| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0485/Э |
| Дугаар | 409 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг;
улсын яллагч: Ж.Б;
өсвөр насны шүүгдэгч: Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.Гандолгор, тэдний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
өсвөр насны шүүгдэгч: А.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,
өсвөр насны шүүгдэгч: Ж.О, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, А.Бат-Эрдэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Ж.Ог 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625022270 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас 1 сар 26 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 350 тоотод оршин суух, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн харъяа “Коссин” сургуулийн 2 дугаар дамжаанд сурдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УХ01292518 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баасанжавын Б,
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбилэг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эгч, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 4 дүгээр гудамжны 94 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ВЛ99082718 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Малчин овогт Авирмэдийн Б,
3. Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, 3 эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45 дугаар гудамжны 450 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УЦ99111718 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Ногоон нүдэн овогт Жаргалсайханы О.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Өсвөр насны яллагдагч Б.Б нь яллагдагч А.Б, Ж.О нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны хашаанд өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, өсвөр насны хохирогч Б.Чинбатын зүүн хөмсөгийг зүсэж, хөнгөн гэмтэл учруулсан, өсвөр насны хохирогч О.Билгүүний хүзүүн тус газар зүсэж, түүнээс 75.000 төгрөгийн үнэ бүхий “Жордан” маркийн пүүз, 12.500 төгрөг дээрэмдсэн,
яллагдагч А.Б нь өсвөр насны яллагдагч Б.Б, Ж.О нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны хашаанд өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, өсвөр насны хохирогч О.Билгүүний 75.000 төгрөгийн үнэ бүхий “Жордан” маркийн пүүз, 12.500 төгрөг дээрэмдсэн,
өсвөр насны яллагдагч Ж.О нь яллагдагч А.Б, яллагдагч Б.Б нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны хашаанд өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, өсвөр насны хохирогч О.Билгүүний 75.000 төгрөгийн үнэ бүхий “Жордан” маркийн пүүз, 12.500 төгрөг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ж.О, А.Б бид гурав төрсөн өдрөө тэмдэглэж дэлгүүрээс архи авч уусан. Ж.О шатан дээр гарч тэр хавиар явж байсан 5 хүүхдийг дуудаж энэ тэнэг үйлдлүүдийг хийсэн. Бид нар согтуу байсан тул ийм үйлдэл хийсэн. Хананд шил хагарах үед Чинбатын хөмсөг зүсэгдсэн. Билгүүний хүзүүнийх нь шарх намайг заамдахад үүсч гэмтсэн байх. Бид нар тэр хүүхдүүдтэй хамт архи уух гэж байсан. Нэг хүүхдэд нь мөнгө өгөөд пивонд явуулсан. Гэтэл тэр хүүхэд ирэхдээ цагдаа дагуулаад ирсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 27-ны орой би О, Б нартай уулзсан. 8 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Тэгээд Б миний төрсөн өдрийг нөхөж тэмдэглэсэн. Бид нар 44 дүгээр байрны шатан дээр архи уусан. Тэр хүүхдүүдийн нэгнийх нь гутлыг би өмссөн. Тухайн үед болсон явдлыг би санахгүй байгаа. Бгаас мөнгө гарч ирсэнийг санаж байна. Би тэр хүүхдүүдийн нэгнийх нь цамцыг өмссөн байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр би Б, Б нартай уулзана гэсэн төлөвлөгөө байгаагүй. Бтэй тааралдахад Б “төрсөн өдөр болсон” гэж хэлсэн. Тэгээд 44 дүгээр байрны дэлгүүрээс архи аваад Б, Б бид гурав уусан. Тэр үед би тэрүүгээр явж байсан таван хүүхдийг дуудаж ирүүлээд хамт архи уусан. Б тэр хүүхдүүдийн гутал, цамцыг нь авч өмссөн байсан. Б Чинбат гэх хүүхдийнх нь хөмсөг, хүзүүг нь гэмтээсэн. Хөмсөг нь шилээр зүсэгдсэн байсан. Би болиулах гэж зөндөө хэлсэн. Б “цамцыг нь авахаа мартчиж” гээд цамцыг нь авсан. Тэдгээр хүүхдүүдийн нэгнээс мөнгө аваад нэгийг нь дэлгүүр явуулсан чинь ирэхдээ цагдаа дагуулаад ирсэн. Би тухайн үед майк өмссөн байсан. Нэг хүүхдийнх нь цусыг майкаараа арчиж өгч байсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-23/, хохирогч Б.Чинбат /1хх-ийн 25-27/, О.Билгүүн /1хх-ийн 31-33, 217-218/, гэрч Г.Уранбаяр /1хх-ийн 34-35, 220-221/, Б.Отгонхүү /1хх-ийн 37-39, 219/, Б.Жавхлан /1хх-ийн 41/, Д.Лхагвасүрэн /1хх-ийн 42/, С.Байгальмаа /1хх-ийн 110/, А.Гандолгор /1хх-ийн 120/, Д.Тунгалаг /1хх-ийн 134/, С.Жаргалсайхан /1хх-ийн 135/, Э.Мөнхтулга /1хх-ийн 161, 222/, С.Рэгмаа /1хх-ийн 224/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11993, 11991 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 44, 46/, А.Бат-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 77-83, 242-245/, Б.Бгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 84-88, 190-198, 237-239/, Ж.Огийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 89-97, 249-251/, А.Бат-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 99-109, 2хх-ийн 12-13/, Б.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 111-119/, Ж.Огийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 121-132, 2хх-ийн 11/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 136-137/, мөрдөн байцаагчийн тодорхойлолт /2хх-ийн 23-25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, А.Б, Ж.О нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны хашаанд Б.Чинбат, О.Билгүүн нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон О.Билгүүний 12.500 төгрөг, 75.000 төгрөгийн үнэтэй “Жордан” маркийн пүүзийг дээрэмдэн авсан, дээрх байдлаар амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлохдоо шүүгдэгч М.Б нь Б.Чинбатын зүүн хөмсгийг шилээр зүсч түүний биед хөнгөн гэмтэл учруулсан, О.Билгүүний хүзүүг шилээр зүссэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Б.Чинбатын /1хх-ийн 25-27/: “… 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр найзуудтайгаа сургуулийн хажуу талын сүм рүү явсан. Бид нар тавуулаа орой 20-21 цагийн үед 100-н айл руу “Гүүд Лайк" гэдэг Пи Си тоглоомын газарт очоод тоглоцгоосон. Орой 22-23 цагийн үед гараад харих гээд байран дундуур алхаж байхад блокон хашаан дотроос гурван ах “Наашаа хүрээд ир” гээд дуудаад байсан. Бид “очихгүй” гэж ярилцаад явах гэж байтал тэд нарын нэг болох малгайтай саарал цамцтай өндөр ах гарч ирээд тэд хоорондоо ярьж байгаад “мөнгө байна уу” гэсэн. Тэд нарын нэг нь болох хар цамцтай ах “манай найз жаахан даараад байна, гутлаа өгчих” гээд Билгүүний гутлыг нь тайлуулж аваад цэнхэр фудволктой ахад өмсүүлсэн. Отгонхүүг саарал цамцтай ах зодож байсан. Тэгээд хар цамцтай ах нь намайг зодоод эхэлсэн. Отгонхүү, Мөнхтулга бид гурвыг зодохдоо хар цамцтай ах нь намайг зодоод нөгөө хоёр нь манай хоёр найзыг зодоод байсан. Хар цамцтай ах нь дахиад шил хагалаад миний хөмсгийг зүсэх гээд байж байсан чинь манай найз Отгонхүү намайг өмөөрөөд үг хэлтэл Отгонхүү рүү очоод хагархай шил тулгаад зоох гээд байсан...” гэх мэдүүлгээр,
насанд хүрээгүй хохирогч О.Билгүүний /1хх-ийн 31-33, 217-218/: “… Хар цамцтай ах нь намайг “кармаанд байгаа мөнгөө гаргаад ир” гэсэн. Би “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн хар цамцтай ах нь намайг “мөнгө байвал ална шүү” гэж хэлээд миний кармааг нэгжсэн. Тэгээд миний өмдний зүүн талын халаасанд байсан 12.500 төгрөгийн гаргаж ирсэн. Энэ мөнгөний 8000 төгрөг нь Уранбаярынх байсан. Үлдсэн 4500 төгрөг нь миний мөнгө байсан. Тэгээд миний нүүр рүү хар цамцтай ах 2 удаа цохисон. Хажууд байсан саарал цамцтай ах нь 2 удаа элэгдсэн. Хар цамцтай ах пивоны шил хагалаад бид нарыг босгож зогсоож байгаад бид нарын хүзүүнд шилээ тулгаад “архи уу за юу” гэсэн. Тэгээд Чинбатад архи өгөөд “уу” гэхэд Чинбат “уухгүй” гэхэд хар цамцтай ах нь Чинбатын нүдний дээд талд хөмсгийг нь шилээрээ зүссэн. Дараа нь миний хүзүүн дээр тулгаад жаахан зүссэн. Саарал цамцтай ах ирээд Мөнхтулга бид хоёрыг цохисон. Мөн саарал цамцтай ах Баясаа гэх хүүхэд 2 биднийг нэг нэгээр нь дуудаж булан эргээд “мөнгө байна уу” гэж асуусан. Би “байхгүй” гэж хэлэд саарал цамцтай ах миний гэдэс рүү 2 удаа элэгдсэн..” гэх мэдүүлгээр,
насанд хүрээгүй гэрч Г.Уранбаярын /1хх-ийн 34-35, 220-221/: “...Би 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой найзуудтайгаа 21 цаг болж байхад 100-н айлд байдаг “Гүүд Лайк” гэдэг Пи Си тоглоомын газарт очиж тоглосон. Тэгээд харих гээд байрны голоор алхаж байтал танихгүй 3 хүүхэд нэг хашаан дотроос дуудаад бид нарыг очихгүй болохоор өөрсдөө гарч ирээд “та нар яагаад байгаа юм, хэн бэ, хаанахынх юм бэ” гээд орилоод хүрээд ирсэн. Тэгээд бид нарыг “хашаа руу ор” гээд оруулсан. Хашаанд ороод бид нарыг “номхон зогс, өндөр намаараа зогс” гээд зогсоосон. Чинбатын халааснаас мөнгийг нь авчихсан. Чинбат “болохгүй мөнгө, өгөхгүй” гэж хэлтэл “наад мөнгөөр чинь архи авна, манайх руу оръё, хоол хийж идье” гээд байсан. Намайг “онгорхой дэлгүүр байна уу, хараад ир” гээд цааш явуулсан. Би цаад талын дэлгүүрт очтол хаалттай байсан. Би буцаж ирээд “дэлгүүр хаалттай байна” гэж хэлтэл тэр Баясаа гэх хүүхэд нь “чи хэдэн настай юм бэ, эд нарт яг хэдэн төгрөг байна, тэр мөнгөнөөс чинь илүү мөнгө гарч ирвэл, энд чинь шил зооно шүү” гээд миний хүзүүрүү хуруугаа тулгаад байсан. Тэд нарын нэг болох Б нь “чи цаад талын дэлгүүр нээлттэй байна уу, харчихаад ир, ирэхгүй бол найзуудыг чинь ална шүү” гээд намайг явуулсан...” гэх мэдүүлгээр,
насанд хүрээгүй гэрч Б.Отгонхүүгийн /1хх-ийн 37-39/: “… Б биднийг бүгдийг нь цохиж зодсон. Мөн Чинбатын хөмсгийг нь зүсэж, Билгүүний хүзүүг зүссэн. Мөнхтулгыг хана мөргүүлээд зодсон. Бас “мөнгө байна уу” гээд нэхээд байсан. Саарал цамцтай хүүхэд нь миний нүүр рүү ундааны саваар цохиж, миний гар руу өвдөглөөд, гараа алгадаад байсан. Нөгөө шорттой хүүхэд бид нарыг нэг нэгээр нь дуудаж булан тойрч уулзаад байсан. Тэр 3 ах бүгдээрээ л биднийг зодоод байсан...” гэх мэдүүлгээр,
насанд хүрээгүй гэрч Э.Мөнхтулгын /1хх-ийн 161, 222/: “...100 айлын “Гүүд Лайк” Пи Си тоглоомын газарт очиж тоглосон. Тоглож дуусаад гэррүүгээ явах гээд алхаж явтал нэг байрны хашаан дотроос танихгүй 3 ах дуудсан. Бид нар тоохгүй явах гэтэл араас гүйгээд гараад ирсэн. Бид нарыг “хашаа руу ороод ир” гээд дагуулаад оруулсан. Тэдний нэг болох өтгөн хөмсөгтэй хүүхэд нь Билгүүнийг “гутлаа тайлаад өг дөө, манай найзад өмсүүлчих” гээд цэнхэр фудволктой хүүхдэд өгсөн. Дараа нь Отгонхүүг “цамцаа тайлаад өгчих” гээд тайлуулаад тэр цэнхэр фудволктой хүүхдэд өгсөн. Өтгөн хөмсөгтэй хүүхэд пивоны шил хагалаад Чинбатын хөмсгийг зүссэн. …Надад архи өгөхөд би айсандаа жоохон амсаад бусдыг нь асгаад өгөхөд өтгөн хөмсөгтэй хүүхэд намайг зодсон...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Жавхлангийн /1хх-ийн 41/: “…Бэлх 10-аас “манай найзыг хүмүүс зодоод байна” гэх дуудлагыг хүлээн авч дуудлага өгсөн хүний утсаар нь холбогдоход “3 дугаар сургуулийн автобусны буудал дээр байна” гэсэн. Дуудлагын дагуу очиход хөмсөгөө сэтлүүлсэн хүүхэд байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Лхагвасүрэнгийн /1хх-ийн 42/: “... Бэлх 10-аас “манай найзыг зодоод, дээрэмдээд байна” гэх дуудлагыг хүлээн авч, 3 дугаар саргууль дээр очиход “би зугтаачихлаа, манай найзыг байрны гадаа зодоод, дээрэмдээд байна” гээд нэг хүүхэд ирсэн. Түүнийг машиндаа суулгаад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 44 дүгээр байрны гадаа хашааг даваад ороход хэдэн хүүхдүүд бөөгнөрсөн байсан. Тэгтэл 2 хүүхэд булан эргээд зугтаад явсан. 2 хүүхэд үлдэхэд нь бариад авахад нэг нь зодсож байсан гэх хүүхэд байсан. Зодуулсан гэх 1 хүүхдийн хөмсөг нь сэтэрсэн цус гарсан байдалтай, 1 хүүхдийн хүзүү урагдсан байдалтай байж байсан...” гэх мэдүүлгээр,
Б.Бгийн буруутай үйлдлийн улмаас Б.Чинбатын биед “зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11991 тоот дүгнэлтээр /1хх-ийн 39/,
А.Бат-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 75-79/: “...Тэгээд Б тэр барьсан шилээрээ Чинбатын хөмсгийг зүссэн. …Тэгтэл Б над руу эргэж харж уурласнаа “Бэ чи яагаад байгаа юм бэ, өдөөд байна уу, О чи өдөөд байна уу” гэж хэлсэн. ... Б ахиад тэр бандийг зодоод байсан. Тухайн үед би цэнхэр фудволктой байсан...” гэх мэдүүлгээр,
Ж.Огийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 92/: “... Намайг бие засаад ирэхэд Б тэр хүүхдийн пүүзийг өмсчихсөн байсан. Б нэг банди руу “чи ямар овоо пизда вэ” гээд байсан. Б тэр хүүхдүүдээс “мөнгө байна уу” гэж асуусан. ... Б нэг банди руу орилж чарлаад “чи ямар овоо пизда вэ” гэж орилж байгаад “Боргио” гээд пивоны шилийг хагалаад тэр шилээрээ нэг хүүхдийнх нь хөмсөг рүү нь цохиод зүсчихсэн. Тэгээд нөгөө өндөр бандийг нь очоод “одоо чи найзтайгаа адилхан болно” гээд хүзүүг нь шилээр зүссэн. Тэр үед би хөмсгөө зүсүүлсэн бандийн цусыг нь майкаараа арчсан. Тэгээд би “одоо болиоч ээ, наадах чинь жаахан хүүхдүүд байна ш дээ” гэтэл Б “чи эд нарыг өмөөрөөд байна уу, эд нартайгаа адилхан болмоор байна уу” гээд надруу дайрсан. Би өмнөөс нь маргалдсан. Б тэд нарын нэгнээс 20.000 орчим төгрөг авчихсан байсныг нь мэдсэн...” гэх мэдүүлгээр,
Б.Бгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн /: “...О гэнэт хашааны гадаа байсан хүүхдүүдийг “хөөе” гээд чанга орилоод дуудсан. О тэр хүүхдийг элэг рүү нь цохиод дотроо жаахан ундаатай саваар толгой руу нь цохиод байсан. ...Тэгээд Б тэр хүүхдүүдийн хамгийн өндөр хүүхдэд нь байсан 13.000 төгрөгийг нь аваад хашаанаас зүүн тийш гараад гүйсэн. Тэгэхээр нь О бид хоёр араас нь гүйсэн. Тэгээд байж байтал Б “хувцсыг нь авахаа мартчихаж” гээд буцаад 44 дүгээр байрны хашаа руу орсон. …Тэгээд Б “уучлаарай хоёулаа гутлаа түр солъё” гээд тэр хүүхдийн хар өнгөтэй пүүзийг нь солиод өмсчихсөн. Тэдний өөр нэг хүүхэд рүү нь очоод “ахынх нь төрсөн өдөр, цамцаа өгчих” гээд цамцыг нь өөрөөр нь тайлуулаад авч өмссөн. Тэр нь бараан өнгийн цамц байсан. ... Билгүүнийг би цамцнаас нь татаад хумсаараа урчихсан... Чинбатын биед би санаандгүй гэмтэл учруулсан. Тэдний нэг хүүхдээс нь 13.000 төгрөгийг Б “хэдүүлээ гоё ууя, манайд хоноё, би дэлгүүр явчихаад ирье” гэж хэлээд авсан ... Б үлдэж эрүүлжүүлэх байранд хоносон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нар хэрхэн зодуулж, дээрэмдүүлсэн болон хохирогч нарыг шүүгдэгч нарын хэн нь хэрхэн зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн талаар мэдүүлцгээсэн, хохирогч Б.Чинбатын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, О.Билгүүний дээрэмдүүлсэн эд зүйлийн үнийг үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Б.Б, А.Б, Ж.О нарын ”мөнгө байна уу?, мөнгө гарч ирвэл ална шүү!, та нарт мөнгө байгаа” хэмээн хохирогч нарыг нэгжих, зодох, архи уухыг албадсан, Б.Б нь үйлдэлдээ сүр хүчийг оруулж хохирогч нарын хүзүү, хөмсгийг шилээр зүсэх зэргээр айлган сүрдүүлж, сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэн эд хөрөнгийг нь авахаар довтолсон санаатай үйлдэл нь “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, А.Б, Ж.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.
Өмгөөлөгч Д.Галсанпунцаг нь Ж.Ог энэ хэргийн оролцоогүй гэж өмгөөлсөн боловч Б.Б, А.Б, Ж.О нар нь өсвөр насны хүүхдүүдийг дуудан, байрны хашаа руу оруулж жагсаан, мөнгө нэхэж зодсон, Ж.О энэ үед хамт байж гэмт үйлдлийн зорилго, үйлдлийн учир холбогдлыг сайтар мэдэж хохирогч нараас мөнгө нэхэж зодоход санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж оролцсон нь дээрмийн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ. Иймээс өмгөөлөгч Д.Галсанпунцагийн саналыг хүлээн авах боломжгүй.
Ийнхүү шүүгдэгч Б.Б, А.Б, Ж.О нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан (Бусдын эд хөрөнгийг бүлэглэж дээрэмдэх) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага буюу хорих ялын дээд, доод хэмжээ 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан (Дээрэмдэх) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд багасч буюу хөнгөрч орсон байх тул тэдний үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчилж, прокурор яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн прокурор шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог зааглан ялгаж, Б.Б нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд голчлон манлайлж, идэвхийлэн оролцож хохирогч О.Билгүүний пүүзийг тайлуулж А.Бд өгөх, хохирогч нарыг шилээр зүсэх зэргээр уг гэмт хэргийг үйлдэхэд удирдсан хэмээн зохион байгуулагч гэж, шүүгдэгч А.Б, Ж.О нарыг дээрмийн гэмт хэргийн үед хамт байж гэмт үйлдлийн зорилго, үйлдлийн учир холбогдлыг сайтар мэдэж, дээрмийн хэрэгт санаа нэгдсэн байсныг үндэслэн гүйцэтгэгч хэмээн үзэж 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих хэсгийг тус тус журамласан нь хууль зүйн үндэслэлтэй.
Харин прокурор яллах дүгнэлтдээ Б.Б, А.Б, Ж.О нарыг Б.Чинбат, О.Билгүүн нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон О.Билгүүний 12.500 төгрөг, 75.000 төгрөгийн үнэтэй “Жордан” маркийн пүүзийг дээрэмдэн авсан хэмээн зөв тодорхойлсон атлаа гурвуулаа бүлэглэн Б.Чинбатын зүүн хөмсгийг шилээр зүсч түүний биед хөнгөн гэмтэл учруулсан, О.Билгүүний хүзүүг шилээр зүссэн мэтээр ойлгогдохуйц ташаарч бичсэнийг, мөн шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг “…айлган сүрдүүлж, Б.Чинбатын зүүн хөмсгийг шилээр зүсч түүний биед хөнгөн гэмтэл учруулсан, О.Билгүүний хүзүүг шилээр зүссэн…” хэмээн тодорхойлон бичсэн нь хууль зүйн техник талаасаа алдаатай боловч дээрх шинжүүд нь айлган сүрдүүлж, сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэн довтолсон үйлдлийг илэрхийлж байна гэж шүүх үзсэн бөгөөд уг асуудлуудыг шүүх хуралдаанаар зөвтгөж, нөхөн гүйцэтгэн залруулсан болно.
Дээрх байдлаар зөвтгөн залруулсан нь өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, тэдний эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.
Б.Б, А.Б, Ж.О нар гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэг нь зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, эдлэх ялыг хоёр дахин багасгахаар шийдвэрлэв.
Өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс хууль буцаан хэрэглэж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд зааснаар Б.Бд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаар санал гаргасан боловч өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахаар хорьж хүмүүжүүлэх шаардлагатай гэж шүүх үзэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч О.Билгүүн, түүний хууль ёсны төлөөлөгчөөс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, хохирогч Б.Чинбат, түүний хууль ёсны төлөөлөгчөөс “эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэсэн байх боловч энэ талаарх баримт байхгүй тул энэ тогтоолын хүрээнд өсвөр насны шүүгдэгч нарыг тэдэнд төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.Чинбат, түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалтай холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баасанжавын Б, Малчин овогт Авирмэдийн Б, Ногоон нүдэн овогт Жаргалсайханы О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Од 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6, 8.5 дугаар зүйлд заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Б, А.Б, Ж.О нарт тус бүрт оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, А.Б, Ж.О нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч Б.Чинбат, түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалтай холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Б, А.Б, Ж.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, хохирогч нар, тэдий хууль ёсны төлөөлөгчид, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Б, А.Б, Ж.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ