Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 317/ШШ2025/00521

 

 

 

 

 

2025        04        17                                                317/ШШ2025/00521

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Т  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 589,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Т  ББСБ ХХК нь хариуцагч Д.Б т холбогдуулан гэрээний үүрэгт 589,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б  нь манай "Т" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 220609-3680000 дугаартай 300,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Д.Б  нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй, бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлсэн. Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 898 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 589,978 төгрөг төлөгдөөгүй. Иймд зээлдэгч Д.Б аас 589,978 төгрөгийг гаргуулж "Т  ББСБ" ХХК-д олгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч "Т  ББСБ" ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Д.Б т холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж, төлбөрийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

3. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,350 төгрөгийн тал хувь болох 9,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,175 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 9,175 төгрөгийг хариуцагч Д.Б аас гаргуулан нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 589,978 төгрөгийг хариуцагч Д.Б  нь төлж барагдуулснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,350 төгрөгийн тал хувь болох 9,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,175 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 9,175 төгрөгийг хариуцагч Д.Б аас гаргуулан нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.Марина