| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/00155/И |
| Дугаар | 191/шш2025/04000 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 191/шш2025/04000
2025 05 08 191/ШШ2025/04000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт С-ийн О /РД:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э***** ХХК /РД:******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг Э***** ХХК-иас гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянаад,хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: С.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч С.О нь Э***** ХХК-тай орон сууцны байр худалдах худалдан авах захиалгын гэрээг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/068 тоот гэрээгээр 28 метр квадрат орон сууц авахаар гэрээ байгуулсан. Тухайн орон сууц нь Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны *** гудамжинд баригдаж байгаа **** хотхоны * дугаар давхрын ** тоот 28 м/кв-т гэж гэрээнд заасан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу 1 метр квадратын үнийг 1,650,000 төгрөгөөр тохирсон. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т орон сууцны нийт үнэ 46,000,000 төгрөг болсон. Гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу НӨАТ болон холбогдох татвар хураамж багтсан гэсэн. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 46,000,000 сая төгрөгийг төлсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т орон сууцны чанар стандартын дагуу барьж дуусган 2022 оны 13 дугаар сарын 31-нд хүлээлгэж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг хүлээлгэж өгсөнгүй. Одоо тухайн орон сууц ашиглалтад орсон, улсын комисс хүлээгээд авсан. Мөнх Э***** ХХК-нь оршин суугаа газраа өөрчилж алга болсон. Хайж яваад хаягийг нь оллоо. Захирал А.Цолмончимэг. Б. Энхтөр нар нь утсаа авдаггүй. Өнөөдрийг болтол хохироосоор ирлээ. Гэрээний 5 дугаар зүйлийн 3-т талууд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ, боломжгүй бол МУ-ын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч танилцан Э***** ХХК-аас Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны "****н хотхоны" *-н давхрын ** тоот 28 м/кв-т орон сууцны өмчлөгчөөр тогтоон орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/068 дугаар гэрээ, Э***** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Х.О олгосон итгэмжлэл, өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтийг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Э***** ХХК-нд холбогдуулан Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, *** хотхоны * давхрын ** тоот 28 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.1. Хариуцагч Э***** ХХК-нд шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гардуулж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагч талаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч хариу тайлбар гаргаж өгөөгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
1.2.Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг тус тус үндэслэн дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ ... С.О-ын хариуцагчтай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/068 дугаартай Орон сууцны байр худалдах, худалдан авах захиалгын гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** хотхоны ** давхрын ** тоот 28 м.кв талбайтай орон сууцыг гэрээ байгуулсан тул тус захиалгын гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
2.1. Зохигч талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/068 дугаартай Орон сууцны байр худалдах, худалдан авах захиалгын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч буюу Э***** ХХК нь Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** хотхоны * давхрын ** тоот 28 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч буюу С.О нь 1 м.кв-ыг 1,650,000 төгрөгөөр тооцож нийт 46,000,0000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-7/
Тус гэрээг орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээ гэж талууд нэрлэсэн байх боловч уг гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга гэрээний зүйл болох орон сууц нь шинээр баригдах бус бэлэн баригдаж дуусаж байсан зэрэг нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зохицуулсан ажил гүйцэтгэх гэрээний агуулга бус мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулсан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад илүү нийцэж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
3. Талууд хооронд байгуулсан гэрээний 2.2-т гэрээний нийт үнийн дүнгийн 46,000,000 төгрөг гэж дурджээ.
3.1. Түүнчлэн, хэрэгт С.О-ын Хаан банкны ********* тоот харилцах дансны хуулга авагдсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4,600,000 төгрөгийг байрны мөнгө отгонбаатараас, 41,400,000 төгрөгийг 28 м2 байрны төлбөр 100 хувь төлөв гэх гүйлгээний утгаар ********* тоот дансанд шилжүүлсэн байна. /х.х-ийн 11-12/
Дээр баримтаар нэхэмжлэгч нь орон сууцны үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны үнийг төлж барагдуулаагүй гэж маргаж, энэ талаар баримтаа гаргаж мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.
4. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэж зохицуулсан зохицуулалт болон талууд хооронд байгуулсан гэрээний 5.1.6-д Захиалагчийн захиалсан орон сууцны байрыг гэрээний хугацаанд гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох баримт бичгийг саадгүй гаргаж өгнө гэж тохиролцсон тохиролцоо болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийн дагуу хариуцагч Э***** ХХК нь хууль болон гэрээнд зааснаар орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөд шаардлагатай холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь нэг этгээдээс нөгөө этгээдтэй байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр орон сууцны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.О-ыг Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** хотхоны * давхрын ** тоот 28 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Э***** ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О-ыг Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** хотхоны * давхрын ** тоот 28 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Э***** ХХК-нд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200+387,950=458,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э***** ХХК-иас 458,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Отгонбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР