| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/00428/И |
| Дугаар | 317/ШШ2025/00489 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 317/ШШ2025/00489
2025 04 11 317/ШШ2025/00489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******хаягт оршин суух, Х овогт Хын Б /РД:****/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн үндэслэл, тайлбартаа:
Миний бие 1970 оны 3 дугаар сарын 14-ний өдөр **** аймгийн *** суманд төрсөн бага насандаа эцэг, эхийн хажууд мал маллаж байгаад 1978-1988 он хүртэл *** сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн, 1988-1990 оны хооронд Хилийн ба дотоодын цэргийн *** дугаар ангид цэргийн алба хаасан, 1990-1992 оны хооронд **** аймгийн *** сумын САА-н барилга ангид нормчиноор ажилласан, 1993 оноос одоог хүртэл мал маллаж амьдарч байна. 2025 онд тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул тэтгэвэртээ гарах гэтэл **** аймгийн *** сумын САА барилга ангид ажиллаж байсан үеийн орсон гарсан тушаал архив устсан учраас гарах боломжгүй байгаа тул миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилласан болохыг гэрчилсэн барилга ангийн даргын тамга гарын үсэг байдаг. Иймд Б намайг 1990-1992 оны хооронд *** сумын САА барилга ангид ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хэрэгт дараах нотлох баримт цугларсан. Үүнд:
2.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, **** аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай зөвлөмжийн хуудас /хх-4/, Х.Бийн Нийгмийн даатгалын дэвтэр /хх 5/, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-6/, **** аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай албан бичиг /хх-7/,**** аймгийн *** сумын, Цогт-Өндөр, 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-8/, Х.Бийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9/, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн иргэн Т.Шгийн тодорхойлолт /хх-10/, Т.Шгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-11-12/, иргэн А.Кы шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-13/, **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ***дугаартай шийдвэр /хх-14-16/,
2.2.Шүүхээс, гэрч Т.Шгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-29/, гэрчээр асуусан тэмдэглэл /хх 30-31/, гэрч А.Кы иргэний үнэмлэхний хуулбар /хх 32/, гэрчээр асуусан тэмдэглэл /33-34/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Х.Б нь **** аймгийн *** сумын Сангийн аж ахуйн барилга ангид 1990 оноос 1992 оны хооронд ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна. /хх 1 дэх талд/
2.Нэхэмжлэгч Х.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.14 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу нэхэмжлэгч Х.Бийн хүсэлтийг шүүх шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:
3.1. *** САА-н Барилга ангийн 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хын Бд нээж олгосон, 321243 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн 5 дах хуудсанд: 01. 1990 оны 10 сарын 30-ны өдөр, Ажилд орохыг хүссэн тул нормчингоор авч ажиллуулав. *** САА-н Барилга ангийн даргын 1990 оны 10-р сарын 30-ны өдрийн ***-р тушаал, 1992 оны 12 сарын 31-ний өдөр Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Барилгын ангийн даргын 1992-12-31-ны өдрийн ***-р тушаал гэж тус тус тэмдэглэгдэн тамга дарж баталгаажигджээ./хх 9 дэх талд/
3.2.Гэрчээр асуугдсан Т.Шгийн мэдүүлэгт:...Х.Б 1990 оны 10 дугаар сард манай барилга ангид нормчингоор ажилд орсон. Тэр үеэс таньдаг болсон. ...1990 оны 10 сараас ажилласан. Хэдэн он хүртэл ажилласныг нь санахгүй байна. ...Цагийн бүртгэлийг би бүртгэдэг байсан. Х.Б нь цагтаа ирээд ажлаа сайн хийдэг байсан гэж, /хх 30-31 дэх талд/
3.3.Гэрчээр асуугдсан А.Кы мэдүүлэгт: ...Х.Б нь цэргээс халагдаж ирээд ажилд орж байсан. 1990 оны 10 дугаар сард байх намар нь манай барилга ангид нормчин /туслах ажилтан/-аар ажилд орсон. Тэр үеэс таньдаг болсон...гэж /хх 33-34 дэх талд/
4.Шүүх, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, хэргийн үйл баримтыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлээд, нэхэмжлэгч Хатиган овогт Хын Б /рд:****/-ийг **** аймгийн *** сумын Сангийн аж ахуйн барилга ангид 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь хуульд заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хатиган овогт Хын Б /рд:****/-ийг **** аймгийн *** сумын Сангийн аж ахуйн барилга ангид 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлйн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор **** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ