| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0493/Э |
| Дугаар | 417 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;
улсын яллагч: Р.Батнасан;
шүүгдэгч: Я.О, Д.О, Д.М (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Я.Оийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Д.О, Д.М нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625020700 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, УХ97071853 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Урианхан овогт Янжинлхамын О,
2. Монгол Улсын иргэн, Дашвандангийн О,
3. Монгол Улсын иргэн, Даваажавын М.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Я.О нь Д.О, Д.М нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “UВ март” худалдааны төвийн орчимд Э.Өсөхбаярын “Самсунг Нөүт 3” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,
яллагдагч Д.О нь Я.О, Д.М нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “UВ март” худалдааны төвийн орчимд Э.Өсөхбаярын “Самсунг Нөүт 3” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,
яллагдагч Д.М нь Д.О, Я.О нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “UВ март” худалдааны төвийн орчимд Э.Өсөхбаярын “Самсунг Нөүт 3” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.О мэдүүлэхдээ: Өмнө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: Өмнө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: Өмнө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Өсөхбаяр /хх-ийн 22-23/, гэрч Ч.Бат-Очир /хх-ийн 26// нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20/, Я.Оийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 32-33, 43-44/, Д.Оын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35, 41-42/, Д.Мын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Я.О, Д.О, Д.М нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “UВ март” худалдааны төвийн орчим Э.Өсөхбаярын “Самсунг Нөүт 3” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн болох нь:
насанд хүрээгүй (өсвөр насны) хохирогч Э.Өсөхбаярын /хх-ийн 22-23/: “… 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед байсан шиг санагдаж байна ... Найз Бат-Очиртой хамт “UВ март” дэлгүүрийн урд талд явж байтал 3 залуу араас дуудаад “утсаараа яриулчих” гэж гуйсан. Би өөрийн гар утас болох “Самсунг нөүт 3” загварын гар утсаа гаргаж өгөхөд “бид гурав утасгүй явж байна, утсаар ярьж хүнтэй уулзчихаад өгье” гэж хэлээд миний утсаар яриад дагуулаад яваад байсан. Тэгтэл нэг залуу түрүүлээд нөгөө хоёроосоо салаад явчихсан. Харин үлдсэн 2 залуу нь “бид хоёрын уулзах гэж байгаа хүн “Чингисийн талбай” дээр байна гэнэ” гэж хэлээд Бат-Очир бид хоёрыг дагуулж таксинд суугаад талбайн хажууд буугаад Соёлын төв өргөөний хойд талд байдаг эзэнгүй барилга руу бид хоёрыг дагуулж ороод нэг залуу нь миний утсаар ярьж явж байгаад алга болчихсон. Сүүлд улаан хүрэн өнгийн үстэй залуу ганцаараа Бат-Очир бид хоёртой барилга дотор үлдсэн. Хэсэг хугацааны дараа бид хоёрыг дагуулж гараад гудамжинд явж байсан хүний утсыг гуйж аваад миний утсыг авч явсан найз руугаа залгаад “манай найз Сансарт байна гэнэ, чи дагаж очоод утсаа авчих” гээд бид хоёрыг дагуулаад Сансарын нэг байрны гадна очоод миний утсыг авч явсан залуутай уулзсан. Тэр залуу нь Бат-Очир бид хоёрт хандан “та хоёрын нэг нь энэ орцны 2 давхарт гараад манай найзыг дуудаад ир” гэсэн. Тэгэхээр нь Бат-Очир дуудах гэж орсон хойгуур намайг дагуулаад гражин дунд орох гэхээр нь би дагаж оролгүй салаад Бат-Очир дээр очиж Бат-Очиртой хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн…” гэх мэдүүлгээр,
насанд хүрээгүй (өсвөр насны) гэрч Ч.Бат-Очирын /хх-ийн 26/: “… 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 18-19 цагийн орчим ангийн найз Өсөхбаяртай хамт сургуулиа тараад гэррүүгээ харих гээд “UВ март” дэлгүүрийн хажууд явж байтал үл таних 3 залуу бид хоёрыг дуудаад “утсаар чинь ярьчихаад өгье” гэж гуйсан. Өсөхбаяр өөрийнхөө “Самсунг нөүт 3” гар утсыг гаргаж өгөхөд нэг залуу нь утсыг нь авч хүнтэй ярьж байгаад “бид нар өөр газар хүнтэй уулзах гэсэн юм, та хоёр дагаж явж байгаад утсаа авчих” гээд Өсөхбаяр бид хоёрыг дагуулаад явсан. Тэгтэл нөгөө гурван залуугийн нэг нь салаад явчихсан. Үлдсэн 2 залуу нь бид хоёрыг дагуулж алхаж байгаад такси бариад Соёлын төв өргөөний хойд талд байдаг нурсан барилга руу дагуулж орсон. Тэгтэл Өсөхбаярын утсыг авсан залуу нэгийгээ үлдээгээд цаашаа яваад байхгүй болчихсон. Үлдсэн нэг залуу нь нөгөө найзыгаа хайж явж байгаад олдохгүй болохоор нь гудамжинд явж байсан хүний гар утсыг гуйж аваад нөгөө найз руугаа яриад бид хоёрыг Сансар руу дагуулж явсан. Тэгээд нэг байрны орцонд Өсөхбаярын утасыг авч явсан найз нь хүлээж байсан ба бид гуравыг очсоны дараа тэр хоёр залуу надад нэг орц зааж өгөөд “энэ орцны 2 давхарт гараад манай найзаас утсаа авчих” гээд гаргасан. Би 2 давхарт гараад хаалга тогшсон боловч надад худал хэлж дээш нь гаргасан байсан. Тэгээд би эргээд доошоо буухад Өсөхбаяр болон нөгөө хоёр залуу байхгүй байсан. Би Өсөхбаярыг олох гээд явж байтал Өсөхбаяр ганцаараа гараад ирсэн. Ингээд бид хоёр хүний утас гуйж цагдаад дуудлага өгсөн. Бид хоёрыг айлган сүрдүүлж эд зүйл аваагүй. Өсөхбаярын утсаар “ярьчихаад өгье” гэж хэлээд дагуулаад яваад байсан…” гэх мэдүүлгээр,
Я.Оийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 32-33, 43-44/: “… М, О бид гурав тэр хүүхдийн утсыг авахаар ярьж тохироод би тэр хүүхдээс “утсаар чинь дахиад ярьчихаад өгье” гэж хэлж аваад хүнтэй ярьж буй дүр эсгэн нөгөө хоёр хүүхдийг дагуулаад “Чингисийн талбайн” хажуу талд очоод Засгийн газрын ордны зүүн талын нурсан барилгын хашаа руу орсон. Утасны эзэн хүүхдээс “утсаа 2 цаг хэрэглүүлчих” гэж гуйсан боловч “өгөхгүй” гээд байсан. Би тухайн хүүхдээс гуйсаар байгаад утсыг нь аваад түрүүлээд явсан…” гэх мэдүүлгээр,
Д.Оын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 34-35, 41-42/: “… О нөгөө утсаар Мын утас руу залгаж хүнтэй уулзах гэж байгаа мэтээр худлаа яриад байсан…Нөгөө хоёр хүүхэд нь намайг “утас буцааж авч өг” гээд дагаад яваад байхаар би гудамжинд явж байсан хүний утсыг гуйж аваад М руу залгаж ярихад О, М нар Сансарт байгаа газраа хэлээд, би нөгөө хоёр хүүхдийг дагуулж очсон…” гэх мэдүүлгээр,
Д.Мын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 36-40/: “… О намайг “түрүүлээд явж бай” гэхээр нь би түрүүлж яваад Спортын ордны ойролцоо очоод байж байтал О нөгөө хүүхдийн утаснаас миний утас руу залгаад “бид хоёр Соёлын төв өргөөний хойно байдаг нурсан барилга дотор нөгөө хоёр хүүхэдтэй байна, хүрээд ир” гэсэн. Очих гээд явж байтал О нөгөө хүүхдийн утаснаас дахин залгаад “буцаад Спортын ордон дээр хүрээд ир” гэсэн. Би “О хаана байгаа юм” гэж асуухад “нөгөө хоёр хүүхдийг аргалаад үлдсэн” гэж хэлсэн…” гэх мэдүүлгээр болон эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 20/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч хэрхэн гар утсаа алдсан болон шүүгдэгч нар хохирогчийн гар утсыг авахад ямар оролцоотой байсныг гэрч, хохирогч, шүүгдэгч нар тус тус харилцан адил бөгөөд бие биенээсээ хараат бусаар мэдүүлцгээсэн, Э.Өсөхбаярын дээрэмдүүлсэн эд зүйлийн үнийг үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Я.О, Д.О, Д.М нарын ”утсаар чинь яриад өгье” хэмээн хохирогчийн “Самсунг Нөүт-3” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч зугтаасан санаатай үйлдэл нь “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.О, Д.О, Д.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан (Бусдын эд хөрөнгийг бүлэглэж булаах) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага буюу хорих ялын дээд хэмжээ 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан (Дээрэмдэх) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд багасч буюу хөнгөрч орсон байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчилж, прокурор яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн прокурор шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог зааглан ялгаж, Я.Оийг бусадтай бүлэглэн дээрмийн гэмт хэргийг үйлдсэнийг үндэслэн гүйцэтгэгч гэж, шүүгдэгч Д.О, Д.М нарыг дээрмийн гэмт хэргийн үед хамт байж гэмт үйлдлийн зорилго, үйлдлийн учир холбогдлыг сайтар мэдэж, дээрмийн хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлснийг үндэслэн хамжигч хэмээн үзэж 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих хэсгийг тус тус журамласан нь хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү шүүгдэгч Я.О, Д.О, Д.М нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар хохирогчоос дээрэмдсэн “Самсунг Нөүт 3” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн тул тэднийг хохирогчид нөхөн төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Я.О, Д.О, Д.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Я.От 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.О, Д.М нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин дээрх байдлаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримталж буюу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Я.От 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг, шүүгдэгч Д.О, Д.М нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоохоор шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч Я.О, Д.О, Д.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол үгүй тул дээрх байдлаар ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл болсон болно.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Урианхан овогт Янжинлхамын О, Адуучин овогт Дашвандангийн О, Чандмань овогтр Даваажавын М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Оийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О, Д.О, Д.М нарт оногдуулсан хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.От 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.От 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Мад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
5. Шүүгдэгч Я.О, Д.О, Д.М нар урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.О, Д.О, Д.Дм нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ