Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 317/ШШ2025/00142

 

 

 

 

2025       02         10                                       317/ШШ2025/00142 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, Буурал 0 дүгээр баг, Билүүт 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 0, Т овогт Н.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар хэсэг, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, З овогт Б.Д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 9.652.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Б.Дд холбогдуулан “Гэм хорын хохиролд 9.652.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дэлгэр тур амралтын газрын өндөр хүчдэлийн шон хугарч унаснаас болж, манай 2 үхэр тогонд цохиулж үхсэн. Гарьд Гүрү ХХК-ийн үнэлгээний байгууллагаар 2 үнээгээ үнэлүүлэхэд буган халиун алатоу үүлдрийн бор үнээг 6.000.000 төгрөг, сенитал шар тарлан үнээг 3.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иймд хариуцагч Б.Дгаас үнэлгээгээр тогтоосон нийт үнэ болох 9.500.000 төгрөг, үнэлгээний зардал 120.000 төгрөг, нийт 9.620.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Б.Дгийн хувьд тухайн амралтын газрыг ажиллуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр энэхүү нэхэмжлэлийг иргэний хувиар хариуцвал зохих этгээд биш гэж үзэж байна. Хэргийн материалд байгаа баримтуудыг харвал Стандарт хэмжилт зүйн газраас ирүүлсэн тохирлын гэрчилгээнд Дэлгэр тур амралтын газрыг хариуцах компани Дэлгэр интернейшнл ХХК гэж дурдсан, мөн Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн баримтаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг Дэлгэр интернейшнл ХХК-тай хийсэн. Дэлгэр интернейшнл ХХК-ийн гэрчилгээнд гүйцэтгэх захирал нь А гэж хүн байдаг. Мөн хохирлын үнэлгээг мөрдөгчийн тогтоолын дагуу гаргахдаа нэхэмжлэгчийн 2 тооны үхрийг сүүний чиглэлийн үнээ байсан эсэхийг тогтоогоогүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тогтоол дээр ч гэсэн иргэний журмаар нэхэмжлэхдээ амралтын газар болон Цахилгаан түгээх сүлжээний газраас нэхэмжлэх боломжтой гээд дүгнэсэн байдаг. Иймд Цахилгаан түгээх сүлжээ ч бас хариуцагчаар орж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл өнөөдөр зөвхөн Б.Дгаас 9.620.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.

3. Хэрэгт авагдсан Г-2037 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материал”-аас үзэхэд иргэн Д.О, Н.М нарын гомдлын дагуу хэргийн газарт үзлэг хийсэн байх ба үзлэгээр 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 00 дүгээр багийн нутаг сумын төвөөс ертөнцийн зүгээр урд зүгт 0 км газарт байрлах Дэлгэр тур амралтын газрын хойд талын гадна төмөр торон хашааны орчимд байрлах модон шон хугарч, амралтын газрын гадна төмөр торон хашаан дээр унасан, мөн хэргийн газарт хар зүсмийн үнээ, хар тарлан зүсмийн, бор халзан, ягаан, халиун бор зүсмийн 5 тооны үхэр үхсэн байдалтай байсныг бэхжүүлсэн байна.

 Тус мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Т “2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг орчмын өндөр хүчдэлийн шугам тасарч гэмтэл гарсан. Манай байгууллагын төлөөлөгчид ослын газарт үзлэг хийхэд Дэлгэр тур жуулчны баазын өндөрийн шугамын 50 дугаар тулгуур хугарч, тухайн цахилгаан шугамын ойролцоо байсан 5 тооны үхэр үхсэн байсан. Тус амралтын газар нь анх 2005 онд Жаргалант сумын 10 кВ агаарын шугамнаас өндөр хүчдэл авсан ба уг шугамын ашиглалтыг Дэлгэр тур амралтын газар хариуцдаг” гэж мэдүүлсэн.

Мөн хэрэгт авагдсан 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг нэг талаас Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК, нөгөө талаас Дэлгэр интернэйшнл ХХК-ийн захирал Б.Д нар байгуулсан байх ба гэрээний 6.1.6-д “Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, засвар үйлчилгээг хариуцана” гэж заасан байна.

Ингээд Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор тус амралтын газрын цахилгааны 50 дугаар тулгуур хугарсны улмаас Н.Мгийн 2 тооны үхэр, Д.О 3 тооны үхэр тогонд цохиулж үхсэн болох нь тогтоогдсон боловч энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж болох гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэх нөхцөл байдал, мөн хуулийн 17.11 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгах гэмт хэргийн үндсэн шинж болох бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнээд иргэн Н.М, Д.О нар өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэл гарган Дэлгэр интернэйшнл ХХК, Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-иас тус тус гаргуулах авах эрхтэйг дурджээ.

Хэрэгт Дэлгэр интернэйшнл ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа авагдсан бөгөөд тухайн баримтад дурдсанаар уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Анхбаяр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Мд учирсан гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд нь хариуцагч Б.Д мөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд Б.Д нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд биш байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт дурдагдсан “Нэхэмжлэгчийн 2 тооны үхрийг сүүний чиглэлийн үнээ байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй” гэх үйл баримт болон хөрөнгийн үнэлгээний тайлангийн тухайд дүгнэлт хийх шаардлагагүй байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Дд холбогдох “Гэм хорын хохиролд 9.652.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.4-т зааснаар энэхүү иргэний хэргийг шүүгч дангаар шийдвэрлэхээр заасан бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “... анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна” гэжээ.

Уг иргэний хэрэгт тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгч дангаар хэргийг хянан шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болохыг дурдав.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн  759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Дд холбогдох “Гэм хорын хохиролд 9.652.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА