| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0257/З |
| Дугаар | 128/ШШ2025/0289 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2025/0289
2025 04 23 128/ШШ2025/0289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О******* у*******” ХХК /РД:/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А******* /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г******* /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Т******* /РД:/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.З*******,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч М.Д нарын хоорондын татварын нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, Б.Г*******, Х.Т*******, хариуцагч Э.З*******, Д.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.З*******, Д.Х нарын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №НА-24240000027 тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ... тоот гэрчилгээ, ... тоот регистрийн дугаартай “О******* у*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2423501791 тоот томилолтоор /эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч Э.З*******, Д.Х нар хийж 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг №НА-24240000027 дугаар нөхөн ногдуулалтын актаар 48,296,410 төгрөгийн нөхөн татвар, 19,318,564 төгрөгийн торгууль, 9,283,641.67 төгрөгийн алданги, нийт 76,898,615.67 төгрөгийн нөхөн төлүүлэхээр акт тогтоосон.
2. “О******* у*******” ХХК-иас 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг №НА-24240000027 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 76,898,615.67 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг хянан хэлэлцээд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар тогтоолоор №НА-24240000027 нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна.
3. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар тогтоолыг гомдол гаргагч “О******* у*******” ХХК-д 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гардуулсан.
4. “О******* у*******” ХХК-аас шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.З*******, Д.Х нарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.З*******, Д.Х нарын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №НА24240000027 тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах ажиллагаа явуулсны үндсэн дээр тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2025/1838 дугаар шүүгчийн захирамжаар 128/2025/0257/з индекстэй захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.З*******, Д.Х нарын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №НА24240000027 тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагаа өөрчилсөн зүйлгүй, тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1 Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Манай компани нь “Л С Э Э ” ХХК-тай Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэн булаг багийн нутагт байрлах газарт үйлчилгээ орон сууцны зориулалт бүхий 12 давхар барилгыг барилгын зураг төсөл, норм дүрмийн дагуу барьж хийж гүйцэтгэн техникийн комисс ажиллуулан ашиглалтад оруулах ажлыг хийж гүйцэтгэхээр 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад бүх татвар, зардал багтсан 10,368,060,000 төгрөгийн үнэлгээтэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажиллаж эхэлсэн. Энэхүү гэрээт ажил нь одоог хүртэл дуусаагүй, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа болно. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасанчлан татварын тайланг үйлдэж тушаахдаа “нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэж хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” гэж заасан. Манай компани нь санхүүгийн тайлан гаргахдаа өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны салбарын онцлогт тохирсон стандартыг үндэслэсэн буюу Сангийн сайдын 2016 оны 410 дугаар тушаалаар батлагдсан Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандартын 4 дүгээр зүйлийн 4.1-т “Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь гэрээний орлогыг дараах үеүдэд хүлээн зөвшөөрч болно. 4.1.1-т “Хүргэлтийн цэгт буюу гэрээт ажлыг дуусгавар болгож захиалагчид хүлээлгэн өгөх үед, эсвэл 4.1.2-т “Гэрээт ажлыг гүйцэтгэх тайлант хугацаа бүрийн эцэст хэсэгчлэн”, мөн 4.7-д Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь барилгын гэрээт ажлын иж бүрдлийн хувийн жинг тодорхойлохдоо захиалагчаас гэрээний дагуу хүлээн авсан гүйцэтгэлийн төлбөр болон урьдчилгаа төлбөрийн хувийн жинг ашиглахгүй” гэж заасныг тус тус үндэслэн тухайн тайлант онуудын борлуулалтын орлогыг тооцон санхүүгийн тайлан балансыг гаргасан болно. Гэтэл татварын улсын байцаагч нар нь 2021 оны санхүүгийн тайланд урьдчилж олсон орлогоор бүртгэгдсэн 2,545,863,930 төгрөгийн орлогыг барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулж орлогоо хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж акт ногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь татварын улсын байцаагч нар нь тухайн барилгын ажлын гүйцэтгэл, бодит нөхцөл байдал, холбогдох нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу тодорхойлон гаргасан санхүүгийн тайлан балансад үндэслэхгүйгээр зөвхөн хяналт шалгалтын явцад хийгдсэн тус компанийн захирлын ярилцлагад үндэслэн 2021 оны барилгын ажлын гүйцэтгэлийг тооцоолж байгаа нь өрөөсгөл ба энэ нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тодорхой байх”, 76 дугаар зүйлийн 76.1.3-т “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэсэн зарчмыг зөрчиж ажиллан орлогыг буруу тодорхойлсон гэж үзэж байгаа тул уг актыг ногдуулсан нь үндэслэлгүй байна.
2. Манай компани нь дээр дурдсан стандартаас гадна Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 12.1. Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө”, 12.1.2 ажлыг гүйцэтгэлийг хувиар...”гэж заасны дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн тухай бүрт орлогоо хүлээн зөвшөөрч 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан балансын “Урьдчилж олсон орлого” дансанд бүртгэгдсэн, төсөл захиалагч “Л С Э Э” ХХК-ийн санхүүжилт хийсэн 2,545,863,930 төгрөгийн төлбөрөөс 2022 онд 1,400,017,824,56 төгрөг, 2023 онд 63,636,363.63 төгрөгийн орлогыг тус тус хүлээн зөвшөөрч аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан. Татварын хяналт шалгалт дуусахаас өмнө 2024 оны 2 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2.4 тэрбум төгрөгийн орлогыг буюу гэрээт ажлын төлбөрөөс 2018-2024 онд нийт 9,684,294,518.3 төгрөгийн орлогыг тайлагнасан байна. Өөрөөр хэлбэл татварын байцаагч нарын 2021 оны урьдчилж олсон орлогоор бүртгэгдсэн орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй ба барилгын ажлын явц гүйцэтгэлээс хамааран 2022, 2023, 2024 онуудад орлогоо тус тус хүлээн зөвшөөрч тайлагнасан болно. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөр зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасны дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан үүргээ биелүүлэн зохих татварын төлсөн ба татварын улсын байцаагч нар нь 2021 онд төлөх ёстой байсан гэж үзэн тухайн орлоготой холбогдох татварын 2022-2024 онуудад төлсөн байхад давхардуулан татвар ногдуулж татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж акт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.З*******, Д.Х нарын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №НА24240000027 тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2 Хариуцагч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын хяналт шалгалтаар:
1. 2021 онд 468,919,636.45 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэгдсэн 440,775,589.72 төгрөгийн зардлыг хасаж, зөрүү 28,144,064.74 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогыг албан татварын тайланд тусгаагүй, төсөвт төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг,
2. 2021 онд 468,919,636.45 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон.
Иймд Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 82 дугаар зүйлийн 82.1-т “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварын нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.2-т “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар гэсэн заалт, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно, 84.1.2-т “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1-т “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монгол банкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар байна гэсэн заалтыг тус тус үндэслэн 48,296,410.0 төгрөгийн нөхөн татвар, 19,318,564.0 төгрөгийн торгууль, 9,283,641.67 төгрөгийн алданги нийт 76,898,615.67 төгрөгийн төлбөр төлүүлэхээр Татварын улсын байцаагчийн 24240000027 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн болно.
3. Татварын хяналт шалгалтад хамаарах хугацаанд “О******* у*******” ХХК нь 2018 онд “Л с э э” ГХОХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт “Х т” ХХК-ийн эзэмшил газар дээр “Ц р” ххк орон сууцны барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 100 хувь хийж гүйцэтгэхээр барилга угсралтын ажлыг эхлүүлж, энэ ажил 2018-2021 оны намар хүртэл хийгдсэн байна. Шалгалтын явцад “О******* у*******” ХХК-ийн захирал Б.Б*******, нягтлан бодогч Т.Н нар татварын албан дээр ирж өгсөн ярилцлагадаа “Манай компани нь “Л С Э Э” ХХК-иас өгсөн санхүүжилтийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэн 2019-2021 онуудад ажлын гүйцэтгэлтэй уялдуулан орлого хүлээн зөвшөөрч тайлагнаж байсан. Дээрхи 2 компанийн маргааны улмаас санхүүжилт бүрэн зогссон. “О******* у*******” ХХК нь барилгын ажлыг тасралтгүй явуулж гэрээт хугацаанд батгаан гүйцэтгэхээр өндөр дүнтэй бараа материал, ажил үйлчилгээг бартераар үргэлжлүүлэн хийж 2021 оны 11 сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажилласан. Гэтэл “Х т” ХХК “Л с э э” ГХОХХК-иудын дунд Орхон аймгийн сум дундын шүүхийн маргаан эхэлснээр “Х т” ХХК нь барилгыг үндэслэлгүйгээр улсын комисст өгөхөөс татгалзсанаар, тус орон сууцны барилгад захиалга өгсөн иргэд захиалгат байрнууддаа 2021 оны 9 дүгээр сард дайран орж амьдарч эхэлсэн. Энэ ажил 2018-2021 оны намар хүртэл хийгдсэн. Барилгын ажил 93 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан. Манай компанийн зүгээс 2018-2021 онуудад энэ төсөлтэй холбоотой санхүүжилтийн орлогуудыг он орд орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэж байсан, мөн 2022 онд урьдчилж олсон орлогыг орлогоор хүлээн зөвшөөрсөн гэсэн тайлбарыг өгсөн. Мөн манай компанийн зүгээс барилгыг комисст хүлээлгэн өгүүлэхээр дэмжлэг хүсэж Орхон аймгийн Тамгын газрын хуулийн хэлтэс, Орхон аймгийн Барилга, хот байгуулалтын хэлтэс, Орхон аймгийн Барилга захиалагчийн алба зэрэг байгууллагуудад удаа дараа албан бичгээр хандсан гэсэн тайлбарыг өгч дээрхи байгууллагуудад хүргүүлсэн албан бичгийн хувийн татварын хэлтэст ирүүлсэн. Энэ нь Сангийн сайдын 2016 оны 410 дугаар тушаалаар батлагдсан Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандартын 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Гэрээт ажлыг гүйцэтгэх тайлант хугацаа бүрийн эцэст хэсэгчлэн хүлээн зөвшөөрч болно” гэсэн заалтаар гэрээт ажлын орлогоор хүлээн зөвшөөрч байгаа нь нотлогдож байна. Хяналт шалгалтын хугацаанд “Л с э э” ГХОХХК-иас “О******* у*******” ХХК-ийн Голомт банкны ..... тоот төгрөгийн дансанд 2019 онд 2,009,500,000.0 төгрөгийн, 2020 онд 986,300,000.0 төгрөгийн, 2021 онд 317,000,000.0 төгрөгийн санхүүжилт, Голомт банкны 2105133277 тоот төгрөгийн дансанд 2020 онд 1,048,900,000.0 төгрөгийн, 2021 онд 2,428,367,000.0 төгрөгийн, нийт 6,790,067.000.0 төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Гэрээнд хөрөнгө оруулагч, захиалагч тал буюу “Л с э э” ГХОХХК нь гүйцэтгэгч тал болох “О******* у*******” ХХК-д 1,548,735,700.00 төгрөгийн байр болон авто зогсоолыг бартераар 8,819,324,300.00 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх төлбөр, нийт 10,368,060,000.00 төгрөгийн дүнтэй байхаар тусгагдсан байна. Татварын хяналт шалгалтаар илэрсэн 468,990,636.45 төгрөгийн зөрчил нь 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн “Урьдчилж олсон орлого данс”-анд бүртгэсэн 2,545,863,930.0 төгрөгийн орлогыг барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулж орлогоо хүлээн зөвшөөрөөгүй нь харилцах дансаар орсон орлогоо, татвар төлөгчийн ярилцлага, татварын тайлангуудаар нотлогдох тул уг зөрчилд нөхөн ногдуулалтын акт үйлдэх үндэслэл болсон.
4. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө”, 12.1.2-т ажлыг гүйцэтгэлийн хувиар..., харилцах дансаар 2018-2021 онуудад 8,013,267,000.0 төгрөгийн санхүүжилт “Л с э э” компаниас хийгдсэн байна. “О******* у*******” ХХК нь 2018-2022 онуудад:
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2018 онд 890,909,090.9 төгрөг, 2019 онд 1,136,363,636,0 төгрөг, 2020 онд 1,361,140,909.0 төгрөг, 2021 онд 1,770,000,000,0 төгрөг, 2022 онд 1,400,000,363.6 төгрөг нийт 6,558,413,999.5 төгрөг
Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2018 онд 890,909,090.9 төгрөг, 2019 онд 1,136,363,636,0 төгрөг, 2020 онд 1,361,140,909,0 төгрөг, 2021 онд 1,770,000,000,0 төгрөг, 2022 онд 1, 400, 000,363,6 төгрөг нийт 6,558,413,999.50 төгрөгийн орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнасан байна. Урьдчилж олсон орлогын зөрүү болох тайлагнаагүй 468,919,636.45 төгрөгийн зөрчилд хариуцлага ногдуулсан.
Энэ стандартын 4.4-т “Тайлант хугацаа бүрийн эцэст хүлээн зөвшөөрөх орлого ба зардлыг”, “Иж бүрдлийн хувийн жингийн арга” аар хэмжинэ, 4.5-д Барилгын гэрээт ажлыг иж бүрдлийн хувийн жинг тайлан хугацааны эцэст тодорхойлно. 4.6.3-т Гүйцэтгэсэн ажлын зардлын иж бүрдэл “Энэ нь тайлант хугацааны эцэс хүртэл гэрээт ажилтай холбоотой гарсан гэрээний хуримтлагдсан зардлыг гэрээт ажлын тооцоолсон нийт зардалд харьцуулсан хувийн жин” гэсэн заалтуудыг үндэслэн тооцооллыг хийсэн. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6-д “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд татвар төлөгчийн оролцоо, 6.5-д Хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш Татварын ерөнхий хуулийн 31.4-т заасны дагуу хяналт шалгалтад хамрагдаж буй хугацаанд хамаарах татварын тайланг залруулах болон хугацаа сунгах хүсэлт гаргахгүй...гэж заасны үндэслэл болгосон. Иймд татвар төлөгчийн 2023 оны ААНОАТ-ын жилийн эцсийн тайлан болон НӨАТ-ын 12 дугаар сарын тайланд тусгагдсан 63,636,363.63 төгрөгийн, 2024 оны 02 дугаар сарын НӨАТ-ын тайланд тусгагдсан 2,181,818,181.81 төгрөгийн орлогуудыг “Урьдчилж олсон орлого”-оо хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр захиалагч “Л с э э” ХХК, гүйцэтгэгч “О******* у*******” ХХК нарын хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэн булаг багийн нутагт байрлах үйлчилгээ орон сууцны зориулалт бүхий 12 давхар барилгын гэрээнд заасан ажлыг барилгын зураг төсөл, норм дүрмийн дагуу хийж гүйцэтгэн Техникийн комисс ажиллуулан ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэгч “О******* у*******” ХХК гүйцэтгэж, захиалагч “Л с э э” ХХК-иас энэхүү ажлыг гүйцэтгэсний үр дүнд төлбөр төлөхөөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан.
-2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр захиалагч “Л с э э” ХХК, гүйцэтгэгч “О******* у*******” ХХК нарын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацааг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаж өөрчлөлт оруулан “гэрээний нэмэлт” гэх нэмэлт гэрээ байгуулсан.
-2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр захиалагч “Л******* си эн эм” ХХК, гүйцэтгэгч “О******* у*******” ХХК нарын хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэн булаг багийн нутагт байрлах үйлчилгээ орон сууцны зориулалт бүхий 12 давхар барилгын гэрээнд заасан ажлыг барилгын зураг төсөл, норм дүрмийн дагуу хийж гүйцэтгэн Техникийн комисс ажиллуулан ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэгч “О******* у*******” ХХК гүйцэтгэж, захиалагч “Л с э э” ХХК-аас энэхүү ажлыг гүйцэтгэсний үр дүнд төлбөр төлөхөөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрээний нэмэлт”-ийг тус тус хүчингүйд тооцсон байна.
2. Татварын улсын байцаагч 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд “О******* у*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн тул хяналт шалгалтын хамрах хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хязгаарлагдана.
3. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.З*******, Д.Х нар нь “О******* у*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд татварын хяналт шалгалт хийхэд талуудын байгуулсан гэрээний төлбөрийн дүн 10,368,060,000.00 төгрөг, захиалагчаас гүйцэтгэгчид төлөх дүн 8,819,324,300.00 төгрөг, гүйцэтгэгч бартерын нөхцөлөөр авч буй дүн 1,548,735,700.00 төгрөг, 2018-2021 онд хийгдсэн санхүүжилт 8,013,267,000.00 төгрөг байна. Балансад бараа материалын үлдэгдэл 81,688,800.0 төгрөг, 2019 онд 1,684,418,300.0 төгрөг, 2020 онд 3,376,135,700.0 төгрөг, 2021 онд 3,718,790,000 төгрөг, 2022 онд 88,327,400.00 төгрөг, Урьдчилж төлсөн зардал хэсэгт эхний үлдэгдэл 459,988,500.00 төгрөг, 2022 онд 3,571,521,500.00 төгрөг тус тус бүртгэгдсэн байна.
4. 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн “Урьдчилж олсон орлого данс”-д бүртгэсэн 2,545,863,930.0 төгрөгийн орлогыг барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулж орлогоо хүлээн зөвшөөрөөгүй байх тул гүйцэтгэлийн хувийн жингийн аргаар тооцооллыг хийж гэрээний дүн 10,368,060,000.00 төгрөг 2018-2021 онуудад “Л с э э” ХХК-иас 8,013,267,000.00 төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Дээрх хугацаанд “О******* у*******” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 6,558,413,99.50 төгрөгийн орлого хүлээн зөвшөөрч тайлагнасан байх бөгөөд хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой байсан орлого нь 7,027,333,635.95 төгрөг тул урьдчилж олсон орлогын зөрүү 468,919,636.45 төгрөгийн зөрчилд, 2021 онд 468,919,636.45 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэгдсэн 440,775,589.72 төгрөгийн зардлыг хасч, зөрүү 28,144,046.74 төгрөгийн орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй зөрчилд нийт 497,063,683.19 төгрөгийн зөрчилд 48,296,410.00 төгрөгийн нөхөн татвар, 18,765,785.46 төгрөгийн торгууль, 9,032,330.04 төгрөгийн алданги, нийт 74,681,079,15 төгрөгийн төлбөр ногдуулсан.
5. “Урьдчилж олсон орлого” гэдэг нь аж ахуйн нэгж байгууллага аливаа үйл ажиллагаа явуулахаасаа өмнө үйлчлүүлэгчээс төлбөрийг урьдчилан хүлээн авахыг хэлэх бөгөөд энэ нь өр хэлбэрээр пассивт бүртгэгдэх бөгөөд харин ажил, үйлчилгээгээ гүйцэтгэмэгц энэ нь орлого болж бүртгэгдэнэ. “О******* у*******” ХХК-ийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн “Урьдчилж олсон орлого данс”-нд бүртгэсэн 2,545,863,930.0 төгрөгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно”, 7.4.1-д “үйл ажиллагааны орлого”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж тус тус зааснаар урьдчилж олсон орлого буюу татвар ногдох орлого гэж үзнэ.
6. Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Стандарт батлах тухай” 410 дугаар тушаалаар батлагдсан Барилгын гэрээний орлого ба зарлагын нягтлан бодох бүртгэлийн стандартын 4-т “Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь гэрээний орлогыг дараах үеүдэд хүлээн зөвшөөрч болно”, 4.1.2-т “Гэрээт ажлыг гүйцэтгэх тайлант хугацаа бүрийн эцэст хэсэгчлэн”, 4.2-т “Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж захиалагчтай тусгайлан байгуулсан барилгын гэрээ нь дараах шалгууруудын аль нэг нь хангаж байвал уг гэрээг урт хугацаат гэрээт ажил гэж үзэх ба барилгын гэрээний орлого ба зардлыг тайлант хугацааны эцэст гэрээт ажлын иж бүрдлийн хувийн жинд суурилан хэсэгчлэн хүлээн зөвшөөрнө” гэж тус тус зааснаар гүйцэтгэлийн хувийн жингийн аргаар ажлын гүйцэтгэлийг тооцоолсон нь зөв болно.
7. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно”, 7.4.1-д “үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “ажлыг гүйцэтгэлийн хувиар” гэж тус тус заасны дагуу 2021 онд 468,919,636.45 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэгдсэн 440,775,589.72 төгрөгийн зардлыг хасч, зөрүү 28,144,046.74 төгрөгийн орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй гэж зөрчил тооцсон байна.
8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 16 дугаар зүйлийн 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэж тус тус зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 6,558,413,99.50 төгрөгийн орлого хүлээн зөвшөөрч тайлагнасан байх бөгөөд хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой байсан орлого нь 7,027,333,635.95 төгрөг тул урьдчилж олсон орлогын зөрүү 468,919,636.45 төгрөгийг зөрчилд тооцсон байна.
9. “О******* у*******” ХХК нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу урьдчилж олсон орлого дансанд бүртгэгдсэн 2,545,863,930 төгрөгийн төлбөрөөс 2022 онд 1,400,017,824.56 төгрөг, 2023 онд 63,636,363.63 төгрөгийн орлогыг тус тус хүлээн зөвшөөрч аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан байна. Татварын хяналт шалгалт дуусахаас өмнө тайлагнасан гэж маргасан. Татварын улсын байцаагч нар 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд “О******* у*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар 12.2-т “Албан татвар төлөгч бараа, ажил үйлчилгээг хүлээн авсан өдрөөр албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрнө” гэж зааснаар орлого орж ирсэн үед буюу Татварын ерөнхий хуулийн 6.1.28-д "татварын жил" гэж тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг гэж зааснаар тухайн татварын жилд 2021 онд хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой байхад түүнээс хойш 2022, 2023 онд тайлагнасан тайланг хяналт шалгалт, түүний үр дүнд хамааруулан авч үзэхгүй.
10. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно”, 73.1.1-д “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 82 дугаар зүйлийн 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 82.1.2-т “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар”, 84 дүгээр зүйлийн 84.1.2-т “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэж тус тус зааснаар татвар төлөгчийн нийт 497,063,683.19 төгрөгийн зөрчилд 48,296,410 төгрөгийн нөхөн татвар, 19,318,564 төгрөгийн торгууль, 9,283,641.67 төгрөгийн алданги, нийт 76,898,615.67 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.1, 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг тус тус баримтлан “О******* у*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.З*******, Д.Х нарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.З*******, Д.Х нарын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №НА24240000027 тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “О******* у*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА