид болон Чандмань бадрал ХХК-ийн ТУЗ зэрэг байгууллага, албан тушаалтанд хандсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, өнөөдрийг хүртэл хуульд заасан цалин хөлсийг олгоогүй байна. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх нийт 457 хоногийн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор 30.333.888 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч З.Б анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ... 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний дансанд компаниас 19.249.076,25 төгрөг орж ирсэн. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаад үлдэх 11.084.811,75 төгрөгийг нэхэмжилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлага гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чандмань бадрах ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот “Нөхөн олговор олгох тухай” тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/17 тоот албан бичгээр Чандмань бадрал ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр З.Б 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөх олговор болох 24,443,271.43 мөнгийг олгосон байна. 24,443,271.43 төгрөгөөс татварын албанд 2,138,786.25 төгрөг, нийгмийн даатгалд 3,055,408.93 төгрөгийг төлж, үлдэх 19,249,076.25 төгрөгийг З.Б дансанд шилжүүлсэн. Иймд З.Б олговол зохих ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг бүгдийг төлж барагдуулсан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. З.Б нь урьд эрхэлж байсан ажил албан тушаал эрхэлж байх хугацаандаа Чандмань бадрах ХХК-д чанарын шаардлага хангахгүй 2 уурын зуух худалдан авсан тухай хэрэгт Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна. Уг хэрэг шүүхээр эцэслэгдсэн шийдвэрлэгдэхээр З.Б-ыг урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох асуудлыг шийдвэрлэхээр З.Б-тай тохиролцсон байна. Иймд З.Б-аас сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Чандмань Бадрал ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 2,976,728.57 төгрөгийг гаргуулан З.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,108,083.18 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Чандмань Бадрал ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 24,443,271.43 төгрөгийг З.Б-д төлснийг дурдаж,

 

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Б-ын ажилгүй байсан хугацааны цалин 2,976,728.57 төгрөгөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Чандмань бадрал ХХК-д даалгаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Чандмань бадрал ХХК-иас 295,050 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.  дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

            Нэхэмжлэгч З.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч би хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30.333.888 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчаас 19.249.076 төгрөгийн олговор орж ирсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Ийнхүү хариуцагчаас цалин хөлсийг шилжүүлэхдээ 2019 оны 04 дүгээр сарын 18-наас 2020 оны 06 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 24.443.271 төгрөг, үүнээс ХАОАТ-т 2.138.786 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 3.055.408 төгрөгийг тус тус суутган 19.249.076 төгрөгийг нэхэмжлэгч надад шилжүүлсэн. 2020 оны 06 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацаа 290 хоног ба хоногийн дундаж цалин хөлсийг 84.287 төгрөгөөр тооцсон байна. Энэхүү олгосон тооцоолол нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-тай нийцсэн байх ба уг журмын 7.а-д зааснаар ажлаас халагдахаас өмнөх буюу 2018 оны 7, 8 , 9 сарын нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтээс дундаж цалин хөлсийг бодох ёстой байсан /нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас тодорхой харагдана/. Гэтэл анхан шатны шүүх миний дундаж цалин хөлсийг тооцохдоо хариуцагчийн цалин хөлс тооцсон байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, мөн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д заасны дагуу бодолгүй алдаа гаргасанд гомдолтой байна. 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа 189 хоног ба хоногийн дундаж цалин хөлс 84.287 төгрөг, нийт 15.930.243 төгрөгийн цалин хөлс гаргуулахаар байхад 2.976.728 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг 15.930.243 төгрөгөөр хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гарт олгогдсон олговрыг нэхэмжлэх ёстой гэж үзээд 30.333.888 төгрөгөөр нэхэмжлэл гаргасан байдаг. Нийт цалин 38.519.220 төгрөгөөс өргөдөл гаргах ёстой байсан. Нийт цалингийн 19.249.000 төгрөг гар дээр ирсэн. Үлдэгдэл зөрүү мөнгийг нэхэмжилж байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс үндсэн цалинг 1.320.000 төгрөгөөр тогтоон мөнгөн олговор олгогдож байгаа. Миний бодлоор нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байдлаар хэсэгчлэн нэхэмжилж байгаа” гэв. 

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийн цалин, хөлс орлоготой холбоотой хэсгийг үндэслэлтэй явуулж чадаагүй гэж гомдол гаргасан байгаа. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөөгүй зүйл байхгүй. 137/ШШ2021/00095 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан цалин хөлс, орлоготой холбоотой зохицуулалтад гомдлоо гаргасан. Бүрдүүлбэр нь цалин хөлс авдаг байсан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан. З.Б-ыг ажилд томилсон тухай захирамж, цалин хөлс олгож байсан тухай нийгмийн даатгалын дэвтэр хавтаст хэрэгт авагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байгаа. Цалин хөлс авдаг тухай баримт нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс тодорхой харагдаж байгаа. Үүнийг иргэний хэргийн анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан цалин хөлсийг тодорхойлох нийгмийн хамгааллын сайдын 2003 оны 65 дугаар тушаалын хавсралтаар авагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам гэж байгаа. Үүнийг шүүхийн шийдвэрт тусгасан боловч цалин хөлс тодорхойлох тухай журмын заалтыг уялдуулаагүй дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлж олгох ёстой гэж байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр энэ бүхэн тодорхой харагдана. Шүүхийн шийдвэрийн 1 дүгээр хэсэгт нэхэмжлэгч байгууллагыг 15.930.243 төгрөгөөр гаргасан өөрчлөлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч З.Б 2018 онд орон нутгийн өмчит хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил тасалсан гэх хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас сумын Засаг даргын захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 91 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн байдаг. Тухайн үед нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.320.000 төгрөг, 22 ажлын өдөр нэг өдрийн цалинг 60.000 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалин бодогдсон байдаг. Иймээс иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч талаас Давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 00012 дугаартай магадлал, 96 дугаартай шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч З.Б-ын нэхэмжлэлийн шаардлага цалин хөлс гаргуулах болсон нь дээрх хэлсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс улбаатай. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь “Чандмань бадрал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилсон боловч түүнийг одоо хүртэл ажилд нь томилоогүй, тэрээр өөрөө ч ажилдаа оръё гээгүй боловч цалин хөлсөө нэхэмжилсээр байгаа. Давж заалдах гомдлын үндэслэл болсон цалингийн тооцоо нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн гарсан. Учир нь түүний нэг өдрийн цалин 60.000 төгрөгөөр тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэсэн хуульд нийцсэн гэж үзэж байгаа юм. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137/ШШ2021/00095 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шүүхээс хянан хэлэлцвэл:

 

Нэхэмжлэгч З.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулж Замын-Үүд сумын орон нутгийн өмчит “Чандмань бадрал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад Замын-Үүд сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 00091 дугаар шийдвэр, 2019 оны 05 дугаар сарын 28-ны Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00012 дугаар магадлал, 2020 оны 06 дугаар сарын 11-ны Монгол Улсын дээд шүүхийн 00296 дугаар тогтоол гарч  ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрээр олгогдох ёстой 7.320.000 төгрөгийн нөхөн олговор олгогдож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлага хэрэгжихгүй байгаа тул 2019 оны 04 дүгээр сарын 18-наас 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 457 хоног ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 38.519.222.98 төгрөгийн цалин бодогдохоос гарт олгогдох  30.333.888  төгрөгийг нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас  2019 оны 04 дүгээр сарын 18-наас 2020 оны 06 дугаар сар хүртэл буюу нийт 290 хоногийн хугацааны олговорт 24.443271 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж үлдсэн хугацааны нэг өдрийн дундаж цалинг 84.287 төгрөгөөр тооцож гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилсөн.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр З.Б-д 2019 оны 04 дүгээр сарын 18-наас 2020 оны 06 дугаар сар хүртэлх 290 хоногийн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор болох 24.443271.43 төгрөгийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нийт ажилгүй байсан 457 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт олговол зохих үндсэн цалинг 1.320.000 төгрөг, нэг өдрийн цалинг 60.000 төгрөгөөр тус тус тооцож нийт олговол зохих нийт нөхөн олговрыг 27.420.000.00 төгрөгөөр тооцож, үүнээс төлөгдсөн 24.443.271.43 төгрөгийг хасаж үлдэх 2.976.728.57 төгрөгийг Замын-Үүд сумын орон нутгийн өмчит “Чандмань бадрал” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 8.108.083.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Үүнийг нэхэмжлэгч З.Б эс зөвшөөрч хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 18-наас 2020 оны 06 дугаар сар хүртэлх 290 хоногийн цалин хөлсийг хоногийн дундаж цалинг 84.287 төгрөгөөр тооцож 24.443271.43 төгрөгийг тооцож олгосон байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, 2.976.728 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 02-р сарын 28 хүртэлх ажилгүй байсан хугацаа 189 хоног ба хоногийн дундаж цалинг 84.287 төгрөгөөр тооцож 15.930.728 төгрөгөөр хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч З.Б-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын орон нутгийн өмчит “Чандмань бадрал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тухай  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны 00091 дугаар шийдвэр, 2019 оны 05 дугаар сарын 28-ны Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00012 дугаар магадлал, 2020 оны 06 дугаар сарын 11-ны Монгол Улсын дээд шүүхийн 00296 дугаар тогтоол тус тус гарсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” байсан боловч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга энэ үүргийг биелүүлээгүй учир нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжилсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 4-р зүйлүүдэд тус тус зааснаар шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудад тус тус нийцсэн.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч З.Б-ын давж заалдсан гомдолд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдагдаагүй буюу нэхэмжлэгчийн хариуцагчаар заагаагүй этгээдэд холбогдуулж шийдвэр гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс  шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

 

            Учир нь: 1. Нэхэмжлэгч З.Б Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Замын-Үүд сумын орон нутгийн өмчит “Чандмань бадрал” ХХК-д холбогдуулж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

 

            Хэрэгт хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргыг “Чандмань бадрал” ХХК-иар солихыг хүссэн тухай нэхэмжлэгчийн хүсэлт,  “Чандмань бадрал” ХХК-д хариуцагчийн эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан тухай баримтууд тус тус байхгүй ба шүүхийн шийдвэрт заасан хариуцагч Замын-Үүд сумын орон нутгийн өмчит  “Чандмань бадрал” ХХК нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т заасан “ хариуцагч гэж ... нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэсэнд нийцсэнгүй.

           

            2. Нэхэмжлэгч З.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 04 дүгээр сарын 18-наас 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх нийт 457 хоногийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт нийт 38.519.222.98 төгрөгийг гаргуулах, үүнээс нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар зэргийг тооцуулж 30.333.888 төгрөгийг гарт олгуулахаар гэж нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлсон ба хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас 2019 оны 04 дүгээр сарын 18-наас 2020 оны 06 дугаар сарын хоорондох хугацаа буюу 290 хоногийн цалинг тооцохдоо нэг өдрийн дундаж цалинг 84.287.14 төгрөгөөр тооцож 24.443.271.43 төгрөгийг гаргаж, түүний нийгмийн даатгалын шимтгэлд 3.055.408.93 төгрөг, хүн амын орлогын албан татварт 2.138.786.25 төгрөгийг тус тус тооцож гарт олгох нь 19.249.076.25 төгрөгийг нэхэмжлэгчийн харилцах дансанд шилжүүлснээ хариу тайлбартаа тайлбарлаж, З.Б-д олгосон цалингийн тооцоолол, цалин болон нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлсөн тухай төлбөрийн даалгаврууд, “Чандмань бадрал” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл тус компанийн гүйцэтгэх захирал, эрх бүхий албан тушаалтнуудтай хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар З.Б-ын ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулахаар хэлэлцсэн тухай тэмдэглэл зэргийг гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх эдгээрт анхаараагүй байна.

 

            Өөрөөр хэлбэл: Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжилсэн  ажилгүй байсан 457 хоногийн хугацааны ажилгүй байсан хугацаанд нийт 38.519.222.98 төгрөгийг нэхэмжилсний 290 хоногийн ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт нэг өдрийн дундаж цалинг 84287,14 төгрөгөөр тооцож 24.443.271.43 төгрөгийг төлж барагдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч,  нотлох баримтаар нотолсон, зохигчид энэ тал дээр маргаагүй ба нэхэмжлэгч үлдэх буюу 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэлх 167 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилсөн байна.

           

            Гэтэл анхан шатны шүүх нийт нэхэмжлэлийн нийт шаардлагыг нэхэмжлэгч буюу ажилтны гарт олгогдох дүнгээр 30.333.888 төгрөгөөр тооцож, үүнээс нийт бодогдсон 24.443.271.43 төгрөгийг хасч тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т нийцээгүйн гадна  хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжилсэн нийт 457 хоногийн олговроос 290 хоногийн олговорт нийт 24.443.271.43 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн, зохигчид энэ талаар маргаагүй байхад анхан шатны шүүх энэхүү маргаагүй үйл баримтанд дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нийт ажилгүй байсан хугацааны олговрыг бодож тооцоолол хийсэн нь үндэслэл бүхий болоогүй, нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.

 

Харин нэхэмжлэгч үлдэх 167 хоногийн олговрыг нэг өдрийн дундаж цалин хөлсийг 84287,14 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн боловч зохигчдоос  ирүүлсэн дундаж цалин хөлс тодорхойлсон баримтууд болох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5/, хариуцагч талаас ирүүлсэн цалингийн тооцоолол баримтууд зөрүүтэй тухайлбал хариуцагчаас ирүүлсэн баримтанд /хх-57/ 2018 оны 8 дугаар сарын цалинг 1808400, 9 дүгээр сарын цалинг 1747680, 10 дугаар сарын цалинг 1164000 гэж, нэхэмжлэгчээс ирүүлсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2018 оны 8 дугаар сарын цалинг 1874400, 9 дүгээр сарын цалинг 1813680, 10 дугаар сарын цалинг 1200000 гэж тус тус тэмдэглэснээс үзэхэд эдгээр нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэх боломжгүйн гадна эдгээр дүнгээр тооцоход нэхэмжлэгчийн 1 өдрийн дундаж цалин хөлс 84287,14 төгрөг болохгүй байна.

 

Гэхдээ нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан үеийн үлдэх 167 хоногийн олговрыг хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсоноор буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 137/ШШ2019/00091 дугаартай шийдвэрт зааснаар үндсэн цалин 1.320.000 төгрөг, нэг өдрийн цалин 60.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэлх ажилгүй байсан хугацаа 167 хоногийн олговорт 10.020.000 төгрөгийг /хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутган тооцоогүй дүн/ хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 4.055.951,55 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Тодруулбал: Нэхэмжлэгч ажлаас буруу халсан үеийн олговорт ажилгүй байсан 457 хоногийн олговорт нийт бодогдвол зохих дүн 38.519222,98 төгрөг, үүнээс гар олгогдвол зохих дүнд 30333888 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 290 хоногийн хугацаанд бодогдсон олговор нийт 24.443271,43 төгрөгөөс хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалыг шимтгэлийг суутган тооцож нийт 19.249.076.25 төгрөгийг гарт олгосноор багасгаж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг буюу үлдэх нэхэмжлэлийн дүнг 14.075951,55 төгрөг гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа олгогдвол зохих цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тооцож гаргуулахыг хүссэн байхад анхан шатны  шүүх нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг гарт олгогдох дүнгээс тооцож нөхөн төлөхөөр заасан нь мөн үндэслэлгүй болсныг мөн давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засаж анхан шатны шүүхийн шийдвэрт мөн үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болсон тул нэхэмжлэгч З.Б-аас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137/ШШ2021/00095 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Чандмань Бадрал ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 2.976.728,57 төгрөгийг гаргуулан З.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.108.083,18 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг

 

“Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргаас ажлаас буруу халсан үеийн олговорт 10.020.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.055.951,55 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

3 дугаар заалтын “...2.976.728,57 төгрөгөөс ...” гэснийг “10.020.000 төгрөгөөс” гэж, “...Чандмань бадрал ХХК-д даалгасугай.” гэснийг” гэснийг “Замын-Үүд сумын Засаг даргад даалгасугай.” гэж,

 

4 дүгээр заалтын “...Чандмань бадрал ХХК-иас ...” гэснийг “Замын-Үүд сумын Засаг даргаас” “... 295050 ...” гэснийг “175270” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Б-ын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237602 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА                                                                                              А.САЙНТӨГС