Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0267

 

2025 04 15 128/ШШ2025/0267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М /РД:/ гадаадын хөрөнгө оруулалттай ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т /РД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б /ШТЭҮД:/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б., Ц.М, Б.Ц, Ч.С, Э.Э, Б.Х нар,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Том татвар төлөгчийн газрын Захиргаа, Хуулийн хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Т,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Том татвар төлөгчийн газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч Э.Ж нарын хоорондын татварын нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ц.М, Б.М, Э.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Э.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №НА36230000002 тоот нөхөн ногдуулалтын акт хууль бус байсан болохыг тогтоолгох.

Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1. Монголын Татварын албаны 3621501182 дугаар татварын хяналт, шалгалт хийх томилолтоор 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Татварын ерөнхий газраас татварын хяналт шалгалтын багийн ахлагчаар татварын улсын ахлах байцаагч Б.М, бусад татварын улсын ахлах байцаагчид Ц.М, Б.Ц, Ч.С, Э.Э нарын бүрэлдэхүүнтэй М ГХОХХК /РД:/-д 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны татварын ногдуулалт, төлөлтөд, иж бүрэн хяналт шалгалтыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажлын 30 өдөрт хяналт шалгалт хийхээр Татварын хяналт, шалгалт арга зүйн газрын дарга Б.Б-с хяналт шалгалт хийх томилолт олгожээ.

2. Дээрх 3621501182 дугаар татварын хяналт, шалгалт хийх томилолтын эхлэх, зарцуулах хугацаа 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс ажлын 30 өдөр, дээрх хугацаанд 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 10 удаа сунгалт хийж 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шалгалтыг дуусгаж Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №НА3623000002 дугаар акт тогтоосон.

3. 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №НА3623000002 дугаар актаар нийт 180,830,313,601.82 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоож 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 03/1612 дугаар албан бичгээр М ХХК-д хүргүүлсэн.

4. М ХХК-аас 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №НА3623000002 дугаар актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар хянан хэлэлцээд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэсэн.

5. М ХХК-аас шүүхэд анх Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгчээс сүүлийн байдлаар 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.М, Ц.М, Б.Ц, Ч.С, Э.Э, Б.Х, Татварын хяналт, шалгалтын арга зүйн газрын дарга Б.Б нарт холбогдуулан №3621501182 дугаарын Татварын хяналт шалгалт хийх томилолт илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №НА-36230000002 тоот нөхөн ногдуулалтын акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасныг шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулснаар тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагаар захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2024/5921 дугаар шүүгчийн захирамжаар №3621501182 дугаарын Татварын хяналт шалгалт хийх томилолт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №НА-36230000002 тоот нөхөн ногдуулалтын акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авч 128/2024/0619/з индекстэй захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №НА-36230000002 тоот нөхөн ногдуулалтын акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагаа өөрчилсөн зүйлгүй, тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжоор татвар төлөгчийг шалгаж болох үндэслэлийг хязгаарлан зөвхөн хоёр л нөхцөлийг хуульчилсан. Улмаар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11-т Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно, 41.11.1-т энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулиар татварын байгууллагын зах замбараагүй, олон удаагийн, хууль бус хяналт шалгалт, дарамт шахалтаас татвар төлөгч, бизнес эрхлэгчдийг хамгаалах зорилгоор татварын хяналт шалгалт хийх болох нөхцөлд хязгаарлалт тогтоон зөвхөн хоёрхон үндэслэл тогтоосон. Манай компани татварын хяналт шалгалтад хамрагдах талаар өөрөө ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул энэ үндэслэлээр шалгагдах үндэслэлгүй.

Хэрэв татвар төлөгчийг эрсдэлд үндэслэн шалгах тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.10-т заасны дагуу эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг сонгосон байх, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд зааснаар Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журамд заасны дагуу хийгдсэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэх ёстой. Гэтэл татварын улсын байцаагч Б.М, арга зүйн газрын дарга Б.Б баталсан 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолтоор Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 41.11.1-д заасан хориг хязгаарлалтыг зөрчин, эрх хэмжээгээ хэтрүүлэх замаар Удирдлагын шийдвэрээр гэсэн хууль бус үндэслэлээр М ХХК-д татварын хяналт шалгалт хийж 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №НА36230000002 тоот хууль бус нөхөн ногдуулалтын акт гарган их хэмжээний төлбөр төлүүлэхээр шийдвэрлэн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Уг актыг эс зөвшөөрч манай компанид хуульд заасан журмын дагуу Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №02 тоот тогтоол гарган Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-т зааснаар 3 хүртэл сарын хугацаагаар актыг дахин шалгуулахаар Татварын ерөнхий газрын дарга, татварын улсын ерөнхий байцаагчид буцааж шийдвэрлэсэн боловч татварын улсын байцаагчид дахин шалгалтыг өөрсдөө гүйцэтгэх замаар 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шинээр №НА36240000003 тоот нөхөн ногдуулалтын акт гарган дахин манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа юм.

Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т зааснаар шинэ акт гарснаар өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохоор зохицуулалт байх боловч өмнөх акт буюу 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №НА363230000002 тоот нөхөн ногдуулалтын акт нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 41.11-д заасан хориг хязгаарлалт зөрчин, эрх хэмжээгээ хэтрүүлэх замаар Удирдлагын шийдвэрээр гэсэн хууль бус үндэслэлээр татварын хяналт шалгалт хийгдсэний үндсэн дээр гарсан гарсан тул уг маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох нь манай компанид эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахад зайлшгүй шаардлагатай юм.

Татварын ерөнхий хуульд зааснаар татварын хяналт шалгалтыг эрсдэлд эхсүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэж явуулахаар зохицуулсан. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасныг зөрчиж хяналт шалгалт хийсэн. 2023 оны нөхөн ногдуулалтын акт дээр удирдлагын шийдвэрээр гэх үг байгаа. Үүнд бид гомдол гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Маргаан таслах зөвлөлөөр хэлэлцсэн тогтоолд мөн удирдлагын шийдвэрээр гэж тодорхой бичсэн. Татварын улсын байцаагч нарт 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр олгосон удирдамж, томилолтын 6.1 дээр нь удирдлагын шийдвэрээр иж бүрэн хяналт шалгалт явуулах гэж бичсэн. М ХХК-д эрсдэлд суурилж хяналт шалгалт хийсэн бол эрсдэлийн үнэлгээ болон бусад нотлох баримтыг танилцуулж, томилолт доо мөн эрсдэлд суурилж хяналт шалгалт явуулж байгаа тухай бичих ёстой. Бид удирдлагын шийдвэрээр шалгасан гэж ойлгож байгаа гэжээ.

2.2. Хариуцагч нар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр өгсөн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын алба нь татвар төлөгч М ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж заасны дагуу эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг хийсэн. Тус компанийн эрсдэлийн үнэлгээ өндөр буюу 92 хувь байсан нь татварын хяналт шалгалт хийх үндэслэл болсон. Мөн нэхэмжлэгчийн маргаж байгаачлан удирдлагын шийдвэрээр хяналт шалгалт хийх үндэслэл үүсээгүй нь эрсдэлийн үнэлгээ өндөр эрсдэлд үндэслэн хяналт шалгалт хийснээр нотлогдоно. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3621501182 дугаар томилолтод хяналт шалгалт хийх үндэслэлд Удирдлагын шийдвэрээр бичигдээгүй болох нь тухайн томилолтын баримтаас тодорхой харагдана.

Харин 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3621501182 дугаар томилолтын 6 дах хэсэгт: Татварын хяналт шалгалтын төрөл гэж байгаа бөгөөд 6.1 дэх хэсэгт Удирдлагын шийдвэрээр иж бүрэн гэсэн нь татвар төлөгчийн эрхийг зөрчсөн илт хууль бус байх нөхцөлийг үүсгээгүй. Хяналт шалгалт хийх үндэслэлийг зөвхөн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр / эрсдэлд суурилсан, татвар төлөгчийн хүсэлтээр/ хийнэ гэж хуульчилж өгсөн бөгөөд хяналт шалгалтын төрлийг хуульчлаагүй. Татварын алба Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасны дагуу хяналт шалгалтыг иж бүрэн, хэсэгчилсэн, хялбаршуулсан төрлөөр хэрэгжүүлэхээр заасантай нийцнэ. Иж бүрэн гэдэг нь татварын бүх төрөл буюу ААНОАТ, ХХОАТ, Үнэ шилжилт, АМНАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын төрөл гэх мэтчилэн бүх төрлийн татварын ногдуулалт төлөлтийн байдлыг шалгахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл М******* ХХК-ийн хяналт шалгалтын төрлийг татварын бүх төрлөөр шалгах буюу иж бүрнээр шалгах талаар томилолтод тусгагдсан нь хяналт шалгалт хийх үндэслэлд хамааралтай бус харин хяналт шалгалт хийх эрсдэл эсвэл татвар төлөгчийн хүсэлтээр хийх үндэслэл бий болсны дараагаар иж бүрэн шалгах уу, эсхүл хэсэгчилсэн байдлаар шалгах уу гэдэг асуудал тогтоогдох учиртай. Тиймээс татвар төлөгчийн маргаан үүсгэж байгаа удирдлагын шийдвэрээр шалгачихлаа гэдэг үндэслэл няцаагдана. Хяналт шалгалт хийх үндэслэл болон хяналт шалгалтын төрөл нь 2 өөр ойлголт болохыг татвар төлөгч ойлгох учиртай. Энэ нь хяналт шалгалтын томилолтын 6 дахь хэсэгт хяналт шалгалтын төрөл гэж тодорхойлсноор нотлогдоно. Түүнчлэн уг хяналт шалгалтын томилолтыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр М ХХК-д цахим хэлбэрээр хүргүүлсэн бөгөөд тус компани нь уг томилолтыг хүлээн авч зөвшөөрөн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцоод явсан. Томилолт гардуулах үед томилолтыг илт хууль бус, үндэслэлгүй гэдэг үндэслэлээр маргаан үүсээгүй болохыг дурдах нь зүйтэй.

М ХХК-д 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3621501182 дугаар томилолтын дагуу хяналт шалгалт хийгдэж, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр НА-36230000002 дугаар нөхөн ногдуулалтын акт тогтоогдсоныг татвар төлөгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гарган хянуулсан бөгөөд маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоолоор 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр НА-36230000002 дугаар Нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин хяналт шалгалт хийлгэхээр татварын албанд буцааж шийдвэрлэсэн. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн дагуу №3624200844 тоот томилолт олгогдож, хяналт шалгалтыг дахин хийж 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №НА36240000003 дугаартай акт гарснаар өмнөх маргаан бүхий акт, томилолт нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т Татварын алба шинэ акт гаргах бол өмнө нь гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасны дагуу хүчингүй болсон. Татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №НА36240000003 дугаартай актыг эс зөвшөөрч М ХХК нь Маргаан таслах зөвлөлд гомдол гарган хянуулж байна. Иймд татварын хяналт шалгалтын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3621501182 дугаар томилолт нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4- Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж заасны дагуу олгогдсон, улмаар урьдчилан шийдвэрлэх эрх бүхий маргаан таслах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулахаар дахин томилолт олгогдож, маргаан бүхий томилолт, акт хүчингүй болсон нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Түүнчлэн илт хууль бус байх хуулийн үндэслэл нь тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд Захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт дуусгавар болж, тухайн актыг хэрэгжүүлж, шүүхэд тухайн акттай холбоотой нэхэмжлэлийг гаргасны дараа захиргааны байгууллага тухайн шийдвэрээ цуцлах юм уу, хүчингүй болгосон буюу үр дагаваргүй болсон тохиолдолд нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол байх юм бол тэрийг нь хамгаалах гэж гаргадаг нэхэмжлэлийн шаардлагын төрөл. Онцгой ашиг сонирхлыг тухайн акттай холбоотой маргаан дахиж үүсэх эрхгүй, боломжгүй болох үед шүүхэд хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах болно. Маргааны үйл баримтын тухайд хяналт шалгалт нь 2021 онд томилолтоор эхэлж хамгийн сүүлд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шинэ акт гарсан. Үүнийг нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд буюу Маргаан талсах зөвлөлд гомдол гаргаж, гомдлыг Маргаан таслах зөвлөл хянан шийдвэрлэж үнэ шилжилтийн харилцаа хамаарал бүрэн тодорхойл гэж Маргаан таслах зөвлөлийн шинжлэн судлах боломжоос давсан гэж үзсэн. Энэ хүрээнд шинэ акт гаргахыг үүрэг өгч түдгэлзүүлсэн шийдвэр гарсан. Тэгэхээр энэ актын эрх зүйн үр дагавар байсаар байгаа. Энэ акт нь дахиж Маргаан талсах зөвлөл дээр хянагдаж байгаа. Тус актыг эцэслэн шийдвэрлэсэн буюу маргаан таслах зөвлөлийн тогтоол гараагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэрэгжээгүй байхад энэ нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэл гаргах боломжгүй гэж дүгнэж байгаа.

Хуульд зааснаар эрсдэлд суурилсан хяналт явуулдаг. Эрсдэлд суурилсан хяналт шалгалт нь дотроо 3 төрөл байдаг. Эрсдэлийн удирдлагын хорооны ажиллах журмын 6.5, 6.6 ЭУ-01, 02,03 гэсэн маягтууд үйлдэх болно. Нэхэмжлэгчийн хувьд анх 2020 оны төлөвлөгөөт хяналт шалгалт буюу ЭУ-01 маягтад төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар байсан. Төлөвлөгөөт хяналт шалгалт нь үүсээд явж байх хугацаанд нарийн төвөгтэй хяналт шалгалт руу шилжих буюу үнэ шилжилтийн эрсдэл гарч ирсэн. Үүнээс нь үнэ шилжилтийн эрсдэлийг тооцож нэмэлтээр нарийн төвөгтэй хяналт шалгалт руу шилжүүлэх болохоор нөгөө эрсдэлийн хороо руу нэмэлтээр аль аль нь 4 жил хамаарч байгаа. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг дахиж эрсдэл тооцож төлөвлөгөөт бус хяналт шалгалт буюу ЭУ-03-т хамрагдах юм байна гэж үзэж Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэржсэн жагсаалт. Энэ эрсдэлд тооцсон жагсаалтад буюу хэлбэржсэн шийдвэрт үндэслэж татварын хяналт шалгалт гарч байгаа. Түүнээс биш эрсдэлийн үнэлгээ гараагүй байхад удирдлагын шийдвэрээр татварын хяналт шалгалтад хамрагдуулах ойлголт байхгүй. Ямар нэгэн нөхцөл байдлаар ЭУ-02, 03 жагсаалтад эрсдэл тооцсон үнэлгээнд татвар төлөгч байснаар татварын хяналт шалгалт хийгдэж байгаа. Мөн хяналт шалгалтын процесс эцсийн шийдвэр болж гараагүй байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байгаа. Онцгой эрх ашгийг хамгаалах гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Маргаан талсах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж Татварын алба дахин хянан шалгалт хийж шинээр акт гаргасан. Үүнтэй холбоотой Татварын ерөнхий хуулийн 47.12-д заасны дагуу өмнөх акт хүчингүй болсон. Өмнөх хүчингүй болсон актыг гаргах үндэслэл болсон томилолттой маргаан үүсгэх нь өнөөдөр ямар ч ач холбогдол байхгүй асуудал болсон гэдгийг анхаарч үзнэ үү. Дараагийн хяналт шалгалтын томилолтоор үүссэн асуудал акт нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Маргаан талсах зөвлөлд хянагдаж байгаа. Маргаан таслах зөвлөлийн түдгэлзүүлсэн шийдвэр гарсантай холбоотой томилолт дахин үүссэн. Бүрэлдэхүүнд өөрчлөлт орж хяналт шалгалт хийгдсэн. Өмнөх томилолт хүчингүй болгох нөхцөл бий болсон гэж үзэж байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Том татвар төлөгчийн газартай харьцдаг, 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ..... тоот гэрчилгээ, .... тоот регистрийн дугаартай М /ГХОХХК /-ийн 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 3621501182 тоот томилолтоор /Удирдлагын шийдвэрээр-иж бүрэн/ шалгалтыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч Б.М, Ц.М, Ч.С, Э.Э, Б.Х нар хийж 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №НА36230000002 тоот Нөхөн ногдуулалтын актаар нийт 180,830,313,601.82 төгрөгийн төлбөр төлүүлэх акт тогтоожээ.

3. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолоор актын тэмдэглэх хэсгийн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 2,3-т ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт болон үндсэн төлбөрийг дутуу тооцсон, 8-д шатсан нүүрсний өртгийг зардалд тооцсон, 10-т үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, 11-т албан татварын хуулийг хугацаанд төлөөгүй зэрэг зөрчилд төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй, 1-т борлуулалтын орлогыг бодит бус үнэ хэрэглэж татвар ногдуулах орлогыг бууруулсан, 4-т Монгол Улсад байрладаггүй этгээдэд шилжүүлсэн орлогоос албан татвар суутгаагүй, 5-д хөрөнгө оруулалттай холбоотойгоор валютын ханшийн бодит алдагдлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсон, 6-д хайгуулын урьдчилгаа төлбөрийг элэгдлийн зардлаар бүртгэсэн, 7-д автомашин түрээслүүлсэнтэй холбоотойгоор зардлыг давхардуулсан, 9-т автозамыг биет бус хөрөнгөөр бүртгэж, элэгдлийн зардлыг илүү тооцсон зэрэг зөрчлүүд болон татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдахтай холбоотой асуудлын нөхцөл байдлыг шалган тодруулах ажиллагаа нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн, магадалгаанд ирүүлсэн тайлбар, баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №НА36230000002 тоот Нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар татварын албанд буцаасан.

4. М ХХК ийн 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 3624200844 тоот томилолт, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолоор шалгалтыг 2024 оны 2 дугаар сарын 22-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч Ц.М, Ч.С, Ц.Т, Б.М, Б.Х, Ц.О, Э.Э нар хийж гүйцэтгэж 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №НА-36240000003 тоот Нөхөн ногдуулалтын актаар нийт 413,377,291,970.71 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

5. 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №НА-36240000003 тоот Нөхөн ногдуулалтын акттай холбоотой Татварын ерөнхий газрын дэргэхэд Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар захиргааны байгууллагад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж хариуцагч талаас тайлбарласан ба нэхэмжлэгч тал тухайн үйл баримтыг үгүйсгээгүй.

6. Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 128/ШЗ2024/8486 дугаар шүүгчийн захирамжаар Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн маргаж буй 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №НА36230000002 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болсон гэж үзээд маргаан бүхий актыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын дунд цуцалсан талаарх нөхцөл байдал бий болоогүй, нэхэмжлэгчид зөрчигдөх онцгой ашиг сонирхол үүсээгүй гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 893 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргаж буй нөхөн ногдуулалтын акт нь тус компанид татварын өр төлбөр төлөх үүргийг үүсгэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын эрх зүй шууд үр дагавар бий болгосон байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн хянан шийдвэрлэж байх тул хариуцагч талын шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхлэхээс өмнө маргаан бүхий акт хүчингүй болсон, хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын бүрдүүлбэр хангагдаагүй нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол үүсээгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

7. Нэхэмжлэгч талаас ...2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №НА36230000002 тоот Нөхөн ногдуулалтын акт хууль бус болох үндэслэл нь татварын хяналт шалгалт хийсэн 3621501182 дугаар томилолтын /6.Татварын хяналт шалгалтын төрөл 6.1. Удирдлагын шийдвэрээр-Иж бүрэн/ гэснийг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж заасныг зөрчсөн М ХХК-иас хяналт шалгалтад хамрагдах хүсэлт гаргаагүй бөгөөд хяналт шалгалт хийсэн үндэслэл нь удирдлагын шийдвэрээр гэсэн байгаа нь татварын байгууллага дур зоргоороо аашилж шалгалт хийсэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж байгаа тухай мэдэгдээгүй нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11.1-т энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх гэж заасныг зөрчиж хяналт шалгалт хийсэн тул хууль бус... гэж тайлбарлан маргасан.

8. Хариуцагч талаас ...2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3621501182 дугаар томилолтын 6 дах хэсэгт Татварын хяналт шалгалтын төрөл 6.1 дэх хэсэгт Удирдлагын шийдвэрээр-Иж бүрэн гэж тэмдэглэсэн нь Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд хяналт шалгалтыг иж бүрэн, хэсэгчилсэн, хялбаршуулсан төрлөөр хэрэгжүүлэхээр заасантай нийцнэ. Татвар төлөгчийн эрхийг зөрчсөн хууль бус байх нөхцөлийг үүсгээгүй. Хяналт шалгалт хийх үндэслэлийг зөвхөн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт эрсдэлд суурилсан, татвар төлөгчийн хүсэлтээр хийнэ гэж хуульчилсан.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 305 дугаар тушаалаар Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журмыг баталсан байна. Тус журмын 3 дугаар хавсралтаар Татварын хяналт шалгалтад хүсэлтээр хамрагдах татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээ /Маягт ЭУ-03/ баталсан жагсаалтад М ХХК-ийн 2020 оны эрсдэлийн үнэлгээ 92.49 өндөр,Татварын ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Төлөвлөгөө батлах тухай А/142 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалтын /Маягт ЭУ-02/ 12 дугаарт М ХХК эрсдэлийн түвшин 92.487 өндөр,

Татварын албаны 2021 оны Маягт ЭУ-03 аар дугаар 128-дугаар 5141583 регистрийн дугаартай М*******ХХК-г эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус гэх үндэслэлээр, эрсдэлийн түвшин өндөр учраас Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж заасны эрсдэлд үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч тал хяналт шалгалтын төрөл, хэлбэр хоёрыг зөрүүлж буруу тайлбарлаж байна... гэж тайлбарлан маргасан.

9. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ, 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж хяналт шалгалт явуулах үндэслэл болон хэлбэрийг зааж өгсөн байна. Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2. Татварын хяналт шалгалтын хэлбэр, ангилал, харьяалал. 2.1-т Татварын алба Татварын ерөнхий хуулийн 41.4-т заасны дагуу дараах үндэслэлээр татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана, 2.1.1-т татвар төлөгчийн эрсдэлд суурилсан 2.1.2-т татвар төлөгчийн хүсэлтээр, 2.4-т Татварын ерөнхий хуулийн 41.2-т заасны дагуу бүрэн хяналт шалгалтыг бүх төрлийн ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалтыг нэг буюу хэд хэдэн төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийнэ гэж тус тус заасан байна.

10. Хууль ба журмын дээрх заалтуудаас үзвэл хяналт шалгалт явуулах үндэслэл болон хяналт шалгалтын хэлбэр нь өөр өөр ойлголт байна. М ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан үндэслэлээр хяналт шалгалт явуулсныг 3621501182 дугаар томилолтын /6.Татварын хяналт шалгалтын төрөл 6.1. Удирдлагын шийдвэрээр-Иж бүрэн/ гэж хяналт шалгалтын хэлбэрийг заасантай хамааруулан ойлгож болохгүй.

11. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж заасан эрсдэлд суурилж хяналт шалгалт явуулсан гэх хариуцагчийн тайлбар Үндэслэх хэсгийн 8-д зааснаар тогтоогдож байна.

12.Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар Татварын улсын байцаагчийн Нөхөн ногдуулалтын акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудас-ны загвар маягтуудыг 2 дугаар хавсралтаар баталжээ.

13. Маргаан бүхий 36230000002 дугаар нөхөн ногдуулалтын актын эхний хэсэгт 3621501182 тоот томилолтоор /Удирдлагын шийдвэрээр-иж бүрэн/ шалгалтыг, татварын хяналт шалгалт хийх 3621501182 дугаар томилолтын 6 дугаар хэсэгт Татварын хяналт шалгалтын төрөл: 6.1.Удирдлагын шийдвэрээр-Иж бүрэн, Татварын удирдлагын нэгдсэн системээс хуулбарласан хяналт шалгалтын бэлтгэх үйл ажиллагаа хуудсанд төлөвлөгөөний мэдээлэл гэх хуудасны ХШ-н төрөл Удирдлагын шийдвэрээр иж бүрэн, томилолтын дугаар 3621501182 / Удирдлагын шийдвэрээр-Иж бүрэн/ гэсэн нь маягтад тусгагдсанаар хяналт шалгалтын төрөл ба хууль зүйн хувьд хяналт шалгалтын хэлбэр гэх ойлголт байна. Нэхэмжлэгч талын Татварын алба удирдлагын шийдвэрээр дур мэдэн хяналт шалгалт явуулсан, М ХХК-д хяналт шалгалт хийх хууль зүйн үндэслэл байгаагүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

14. Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолын үндэслэлийг Үндэслэх хэсгийн 3-т дурдсан бөгөөд тус тогтоолоор удирдлагын шийдвэрээр хяналт шалгалт явуулсан үндэслэл нь буруу түүнийг шалгах зөвтгөх гэх агуулгаар маргаан бүхий 36230000002 дугаар Нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлээгүй. Тогтоолын удиртгал хэсэгт удирдлагын шийдвэрээр гэж бичигдсэн нь хяналт шалгалтын явцад хэлбэржсэн бүхий л баримт бичгүүдэд /удирдлагын шийдвэрээр иж бүрэн, татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, тусгай удирдамжийн хүрээнд, 3621501182 тоот томилолтоор/ зэрэг хяналт шалгалтын актад зайлшгүй тусгагдах ерөнхий мэдээллүүдийг агуулсан хэлбэрийн шинжтэй байна.

15. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.4-т Хяналт шалгалтыг шаардлагатай тохиолдолд тусгай удирдамжаар хийж гүйцэтгэнэ. Тусгай удирдамжид хяналт шалгалтын бүрэлдэхүүн түүнд тавигдах шаардлага, хамтарч гүйцэтгэх байгууллагын нэр, хяналтын цар хүрээ зэрэг бусад шаардлагатай мэдээллийг тусгана гэж тус тус заасны дагуу Татварын ерөнхий газрын хяналт, шалгалт, арга зүйн газрын даргаас 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр баталсан дугаар 08/01 татварын хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн М ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 3621501182 тоот томилолтоор /Удирдлагын шийдвэрээр-иж бүрэн/ шалгалтыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацаанд явуулж Татварын улсын байцаагч Б.Ма, Ц.М, Ч.С, Э.Э, Б.Х нараас тогтоосон 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №НА36230000002 тоот Нөхөн ногдуулалтын актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-иас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.М, Ц.М, Б.Ц, Ч.С, Э.Э, Б.Х нарт холбогдуулан гаргасан 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №НА36230000002 тоот нөхөн ногдуулалтын акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА