Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

 

Б.Оргилбуянд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Доржханд

            Шүүгдэгч Б.Оргилбуян, түүний өмгөөлөгч Б.Содболд

            Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 401 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Оргилбуяны өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Оргилбуянд холбогдох 2303001640144 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Монгол овогт Батхишигийн Оргилбуян, 2001 оны 07 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын компанид гадна фасадын ажил хийдэг, ам бүл 1, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 6 дугаар баг, Согоот 6 дугаар хороолол, 2-23 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Дээдсийн өргөө хотхоны 122 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч Б.Оргилбуян нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 00 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Дархан өртөөний зорчигчийн вагон тавцан дээр галт тэрэгнээс буугаад явж байсан иргэн Ц.Алтанцэцэгийн гар цүнхийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж дээрэмдсэний улмаас бага хэмжээнээс дээш буюу 341.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Оргилбуяны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч Монгол овогт Батхишигийн Оргилбуяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилбуяныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилбуянд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “СД”-г хэрэгт хавсаргаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оргилбуянд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Оргилбуянд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо:

... Шүүхээс шүүгдэгч Б.Оргилбуяныг ЭХТА-ийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тус гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тогтоосон байх бөгөөд ЭХЕА-ийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ" гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах юм. Тухайн гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хариуцлага оногдуулж болохыг заажээ.

ЭХЕА-ийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно." гэж,

-Мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг дараах нөхцөлд хөнгөрүүлнэ гэж заажээ. Тус зүйлийн 1.1.т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ гэж заажээ.

Шүүгдэгч Б.Оргилбуян нь 2002.07.01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд түүнийг бага байхад нь эцэг эх нь орхин явсан тул тэрээр эцэг эхийнхээ талаар огт мэддэггүй бөгөөд 2005 оноос 2010 оныг хүртэл хараа хяналтгүй, эцэг эхдээ гологдсон гэх мэт хүүхдүүдийг асран халамжилдаг “Бадамлянхуа хүүхдийн төв” ТББ-т асран халамжлуулж амьдарч байгаад ээжийнхээ эгчийн асрамжид шилжсэн, төрсөн цагаасаа эцэг эхтэйгээ нэг ч удаа уулзаж байгаагүй, тэдгээр хүмүүсийн талаар огт мэддэггүй, бүтэн өнчин болох нь хавтас хэрэгт авагдсан байдаг.

9 дүгээр ангиа төгсөөд малчин айлд туслах малчин хийж байгаад 18 нас хүрч цэрэгт татагдсан хүүг халагдаж ирэх үед нь түүнийг ямар ч хүн тосож хүлээж байгаагүй, Орхон аймагт байдаг ээжийнх нь эгч Улаанбаатар хот руу нүүчихсэн, түүнд хандаж “чи нас биед хүрсэн тул одоо өөрийнхөө амьдралыг өөрөө авч яв” гэж хэлсэн байдаг. Энэ талаар шүүгдэгч, гэрч нар ижил байр суурьтай мэдүүлэг өгсөн байдаг. Мөн шүүгдэгч Б.Оргилбуян нь гэмт хэрэг үйлдсэндээ туйлын их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд хохирогч ч мөн адил хохирлоо бүрэн барагдуулж авсан, өөр гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ тодорхой хэлсэн байдаг. Шүүгдэгчийн амьдрал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн хүчин зүйл, гэмт хэрэг гарсан байдал зэргийг харгалзан үзэж ЭХЕА-ийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арва хэмжээг хэрэглэж болно.., 1.1.үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ” гэж ЭХЕА-ийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно ... 2.2.зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” гэж тус тус заасан бөгөөд энэ нь ЭХТА-ийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хариуцлагад ч мөн нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэсэн үүрэг бүхий сонгон авч хэрэглэж болох хариуцлагатай нийцэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Оргилбуянд заавал хорих ял оногдуулах биш түүний хувийн байдал үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгчийн зан суртахуунд нь нөлөөлөх, цаашид гарах эрсдэлээс сэргийлэх үүднээс сургалтад хамрагдах, бусадтай уулзахыг нь хориглох, зорчих эрхийг хязгаарлах гэх мэт үүрэг хүлээлгэх хариуцлага оногдуулах боломжтой юм.

Иймд шүүхээс хорих ял оногдуулсан шүүгдэгч Б.Оргилбуян нь:

1. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,

2. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,

3. Бусдад төлөх төлбөргүй,

4. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ЭХЕА-ийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт тус тус заасныг журамлан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, хөнгөрүүлэн шийтгэл оногдуулж болох шинжүүдийг бүрэн хангасан байхад Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаанд хорих ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчид хэт хүндэдсэн шийтгэл гэж үзэж байна. Нийгэмд дөнгөж бие хүн болон төлөвшиж буй бүтэн өнчин залууд хорих ял оногдуулах нь шүүгдэгч хорих ял шийтгэл эдэлж буй хоригдлуудтай удаан хугацаанд харилцаанд орж тэднээс буруу үлгэр дуурайлал авах, цаашлаад дахин гэмт хэрэг өдүүлэх сэдлийг ч авч болох эрсдэл учруулсан хүнд шийтгэл оногдуулсан нь ЭХЕА-ийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь "... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэх гол зорилгын эсрэг шийтгэл гэж үзэж байна.

Иймд Давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авч шүүгдэгч Б.Оргилбуянд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ял шийтгэл оногдуулсныг өөрчилж, ЭХЕА 6.5, 7.1, 7.2, 7.3 дугаар зүйлүүдэд тус тус заасныг журамлан хорихоос өөр төрлийн ял, шийтгэл оногдуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Оргилбуяны өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцож байгаа. Тус хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 7-ны өдрийн 401 дугаартай шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ асуудалд миний үйлчлүүлэгчийн зүгээс болон өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Анхан шатны шүүх дээр, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан тодорхой төрлийн журамлах зохицуулалтуудыг хэрэглээгүй нь гэмт хэрэг үйлдсэн миний үйлчлүүлэгчид хүндэдсэн байна. Журамлах зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй учраас давж заалдах шатны шүүх энэ журмын заалтуудыг хэрэглэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэх байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Эрүүгийн хариуцлагын зорилго Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд байдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийгэмшүүлэх зорилготой. Хохирол, хор уршгийг арилгуулах гэх мэт 5 төрлийн зорилгыг агуулдаг. Б.Оргилбуяны хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 351,000 төгрөгийг төлчихсөн. Хохирогч ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаар, хохирол төлбөр төлсөн баримт болон мэдүүлэг байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх төрлийн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөн гэмт хэрэг юм. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэд хэдэн зүйлүүдийг журамлах талаар зохицуулж өгсөн. Нэгдүгээрт 6.5 дугаар зүйлийн 1.1-ийг журамлах ёстой байсан гэж үзэж байгаа. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхэд анхаарал хандуулах учиртай байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гээд хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, энэ нь ял шийтгэл шалгах хуудас болон миний үйлчлүүлэгчийн хувийн байдалтай холбогдуулаад өмнө нь ямар нэгэн зөрчил болон гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл авч байгаагүй гэдэг нь энэ баримтуудаар тогтоогдож байна. Б.Оргилбуян нь Эрдэнэт хотод ээжийнхээ дүүгийнд амьдардаг байсан. Цэргээс халагдаж ирэхэд эгч нь Улаанбаатар хот Багануур дүүрэг рүү нүүчихсэн байна. Цэрэгт байхад нь эгч нь очиж “одоо чи насанд хүрсэн учир өөрөө амьдралаа авч яв” гэж хэлсэн. Ингээд айлд туслах малчин, дугуй засварт ажиллаад цалингаа авч чадахгүйд хүрсэн. Улаанбаатар хотод барилгын ажил хийх гэхэд зардлын мөнгөгүй болоод тус хэргийг үйлдсэн байдаг. Би үйлчлүүлэгчийгээ зөв зүйл хийсэн гэж өмөөрч байгаа юм биш. Амьдрахын тулд, ажил хөдөлмөр хийхийн тулд зардлын мөнгө олох аргаа буруу сонгосон тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байсан гэдгийг шүүх анхаарч үзэж 6.5 дугаар зүйлийн 1.1-ийг журамлах ёстой байсан гэж үзэж байгаа. Мөн энэ төрлийн гэмт хэрэг дээр 7.1 дүгээр зүйлийг журамлаж шийдвэрлэх нь илүү зохимжтой байсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилго өөрөө гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээг авна гэж байгаа. 7.1 дүгээр зүйлийн 1.1-д өмнө нь гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох талаар зохицуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-ийг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ёстой, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байх ёстой, энэ 3 нөхцөл гурвуулаа хангагдсан. Мөн ийм 3 нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харж үзэх ёстой. Энэ нөхцөл байдлын тухайд зардлын мөнгөгүй болчхоод зардлын мөнгөтэй болох арга хэрэгслээ хайж явж байгаад энэ хэрэгт холбогдсон. Хоёрдугаарт Б.Оргилбуяны хувийн байдлыг тогтоосон баримтууд хавтаст хэрэгт маш олон авагдсан. Шүүгдэгч маань анхнаасаа бүтэн өнчин, ээж, аавын хүмүүжилд өсөөгүй, асрамжийн газарт өссөн. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзаж үзэж 7.1 дүгээр зүйлийн 1-ийг журамлаж болно гэж хууль тогтоомжид зааж өгсөн. Энэ хуулийн заалтын 5 урьдчилсан нөхцөл миний үйлчлүүлэгчид бүрдчихсэн байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 7.2, 7.3 дугаар зүйлийг журамлаж болохоор байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ хүүхдэд “гэмт хэрэг гэдэг чинь ийм учир холбогдолтой шүү, чи болчимгүй зүйл хийж болохгүй шүү, хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг шүү” гэдэг сургалтыг өгчихвөл цаашаагаа ажил төрлөө хийгээд амьдралаа аваад явчих боломжтой. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн зорилгыг биелүүлэхийн тулд 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцоод, ял шийтгэл оногдуулахдаа 6.5 дугаар зүйлийн 1.1,  7.1 дүгээр зүйлийн 7.2, 7.3-ыг журамлаж шийдвэрлэх нь илүү хуульд нийцсэн зохимжтой байх байжээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл миний үйлчлүүлэгч 67 хоног цагдан хоригдсон. Шүүхээс нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. 2 сар, 17 хоногийн хугацаа гэдэг бол тухайн оногдуулсан ялынхаа 6-ны 2-ыг нь эдэлчихсэн гэсэн үг. Энэ хугацаанд би хэд хэдэн удаа орж уулзсан. Өөрөө энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар гэмшиж байгаа талаараа өмгөөлөгчдөө уламжилж ирснийг шүүх бүрэлдэхүүнд уламжилъя. Бичгээр гаргасан гомдлоо дэмжиж байгаа. Анхан шатны шүүх хорих ял оногдуулахгүйгээр дээрх зүйл заалтуудыг журамлаж хорих ялаас өөр төрлийн ял шийтгэлээр шийдвэрлэх бүрэн боломжтой байсан учраас давж заалдах шатны шүүх анхаарч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Шүүх хуулийг бодит нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай байдал, амьдралд уялдуулж хэрэглэх ёстой гэж үзэж байна. Давж заалдах гомдол гаргаснаа дэмжиж байна Миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Оргилбуян:

Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Доржханд дүгнэлтдээ:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугийн хэлбэр болон нийгмийн аюулын шинж чанараас гадна хувийн байдлыг нь харгалзан үздэг. Б.Оргилбуян нь 6 сарын хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчиж оргон зайлсан. Б.Оргилбуян нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн хэдий ч энэ хэрэгт хандаж байгаа хандлага нь оргон зайлснаар харагдаж байна. Иймд анхан шатын шүүхээс Б.Оргилбуянд нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Оргилбуянд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Оргилбуян нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 00 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Дархан өртөөний зорчигчийн вагон тавцан дээр галт тэрэгнээс буугаад явж байсан иргэн Ц.Алтанцэцэгийн гар цүнхийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж дээрэмдсэний улмаас бага хэмжээнээс дээш буюу 341.400 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох хохирогч Ц.Алтанцэцэгийн... Би 2023 оны 02 сарын 07-ны шөнө Эрдэнэт хотоос Дархан хот руу галт тэргээр ганцаараа зорчиж явсан юм. Шөнийн 01 цагийн үе шиг санагдаж байна, би Дархан өртөөнд буугаад Сэлэнгийн галт тэргэнд суух гээд нэг гартаа саарал өнгөтэй үүрдэг цүнхтэй идэж уух зүйл, нөгөө гартаа хүүхдийн цаасан хайрцагтай нэлээд том хэмжээтэй тоглоом, хар өнгийн гар цүнхээ барьж явж байтал нэг залуу ирээд “танд тусалъя” гэсэн. Хоёр гартаа байсан эд зүйлээ өгөөд гар цүнхээ өөрөө аваад явж байтал нөгөө залуу миний эд зүйлийг аваад вокзалаас өөр тийшээ алхаад байсан. Би араас нь “вокзал нөгөө тийшээ байна шүү дээ” гэж хэлэхэд нөгөө залуу “энэ байшингийн хойд талд вокзал байгаа” гэж хэлээд чигээрээ яваад байсан. Би айгаад буруу хараад Дархан вокзал руу алхаж байтал нөгөө залуу миний эд зүйлийг газарт хаяж, араас гүйж ирээд миний цүнхийг булааж намайг дээрэмдээд зугтсан. Би өөрт учирсан хохирлын мөнгө 351.400 төгрөг авсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 23-24, 29/, 

-2023 оны 3 сарын 31-ний өдрийн “Вокзал 2” гэх бичлэгийг тоглуулж үзэхэд дэлгэцийн баруун дээд буланд 2023 оны 02 сарын 07, 02:05:40 гэх бичиглэлтэй Улаанбаатар төмөр зам Дархан-1 өртөөний зорчигчийн тавцан тал харагдаж байна. Дархан-1 өртөөний тавцан талын 1 дүгээр зам дээрээс Дохиолол холбооны 1 дүгээр анги руу явах чиглэлд хохирогч Ц.Алтанцэцэг, оролцогч Б.Оргилбуян нар явж байгаа дүрс харагдаж байна. Дэлгэцийн баруун дээд буланд байрлах 2023 оны 02 сарын 7, 02:07:03 гэх бичиглэлд хэргийн оролцогч нь хэргийн хохирогч Ц.Алтанцэцэгийн баруун гартаа барьж яваа шар өнгийн тортой зүйлийг авч яваа дүрс харагдаж бичлэг 02:07:22 гэх бичиглэлд дуусав. Вокзал 3 гэх бичлэгийг тоглуулж үзэхэд Хохирогч Ц.Алтанцэцэг, хэргийн оролцогч Б.Оргилбуян нар нь дохиолол холбооны 1 дүгээр анги чиглэлтэй хоёулаа явж байгаа дүрс харагдах бөгөөд хохирогч Ц.Алтанцэцэг нь буцаж Дархан-1 өртөө чиглэлд алхаж явахад хэргийн оролцогч Б.Оргилбуян нь хажууд нь зогсож байгаад ертөнцийн зүгээр хойд зүг рүү гүйгээд явж байгаа дүрс бичлэг харагдаж дэлгэцийн баруун дээд буланд байрлах 2023 оны 02 сарын 07, 02.10.16 гэх бичиглэл дуусав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд хэргийн оролцогч Б.Оргилбуян нь саарал өнгийн гадуур хүрэмтэй баруун гартаа цагаан өнгийн тортой эд зүйл барьсан, араас нь хэргийн хохирогч Ц.Алтанцэцэг нь хүрэн, ягаан өнгийн монгол дээл, цагаан өнгийн малгай, баруун гартаа цүнхтэй эд зүйл барьсан байдалтай сэлгээний галт тэрэг өнгөрч яваад, зогсож хоорондоо ярилцаж буй мэт дүрс харагдаж, хэргийн хохирогч Ц.Алтанцэцэг нь буцаж Дархан-1 өртөө чиглэлд явахад араас нь Б.Оргилбуян дагаж очоод баруун гартаа барьсан цүнхийг нь авч яваа дүрс бичлэг харагдаж, хохирогч Ц.Алтанцэцэгийн зүүн гарт хар өнгийн гар цүнх барьж яваад тухайн бичлэг дэлгэцийн баруун дээд буланд байрлах 2023 оны 02 сарын 07., 02:08:46 гэх бичиглэл дуусав... гэх Дархан-1 өртөөний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-12/,  

-2023 оны 3 сарын 31-ний өдрийн: Дархан-1 өртөөний камерын 3 бичлэг, ТЭМ12-60 сэлгээний илчит тэрэгний хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 14/,

-2023 оны 3 сарын 21-ний өдрийн “Дамно” ХХК-ийн “цүнх 30.000 төгрөг, энергийн зүүлт 60.000 төгрөг, 2 ширхэг карт 10.000 төгрөг, үнэмлэх 30.000 төгрөг, гар утас 221.400 төгрөг, нийт 351.000 төгрөг” гэх эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 33-35/,

            Гэрч Б.Сэлэнгийн ... Б.Оргилбуян миний төрсөн дүү Ижилмөрөнгийн хүүхэд байгаа юм. Айлын ганц хүүхэд, ээж, аавыгаа сайн мэдэхгүй. Аав Батхишиг, ээж Ижилмөрөн нар нь бага байхад нь салаад явсан.  Б.Оргилбуян нь нагац талын өвөө, ах, эгч нар дээрээ өссөн. Өвөө Батцэрэн гэх хүнтэй хамт амьдарч байхдаа 3 настайдаа хашаанаасаа алга болж Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн үедээ олоогүй. 2003 онд “Бадамлянхуа” нэртэй асрамжийн газарт очиж 2006 он хүртэл байсан. Би тухайн үед Орхон аймагт байхад зурагтаар манай дүү Б.Оргилбуянг асрамжийн газарт байгааг мэдсэн. Асрамжийн газарт байгааг нь мэдээд би асрамжийн газраас авч Орхон аймагт хамт амьдарсан. Орхон аймгийн 14 дүгээр сургуульд оруулсан. 9 дүгээр анги төгссөн. Сургуульд сурч байхдаа туслах малчин хийж байсан. 18 нас хүрээд цэргийн албанд татагдаж явсан. Цэргээс ирэхэд манайх Улаанбаатар хот, Багахангай дүүрэгт шилжин ирсэн. Би цэрэгт байхад нь “чи одоо насанд хүрсэн, өөрөө амьдарлаа залгуулж яваарай” гэж хэлсэн. Тэр цагаас хойш  Б.Оргилбуян нь Орхон аймагт дугуй засварт ажил хийж, одоо Улаанбаатар хотод барилгын ажил хийж байгаа гэсэн... гэх мэдүүлэг /хх-н 47/,

-2023 оны 4 сарын 3-ны өдрийн Улаанбаатар Төмөр замын статистик бүртгэлийн төвийн албан тоот, Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэргэнд зорчин явсан зорчигчдын лавлагаа /хх-н 73-90/, шүүгдэгч Б.Оргилбуяны өөрийнх нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Б.Оргилбуян нь хохирогч Ц.Алтанцэцэгийн гартаа барьж явсан гар цүнхийг хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, илээр, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн, шинжлэн судалсан, шүүгдэгч Б.Оргилбуян нь хохирогч Ц.Алтанцэцэгт 351.400 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлсөн болох нь хохирогчийн тайлбараар нотлогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай шалгаж тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зөрчилгүй, шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч Б.Оргилбуяны үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д заасан ял оногдуулжээ.

Гэвч шүүгдэгч Б.Оргилбуян нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 13 хоног, шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулснаас хойш 64 хоног, нийт 77 хоног цагдан хоригдохдоо үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, ойлгосон байна гэж үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлоос ... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... гэснийг хэрэгсэхгүй болгож, гомдлын ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолд хохирогч нь Цэрэнгийн Алтанцэцэг гэдэг хүн байхад ....Б.Алтанцэцэг...гэж эцгийн нэрийг буруу ташаа бичсэн, бусад баримтуудад ийм байдлаар бичигдсэн байсныг анхаарч залруулаагүй байсныг зөвтгөлөө.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 401 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилбуяныг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй“ гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилбуяны цагдан хоригдсон 77 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Оргилбуяны өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

           ШҮҮГЧИД                                                    З.ТӨМӨРХҮҮ

                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ