Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “С” ХХК

            Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, Т.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

1.1. “С” ХХК-ийн эзэмшлийн аймгийн сумын нутагт орших “”  нэртэй XV-******* ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/101 дүгээр тушаалын хавсралтаар СШ-57 дугаартай сонгон шалгаруулалт зарлах 12 талбайг баталж, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар ирүүлсэн саналыг нээхэд СШ57-12 дугаартай аймгийн сумын нутаг нэртэй 9158 гектар бүхий талбайд зарласан сонгон шалгаруулалтад “С” ХХК шалгарсан тул Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон байна[1].

2.2. “С” ХХК-ийн хувьд өөрийн аймгийн сумын нутагт орших “” нэртэй газарт орших 9158 гекрат талбай бүхий ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийнхөө 2021-2023 оны  ээлжит жилийнхээ төлбөрийг төлсөн[2] боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор өөрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хүсэлтийг холбогдох баримт материалын хамт гаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаагүй тул тус хэлтсээс “С” ХХК-ийн ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болгон бүртгэжээ.

2.3. “С” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газарт хандан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гарган  “...******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2024/09183 дугаар захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШЗ2024/09662 дугаар захирамжуудаар “С”” ХХК-ийн эд хөрөнгө, арилжааны банк дахь харилцах данснуудыг битүүмжилсэн[3] учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлын улмаас бий болсон...”  хэмээн тайлбарласан боловч “...Албан бичигт дурдсан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд мэдэгдээгүй байна. Иймд танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй байна...” гэх хариуг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлжээ[4].

2.4. "С” ХХК-иас анх 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлийг шалгасныг эцэст 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШЗ2025/0448 дугаар захирамжаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С" ХХК нь аймгийн сумын нутагт орших “” нэртэй газарт орших 9158 гектар талбай бүхий XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2021 онд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, АМГТГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн В/4112 дугаартай мэдэгдлийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийг олгосон. Манай компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/Ш32024/08039 дугаартай захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/Ш32024/09183 дугаартай захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/Ш32024/09662 дугаартай захирамжуудаар тус тус эд хөрөнгө, арилжааны банкин дахь харилцах данснуудыг тус тус битүүмжилсэн. Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр манай компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хязгаарлагдсан бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгах, төлбөр төлөх, харилцагч банкин дахь дансаар гүйлгээ хийх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсон. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дансны зарлагын хөдөлгөөн хязгаарлагдаж, байгаль орчныг нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг батлуулахад шаардлагатай зардлыг дансанд байршуулах боломжгүй болж улмаар төлөвлөгөөг Засаг даргаар батлуулж адаагүй.

Гэтэл Ашигт малтмал. газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “С” ХХК-ийн аймгийн сумын нутагт орших “” нэртэй газарт орших 9158 гектар талбай бүхий ХҮ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болгосныг Ашиг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн цахим хуудсаас 2024 оны 10-р сарын 17-ны олж мэдсэн.

“С” ХХК нь дээрх мэдээлэлтэй танилцаад 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 24/040 дугаартай гомдлыг гаргасан боловч “Албан бичигт дурдсан Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд мэдэгдээгүй байна. Иймд танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд хэн боловч заавал биелүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан. Харин ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 9183 дугаартай захирамжийг тухайн цаг хугацаанд нь хүргүүлээгүй буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээс үүдэн дээрх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна

Иймд “С” ХХК-ийн эзэмшлийн аймгийн сумын нутагт орших “” нэртэй газарт орших 9158 гектар талбай бүхий ХУ-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

            3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр жил бүр төлбөрөө төлүүлэх үйл ажиллагаа явуулж байсан боловч “*******” ХХК гэдэг гуравдагч этгээдийн талбайд уул уурхайн, хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гүйцэтгэсний дагуу бусадтай хамтарч ажилласан. “*******” компани нь төлбөр тооцоогоо хийгээгүйн улмаас харилцагч компаниуддаа өр төлбөртэй болсон. Нийтдээ 6 тэрбум орчим төгрөгийн төлбөр үүссэнээс өнөөдрийн байдлаар шүүх дээр Г.*******, Р.******* Т.******* зэрэг этгээдүүдтэй шүүхийн маргаан ажиллагаанд байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 09, 2024 оны 04 дүгээр сарын 22, 26-ны өдрүүдэд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь “С” ХХК-д холбогдуулан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авсан. Үүнд нэхэмжлэгч компанийн дансыг хаасан, зарим эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд оруул гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.1-69.1.4-т заасан арга хэмжээг авсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2024 оны 12 дугаар сард хожимдуулж ирүүлсэн баримтыг үндэслээд Ашигт малтмал газрын тосны газарт хязгаарлалт тогтоох тухай албан бичгийг хүргүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөсөө заавал биелэгдэх шинжтэй байтал удсаны улмаас гэдэг нэртэй тусгай зөвшөөрөл маань дуусгавар болох үндэслэл бүрдсэн. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Д.*******ийн туслах мэдэгдээгүй зөрчил гаргасан зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл шалтгаанууд байсаар байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлээгүй бол дараагийн нөхцөл байдал 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах төлбөрийг 100 хувь төлөх, үүнтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжтой байсан.

Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэх үүрэгтэй. Ашигт малтмал газрын тосны газрыг 100 хувь буруутай гэж үзэхгүй байна. Дээр дурдсан шүүгчийн туслахын буруутай үйл ажиллагаанаас үүдэн хугацаа сунгуулах боломж олдоогүй учраас нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд асуудал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

            3.3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “С” ХХК-ийн эзэмшлийн аймгийн сумын нутагт орших нэртэй газарт орших Х\/-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тусгай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол улсын засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байна.

Улмаар дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/101 дүгээр тушаалын хавсралтаар СШ-57 дугаартай сонгон шалгаруулалт зарлах 12 талбайг баталж 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар ирүүлсэн саналыг нээхэд СШ57-12 дугаартай аймгийн сумын нутаг нэртэй 9158 гектар бүхий талбайд зарласан сонгон шалгаруулалтад “С” ХХК шалгарсан тул Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон байна.

Хоёр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг гөрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т “хайгуулын тусгай  зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахаар заасан.

Хуулийн дээрх шаардлагын дагуу “С” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу Төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж “С” ХХК нь тусгай зөвшөөрлийг анх авахдаа “Мэдэгдэл”-д гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Гэтэл “С” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаар тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг кадастрын системд бүртгэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэлд дурдсан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд мэдэгдээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар тодорхой заасан байгаа. С ХХК-аас хуульд заасан хүчин төгөлдөр хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй. Тусгай зөвшөөрлийг анх олгохдоо эрх, үүрэг хүлээлгэж, тусгай зөвшөөрлийн мэдэгдэлд гарын үсэг зуруулдаг. Хэзээ төлбөрөө төлөх, хэзээ сунгах өргөдлөө гаргах талаар бүгдийг дурдаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч тал үүнийг ойлгосон учир гарын үсэг зурсан байдаг. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжуудыг төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд мэдэгдээгүй, мэдэгдсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг мэдэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах; боломжтой бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу “С” ХХК өөрийн аймгийн сумын нутагт орших “” нэртэй газарт орших 9158 гектар талбай бүхий ХҮ-******* дугаартай  тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ түүний тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд байх хугацаагаар 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1 сарын өмнө гаргах ёстой байсан.

4.3.Энэ тухай хариуцагч байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмшигч  С ХХК-д “...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгахаас сарын өмнө гаргана, ...тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 10 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө төлсөн байна. Төлбөрийг хуульд заасан хугацаанд нь төлөөгүй бол таны тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бус болно гэдгийг анхаарна уу..., тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарлал мэдээллийг Өглөөний” сонин болон байгууллагын  mrpam.gov.mn цахим хаягаар мэдээлэх болно гээд хууль, тогтоомжоор хүлээсэн бусад үүргийг биелүүлж ажиллахыг мэдэгдсэн мэдэгдлийг танилцуулсан баримт байна[5].

4.4.Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тухайд маргаагүй.

4.5.Гэвч “...******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.1-69.1.4-т заасан “...эрх түдгэлзүүлэх арга хэмжээ...” авсан талаар шүүгчийн туслахаас хугацаа хожимдуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэний улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн эрхийг худалдан борлуулах замаар өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулах боломжгүй болсон...”,

....тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 3.000.000 төгрөг төлсөн байхад дуусгавар болгосон ...”,

... хариуцагч байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохдоо шийдвэр гаргадаг,...” гэх үндэслэлээр хариуцагчийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар үйлдлийг эс зөвшөөрч маргасан.

Эхний үйл баримтын талаар  “...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2024/09183 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарч, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/АБ2024/06690 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх албан бичгийн дугаар авсан боловч явуулсан албан бичгийн дэвтэрт бүртгэгдээгүй, ...шүүгчийн туслах М.Дэлгэрбаярыг хууль, журамд заасан ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчил гаргасан...”[6] баримт хавтас хэрэгт авагдсан байна.

4.6. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн энэ нэхэмжлэлийн шаардлагын дэмжих баримт болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 04-238/30215 дугаар “Эрх түдгэлзүүлэх тухай” албан бичгийн нэрлэн заах боловч тус албан бичгийн агуулгад ...С ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлж үүрэг болгосон ч тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулах, ...эрхэд үүгээр хязгаарлалт тогтоогоогүй болохыг...” дурджээ.

Үүнээс үзэхэд шүүх, болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас ямарваа нэг хэлбэрээр нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийнхөө хугацаагаа сунгуулах эрх, үүргийг хязгаарласан талаар хориглосон, хязгаарласан, түдгэлзүүлсэн шийдвэр гаргаагүй болох нь тодорхой байна.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн ажилтны буруутгахаас илүүтэй, тухайн асуудлаар өөрийн санаачилгаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд

эрх байгууллагад хандаж, асуудлыг шийдвэрлүүлэх боломж байсан ч энэ талаар ямар нэг үйлдэл хийлгүй нөхцөл байдлыг хүндрүүлсэн түүний буруу.

4.7.Харин хоёр дахь үйл баримтын тухайд дүгнэвэл нэхэмжлэгч  компанийн зүгээс өөрийн эд хөрөнгө, арилжааны банк дахь харилцах данснуудыг битүүмжилсэн хэдий ч тэрээр дээрх мэдэгдэлд заасан хугацааны дотор ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 3158 га талбайд 13,279,100 төгрөгийн төлбөр төлөх ёстойгоос 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 3.000.000 төгрөг төлсөн атлаа  хугацаа сунгуулах өргөдлийг холбогдох баримт хамт Төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй нь тус компанийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлд тооцогдохгүй.

4.8.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгох ба мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 31 дүгээр зүйлийн 31.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй гэж зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нэг нөхцөл болохоос уг төлбөрийг төлснөөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдана гэж, төлбөр төлсөн хугацаанд тусгай зөвшөөрөл хүчинтэй байна гэж ойлгохгүй.

4.9.Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах нэг бүрдэл болохоос дангаараа хугацааг хүчинтэйд тооцох үндэслэл биш.

4.10.Эцэст нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын  гурав дахь үндэслэлд ач холбогдол байж болох Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрийг[7] нотлох баримт болгон ирүүлсэн.

4.11.Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан; 53.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн; 53.1.3.төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан” тохиолдолд Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болно гэж хуульчилсан байх бөгөөд дуусгавар болох тохиолдолд ямарваа нэг эрхийн акт гаргах талаар хуульд тусгайлан зохицуулсан зүйл байхгүй.

4.12.Маргааны үйл баримтад Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан; гэх тохиолдолд холбогдож байх бөгөөд хэрэгт авагдсан 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэл болгосон заалт болон нэрлэн заасан гэрээ зэргээс үзвэл үүнийг үндсэн маргааны үйл баримтад хамаарах тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон хариуцагчийн үйлдэлтэй адилтган хамаатуулах боломжгүй юм.

4.13.Дээрхээс үзэхэд “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шалтгаанаас үл хамаарахгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагын дагуу өөрийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ мөн хуулийн 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн баримт, үүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж  зэргийг тус тус хавсарган Төрийн захиргааны байгууллагад гарган шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байхад “С” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллага буюу Кадастрын хэлтэст ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.

4.14.Хариуцагчийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах талаар болон тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэг хариуцагчид хуулиар хүлээлгээгүй ч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсныг өөрийн mrpam.gov.mn цахим хаягаар мэдээлсэн болох нь сайшаалтай.

4.15.Иймд С” ХХК-ийн эзэмшлийн аймгийн сумын нутагт орших “”  нэртэй XV-******* ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан С” ХХК-ийн эзэмшлийн аймгийн сумын нутагт орших “”  нэртэй XV-******* ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

[1] Хавтас хэргийн 7-10 хуудас

[2] Хавтас хэргийн 11 хуудас

[3] Хавтас хэргийн 12-21 хуудас

[4] Хавтас хэргийн 23 хуудас

[5] Хавтас хэргийн 38 хуудас

[6] Хавтас хэргийн 92-93 хуудас

[7] Хавтас хэргийн 187 хуудас