| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 2323000740126 |
| Дугаар | 2024/ДШМ/03 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/03
Б..........д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Прокурор Ц...........
Шүүгдэгч Б........
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б..........
Хохирогчийн өмгөөлөгч Б........
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б........, түүний өмгөөлөгч Б....... нарын давж заалдах гомдлоор Б..........д холбогдох 2323000740126 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Идэр сумын ....... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ........ овогт ........., /регистрийн дугаар И......../
Шүүгдэгч Б........ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 16-17 цагийн үед Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн ....... хэсэг гэдэг газарт иргэн Э...... маргалдах явцдаа, түүнийг эвхэгддэг хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч ...... овогт ....... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Б...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....... оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б...... авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн хутганы гэр болон цоохор өнгийн хээтэй эвхэгддэг хутга зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Хохирогч Э.....нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б....., түүний өмгөөлөгч Б........ давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ... Б........ нь хэрэг гарсан цагаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүхийн болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг 5-12 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэхээр заасан байдаг. Гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн буюу Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл ангид заасан ялын дээд хэмжээний 3-ны 2-оос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний 3-ны 2-оос багагүй ял оногдуулах талаар хуульчилсан. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ...гэмт хэргийн доод хэмжээ 5-н жил, 5-н жилийн 3-ны 2-ыг бодохоор 40 сар буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих боломж байна. Б.......ийн тухайд 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял эдлэх нөхцөлийг бүрэн хангасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогчид гэмтэл учруулсны дараа шууд эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх зардал, Улаанбаатар хот явж эмчлүүлэх зардал, эмчилгээнд шаардлагатай зардалд 11.000.000 төгрөгийг өгсөн. Хохирогч зардал нэхэмжлээгүй байхад шүүгдэгчийн зүгээс хохирлыг төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд Б......н үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд 4.766.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж тогтоогдсон. Гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөхөөр завсарлага авч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг бүрэн төлсөн. Энэ нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж хохирогчид учирсан хохирол болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн төлсөн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагддаг. Хохирол төлсөн баримтууд 129-131 дүгээр хуудсанд байгаа. хохирол төлсөн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал мөн залуу хүний алдсан алдаа дээрээ гэмшиж харамсаж байгаа байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан доод хэмжээ буюу 5 жилийн хорих ялын 3-ны 2-ны буюу 03 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалт буюу 04 жил гэснийг, 03 жил 04 сар болгон багасгаж хөнгөрүүлж өгөөч гэсэн гомдлыг гаргасан гэв.
Шүүгдэгч Б.Шаравдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийг хийсэндээ маш харамсаж байна. Дөрвөн хананы дунд орохоор их юм бодогддог юм байна. Эндээс харахаараа сайхан амьдрах зорилго тавсан байгаа гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн тогтоолоор хохирлоо авсан байгаа. Цаашид гарах зардлыг шүүхээс тогтоолоор нээлттэй үлдээсэн байгаа учраас, хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн гомдол байхгүй. Ялын саналын хувьд тусгайлан гаргах саналгүй байна. Шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.
Прокурор Ц......... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Шаравдоржийн тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг харгалзан үзсэн. Энэ гэмтлийг учруулахад зөвхөн нэг удаагийн үйлдэл байсан бол нэг өөр гэтэл Б.Шаравдоржийн үйлдлээр хохирогчийн биед учирсан хохирлын талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулъя. Эвхэгддэг хутгаар хутгалж, Э.Энхтөрийн биед хэвлийн зүүн доод талд хэвлийн хөндийд нэвтэрсэн 5 см орчим шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хэвлийн зүүн доод талд 4 ширхэг оёдол бүхий шарх, 1 ширхэг өнгөц шарх, хэлний дунд хэсэгт шарх, зүүн чихний омог, ард хэсэг, зүүн хацар шилний ард зулгаралт гэмтлүүд учирсан. Мөн хүний аманд байгаа хэлэнд шарх үүсгэсэн. Дээрх учирсан гэмтлүүдийг шүүх харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...эрүүгийн хариуцлагын зорилго, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн хүнийг цээрлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийгэмшүүлэхэд оршино гэсэн зорилготой байдаг. Б.Шаравдоржийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь мөн харгалзан үзсэн. Хэрэгт авагдсан нөхцөл байдлаас авч үзэхэд, олон тооны шархыг үүсгэсэн байсан. Нэг удаагийн шарх биш олон тооны шархыг үүсгэсэн. Мөн хүний хэлэнд шарх үүсгэсэн. Эдгээр байдлыг харгалзан үзэж, улсын яллагчийн зүгээс 7 жилийн хугацаанд хорих ялаар шийтгэх саналыг гаргасан. Өмгөөлөгчтэй санал нэг байна. Хохиролд 11.0 сая төгрөгийг төлсөн, мөн иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээтэй холбоотой гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирогч эхэлж Б.Шаравдоржийг цохисон байдаг. Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас, энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдлаар авч үзсэн. Өмгөөлөгчөөс гаргаж байгаа хүсэлтийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх авч үзсэн. Улсын яллагчийн зүгээс санал болгосон 7 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах саналыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.4-т заасныг журамлаж, 4-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэ оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэл мөн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон өмгөөлөгчийн хүсэлтийг бүрэн хангасан гэж үзэж байна. Түүнд оногдуулсан 4 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцлээр заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Шаравдорж нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 16-17 цагийн үед Завхан аймгийн Идэр сумын ........” хэсэг гэдэг газарт иргэн Э......тэй маргалдах явцдаа, түүнийг эвхэгддэг хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.
Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч Э......ийн “...2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын төвд өөрийн машинд суугаад дүүгээрээ машинаа жолоодуулаад харих гээд явж байтал 16-17 цагийн үед ....... нэг залуу хамт тааралдсан. Шаарав тэр залуу хоёр надтай хамт явж байсан дүүтэй уулзсан. Тэгээд тэр гурав хоорондоо маргалдаад байхаар нь би машинаас буутал над руу ..... шууд ирээд намайг ална энэ тэр гэсэн. Тэгэхээр нь би яасан гэж намайг алах гэж байгаа юм бэ гэсэн чинь ......та хоёр намайг яалаа гээд урьдын асуудал яриад над руу хүрээд ирэхээр нь би ...... хацар руу түлхсэн чинь ...... буцаж ирээд намайг барьж авсан. Тэгээд ...... бид 2 барьцалдаж аваад би доор нь орчихсон. Тэгээд босоод ирсэн чинь нэг гараараа хоолой багалзуурдаад нөгөө гараараа халаасаа ухаад байсан. Тэгээд халааснаасаа нэг хутга гаргаж ирээд хэвлийн хэсэгт хэд хэдэн удаа хутгалсан. Ухаан алдаад нэг сэрээд харсан чинь ...... хамт явж байсан залуу хараад сууж байсан. Тэгээд би ....... аргадаж гуйгаад, арай гэж салж машиндаа суугаад эмнэлэг орсон. ....... гэж залуу биеийн гэдэс, хэвлий хэсэгт жижиг тонгоргоор 5 удаа хутгалсан. Мөн хэл болон зүүн чихний ар талд бас нэг удаа зүссэн. Нийт 7 удаа хутгаар зүсэж гэмтэл учруулсан. Надтай явсан ......., .... хамт явсан залуу нараас өөр хүн байгаагүй. Би бол архи уусан. Миний согтолт дунд зэрэг, өөрийн гаргасан үйлдлээ бүгдийг мэдэж байсан. ...... бол архи уугаагүй байсан. .... нөгөө залуу хоёр бол архи уусан, согтолт дунд зэрэг байсан. Уг нь бол нэг их сүртэй зүйл болоогүй, урд өмнө болсон зүйлээс болж маргалдаад дайраад байсан. Өс хонзон байхгүй. Би Улаанбаатар хотод эмчилгээнд яваад зардал их гарсан. Эмчилгээний зардал гаргуулмаар байна, гомдолтой байна. ... гэж ......ийг хэлж байгаа юм” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Батбаярын “...2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн .... маркийн машинтай Идэр сумын нутаг ...... хэсэгт гэр рүүгээ харих гээд явж байсан. Тэгтэл манай сумын иргэн ....., .... нар машинтай гудамжинд таарсан. Тэгээд зогсож, уулзаад юм ярихад тэр 2 архи уусан байсан. Тэгэхээр нь та 2 одоо гэртээ харь гэхэд тэр 2 за гэж хэлээд ....... гэх хүний гэрийн зүг хөдөлсөн. Би тэр хоёрын араас машинтайгаа дагаад явж байтал манай сумын 2 залуу согтуу мотоциклтой гудамжинд зогсож байсан. Тэгтэл ....... машинтайгаа тэр 2 залуугийн хажууд очиж зогсоод машинаасаа тэр 2 залуу дээр очоод юм ярьж байсан. Юу ярьсан талаар би мэдэхгүй, би машин дотроо сууж байсан. Тэгтэл .......р мотоциклтой 2 залуугийн нэгийг алгадаад унагааж байсан. Тэгтэл тэр унасан залуу дээлийнхээ бүсийг баруун талаас ухаж байгаад нэг тонгорго (эвхэгддэг хутга) гаргаж ирээд дэлгээд ..... гэдэс рүү нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би машинтайгаа шууд хөдлөөд цагдаагийн кобон дээр ирсэн. Цагдаагийн кобон цоожтой байхаар нь үүдийг нь цохиход нэг хүүхэд гарч ирэхээр нь асуутал цагдаа, төлөөлөгч 2 хөдөө дуудлагад явсан гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ороод болсон хэргийн талаар хэлээд цагдаа байхгүй байна яах вэ? гээд байж байтал ...... өөрөө машинаа бариад цусаа гоожуулаад ирсэн. ..... гэдэг хүнтэй болон түүнийг хутгалсан хүнтэй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Нэг сумын хүмүүс гэдгээр нь мэднэ. ....... хутгалсан залуу өндөр нуруутай, дээлтэй залуу байсан. Нэрийг нь мэдэхгүй, манай сумын залуу гэдгээр нь мэднэ. Одоо хараад танина дээлийг ажиглаагүй. Хэргийг 100 орчим метрийн зайнаас харсан хэрэг гарах үед ...... гадна бас нэг залуу мотоцикл дээр сууж байсан......... гэдэг хүн .........н машины ар суудал дээр тасраад унасан байсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б......... “...Би 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хөдөө гэрээсээ Завхан аймгийн Идэр сумын төв ...... багт орж ирээд Шаравдорж мөн төвд орж ирсэн байна гэхээр нь уулзаад .........р гэх найзындаа очоод бид гурав Сэрүүн гэдэг 2,5 литрийн хэмжээтэй 3 ширхэг пиво хувааж уусан. Дараа нь ......... мотоциклоо унаад би араар нь суугаад бензин авахаар колонк орохоор явж байтал ...... гэдэг хүнтэй таараад юм ярьж байтал манай нутгийн ...... гэдэг ах ирээд ахыгаа айлд дөхүүлээд өгөөч гэхээр нь би ...........ахыг суулгаад ........н мотоциклоор явсан. Намайг явахад ........ ах яваад, манай сумын ........ ах машинтай ирээд зогсоод ...... юм яриад байх шиг байсан. Би тэгээд яваад буцаад иртэл ......., ...... ах хоёр муудалцсан бололтой ......... ах ......нүүр рүү гараараа нэг удаа цохиод автал Шаравдорж өмдний халааснаасаа тонгорог гаргаж ирээд тонгоргоо дэлгээд ........ зүүн талын хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалаад дараа нь ноцолдоод байсан. Би боль гэж хэлээд очоод салгах гээд ........г татах гэтэл согтуу байсан учир түлхэгдээд уначихсан. Тэгээд босоод иртэл ...... зүүн талын хэвлийн орчмоос цус гараад тэр 2 хоёр тийшээ салаад ........ ах машинаа унаад явсан. ......... яагаад хутгалах болсныг мэдэхгүй байна. ..............н биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. .......... подволк өмссөн байсан учир биеийн зүүн талын хэвлийн хэсгээс цус гарч харагдсан. .........., ....... нэг удаа зүүн талын хэвлий хэсэг рүү хутгалж байхыг би харсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б........... “...Би Идэр сумын Эрүүл мэндийн төвийн эмчээр ажилладаг. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг өнгөрч байхад манай эмнэлэг дээр хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагыг ......... гэдэг хүн өгсөн байсан. Дуудлагыг аваад би тухайн өдрийн сувилагчтай эмнэлгээс гарах гэж байх үед эмнэлгийн хүлээн авах руу хэвлийн зүүн хэсэгтээ хутгалуулсан цус гарсан байдалтай 40 гаран насны эрэгтэй хүн орж ирсэн. Орж ирэхдээ ганцаараа байсан. Би хүнд хутгалуулчихлаа, чоно......... залуу намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тухайн хүнээс архи, согтууруулах ундаа үнэртэж байсан. Биед нь үзлэг хийхэд хэвлийн зүүн талд 4 удаагийн өнгөц амь наснаас хол хутганы (мэсийн) шархтай, хэл болон зүүн талын жавж мэсээр зүсэгдсэн байдалтай, мөн зүүн чих мэсээр зүсэгдсэн (өнгөц) байдалтай байв. Өөр ямар нэгэн шарх, сорвигүй, амин үзүүлэлт хэвийн тухайн хүн ухаантай байсан. Эмнэлгийн зүгээс анхан шатны тусламж үзүүлж, гүн шархнаас гарсан цусыг тогтоосон.” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.......... “............... дүү .......... над руу залгаад ........ байна уу гэхээр нь би байхгүй байна, яасан юм бол гэхэд ......... ........... ахыг хутгалчихлаа гээд утсаа тасалсан. Би ........ чи яагаад ............ ахыг хутгалчихсан юм гэхэд ......... би хутгалсан юм аа гэхээр нь би ............ руу чи найзыгаа аргалаад явж чаддаггүй арчаагүй юм гэхэд тэр хоёр юу ч хэлээгүй байж байтал цагдаа нар ирээд бид хэдийг аваад явсан. Би хутгалах үед нь хажууд нь байгаагүй.” гэсэн мэдүүлэг,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Т........ 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 000000181 дугаартай “...1. ......... ........ биед хэвлийн зүүн доод талд хэвлийн хөндийд нэвтэрсэн 5 см орчим шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хэвлийн зүүн доод талд 4 ширхэг оёдол бүхий шарх, 1 ширхэг өнгөц шарх, хэлний дунд хэсэгт шарх, зүүн чихний омог, ард хэсэг, зүүн хацар шилний ард зулгаралт гэмтлүүд учирсан байна.
2. Э......... биед учирсан гэмтлүүд нь иртэй үзүүртэй ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Э............ биед учирсан гэмтлүүд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.
4. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Э......... биед хэвлийн зүүн доод талд хэвлийн хөндийд нэвтэрсэн 5 см орчим шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хэвлийн зүүн доод талд 4 ширхэг оёдол бүхий шарх, 1 ширхэг өнгөц шарх, хэлний дунд хэсэгт шарх, зүүн чихний омог, ард хэсэг, зүүн хацар шилний ард зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт зэргээр тус, тус нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлэг агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг бүхэлд нь нотолсон шинжтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б....... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б..........., түүний өмгөөлөгч Б...........давж заалдах гомдолдоо: ...Хохирол төлсөн баримтууд 129-131 дүгээр хуудсанд байгаа. Хохирол төлсөн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал болон мөн залуу хүний алдсан алдаагаа гэмшиж харамсаж байгаа байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан доод хэмжээ буюу 5 жилийн ялын 3-ны 2-ны буюу 03 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж анхан шатны шүүхийн тогтоолын 2 дахь заалт буюу 04 жил гэснийг 03 жил 04 сар болгон багасгаж, хөнгөрүүлж өгөөч гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч Б......... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, ял шийтгэл хүнддээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б............, түүний өмгөөлөгч Б......... нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б............., түүний өмгөөлөгч Б........... нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ж.БАТТОГТОХ