Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 

 

Б.Батболдод холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор К.Нанжинханд

            Шүүгдэгч Б.Батболд, түүний өмгөөлөгч Н.Баярмаа

            Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Батболдын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Батболдод холбогдох 2318000000531 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Сайн Хиргис овогт Батбилэгийн Батболд, 1995 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тавилгын мужаан мэргэжилтэй, хэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг Октябрийн 9-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Б.Батболд нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт Ц.Алтангэрэлийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах зэрэг аргаар гал тогооны тавилга болон хувцасны шүүгээ хийж өгнө гэж итгүүлэн 2023 оны 09 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарыг 05-ны өдөр 500.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Б.Батболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Сайн Хиргис овогт Батбилэгийн Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдыг 6 сар /зургаан/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдод оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Батболдоос 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Алтангэрэл /Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, хуучин хороолол, 18-13 тоотод оршин суух, РД:Й388091819, утас 89069636/-Д олгож,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан- Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Батболдын өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах гомдолдоо:

... Б.Батболдыг нийгэм, хамт олон, гэр бүлээс нь тусгаарлан хорихгүйгээр нийгэмших боломжийг олгох арга хэмжээ авах нь олон сараар хорихоос илүү үр дүнтэй засарч хүмүүжих бололцоо нөхцөл болно. Манай улсын хорих байгууллага өнөөдөр хэнийг ч болов хүмүүжүүлж гаргасан уу гэвэл үгүй л гэж хэн ч хэлнэ. Архаг гэмт хэрэгтнүүд хоригдож буй ялтангуудтай цуг байснаар хэзээ ч сайн зүйлийг сурахгүй.

Гэмт хэрэгт холбогдсон залуу хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын бодлого нь нийгэм, хамт олон, найз нөхөд, гэр бүлээс тусгаарлан гэмт хэрэгтэн гэдэг мэдрэмжийг нэмэгдүүлэхэд бус нийгэмд эргэн ороход нь туслах замаар итгэл үзүүлэхэд чиглэгдэх нь илүү үр дүнтэй арга гэж өмгөөлөгч би дүгнэж байна. Б.Батболд нь мөрдөн шалгагдаж байсан хугацаандаа гэмт хэрэг үйлдэх нь хэчнээн буруу зүйл гэдгийг маш сайн ухамсарлан ойлгож цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ хэлдэг.

Б.Батболдын гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн мөхөн төлсөн байдал, хөдөлмөр хийж засран хүмүүжих боломжийг олгох үүднээс зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулж егнө үү.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Б.Батболдын хүсэлтээр гомдол гаргасан. Б.Батболд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой учраас ажил хөдөлмөр хийж хүмүүжих боломжийг нь олгож торгох ялаар сольж өгнө үү. Хоригдох хугацаандаа гэм буруугаа ойлгосон. Хоригдох хугацаанд нь миний бие долоо хоног болгон уулзаж байсан дахин ийм зүйл гаргахгүй гэж байгаа. Эхнэр нь ажилгүй. Иймд торгуулийн ял оногдуулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Батболд тайлбартаа:

Өөрийнхөө гэм буруутай үйлдлийг ойлгож байгаа. Хорих ялыг маань өөр ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор К.Нанжинханд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх Б.Батболдын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон шийтгэл оногдуулж шударга ёсны зарчимд нийцүүлэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Батболдын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүхий л ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Батболд нь хохирогч Ц.Алтангэрэлд “гал тогооны тавилга, хувцасны шүүгээ захиалгаар хийнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 09 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарыг 05-ны өдөр 500.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Алтангэрэлийн...”2023 оны 09 сарын 05-ны өдрийн орой гэрт ирээд тавилга угсарч өгнө гэж хэлсэн ба тухайн өдрөөс хойш Батболд нь утсаа авахгүй байсан. Ингээд би түүнтэй анх уулзсан зүсүүрийн газарт очиход Батболд байхгүй, харин хавтан зүсүүрийн эзэн нь Батболд гэх хүнийг энд ажилладаггүй, манайхаар хавтангаа зүсүүлээд угсардаг гэж хэлсэн. Батболдын дугаар луу залгахад утсаа авахгүй байсан ба удахгүй тавилгыг нь хийж өгнө гэх утгатай мессежийг над руу бичсэн хэдий ч одоо болтол холбогдохгүй байна” гэх мэдүүлгээр /хх-26/,

Гэрч Б.Батжаргалын...”Б.Батболд нь 2023 оны 05, 06 сараас эхлэн хэд хэдэн удаа хавтан зүсүүлж байсан тохиолдол бий. Харин ойрын хугацаанд ирж хавтан зүсүүлсэн эсэхийг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-28/ болон дансны хуулга, цахим сүлжээн дэх зар зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх, түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх зэргээр тодорхой үйлдэл хийсэн тогтоогдвол залилах гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Иймд шүүгдэгч Б.Батболдод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй  байна.

Гэхдээ шүүгдэгч Б.Батболд нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг торгох ялаар хөнгөрүүлэн өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Б.Батболд нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт  44  хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, цагдан хоригдсон хоногт нь дүйцүүлэн торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг эдэлсэнд тооцож, нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдыг 6 сар /зургаа/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг 660 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 660.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй “ гэж, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдын цагдан хоригдсон 44 хоногийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжтэй дүйцүүлэн тооцож 660.000 төгрөгийн торгох ялыг бүрэн эдэлсэнд тооцож, энэ өдрөөс эхлэн шүүгдэгч Б.Батболдыг сулласугай.

3. Шүүгдэгч Б.Батболдын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

     ДАРГАЛАГЧ

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

           ШҮҮГЧИД                                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                            З.ТӨМӨРХҮҮ