Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/59

 

 

 

 

 

 

     2024           01            09                                        2024/ДШМ/59

  Н.Б-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,                    

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Баясгалангийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаар эсэргүүцлийг үндэслэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2302002960240 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ...-ийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ......... менежер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., ..-ын хамт ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, ..... гудамжны .. дугаар байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .........../; 

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 3 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтсан “Lysergide” /LSD/, хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 6.1105 грамм метамфетамины агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

мөн цаг хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 13.9040 грамм “өвс” гэх нэршилтэй “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” сургуулийн зүүн талд байрлах амины орон сууцны 05 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” сургуулийн зүүн талд байрлах амины орон сууцны 05 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай цэвэр жин нь 5.8208 грамм сэтгэцэд нөлөөт бодис, мөн конвенцийн жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 2.4325 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 3.4573 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-д “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Н.Б-д өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б нь хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар АG5677443 серийн дугаар бүхий дотор хэсэг нь бор зүйлээр бохирлогдсон 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт, хуульсан АТ1236712 серийн дугаартай 500 төгрөг, АХ8977584 серийн дугаартай 50 төгрөгийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар АN2017109, АQ3955148 тус тус серийн дугаартай 10 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэрт, АН3799605, АI2718512, АI3421690, ВZ0004409, А15933663, АL2449207 А/3051653, АG3556046, АК7054123, АН5023294, АG1174100, АG9022343, АС917769, 17902112, АК0945764, АG8235199, АF6475375, АG9194588, АG7794988, АҮ412598, АК3991649, АG2064260, АJ0772988, АG4059390, АG7453601, АF7920673, А4675177, А2648105, ВZ1188124, АК4398941 серийн дугаартай 30 ширхэг 20 мянган төгрөгийн мөнгөн тэмдэгтийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н Бид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын  эд мөрийн баримт хадгалах өрөөнд  хадгалагдаж байгаа 0,9 мл орчим шингэнтэй тариур, хар өнгийн жижиг гар жин, хуйлж 500 граммын савны хажууд цоолж хийсэн хэрэглүүр, шар өнгийн Витамин С гэсэн бичигтэй жижиг шилний таганд гуурс хийсэн цагаан соруул хэрэглүүр, “Тамедин” гэсэн бичигтэй жижиг усны шилний таганд гуурс хийсэн хэрэглүүр, хар зүйлээр бохирлогдсон тугалган цаас, тогоо хэлбэрт оруулсан бохирлогдсон тугалган цаас, дотроо бохирлогдсон толгой хэсгийг нь тайрч авсан 2 ширхэг хуруу шил, ягаан өнгийн жижиг зурагтай цаас буюу Lysergide /LSD/, цэвэр жин нь 6,1105 грамм “мөс”, цэвэр жин нь 13,9040 грамм “өвс”, цэвэр жин нь 5,8208 грамм “өвс”, цэвэр жин нь 2,4325 грамм “мөс”, цэвэр жин нь 3,4573 грамм “мөс”, 1.00 мл-н тариур зүү зэргийг зохих журмын дагуу устгахыг ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баясгалан эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, энэ төрлийн гэмт хэргийн криминологийн нөхцөл байдлыг харгалзах нь зүй ёсны хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон хууль ёсны байдал, гэмт хэрэг нэг бүрд оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн зүй зохистой байдлаар тухайлан оногдуулах зарчим зэрэгт нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Б-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Б-д 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухай зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

 Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Н.Б-ийг 2023 оны 3 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтсан “Lysergide” /LSD/, хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 6.1105 грамм метамфетамины агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

мөн цаг хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 13.9040 грамм “өвс” гэх нэршилтэй “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” сургуулийн зүүн талд байрлах амины орон сууцны 05 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” сургуулийн зүүн талд байрлах амины орон сууцны 05 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай цэвэр жин нь 5.8208 грамм сэтгэцэд нөлөөт бодис, мөн конвенцийн жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 2.4325 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай цэвэр жин нь 3.4573 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ энэ төрлийн гэмт хэргийн криминологийн нөхцөл байдлыг харгалзах нь зүй ёсны хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон хууль ёсны байдал, гэмт хэрэг нэг бүрт оногдуулах эрүүгийн хариуцлагын хамгийн зүй зохистой байдлаар тухайлан оногдуулах зарчим зэрэгт нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

Шүүх гэм буруутай гэж үзсэн этгээдэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан ..., Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэн шүүгдэгчид тухайн зүйлд заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, уг ялыг дээд хэмжээгээр ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хууль бусаар хадгалсан мансууруулах бодисын тун хэмжээ, төрөл, үргэлжилсэн үйлдэл зэргийг харгалзалгүй шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Баясгалангийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаар эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                           ШҮҮГЧ                                         Л.ДАРЬСҮРЭН

      ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР