Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/05165

 

 

 

 

 

 

 

2025 04 29 197/ШШ2025/05165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.М холбогдох гэм хорын хохирол 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.О, өмгөөлөгч Б.З,

Хариуцагч Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Оын нэхэмжлэлээс 150,000 төгрөгийг хангаж, 2,850,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.О 2025 оны 01 сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүрэг 8 хороо МУИС-ийн урд зам дээр гарсан зам тээврийн ослын улмаас өөрт учирсан хохирол шинжилгээний төлбөр 300,000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хонгийн төлбөр 350,000 төгрөг, цалин 450,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,900,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч Ц.М 2025 оны 01 сарын 03-ны өдөр зам тээврийн осол гарсан дээр маргахгүй. Осол болсон даруйд эмнэлэгт очиж шаардлагатай шинжилгээг давтан өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь зам тээврийн осолтой хамааралгүй, шалтгаант холбоогүй. Өөрөө сайн дураараа өөр эмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Зохигч 2025 оны 01 сарын 03-ны өдөр зам тээврийн осол гарсан үйл баримт маргаагүй.

Нэхэмжлэгч Б.О түүний өмгөөлөгч нар 2025 оны 01 сарын 03-ны өдөр зам тээврийн ослын улмаас 2025 оны 01 сарын 15-ны өдөр Мөнгөн чагнуур эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж, 7 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн, Мөнгөн гүүр эмнэлэгт компьютерт томографын оношилгоо хийлгэсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

5. Иймд дээрх үндэслэлээр эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 350,000 төгрөг, шинжилгээний төлбөр 150,000 төгрөг, цалин 450,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,900,000 төгрөг, нийт 2,850,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэмтлийн эмнэлгийн эмчийн бичгээр 2025 оны 01 сарын 04-ний өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн 150,000 төгрөгийг хариуцагч Ц.М хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс төлсөн 62,950 төгрөгийг улсын болгож, хариуцагч Ц.Маас 150,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Маас 150,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлээс 2,850,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 62,950 төгрөгийг улсын болгож, хариуцагч Ц.Маас 5,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА