Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2025/0251

 

 

  

   2025         04           09                                    128/ШШ2025/0251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: П.Н /РД:/

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э /ШТЭҮД:/

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Б /ШТЭҮД:/

            Хариуцагч: Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Х.

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны төлбөрийн мэргэжилтэн Ч.Б.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, Ч.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, П.Н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газар дээр  газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгах, П.Н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/0075 дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар хүлээн зөвшөөрүүлэх тухай.

            Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1. Анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/116 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын аманд иргэн П.Н 3.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар олгохоор шийдвэрлэж,  2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/0075 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон.

            1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0054 тоот шийдвэрийг тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, иргэн П.Н газар ашиглах эрхийг сэргээх тухай” А/123 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг буцаан сэргээсэн.

            1.3. Иргэн П.Н дээрх хугацаанд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа нь дууссан тул гэрчилгээний хугацааг сунгуулахын тулд газрын төлбөрийн тооцоогүй болох тухай тодорхойлолт авахаар 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд хүсэлт гаргахад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаар албан бичгээр Газрын төлбөр нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтын дагуу төлөх үүрэгтэй бөгөөд эдгээр заалтын дагуу газар ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд төрийн цахим мэдээллийн санд бүртгэгдсэн учир газрын төлбөр төлөх ногдуулалт хийгдэн, нэхэмжлэл үүссэн байна. Газар ашиглах тухай гэрээг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтын дагуу байгуулдаг бөгөөд газар ашиглах гэрээ байгуулаагүй нь газрын төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй гэх хариу өгсөн байна.

            1.4. Нэхэмжлэгч уг хариуг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад гомдол гаргаж газрын төлбөрийн тооцоогүй болох тухай тодорхойлолт гаргаж өгөхийг хүсэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/946 дугаар албан бичгээр өр төлбөргүй гэх тодорхойлолтыг гаргаж өгөх үндэслэлгүй гэх хариу өгчээ.

1.5. Иргэн П.Н анх 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, П.Н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах” Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба болон Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газарт 95,030,359 төгрөгийн газрын төлбөр үүсгэсэн үйл ажиллагааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2023/0216 дугаар шүүгчийн захирамжаар 128/2023/0030/З индекстэй захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Тус шүүх нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0059 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд  2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 058 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0059 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлснээр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулсан.

1.7. Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШТ2025/0014 шүүхийн тогтоолоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан  “П.Н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/0075 дугаартай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газарт 95,030,359 төгрөгийн газрын төлбөр үүсгэсэн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон.

1.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан “2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, П.Н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газар дээр  газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгах, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан “П.Н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/0075 дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх”  гэж өөрчилснийг хүлээн авч тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2025/1775 дугаар шүүгчийн захирамжаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг хамтран хариуцагчаар татаж дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв.

             Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            2.1. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн тодруулсан нэхэмжлэлийн шаардлага, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...П.Н миний бие Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 тушаалаар ашиглах эрх авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дугаар тушаалаар газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр тус газрын ашиглах эрхийг цуцалсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0054 дугаар шийдвэрээр тус газрын ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Тус шийдвэрийн үндэслэлд “...Улмаар нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандан Баянзүрх дүүргийн Засаг даргын гурвалсан гэрээ байгуулахгүй байгаа асуудалтай холбоотойгоор хүсэлт гаргаж байсан хийгээд тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр ашиглах боломжтой. Мөн тухайн гэрээгээр газар ашиглагчийн жилд төлөх төлбөрийн хэмжээг тогтоодог тул гэрээг байгуулаагүйн улмаас нэхэмжлэгч нь газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар...тогтоогдож байна” гэж, мөн “...газрын төлбөрийг төлөөгүй, газрын зориулалтын дагуу ашиглаагүй гэх асуудалд нэхэмжлэгчээс үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна...” гэж тус тус дүгнэсэн байдаг. 

Ингээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/123 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Уг шүүхийн маргаантай байх хугацаанд газар ашиглах эрхийн хугацаа дууссан байсан тул газар ашиглах эрх сэргэсний дараагаар газар ашиглах эрхээ сунгуулахаар хөөцөлдөж эхэлсэн. Газар ашиглах эрхээ сунгуулахаар Богдхан уулын Дархан цаазат газрын захиргаанд хандахад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас өр, төлбөргүй тухай тодорхойлолт авч ир гэсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд очиход газрын төлбөр үүссэн байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0509 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дундын мэдээллийн санд газрын мэдээлэл оруулж, газрын төлбөр үүсгэсэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй байна” гэж дурдсан байдаг.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан “2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах”, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан “П.Н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/0075 дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах хүсэлттэй байна.   

            Энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар П.Н миний бие ашиглах боломжгүй байсан, ашиглаагүй газарт газар ашигласны төлбөр төлөхгүй, улмаар газрын өр төлбөргүй тухай тодорхойлолт авч газрынхаа хугацааг сунгуулах боломжтой болно. Ингэснээр газраа бодитойгоор ашиглах боломж үүсч, улмаар тэр бодитоор газар ашиглаж эхэлсэн хугацаанаасаа газрын төлбөрөө төлж, үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Би тус газрыг ашиглах боломжгүй, ашиглаагүй, газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т тусгай хамгаалалттай газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулахаар заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн  37.1-д зааснаар газар ашиглагч иргэн, байгууллага, дүүргийн засаг дарга, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай гуравласан гэрээ байгуулахаар, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар байгуулах гэрээнд газрын төлбөр, газар ашиглах талаар талууд хүлээх эрх, үүргийг тодорхойлохоор заасан. Иймд гэрээ байгуулсны үндсэн дээр газар ашиглах ашиглахтай холбоотой эрх, үүрэг талуудад үүсэх тул газрын төлбөр төлөх үүрэг үүсэх боломжгүй.

-Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний загварын 2.4-т нэгжийн төлбөрийн хэмжээ, нийт төлбөрийн хэмжээ, төлбөр хийх хугацаа, төлбөр хийх дансны дугаар зэрэг мэдээллийг  заасан байдаг. Иймд хуульд заасны дагуу газраа ашиглах боломжгүйн зэрэгцээ, газрын төлбөр төлөх эрх зүйн боломж бүрдээгүй байсан.

-Гэрээ байгуулсны үндсэн дээр газар ашиглахтай холбоотой эрх, үүрэг талуудад үүснэ. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдаагүй, ямар хэмжээгээр газрын төлбөр төлөх нь тодорхойгүй, газрыг зориулалтын дагуу ашиглах зэрэг үүрэг П.Н үүсээгүй байхад газрын төлбөр үүсэх  хууль зүйн үндэслэлгүй юм...” гэжээ.

            2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            “...Газрын мэдээллийн нэгдсэн санд газар эзэмшиж, ашиглах эрх бүхий иргэн хуулийн этгээдийн бүртгэлийг үүсгэж, бүртгэгдсэний дагуу газрын төлбөрийн ногдуулалт, нэхэмжлэл үүсгэх үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба хэрэгжүүлдэг. Газар зохион байгуулалтын алба дараах хуулийн хүрээнд ажилладаг. Үүнд:

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” /2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 23 дугаар зүйлийн 23.4-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна. 23.4.5-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах,” 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх. Газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” /Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/.

Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл. Төлбөр ногдуулах газар “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна. /2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 7 дугаар зүйлийн 7.6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно”,  9 дүгээр зүйл. Газрын төлбөр ногдуулах 9.1-т “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно. Мөн  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны А/181 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын кадастрын нэгдсэн системийг ажиллуулах” журмын 9.12-т заасны дагуу бүртгэгдсэн газар ашиглах эрхийн хүрээнд газрын төлбөрийг батлагдсан ИТХ-ын тогтоолын бүсчилэл, тоон итгэлцүүрийн дагуу газрын төлбөрийг ногдуулан тооцдог болно. Дээрх хууль тогтоомжийн дагуу ногдуулсан газрын төлбөрийн нэхэмжлэлийг харьяалах татварын байгууллагад дундын мэдээллийн санд үүсгэдэг нь хууль бус үйлдэл гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэжээ.

 

2.3. Хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

“...Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Тухайн газар ашиглагч газар ашиглах гэрээ байгуулснаас үл хамааран Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын буюу одоогийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас газар ашиглах эрх олгосон тушаалыг газрын мэдээллийн санд оруулдаг. Сайдын уг тушаалыг газрын мэдээллийн санд оруулснаар автоматаар газрын төлбөрийн нэхэмжлэл үүсдэг болно. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна. Иймд газар ашиглах эрх олгосон сайдын тушаалыг газрын мэдээллийн санд бүртгэснээр автоматаар газрын төлбөр бодогддог тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар нэхэмжлэгч иргэн А.Н Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Төрхурахын аманд 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон.

            2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар “Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсныг Нийслэлд дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0054 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон.

3. Шүүхийн шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/123 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээж нэхэмжлэгчээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар олгосон газар ашиглах эрхийн 2016/0075 дугаар гэрчилгээний 5 жилийн хугацаа дуусгавар болсон тул хугацааг сунгуулахаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандахад газрын төлбөрийн тооцоогүй тухай тодорхойлолт шаардсанаар 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд хандахад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаар албан бичгээр газрын төлбөр үүссэн тухай мэдэгдэж өр төлбөргүй гэх тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан. 

4. Нэхэмжлэгчээс “... Баянзүрх дүүргийн Засаг дарга гуравласан гэрээнд гарын үсэг зураагүй учраас дээрх хугацаанд газрыг бодитоор нэг ч өдөр ашиглаагүй учир төлбөр төлөх үндэслэлгүй”, “...Газрын мэдээллийн нэгдсэн санд газар эзэмшиж, ашиглах эрх бүхий иргэн хуулийн этгээдийн бүртгэлийг үүсгэж, бүртгэсний дагуу газрын төлбөрийн ногдуулалт, нэхэмжлэл үүсгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зэрэг хууль тогтоомжийн дагуу газрын төлбөрийн нэхэмжлэхийг харьяалах татварын байгууллагад дундын мэдээллийн санд үүсгэдэг...”, хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “...тухайн газар ашиглагч газар ашиглах гэрээ байгуулснаас үл хамааран газар ашиглах эрх олгосон тушаалыг газрын мэдээллийн санд оруулдаг. Сайдын тушаалыг газрын мэдээллийн санд оруулснаар автоматаар газрын төлбөрийн нэхэмжлэл үүсдэг” гэх зэргээр тайлбарлан маргаж байна.

            5. Шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2023/058 дугаар магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх ажиллагааны хүрээнд дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас газрын төлбөрийн хамрах хугацаа, тооцсон аргачлалыг нягтлан тодруулсан.

6. Хариуцагчаас ирүүлсэн дээрх тайлбарт “Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн Газрын төлбөр ногдуулах 9.1-т “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно гэж заасны дагуу 2020, 2021 онд газрын төлбөр тооцогдсон. 2020 оны газрын төлбөрийг 30025 м.кв газар: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  2020 оны 25-р тогтоолоор 1м.кв 960 төгрөг 3 дахин үржүүлээд 2880 төгрөгөөр бодож 86,472,000 төгрөг, 2021 оны газрын төлбөр 30025 м.кв газар: Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 13 дугаар  тогтоолоор ногдуулсан бөгөөд тооцоолол нь 1 м.кв талбай 480 төгрөг 3 дахин үржүүлээд 1440 төгрөг нийт 43,236,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл төлбөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12/39 дугаар тогтоолоор ногдуулалт хийхэд 1 м.кв талбай 440 төгрөг 3 дахин үржүүлээд 1320 төгрөг нийт 8,558,359 төгрөг нийт 95,030,359 төгрөг байна. Дээрх иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг батлах тухай тогтоолуудад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын нутаг дэвсгэр нь үнэлгээний бүсийн 6 дугаар бүсэд харьяалагдаж байгаа. Тухайн үед мөрдөгдөж байсан Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дах заалтаар 2020, 2021 оны газрын төлбөр нийслэл, дүүргийн төсөвт 60, 40 хувиар хуваагдан төлөгддөг байсан учир тухайн жилд үүссэн ногдуулалтын дагуу 2 нэхэмжлэл үүссэн болно” гэжээ.

 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд тус тус холбогдуулан “П.Н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/0075 дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, П.Нямлхагвын ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах” шаардлагын тухайд:

 

7. Анх газар ашиглах эрх үүссэн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч П.Н газрын төлбөр төлөх үүрэг үүссэн эсэх тухайд дүгнэвэл:

7.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 тушаалаар газар ашиглах эрхийг олгосон. 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр  батлагдаж 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн  Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

7.2. 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдаж 1997 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “1.Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ”, 9.2-т “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заажээ.

7.3. Нэхэмжлэгч П.Н газар ашиглах гэрчилгээ авсны дараа 2016/060 тоот “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж тамга дарсан харин тус гэрээний нэг тал болох Баянзүрх дүүргийн Засаг дарга гэрээнд гарын үсэг зурж тамга дараагүй учир гуравласан гэрээ байгуулагдаагүй  байна.

7.4. Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэхэд 2020 оноос өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан холбогдох зохицуулалтуудаар газар ашиглах гэрээ байгуулагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөх үүрэг хүлээхээргүй байна.

7.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулж, дахин нотлох шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оныг дуусах хүртэл хугацаанд П.Н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/0075 дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоож, П.Н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэлээ.

8. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан байна.

9. Нэхэмжлэгч П.Н Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/116 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын аманд иргэн П.Н 3.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар олгохоор шийдвэрлэж,  2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/0075 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0054 тоот шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, иргэн П.Н газар ашиглах эрхийг сэргээх тухай” А/123 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг буцаан сэргээсэн.

10. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 9 дүгээр зүйлийн 1-т “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 1 дүгээр улирлыг дуусах хүртэл хугацаанд П.Н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/0075 дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэгтэй болох нь хуулийн дээрх зохицуулалтуудаар тогтоогдож байна.

11. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 23 тогтоолд "... Түүнчлэн, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байна, 4 дүгээр зүйлд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна, 7 дугаар зүйлийн 2-т газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно гэж тус тус зааснаас үзэхэд, газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газар эзэмших, ашиглах гэрээг байгуулаагүй нь, эсхүл газрын төлбөр төлөх талаар гэрээнд заагаагүй нь тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй...” гэж дүгнэсэн байна.

12. Дээр дурдсан үндэслэлүүдээр 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 1 дүгээр улирлыг дуусах хүртэл хугацаанд П.Н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/0075 дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх,  П.Н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан гаргасан “2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

 

            13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0054 дугаар шийдвэрээр “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6-д газрын төлбөрийг төлөөгүй, газрын зориулалтын дагуу ашиглаагүй гэх асуудалд нэхэмжлэгчээс үл хамаарах “хүндэтгэн үзэх шалтгаан” байгаа эсэх асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний дагуу  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/123 дугаар тушаалаар П.Н газар ашиглах эрхийг сэргээснээс үзвэл хариуцагчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тогтоох шаардлагатай болохыг дүгнэсэн байна.

14. Иймд хэргийн нөхцөл байдлыг “...захиргааны байгууллагын гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй гаргаснаас шалтгаалан төлбөрийг төлөх боломжгүй, газрыг ашиглах боломжгүй байсан эсэх, газрын төлбөрийн тогтоосон итгэлцүүрийн хэмжээ олон удаа өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчид газрын төлбөрийн нэг мөр зөв төлөх боломж байгаагүй эсэхийг тодруулах, хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэхийг дүгнэж газрын төлбөрийг бууруулах боломж байгаа эсэх”-ийг судлах шаардлагатай байна.

15. Хэргийн нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас тодруулах нь боломжтой, үр дүнтэй, ач холбогдолтой бөгөөд чиг үүргээ нөхөн гүйцэтгэж, залруулах замаар дээр дурдсан ажиллагааг явуулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгаж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            16. Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШТ2025/0168 дугаар тогтоолын дагуу шүүх хүлээн авч Богдхан уулын Дархан цаазат газрын захиргааг хамтран хариуцагчаар татсан.

17. Тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/2289 дүгээр албан бичгээр тус шаардлагыг хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд гардуулж хариу тайлбар шаардахад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07-14/549 дүгээр албан бичигт “Иргэн П.Н нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг хариуцагчаар татсан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэж, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбар гаргасан нь ойлгомжгүй нөхцлийг бий болгож улмаар шүүх хуралдааныг хойшлуулж хариуцагчийн байр суурийг тодруулах ажиллагаа явуулсан.

18. Улмаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07-14/674 дүгээр албан бичгээр  Иргэн П.Н нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг хариуцагчаар татахыг зөвшөөрч байна” гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******ээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх хариу тайлбар бичгээр өгсөн, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу тайлбар гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлан мэтгэлцэж байхад шүүхээс шууд хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй бөгөөд “хариуцагчийн зөвшөөрлийг батлуулах” тухай нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар үндэслэлгүй.

            19. Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй болно” гэснийг шүүх харгалзан үзэж зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5, 106.3.11, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 35.3.3 /2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинэчилсэн найруулга/  Газрын төлбөрийн тухай хуулийн 4, 9.1, 9.2 /1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан/-д заасныг тус тус баримтлан П.Н Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 он дуусах хүртэл хугацаанд П.Н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/0075 дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч, П.Н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газар дээр 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 он дуусах хүртэл хугацаан газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд даалгасугай.

 

2. Газрын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1 /энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 23 дугаар зүйлийн 23.4.5 /энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 35.3.3 /заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 /энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 9.1, 9.2 /энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-д заасныг тус тус баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 1 дүгээр улирлыг дуусах хүртэл хугацаанд П.Н ашиглах эрх бүхий гэрчилгээний 2016/0075 дугаартай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, П.Н ашиглах эрх бүхий Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Төрхурахын аманд байрлах 3 га газар дээр газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах  нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Газрын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1 /энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 23 дугаар зүйлийн 23.4.5 /энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 35.3.3 /заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 /энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/, 9.1, 9.2 /энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1686 дугаартай татгалзсан шийдвэрийг  шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа азар ашиглах гэрээ байгуулагдаагүй, гэрээ байгуулаагүй шалтгаан нь Баянзүрх дүүргийн Засаг дарга гэрээнд гарын үсэг зураагүй эс үйлдэхүй гаргасан эсэхээс шалтгаалсан эсэх, газрын төлбөр тооцох итгэлцүүрийн хэмжээ олон удаа өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчид газрын төлбөрийн хэмжээг нэг мөр тодорхой төлөх нөхцөл байдал байгаагүй эсэхийг  тус тус тодруулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0054 дугаар шийдвэрээр дүгнэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг судлан газрын төлбөр бууруулах нөхцөл боломж байгаа эсэхийг судлах замаар дахин шинэ акт гаргахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгасугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОДМАА

 

                                    ШҮҮГЧ                            А.МӨНХ-ӨЛЗИЙ

 

                                            ШҮҮГЧ                           Х.НЯМДЭЛГЭР