Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 317/ШШ2025/00319

 

 

 

2025 03 19 317/ШШ2025/00319

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух , А овогт Пын Б /рд:******/

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан болохыг тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн үндэслэл, тайлбартаа: П.Б нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа цэргийн ангид 1983 оны 06 дугаар сарын 09-нийг хүртэл цэргийн алба хаасан юм байна. Гэтэл цэрэгт явахад нь эцэг Пын нэрийг П гэж тухайн үед дутуу бичигдсэн алдаанаас болж өндөр настны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа юм. Иймд Пын Бийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа цэргийн ангид 1983 оны 06 дугаар сарын 13-наас 1986 оны 06 дугаар сарын 09-ийг хүртэл хугаацанд цэргийн алба хаасан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү. Цэргийн алба хаасан үнэмлэхээ гээсэн юм байна лээ. Лавлагаагаа бариад Нийгмийн даатгалын газарт очиж шүүлгэхэд баримт нь Пийн Б гэх нэрээр гарч ирээд байгаа тул бичиг баримтын зөрчилтэй болоод байгаа юм гэжээ.

2.Хэрэгт дараах нотлох баримт цугларсан. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/05 дугаартай П овогтой Бид олгосон зөвлөмж /хх 3/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08/79 дугаар лавлагаа, нэхэмжлэгч П.Боос итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Од олгосон 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл /хх 5/, нэхэмжлэгч П.Бийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 16/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03-08/1666 тоот мөн газрын 03-08/1667 тоот лавлагаанууд /хх 27-28/,

2.2.Шүүхээс, гэрчээр П.Чыг асуусан тэмдэглэл /хх 19-22/, Тагнуулын ерөнхиий газрын тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08/109 дугаар албан бичиг /хх 25/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08/681 дүгээр албан бичиг /хх 26/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.1.Нэхэмжлэгч П.Б нь цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасанд нийцэж байна.

2.Нэхэмжлэгч П.Б цэргийн алба хаасан болохыг тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.14 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч П.Бийн хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

3.1.Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08/79 дугаар албан бичиги ...Пийн Б нь Төв аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0243 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэж, /хх 4/

3.2.Нэхэмжлэгч Пын Бийн төрсний гэрчилгээний хуулбарт: рд:****, хүүхдийн эцэг/эхийн нэр: П, нэр: Б, хүү, 1965 оны 02 сарын 26-нд Төв Баянцагаан төрөх газар төрснийг Баянцагаан төрсний бүртгэлд 1965 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эцгийн эцэг/эх-ийн нэр:*********, нэр П, Эхийн эцэг/эх-ийн нэр: Мөнх, нэр: Д гэж, /хх 16/

3.3.Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03-08/1667 дугаар лавлагаанд: ...овог: П, нэр: Б, өрхийн тэргүүний хамаарал: тэргүүлэгч өөрөө ... гэж /хх 27/,

3.4.Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03-08/1666 дугаар лавлагаанп: ...овог: Т, нэр: П, өрхийн тэргүүний хамаарал: тэргүүлэгч өөрөө... гэж /хх 28/,

3.5.Гэрчээр асуугдсан П.Чын мэдүүлэгт: П.Б нь 1965 оны 02 дугаар сарын 26-нд миний 3 дахь дүү болж төрсөн. Бидний аавыг Тын П гэдэг. Ээжийг Мийн Д гэдэг. П.Б нь 1983 онд Төв аймгийн Баянцагаан сумаас цэргийн албанд татагдаад, 1986 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Ах маань овог сольж байгаагүй. Анхнаасаа манай аав Паар овоглож байсан гэж тайлбарлан, өөрийн иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна./хх 19-22/,

3.6.Тагнуулын ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08/681 дугаар албан бичигт: Пийн Б нь Төв аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0243 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ. Хилийн 0243 дугаар ангиас Төв аймагт халагдсан цэргийн бүртгэлд: Пийн Б, Төв аймаг Баян сумын харьяат, 1983 онд цэрэгт татагдсан, бага бус дунд боловсролтой, цэргийн үүрэгтний үнэмлэхний дугаар **** гэж бичигджээ./хх 26/

4.Шүүх, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, хэргийн үйл баримтыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлээд, нэхэмжлэгч А овогт Пын Б /рд:******/-ийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа 0243 дугаар цэргийн ангид 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ний өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А овогт Пын Б /рд:******/-ийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа 0243 дугаар цэргийн ангид 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлйн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ