Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

           

 

 

  2023             12             27                                       2024/ДШМ/19

 

 Ү Ж Ж /W Z J/-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, Т.Баасанжаргал, тэдгээрийн орчуулагч Лю Юй Мэй.

хохирогч С Г Ч /S G C/, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

Б.Батбаяр, тэдгээрийн орчуулагч Г.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/955 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ий өмгөөлөгч Г.Даваахүү, Т.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ү Ж Ж /W Z J/-д холбогдох эрүүгийн 2102005360079 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............. улсын иргэн Ү Ж Ж /W Z J/, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... улсын ....... хотод төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .... мэргэжилтэй, “С В С К” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл .., ..-ийн хамт ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хорооллын .. дугаар байрны .. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /ПД: .............../,

Шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/ нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр С Г Ч /S G C/-ийг “Хятад улсын Хөгжлийн банкаар санхүүжилт хийлгэн хөрөнгө оруулалт хийнэ, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км замын төслийг чинь хэрэгжүүлнэ, банкны шаардлагыг хангах үүднээс “I M C E” компанийн Монгол Улс дахь “С В С К” ХХК нь танай “Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэн авах шаардлагатай, улмаар нөхөн олговор авах боломжтой болно” хэмээн хувьцаа түр хугацаагаар шилжүүлэх тухай гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмших эрхийг өөрийн “С В С К” ХХК- ийн нэр дээр шилжүүлж залилан авч, 3.694.080.866 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ү Ж Ж /W Z J/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бүгд найрамдах Хятад ард Улсын иргэн Ү Ж Ж /W Z J/-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ү Ж Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү Ж Ж-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, прокурорын “С В С К” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 70-00 УНБ улсын дугаартай /Ниссан Титан/ маркийн тээврийн хэрэгсэл, ..-.. УН улсын дугаартай Liu gong ZL30 маркийн тээврийн хэрэгсэл, ..-.. УБ Хангча /Hangcha CPC30 AG2/ маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хохирол барагдуулах хүртэл хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү Ж Ж-ээс 91.847.593 төгрөгийг, Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №240 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол”-ыг хүчингүй болгож, 5891752 регистрийн дугаартай “С В С К” ХХК- ийн нэр дээр бүртгэлтэй 3.694.080.866 төгрөгийн үнэ бүхий “Ш Ш” /X J X F/ ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг тус тус хохирогч С Г Ч /S G C/-д буюу “Ш Ш” / X J X F/-д олгож, шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 32.448.000 төгрөгийг гаргуулж хохирогч С Г Ч /S G C/-д, 1.000.000 төгрөг гаргуулж орчуулагч Цуй Хай Пинд тус олгож, шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүндийг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ий өмгөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч миний бие давж заалдах гомдол гаргасан үндэслэлээс татгалзаж, гомдлын үндэслэлийг өөрчилж байна. Учир нь миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн тээврийн хэрэгслийн хохирол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг бүрэн төлсөн талаарх баримтуудыг гаргаж өглөө. Шүүгдэгч Ү Ж Ж нь Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан. Тэрээр ямар нэгэн хуулийг урьд өмнө нь зөрчиж байгаагүй. Монгол Улсад хүмүүнлэгийн чанартай маш олон үйл ажиллагааг явуулж байсан. Үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтаа тодорхой төрлийн тусламжийн үйл ажиллагааг их явуулж байсан. Энэ нь баримтаар тогтоогддог. Хоёр компанитай нэг компани нь тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. Нөгөө компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын чиглэлийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа эхлүүлээд явж байгаа. Алслагдсан дүүрэг болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн товчооны зам дагуух айлуудын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлүүлээд тэндээ 150 хүүхдийн цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр улсад барьж өгч байгаа үйл явц байдаг. Тухайн үедээ Ү Ж Ж нь хохирогчтой хамтарч ажиллаж байна гэж ойлгож байсан. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн гэм буруутайд тооцсон тогтоол гарах хүртэл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэж бодоогүй явж байсан. Монгол Улсын хуулиар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаагаа ойлгоогүй явж байсан. Энэ байдалдаа одоо чин санаанаасаа гэмшиж байгаа. Хохирогчид учруулсан хохирлыг төлсөн. Нэг хохирол байгаа. Тэр нь 3.6 тэрбум төгрөгийн 51 хувийн хувьцаа шилжүүлэхтэй холбоотой асуудал үлдсэн. Шүүгдэгч өөрөө хоригдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын уг хэсгийг хэвээр үлдээгээд шийдвэрлэх юм бол хохирогчид хувьцааг буцаагаад шилжүүлж, хохирлыг нөхөн төлөх бүрэн боломжтой. Мөнгөн төлбөртэй холбоотой хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд шүүгдэгч Ү Ж Ж-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ялаар сольж өгнө үү. Торгох ялыг биелүүлэх боломжтой талаар өөрийнх нь эзэмшилд байх компаниудынх нь бичиг баримтуудыг авчирсан байгаа. Дансанд нь мөнгө бэлэн байгаа талаарх дансны хуулгуудыг авчирсан. Иймд гэмт хэргийн шинж чанараас хамаараад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлж заавал хорих ялаар шийтгэхгүйгээр торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ий өмгөөлөгч Г.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцааг хохирогчид анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд шилжүүлж өгөх гэсэн боловч шүүгдэгчээс шалтгаалахгүй маш олон асуудлын улмаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө хувьцааг хохирогчид шилжүүлж өгч амжаагүй. ...” гэв.

Шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрхэм шүүгч нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсад өөрийн хөрөнгөөрөө үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон байна. Би Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа ямар ч хууль зөрчсөн ажил хийж байгаагүй. Би Хятад Улсад байхдаа 3 удаа Хятад Улсын ард түмний их хурлын гишүүнээр ажиллаж байсан. Хятад Улсад байхдаа ямар нэгэн хууль зөрчсөн ажил хийж байгаагүй. Би Монгол Улсад өөрийнхөө зүгээс хувь нэмэр оруулахаар чин сэтгэлээсээ ажиллаж ирсэн. Би сэтгэлээрээ Монгол Улсад тус болох ажлыг хийж ирсэн. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцож, одоо ч үйл ажиллагаагаа хийгээд явж байна. Хүлээлгэж өгөх ажлууд ч байгаа. Надад Ш Ш” ХХК-ийн хувьцааг өөртөө ашиглах ямар ч зорилго байгаагүй. Хэрэгт машины асуудал байсан. Надад тэр машиныг авах бодол байгаагүй. Надад шагнал болгож өгч байна гэж ойлгосон. Өгч, авах талаар яриагүй болохоор надад “ажилд тусалсан” гээд шагнал болгож өгсөн гэж ойлгосон. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө би хувьцаа, машин зэргийг хохирогчид буцаан өгөх хэлэлцээр байгуулсан байсан. “Ш Ж Ш Ф” ХХК-ийн 51 хувийн хувьцаа миний нэр дээр байх үед би компанид ямар ч хохирол учруулж байгаагүй. Монгол Улсад эхлүүлсэн ажил зөндөө байгаа. Уг ажлуудаа дуусгах хүсэлтэй байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж шийдвэрлэж өгнө үү. ...”  гэв.

Хохирогч С Г Ч /S GC/-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх байр суурьтай оролцож байгаан байна. Хохирогч хохирлоо бүрэн авсан. Хувьцааны асуудлыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зохицуулагдах боломжтой тул хохиролгүй болсон гэж үзэж байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

Хохирогч С Г Ч /S GC/-ийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугийн асуудал дээр хэдэн зүйл хэлье. Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцааг анх авч байгаа хэлцэл нь өөрөө түр хугацаагаар шилжүүлж авч байгаа хэлцэл байдаг. Хугацаа нь дууссан байхад хувьцааг шилжүүлж өгөхгүй асуудал үүссэн. Шунахайн сэдэлтээр үйлдлүүд гарсан болохыг анхан шатны шүүх зөв тогтоож, дүгнэсэн. Шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдааны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн. Тодорхой хэмжээгээр хохирлыг барагдуулсан, мөн компанийн хувьцааг шилжүүлэх асуудал тодорхой цаг хугацааны дараа шилжих боломжтой болох тул хувьцааг шилжүүлж амжаагүй гэж ойлгож байна. Иймд шүүгдэгч Ү Ж Ж-д торгуулийн ял оногдуулахад бидний зүгээс татгалзах зүйл байхгүй. ...” гэв.     

Хохирогч С Г Ч /S GC/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “шүүгдэгч Ү Ж Ж нь гэм буруугаа ойлгож, ухаарсан” гэж хэлж байна. Шүүгдэгч Ү Ж Ж-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ү Ж Ж нь Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцааг өөртөө шилжүүлэн авч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулна. Уг хөрөнгө оруулалт нь тодорхой хэмжээгээр биелэгдэх боломжтой гэж итгэл төрүүлсэн нөхцөл байдал байдаг. Хөрөнгө оруулалт авах талаар тодорхой хэмжээний байгууллагуудтай харьцсан, харилцсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ нөхцөл байдал 4 жилийн хугацаанд үргэлжилсэн байдал хэргийн материалаас харагддаг. Ш Ш” ХХК нь “Моннис” ХХК-иас авлагатай байсан. Авлагынхаа оронд тухайн тээврийн хэрэгслийг авч, тухайн тээврийн хэрэгслийн мөнгийг 7 хоногийн хугацаанд эргүүлэн төлнө гэж тээврийн хэрэгслийг авсан үйл баримт тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар эрх шилжүүлэн авсан үйл баримт байдаг. Эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогддог.  Дээрх хоёр үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учирсан. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн материал зэргийг үндэслэж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн Эрүүгийн хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үйл баримт байхгүй. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тохиолдол байхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ү Ж Ж-ээс нийт 91.000.0000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч 91.000.000 төгрөгийг төлсөн талаар баримт гаргаж өгч байна. Иймд машинтай холбоотой төлбөр бүрэн төлөгдсөн харагдаж байна. 51 хувийн хувьцааг шилжүүлэх асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ажиллагаа хийгдэх тул цаашид хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ү Ж Ж-д 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдлыг анхаарч үзсэн. Мөн хохирол төлбөр төлөгдөөгүй байдлыг анхаарч шийтгэх тогтоолд энэ талаар дурдаж шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан 91.000.000 төгрөгийн хохирлыг хохирогчид хүлээлгэн өгсөн үйл баримт байгаа тул прокурорын зүгээс хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Ү Ж Ж //WU ZHEN JIN/-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/ нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр С Г Ч /S G C/-ийг “Хятад улсын Хөгжлийн банкаар санхүүжилт хийлгэн хөрөнгө оруулалт хийнэ, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км замын төслийг чинь хэрэгжүүлнэ, банкны шаардлагыг хангах үүднээс “I M C E” компанийн Монгол Улс дахь “С В С К” ХХК нь танай “Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэн авах шаардлагатай, улмаар нөхөн олговор авах боломжтой болно” хэмээн хувьцаа түр хугацаагаар шилжүүлэх тухай гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмших эрхийг өөрийн “С В С К” ХХК- ийн нэр дээр шилжүүлж залилан авч, 3.694.080.866 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С Г Ч /S GC/-аас мөрдөн байцаах албанд гаргасан өргөдөл /1 хх 6/,

хохирогч С Г Ч-ий “...Би 2017 оны 8 сард ...У Ж Ж гэх үнтэй хүнээр дамжуулж танилцсан. У Ж Ж нь Монгол Улсад “С В С К” ХХК-ийг үүсгэн байгуулсан байсан. ...У Ж Ж надад туслан 30.000.000-40.000.000 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр тохирсон. “Ш Ш зам гүүрийн барилга” ХХК нь тендерт ялж, “Архангай аймгийн Дашинчилэн сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км авто замын төсөл”-ийн ажлыг гүйцэтгэхэд “С В С К” ХХК-ийн захирал У Ж Ж-ээс оруулах 30.000.000-40.000.000 ам.долларын хөрөнгө оруулалтыг ашиглахаар болсон. “С В С К” ХХК-ийн захирал У Ж Ж “Ш Ш” компанийн 51 хувийг түр хугацаагаар “С В С К” компанид шилжүүлж авах шаардлага тавьсан, зорилго нь нэгт хөрөнгө оруулалт хийх, хоёрт дээрх төслийн хүрээнд Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Чи Ян тоног төхөөрөмж” компанийн нэр дээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд хүсэлт гаргаж, 16 хувийн нөхөн олговрын зардлаар буюу барилга угсралтын ажлын нийт төсөвт өртөг 67.907.000 ам.долларын 16 хувь 10.865.120 ам.долларын нөхөн олговрыг авах, үүнээс гадна тухайн төслөөр зээлийн хэмжээний 30 хувийн нөхөн олговор авах байсан. ...У Ж Ж эдгээр зардлуудыг бүтээсний дараа бидэнд нэг хэсгийг өгнө хэмээн амалсан. ...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Ш Ш” ба “С В С К" компаниудын хооронд хувьцааг түр хугацаагаар шилжүүлэх хэлцэл хийгдсэн. “Ш Ш” компаний хувьцааны 51 хувийг “С В С К” ХХК-нд шилжүүлсэн. “С В С К” ХХК-ний захирал У Ж Жь манай компанийн хувьцаа 51 хувийг шилжүүлж аван хөрөнгө оруулалт гэж өгөх байсан 30.000.000-40.000.000 ам.доллароос нэг ч төгрөг өгөөгүй. ...2018 онд захирал У Ж Ж санал тавьсны дагуу “Ниссан том Пикап 5.7 маркийн, хөх өнгийн, /сери мэдэхгүй/ машин”-ыг 213.000.000 төгрөгөөр “Моннис” ХХК-иас авах ёстой байсан өр зээлэндээ тооцон авч өгсөн. “С В С К” ХХК-ийн захирал У Ж Жь машины мөнгийг ...7 хоногийн дараа төлнө гэж хэлсэн өгөөгүй. ...хөрөнгө оруулалт хийнэ гэдэг байдлаар намайг залилан мэхэлж байна...” /1 хх 18-32/,

гэрч Д.Н-гийн “...2017 онд манай компани гэрээ байгуулаад “Архангай аймгийн Дашинчилэн сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км авто замын төсөл”-ийн ажилд хяналт тавьж эхэлсэн. Замын ажлын концессийг эзэмшигч бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэгч нь “X X R B” ХХК юм. “X X R B” ХХК концессийн гэрээний дагуу мөнгөө 100 хувь гаргаж, 2019 онд замын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байсан. “X X R B” ХХК-ийн захирал Сун Гуан Чен нь 2019 онд шоронд орсон, мөн “Ковид-19” өвчин гарсан, мөн санхүүжилт зогссонтой холбоотой “Архангай аймгийн Дашинчилэн сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км авто замын төсөл”-ийн ажил зогссон. “X X R B” ХХК 2021 онд замын ажил хийсэн. “Архангай аймгийн Дашинчилэн сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км авто замын төсөл”-ийн ажлын барилгын гүүр, далангийн 85 орчим хувь хийгдсэн, хучилтын ажил 100 хувь хийгдээгүй байгаа. Энэ ажлыг “X X R B” ХХК хийж гүйцэтгэсэн. “СҮСК” ХХК-иас “Архангай аймгийн Дашинчилэн сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км авто замын төсөл”- ийн ажилд хөрөнгө оруулалт хийсэн талаар миний хувьд мэдэхгүй. Гэхдээ “СҮСК” ХХК-иас дээрх замын ажилд оролцож үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй. “С В С К” ХХК замын ажилд оролцохоор болсон бол манай компаниас зөвшөөрөл авах, замын ажилд үнэхээр оролцох гэж байгаа бол Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдэх ёстой юм. ...” /1 хх 98-99/,

гэрч Ц.Э-ийн “...“X X R B” ХХК-нд 2015 оноос 2019 оны 6 дугаар сарын орчим хүртэл ...гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Намайг “X X R B” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад “С В С К” ХХК болон захирал У Ж Жь /W Z/-ээс “Архангай аймгийн Дашинчилэн сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км авто замын төсөл”-ийн ажилд хөрөнгө оруулалт хийгээгүй. “X X R B” ХХК 2017 онд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл авсан байсныг 2020 онд Увс аймгийн Сонгино, Хяргас сумын чиглэлийн 135 км замын төслийн эргэн төлөлтийн мөнгөнөөс төлсөн. “С В С К” ХХК болон захирал У Ж Ж /W Z/-ээс хөрөнгө оруулалт хийсэн бол энэ мөнгөөр нь Төрийн банкнаас авсан 20 тэрбумын зээл төлөгдөх байсан. Тэгтэл ямар нэг төлөлт хийгдээгүй...” /1 хх 102-104/,

гэрч Р.Жаргалсайханы “...“X X R B” ХХК-нд 2008 оны 10 дугаар сараас эхлэн нягтлан бодогчоор ажилд орж, одоо хүртэл ажиллаж байна. Монгол Улсад “X X R B” ХХК нь зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. “С В С К” ХХК болон захирал У Ж Жь /W Z/-ээс “Архангай аймгийн Дашинчилэн сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км авто замын төсөл”-ийн ажилд “X X R B” ХХК-нд эд зүйл, техник тоног төхөөрөмж болон мөнгөн хөрөнгө оруулалт хийсэн асуудал байхгүй. “С В С К” ХХК-иас хөрөнгө оруулалт хийгээгүй гэдэг нь “X X R B” ХХК-ийн санхүүгийн баримтуудаас харагдана. 2018 оны 12 дугаар сард “Моннис” ХХК-иас манай компанид өгөх ёстой авлагаас 218.000.000 төгрөгийн авлага хаагдсан нь баримтаас харагдаж байна. Би У Ж Жь /W Z/-нд “Ниссан Титан Пикап 5.7 маркийн хөх өнгийн машин” авч өгсөн талаар мэдээгүй. Тооцоогоор 218.000.000 төгрөгийн авлага хаагдсан гэж баримтаар харагдаж байгаа. ...” /1 хх 111-113/,

гэрч М.М-ын “...Концессийн асуудал манай байгууллагад шилжиж ирэхэд “Архангай аймгийн Дашинчилэн сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км авто замын төсөл”-ийн ажлын гэрээ “Ш Ш” ХХК-тай хийгдсэн байсан. Би 2021 оны 3 дугаар сараас “Архангай аймгийн Дашинчилэн сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км авто замын төсөл”-ийн ажлыг хариуцан ажилласан. “С В С К” ХХК-иас “Архангай аймгийн Дашинчилэн сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км авто замын төсөл”-ийн ажлын гэрээг хийгээгүй. Хяналтын зөвлөх “Ар Си Эс Си” ХХК-иас сар болгон гүйцэтгэлийн тайлан ирүүлдэг бөгөөд сүүлийн тайланд барилга угсралтын явцыг 56,42 хувийн гүйцэтгэлтэй гэж ирүүлсэн. “С В С К” ХХК-иас энэ авто замын төслийн ажилд оролцсон, гүйцэтгэсэн гэх мэдээлэл байхгүй. ...” /1 хх 117-119/,

гэрч П.Л-гийн “...“Ш Ш” ХХК нь Архангай аймгийн Дашинчилэн сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн-Тариалан чиглэлийн 120 км автозамын төслийн ажлын хүрээнд замын шороон далан 90-95 хувь, хиймэл байгууламж 80 гаран хувь, үйлдвэр заводын угсралт 100 хувь, нийт ажлын 50 гаран хувь хийгдсэн байгаа. “Ш Ш” ХХК нь дээрх ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Улсын төсвөөс мөнгө төгрөг гарсан асуудал байхгүй. Концессийн гэрээгээр ажил гүйцэтгэхэд тухайн компани гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалтаа хийгээд гүйцэтгэл 100 хувь хийгдсэний дараа улсын төсвөөс мөнгөө авдаг. ...замын төслийн ажилд “С В С К” ХХК болон У Ж Жь гэх хүнээс ажлын гүйцэтгэлд ямар нэг оролцоо байгаагүй, мөнгө төгрөг, хөрөнгө оруулалт хийсэн талаар мэдэхгүй байна. ...” /1 хх 122-123/,

гэрч С.А-ийн “...“С В С К” ХХК нь “Ш Ш” ХХК-тай мөнгө, төгрөгийн өглөг, авлагын ямар нэг асуудал байхгүй. Өглөг, авлага байгаа бол санхүүгийн баримт дээр бүртгэгдэх ёстой. “Моннис” ХХК-ийн машин борлуулдаг Нарны замын төв дээр жолооч Золбаярын хамт очиж “Ниссан Титан Пикап” маркийн шинэ машиныг хүлээн авсан. “С В С К” ХХК-ийн захирал У Ж Жь намайг очоод машин авчих гэж хэлсэн. ...”С В С К” ХХК-иас машины төлбөр тооцоонд мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. ...” /1 хх 124-127/,

гэрч Г.Н-ийн “...“С В С К” ХХК-нд ерөниий нягтлан бодогч ажилтай, “С В С К” ХХК нь “Ш Ш” ХХК-тай мөнгө төгрөгийн өглөг, авлагын ямар нэг асуудал байхгүй. Энэ талаар санхүүгийн тайланд тусгагдсан зүйл байхгүй. ...“С В С К” ХХК-иас машины төлбөр тооцоонд мөнгө төгрөг төлсөн талаар мэдэхгүй байна. Гэхдээ энэ машин нь манай компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа...” /1 хх 128-131/,

гэрч В Ш /B Sh/-ийн “...У Ж Ж /W Z/ БНХАУ-ын Ардын банкнаас зээл авч өгнө, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Хөрөнгө оруулах, санхүүжүүлэх, ажил гүйцэтгэх” гэрээг заавал байгуулах хэрэгтэй байна гэж хэлээд надаар гарын үсэг зуруулсан. Надад хэлэхдээ хөрөнгө оруулалт авах гэж байгаа гэж хэлсэн. “X X R B” ХХК 120 км замын төслийг “СҮСК" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх гэрээ байсан эсэхийг мэдээгүй. Ийм том асуудлыг би мэдэхгүй, тухайн үед хөрөнгө оруулалт гэж хэлсэн6 ...” /1 хх 66-67/,

гэрч Г.С-ийн “...“Ш Ш” ХХК-аас 2018 оны хавар Хятад Улсын ӨМӨЗО-ны Худалдаа аж үйлдвэрийн танхим, ӨМӨЗО-ны импорт, экспортын даатгалын компани, ӨМӨЗО-ны Хятадын хөгжлийн банк зэрэг газруудад тус тус материал явуулахаар надаар орчуулга хийлгэсэн. "С В С К” ХХК-ийн захирал У Ж Жь зээл орж ирэх гэж байгаа гэсэн боловч ямар нэг зээл гэж хөрөнгө оруулалт манай компанид орж ирээгүй. ...” /1 хх 141-142/,

гэрч Б.Б-ы “...“С В С К” ХХК-ийн захирал У Ж Жь нь манай компанийн дансыг гэрээнд тусгаж өгөхгүй бол санхүүжилт хийсэн мөнгө “Ш Ш” ХХК-ийн данс руу ороод опдохгүй, мөнгөө өөрийн дансаар авч, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсаны дагуу “С В С К” ХХК-ийн дансыг гэрээнд тусгасан. ...” /1 хх 153-154/ гэсэн мэдүүлгүүд,

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хувьцааг түр хугацаагаар шилжүүлэх тухай гэрээний хуулбар, гэрээний орчуулга /1 хх 7-8/,

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2045 дугаартай “Ш Ш” ХХК-д хариу хүргүүлсэн албан бичгийн хуулбар /1 хх 40/,

“С В С К” /СҮСК/ ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүсэлт гаргасан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/02/55 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/02/56 дугаар албан бичгийн хуулбарууд /1 хх 41-42/,

Хөрөнгө оруулах, санхүүжүүлэх, ажил гүйцэтгэх 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн концессийн гэрээний хуулбарууд /1 хх 84-88/,

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /1 хх 135/,

“Моннис интернэшнл” ХХК-ийн охин компани болох Майнс-Ап /Mines Up/ ХХК-иас Автотээврийн үндэсний төвд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн албан бичгийн хуулбар /1 хх 136/,

“Ниссан Титан” /Nissan Titan/ маркийн 70-00 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 хх 138/,

Мөрдөн байцаалтын 2109000001081 дугаартай хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргээс хуулбарлаж авсан баримтууд /1 хх 155-156, 157-175/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 247-250, 2 хх 1-30, 36-38/,

“С В С К” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 хх 100/,

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх 116-117/,

“Ш Ш” ХХК, “С В С К” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /2 хх 127-128, 246-247/,

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 9/292 дугаар албан бичиг /3 хх 83/,

“Моннис интернэшнл” ХХК-иас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21/265 дугаар, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 22/72 дугаар албан бичиг, төлбөр барагдуулах тухай 3 талт гэрээний хуулбар /3 хх 87-88, 85/,

Монгол банкны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б-18/66 дугаар албан бичиг /3 хх 90/,

Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хуулбарууд /3 хх 109-117/,

Зам тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 04/5376 дугаар албан бичиг /3 хх 119/,

Монгол Улсын Засгийн газар “Ш Ш” ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Дэшинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сумын, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих, шилжүүлэх концессийн гэрээний хуулбар, концессийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбарууд /3 хх 143-160/,

Худалдаа хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн 5/605 дугаар албан бичиг /3 хх 75/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ү Ж Ж //WU ZHEN JIN/-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/ нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр С Г Ч /S G C/-ийг “Хятад улсын Хөгжлийн банкаар санхүүжилт хийлгэн хөрөнгө оруулалт хийнэ, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км замын төслийг чинь хэрэгжүүлнэ, банкны шаардлагыг хангах үүднээс “I M C E” компанийн Монгол Улс дахь “С В С К” ХХК нь танай “Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэн авах шаардлагатай, улмаар нөхөн олговор авах боломжтой болно” хэмээн хувьцаа түр хугацаагаар шилжүүлэх тухай гэрээ байгуулан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмших эрхийг өөрийн “С В С К” ХХК- ийн нэр дээр шилжүүлэн авч 3.694.080.866 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/ нь“Хятад улсын Хөгжлийн банкаар санхүүжилт хийлгэн хөрөнгө оруулалт хийнэ, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км замын төслийг чинь хэрэгжүүлнэ, банкны шаардлагыг хангах үүднээс “I M C E” компанийн Монгол Улс дахь “С В С К” ХХК нь танай “Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэн авах шаардлагатай, улмаар нөхөн олговор авах боломжтой болно” хэмээн хувьцаа түр хугацаагаар шилжүүлэх тухай гэрээ байгуулан хохирогч С Г Ч /S G C/-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С Г Ч /S G C/-ийн “Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцаа буюу 3.694.080.866 төгрөгийн үнэ бүхий хувьцааг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалздаг.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-д 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ийн өмгөөлөгч Г.Даваахүү, Т.Баасанжаргал нараас шүүхийн хэлэлцүүлгийн явцад “шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах” тухай бичгээр гаргасан давж заалдах гомдлоос татгалзаж, “шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ өөрчлөн гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан “С В С К” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 70-00 УНБ улсын дугаартай /Ниссан Титан/ маркийн тээврийн хэрэгслийн хохирол 91.847.593 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 32.448.000 төгрөгийг хохирогч С Г Ч /S G C/-д, орчуулгын зардал 1.000.000 төгрөгийг орчуулагч Цуй Хай Пинд тус тус төлсөн талаарх баримтыг ирүүлжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулахаар заасан хохирлыг төлж барагдуулсан, “Ш Ш” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эргүүлэн өгөхөө  илэрхийлсэн, мөн хохирогч  С Г Ч /S G C/-ийн гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг торгох ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэж, ялын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл хэсэгт зааснаар 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-д анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ийн эрхэлж буй гэх ажил, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 97 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.455.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцох нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ийн өмгөөлөгч Г.Даваахүү, Т.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/955 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/955 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч Ү Ж Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-д 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ү Ж Ж /W Z J/-ийн цагдан хоригдсон 97 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.455.000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний эдлэх торгох ялын хэмжээг 38.545.000 төгрөгөөр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй. 

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-д мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-ийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, Г.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Ү Ж Ж /W Z J/-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

      ШҮҮГЧ                                          Б.АРИУНХИШИГ

                             ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР