Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 431

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болор,

иргэдийн төлөөлөгч Ц.Батхолбоо,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ (томилолтоор),

шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийдүүрэнгийн Од холбогдох эрүүгийн 1709007620012 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол  дүүргийн  2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 31 дүгээр байрны 33 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, УШ96072511 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Хэрэйд овогт Өлзийдүүрэнгийн О.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ө.О нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кинг Кидс” сургуулийн 101 тоот өрөөнд нэвтэрч иргэн Д.Зоригоогийн өмчлөлийн гар утас, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн,

2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн мэс заслын 5 дугаар платанд нэвтэрч иргэн Б.Анхжаргалын өмчлөлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.220.000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таны төлөө бид” эмнэлгийн 312 тоот өрөөнд нэвтэрч иргэн Н.Энхзулын өмчлөлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөх эмнэлгийн 238 тоот өрөөнд нэвтэрч иргэн Д.Болормаагийн өмчлөлийн “Самсунг галакси нөт 4” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөх эмнэлгийн 238 тоот өрөөнд нэвтэрч иргэн Б.Цэрэнбатын өмчлөлийн “Ай фоне 5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 200.000 төгрөгийн хохирол учруулж энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Зоригоо /хх-ийн 26-27/, Н.Энхзул /хх-ийн 161-163/, Д.Болормаа /хх-ийн 194-196/, Б.Цэрэнбат /хх-ийн 198/, Б.Анхжаргал /хх-ийн 122/, гэрч Г.Даваадорж /хх-ийн 30/, Б.Уламбаяр /хх-ийн 32, 145, 164-165, 203-204/, Б.Цэрэнбат /хх-ийн 199/, Г.Отгонзаяа /хх-ийн 210/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11, 156-157, 190-191/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 03/280 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 12-15, 173, 207/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18/, Ө.Огийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 65, 148, 182/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтууд /хх-ийн 74, 119, 170, 206, 207/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 23, 144, 169, 193/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 143, 168, 192/, Ө.Огийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 201-202/, Ө.Огийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 75-76, 88-92, 126-127/ зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ө.О нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч буюу 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Кинг Кидс” сургуулийн 101 тоот өрөөнөөс Д.Зоригоогийн өмчлөлийн гар утас, зургийн аппарат зэргийг хулгайлан авч 600.000 төгрөгийн,

2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн мэс заслын 5 дугаар платнаас Б.Анхжаргалын өмчлөлийн гар утсыг хулгайлан авч 2.220.000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Таны төлөө бид” эмнэлгийн 312 тоот өрөөнөөс Н.Энхзулын өмчлөлийн гар утсыг хулгайлан авч 500.000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөх эмнэлгийн 238 тоот өрөөнөөс Д.Болормаагийн өмчлөлийн “Самсунг галакси нөт 4” загварын гар утсыг хулгайлан авч 400.000 төгрөгийн,

2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөх эмнэлгийн 238 тоот өрөөнөөс Б.Цэрэнбатын өмчлөлийн “Ай фоне 5” загварын гар утсыг хулгайлан авч 200.000 төгрөгийн хохирол учруулан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь:

 

хохирогч Д.Зоригоогийн /хх-ийн 26-27/: “... Миний бие “Кингс Кидс” сургуулийн менежерээр ажилладаг. Өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай ажлын хүмүүс тарах гээд багш нар хувцас хунараа өмсөж байсан. Би өрөөндөө орж ирээд ширээн дээрээ гар утас, зургийн аппарат хоёроо тавьчихаад манай ажлын багш нар “айраг уугаач” гээд дуудахаар нь өрөөгөө хоосон орхиж 109 тоотод нэг аяга айраг уучихаад өрөөндөө буцаад ирэхэд гар утас, зургийн аппарат алга болсон байсан ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Даваадоржийн /хх-ийн 30/: “... Би 3, 4 дүгээр хороололд “Нэгд” гэх нэртэй ломбарданд ажилладаг.  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байхад Ихбаяр гэх хүн орж ирээд “зургийн аппарат ломбарданд тавих гэсэн юм. Мөнгөний хэрэг гараад яг 280.000 төгрөг хэрэг болоод байна” гэж хэлээд манай ломбарданд цүнхтэй зургийн аппарат, цэнэглэгч, холбогчийн хамт 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. 14 хоногийн хугацаа дуусаад утсаар нь холбогдох гэхэд утас нь холбогдохгүй алга болчхоор нь 7 хоног хүлээгээд өөрийн танил Хаку гэх залууд 350.000 төгрөгөөр зарахаар тохиролцон түүнээс 300.000 төгрөг аваад 50.000 төгрөгийг нь “дараа авъя” гээд өгсөн. Тухайн зургийн аппаратыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй болохоор барьцаанд авчихсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Уламбаярын /хх-ийн 32/: “... Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед хулгайн гар утас гэдгийг мэдэлгүй итгээд авчихсан. Би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/, "... үзлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд уг өрөөнд эрэгтэй хүн орж ирээд аппарат болон гар утсыг авч гарч байгаа CD дээрх бичлэг байх ба үүдний хананд гар хэсгээр хүрсэн байлаа...” гэснээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 03/280 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /хх-ийн 34/: “... Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа №2 дугаартай гарын мөр нь санд ММ000610018983 гэсэн дугаараар бүртгэгдсэн Өлзийдүүрэнгийн Огийн баруун гарын долоовор хурууны дардастай, №3 дугаартай гарын мөр нь санд МГ\1000110023138 гэсэн дугаараар бүртгэгдсэн Өлзийдүүрэнгийн Огийн баруун гарын чигчий хурууны дардастай тус тус тохирч байна...” гэснээр,

 

хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-ийн 12-15/ "… “саme13_2017-08-21_17-27-45_17-28-19_uud” нэртэй бичлэг рүү хандалт хийж ороход тус сургуулийн коридор харагдах ба хүрэн өнгийн гадуур цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн үдээстэй кет өмссөн эрэгтэй хүн 101 тоот өрөө рүү ороод цүнхтэй эд зүйлсийг аваад гарч байгаа бичлэг байлаа. “саmе16_2017-08-21_17-25-00_17-30-59_gadaa” бичлэг рүү хандалт хийж ороход хүрэн өнгийн гадуур цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд цагаан өнгийн үдээстэй кет өмссөн эрэгтэй хүн тус сургууль руу ороод 3 минут 7 секундэд цүнхтэй эд зүйл үүрээд гарч гүйж байгаа бичлэг байлаа. Бичлэгийг дахин дахин шүүж үзэхэд тус эрэгтэй хүн нь УШ96072511 регистрийн дугаартай Хэрэйд овогтой Өлзийдүүрэнгийн О болохыг хяналтын камерийн бичлэгээс шүүж илрүүлснийг тэмдэглэлд тусгав...” гэснээр,

 

Ө.Огийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 64-65/: “... 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэгт явж байгаад “Кингс Кидс” сургуулиар орсон. Тухайн сургуульд ороход үүдэнд болон коридор хэсэгт ямар нэгэн хүн байгаагүй. Тэгэхээр нь 101 тоот өрөөгөөр шагайж харахад ширээн дээр цүнхтэй зөөврийн нөүтбүүк болон хажуу талд нь гар утас байхаар нь наашаа цаашаа хүн харж байгаад цүнхтэй зургийн аппарат болон гар утсыг аваад гараад гүйсэн. Би хулгайлсан зургийн аппаратыг хорооллын “Би Эс Би” дэлгүүрийн эсрэг талын “Кока Кола” кэбабын хажуу талын ломбарданд 280.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан байгаа. Гар утсыг нь “Теди” дээр 20.000 төгрөгөөр зарчихсан... Мөнгө олох зорилгоор л хулгай хийдэг. Олсон мөнгөөрөө гадуур “ПиСи” тоглоод буудлаар хоноод дуусдаг...” гэх мэдүүлгээр,

 

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18/,

 

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 74/,

201625020445 дугаартай хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 77-99/

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23/

 

хохирогч Б.Анхжаргалын /хх-ийн 122/: “... Би Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн мэс заслын 5 дугаар платанд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэвтэн эмчлүүлж байсан. 2017 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 06 цагт тариагаа хийлгэчихээд өрөөндөө орж амрахаар унтсан. Унтахаасаа өмнө өөрийнхөө “Самсунг галакси эс 8” маркийн гар утсаа цэнэглээд унтсан. Тэгээд 11 цаг 20 минутын орчим гаднаас тариа хийхээр сувилагч орж ирэхэд би сэрсэн. Гэтэл миний цэнэглэж байсан утас маань алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Уламбаярын /хх-ийн 145/: “... Ооос би нийт 2 удаа гар утас авч байсан. 2017 оны 5 дугаар сард “Самсунг галакси Эс-8 эдж” маркийн гар утас 1.100.000 төгрөгөөр худалдаж авч байсан. О тухайн үед надад “би тоглоом тоглоод хожоод энэ утсыг авлаа” гэж хэлээд надад зарсан. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Ө.Огийн сэжигтнээр мэдүүлсэн /хх-ийн 124/: “... Өглөө 10 цагийн орчим Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг рүү ганцаараа орсон. Тэгээд 1 давхарт нь байрлах мэс заслын тасаг руу орж үүдний хаалгатай ойрхон нэг өрөө рүү ороход 4 хүн унтаж байсан ба өрөөний хажуугийн ширээн дээр чихэвчтэй “Самсунг галакси Эс-8” маркийн гар утас байхаар нь чихэвчийг нь үлдээгээд гар утсыг нь аваад гарсан. Би тэр гар утсыг “Теди” төв дээр очоод гадна талд зогсож байсан Уламбаяр гэх хүнд 600.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөө өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгачихсан...” гэх мэдүүлгээр,

 

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 144/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 119/,

 

хохирогч Н.Энхзулын /хх-ийн 161-162/: “... 2017 оны 08 дугаар сарын 21-нд “Таны төлөө бид” эмнэлэгт хэвтээд 312 тоот өрөөнд орсон. Би өрөөндөө орныхоо толгой дээр утсаа тавиад унтсан. Өглөө 08 цаг өнгөрөөгөөд сэрээд хартал миний утас байхгүй болохоор нь өрөөн дотроо хайгаад олоогүй. Тэгээд камер шалгахад манай өрөө рүү цайвар өнгийн малгайтай, биеийн тамирын хослол өмссөн залуу орж удаагүй гараад бусад өрөө рүү шагайж үзээд буцаад манай өрөө рүү ороод хар өнгийн утас гартаа бариад гарч байгаа бичлэг байсан. Би хулгайд алдсан гар утсаа буцааж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Уламбаярын /хх-ийн 164-165/: “... Би Өлзийдүүрэнгийн Ог танина. О өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөөний 10 цаг өнгөрч байхад ирээд би түүнтэй “Теди” худалдааны төвийн төв хаалганы гадна талын авто зогсоол дээр уулзаж надаас 190.000 төгрөг аваад 3 ширхэг гар утсаа өгчихөөд яваад өгсөн. Эхний гар утас нь “Ай фоне 6” маркийн хар, саарал өнгөтэй гар утас байсан. О надад хэлэхдээ “Ай фоне 6” утсыг “тоглоом тоглож байгаад хожсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 169/,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 170/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 173/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 156-157/,

 

Ө.Огийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 182/: “... 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өглөө 07 цагийн үед “Таны төлөө” гэх нэртэй хувийн эмнэлэг рүү ороод 3 давхарт байрлах хамгийн наад захын өрөө рүү шагайтал нэг эмэгтэй унтаж байсан. Өрөөнд орных нь хажуу талын түмбчик дээр гар утас байхаар нь чимээгүй аваад гарч явсан. Уг утсаа “Теди” худалдааны төв дээр очиж зарсан. Мөнгөөр нь хоолонд ороод буудал авч хоноод үрээд дуусгасан. Гэртээ очихгүй, гадуур явах гээд хулгай хийдэг...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Д.Болормаагийн /хх-ийн 194-195/: “... Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 дүгээр төрөхийн дутуу тээлтийн эмгэг эмчилгээний тасагт 12 цагийн үед ирж 238 тоот өрөөнд хэвтсэн. Би өрөөнийхөө үүдний хэсэгт байдаг разетикт уртасгагчаа залгаад утсаа цэнэглэсэн. ...08 цагийн үед утсаа авах гэтэл миний утас байхгүй байсан. Тэгээд өрөөнд хэвтэж байсан эмэгтэйгээс утсаа асуутал “би бас утсаа алдчихлаа, хүн орж ирээд аваад гарах шиг боллоо” гэхээр нь тасгийн эмчид очиж хэлсэн. Би “Нөүт-4” маркийн гар утсаа алдсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Отгонзаяагийн хохирогч, гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 200, 210/: “... Би жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт эх баригчаар ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын үед ажил цуглаад ажилдаа ирэхэд 238 дугаар платнаас 2 ширхэг гар утас алга болсон байсан. Камер шүүж үзэхэд утсаа алдсан хүний ярьсан “саарал цамцтай эрэгтэй хүн” манай тасагт орж ирсэн эсэхийг шалгахад камерийн бичлэгт 08 цаг 20 минутын үед тасагт орж ирэн 238 дугаар платаар шагайгаад камерийн бичлэгт үзэгдэх орчноос алга болоод ойролцоогоор 2 минут болоод манай хэсгээс гүйгээд гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлгээр,

 

Ө.Огийн гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 201-202/” “... Би 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед Сансарын тунелын орчимд ганцаараа явж байгаад 1 дүгээр төрөх эмнэлгийн үүдний хаалгаар ороод нэг давхарт лифтний хажууд байсан эмчлүүлэгчийн өрөөгөөр шагайж харахад өрөөнд нэг эмэгтэй хүн орон дээрээ доош хараад унтаж байсан. Тэр өрөөний үүдэнд байдаг нэг ор дээр 2 ширхэг гар утас цэнэглээд тавьчихсан байхаар нь тэр гар утаснуудыг цэнэглэгчээс нь салгаж аваад тэндээсээ шууд гарсан. Гараад харахад нэг нь “Самсунг галакси нөүт 4”, нөгөө нь “Ай фоне 5” маркийн гар утаснууд байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Уламбаярын /хх-ийн 203-204/: “... Би Өлзийдүүрэнгийн Ог танина. О өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөөний 10 цаг өнгөрч байхад ирээд би Отой “Теди “худалдааны төвийн төв хаалганы гадна талын авто зогсоол дээр уулзахад надад “Самсунг галакси дуос”, “Ай фоне 6”, “Самсунг галакси нөт 4” маркийн 3 ширхэг гар утаснуудыг 190.000 төгрөгөөр өгчихөөд яваад өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 192/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 193/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 206/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /207/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаар бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 190-191/,

 

Б.Цэрэнбатын хохирогч, гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 198-199/: “... Би 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр улсын 1 дүгээр төрөх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ 238 тоот өрөөнд өөрийн “Ай фоне 5” маркийн гар утсаа өрөөний үүд хэсэгт цэнэглэж орхиод өрөөндөө унтсан. Өглөө 08 цагийн үед босоод гар утсаа авах гэтэл алга болсон байсан. Мөн миний гар утсаа цэнэглээд үлдээсэн байсан газарт өөр нэг эмчлүүлэгч гар утсаа цэнэглэж тавьсан байсан нь бас алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч нар ажилладаг сургууль, хэвтэж байсан эмнэлэг зэргээс эд зүйлээ хулгайд алдсанаа мэдүүлцгээсэн, шүүгдэгч хохирсон иргэдийн хөрөнгийг хулгайлсан болохоо мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлж улмаар мэдүүлгийг газар дээр нь шалгах үед эд зүйл хулгайлсан газраа тодорхой зааж хэрхэн хулгай хийсэн талаар болон хулгайлсан эд зүйлсээ тодорхой тоочиж өмнө өгсөн мэдүүлгээ эргэлзээгүй баталсан, түүний мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураасан CD бичлэг зэргээр болон хохирогч нарын хулгайд алдсан хөрөнгийн үнэлгээг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ө.О нь  дээрх байдлаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах үйл ажиллагаагаа тогтвортойгоор амьдрал, зан төлөвийн хэвшил болгож, иргэдээс хулгайлан авсан хөрөнгөө зарж борлуулж, мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулж байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Прокуророос шүүгдэгч Ө.Ог үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг зүйлчлэхдээ хулгайн  үйлдэл тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар давхар яллахаар дүгнэлт үйлдсэнтэй шүүх санал нийлэхгүй байна.

 

Учрыг тайлбарлавал, шүүгдэгч Ө.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан ”Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний хулгайн үйлдэл бүрийг тусад нь зүйлчлэн хүндрүүлэх шаардлагагүй. Прокурор дээрх байдлаар шүүгдэгчийг хүндрүүлэн ялласнаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож, үйлдсэн нэг гэмт хэрэгтээ тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсч байна.

 

Ийм учраас шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан буюу 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зөвтгөн зүйлчлэв.

 

Ийнхүү шүүгдэгч Ө.Огийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдлийн тоо, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тугай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Энхзул, Д.Болормаа, Б.Анхжаргал нарт учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн тул шүүгдэгч Ө.Ог тэдэнд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч Д.Зоригоогийн 500.000 төгрөг, хохирогч Б.Цэрэнбатын 200.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Ө.Огоос гаргуулж олгох нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флаш диск, 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Хэрэйд овогт Өлзийдүүрэнгийн Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн, зөвтгөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Хэрэйд овогт Өлзийдүүрэнгийн Ог үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Ог 5 /тав/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Од оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О энэ хэрэгтээ 98 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Огоос нийт 700.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Д.Зоригоод 500.000 төгрөг, хохирогч Б.Цэрэнбатад 200.000 төгрөгийг тус тус олгож, Ө.О нь хохирогч Б.Анхжаргал, Н.Энхзул, Д.Болормаа нарт төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флаш диск, 2 ширхэг CD зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

           

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                   

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               М.АЛДАР

      ШҮҮГЧИД                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                 Б.ДУЛАМСҮРЭН