Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 317/ШШ2025/00138

 

 

 

2025 02 10 317/ШШ2025/00138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 4 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 4 дүгээр гудамж, 15 тоотод оршин суух, регистрийн дугаар НН65021078, Доржсүрэн овогт Цэндсүрэнгийн Очирбатын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Очирбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Очирбат нь Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Миний бие 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 138 дугаар ангид алба хааж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 54267 тоот батлахтай халагдсан. Ингээд Заамар сумын Техник мэргэжлийн сургуульд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл суралцан төгссөн. Төв аймгийн Заамар сумын Уурын зууханд машинист, слессариар 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 7 дугаар сараас 2000 он хүртэл тус тус улсад ажилласан. Мөн Улаанбаатар хотын АШБ ХХК-д галчаар 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 он хүртэл ажилласан. Миний нийгмийн даатгалын дэвтэр дээр сар бүр хураамж төлж, тамга дарсан байдлаар сумын нийгмийн даатгалын байцаагч маань өөрт байгаа баримт, бичиг, материалаараа орно гэсэн юм. Гэтэл 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Заамар нэгдлийн уурын зууханд машинистаар авч ажиллуулсан нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 95 дугаар тушаал, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс машинистын ажлаас чөлөөлж, слессариар ажиллуулсан нэгдлийн зөвлөлийн 1987 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар тушаал, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн уурын зуухнаас Нийтийн аж ахуйн үйлчилгээний мэдэлд шилжүүлж ажиллуулсан нэгдлийн даргын зөвлөлийн 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаар тушаал, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Нийтийн аж ахуйн үйлчилгээний халаалтын зуух, Эрчим хүчний мэдэлд шилжүүлсэн Нийтийн аж ахуйн үйлчилгээний даргын тушаал 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр тушаалын бичилт миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа боловч уг тушаалууд нь архиваас олдохгүй болчихоод байна. Үүнийг гэрчлүүлэхээр хамт ажиллаж байсан Төв аймгийн Заамар сумын харьяат иргэн Авирмэд овогтой Төмөрпүрэв болон Дуламсүрэн овогтой Содномпилжээ нарын тодорхойлолтыг нотариатчаар батлуулан, хүн тус бүрийн хөдөлмөрийн дэвтрийн канондуулан хуулбарын хамт хавсаргасан хүргүүллээ. Иймд иргэн миний нэхэмжлэлд дурдсан улсад ажилласан үеийн бүх баримт, материалуудыг үндэслэн улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Төв аймгийн Заамар сумын Төв 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот тодорхойлолт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №№658 тоот Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №1342 тоот Архивын лавлагаа, 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №156 дугаартай Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн шүүхийн шийдвэрийн хуулбар, Төв аймгийн Заамар сумын Нийгмийн даатгалын газрын 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн зөвлөмжийн хуудас, Төв аймгийн Заамар сумын Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжийн хуудас, Төв аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №0/25 тоот Мэргэжлийн зэрэг олгох, дээшлүүлэх тухай тушаалын хуулбар, Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №0/25 тоот Мэргэжлийн зэрэг олгох, дээшлүүлэх тухай тушаалын хавсралт 1 механик слесарь нарын мэргэжлийн зэрэг шалгасан дүнгийн хуулбар, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №95 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 2087 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №48 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №62 дугаартай Уурын зуухны ажилчдыг шилжүүлэх тухай тушаалын хуулбар, даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №62 дугаартай Уурын зуухны ажилчдыг шилжүүлэх тухай тушаалын Заамар нэгдлээс НАААҮ-ний төвд шилжүүлж байгаа ажилчдын жагсаалт-ын хуулбар, нэхэмжлэгч Ц.Очирбатын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгч Ц.Очирбатын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ц.Очирбатын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч А.Төмөрпүрэвийн шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Содномпилжээгийн шүүхэд гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Очирбатын 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.

3. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1987 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн БНМАУ-ын хүн амын регистрийн №032 дугаартай картын хуулбар, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн гэрч А.Төмөрпүрэвийг асуусан тэмдэглэл, А.Төмөрпүрэвийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гэрч Д.Содномпилжээг асуусан тэмдэглэл, Д.Содномпилжээгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн №024 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №53 дугаартай Архивын лавлагаа албан тоот, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №95 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №48 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №62 дугаартай Уурын зуухны ажилчдыг шилжүүлэх тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №62 дугаартай тушаалын Заамар нэгдлээс НААҮ-ний төвд шилжүүлж байгаа ажилчид хавсралтын хуулбар зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

- Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1342 дугаар лавлагаанд: Навааны Очирбат Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Төв аймгаас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Ардын армийн 138 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 546267 дугаар цэргийн батлахтай халагдсан гэж,

- Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийдвэрээр Наваан овогтой Очирбат нэртэй 00443 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэндсүрэн овогтой Очирбат мөн болохыг тогтоосон,

- Ц.Очирбатын 000443 дугаар хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Заамар нэгдлийн уурын зууханд машинистаар ажиллуулав, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс уурын зуухны машинистаас чөлөөлж, уурын зуухны слессариар томилов, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс нэгдлийн уурын зуухны слессарээс чөлөөлж, Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний мэдэлд шилжүүлэв, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс халаалтын зуухны слессариар авч ажиллуулав, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс халаалтын зуух Эрчим хүчний үйлдвэрлэлийн мэдэлд шилжсэн тул хамт шилжүүлэв, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс халаалтын зууханд засварчнаар авч ажиллуулав, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн дэвтрийн бичилт дуусгав гэж,

- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 95 дугаар тушаалд: Н.Очирбатыг 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Уурын зуухны машинистаар ажиллуулсугай гэж,

- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар тушаалд: Уурын зуухны галлагааны улирал дууссан тул машинистаар ажиллаж байсан Н.Очирбат нарыг чөлөөлж, слессариар томилсугай гэж,

- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаар тушаалд: Уурын зуухны слессарь Н.Очирбат нарын ээлжийн амралтыг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын 26 хоногоор олгосугай гэж,

- Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаар тушаалд: Уурын зуух, түүний шугам сүлжээ, ус сувгийн төвлөрсөн байгууламжийг аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт шилжүүлж байгаа тул уг уурын зууханд ажиллаж байсан механик, слессарь, машинист, тракторчин, жолооч, цэвэрлэгч нарын 29 хүнийг хавсралтад заасан ёсоор аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газрын мэдэлд 6 дугаар сарын 11-ний өдрөөр шилжүүлсүгэй гээд хавсралтын 8 дугаарт Очирбат слессарь гэж,

- Төв аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0/25 дугаар тушаалд: МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1988 оны 2 дугаар тогтоолын дагуу хөдөө аж ахуйн улс хоршооллын байгууллагын эзэмшилд байгаа дулаацуулгын зуух, ус сувгийн төвлөрсөн байгууламжийг хүлээн авч, сургалт зохион байгуулсан шалгалтын комиссын 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хурлын протоколыг үндэслэн тушаах нь. 1. Дулаацуулгын зуухны механик, слессарь нарт хавсралт 1-ээр, машинч, худгийн моторчин нарт хавсралт 2-оор мэргэжлийн зэрэг олгосугай гээд хавсралт 1-ийн 36 дугаарт Навааны Очирбат Заамар сум мэргэжлийн 2 дугаар зэрэг гэж,

- 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хөтлөгдсөн БНМАУ-ын Хүн амын регистрийн картад Ц.Очирбат - Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд дулаацуулгын зуухны сантехникийн слессарьч хийдэг гэж,

- Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 024 дүгээр лавлагаанд: Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байсан Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр нь 1991, 1992, 1993, 1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж,

- Гэрч А.Төмөрпүрэв шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Ц.Очирбаттай 1986 оноос 1995 он хүртэл хугацаанд Төв аймгийн Заамар нэгдлийн уурын зууханд хамтдаа ажилласан ба тэрээр эхлээд машинистаар ажиллаж байгаад дараа нь слессарь болсон. 1988 онд манай уурын зуухыг Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээг удирдах газрын мэдэлд шилжүүлсэн ба тухайн газарт мөн слессариар ажилласан. Тэрээр өөрийн эх н.Цэндсүрэнгээр овоглодог гэж,

- Гэрч Д.Содномпилжээ шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Ц,Очирбаттай 1987 оноос 1993 оны хооронд Заамар нэгдлийн уурын зууханд хамт ажилласан ба би тус зууханд лаборант хийдэг байсан. Ц.Очирбат машинист хийж байгаад дараа нь слессарь болсон гэж тус тус мэдүүлсэн баримт авагдсан байна.

Өөрөөр хэлбэл, дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Цэндсүрэнгийн Очирбатын Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн харьяа уурын зууханд 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд машинистаар, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд слессариар, Төв аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээг удирдах газрын харьяа Заамар сумын уурын зууханд 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд слессариар тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Очирбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Доржсүрэн овогт Цэндсүрэнгийн Очирбатын Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн харьяа уурын зууханд 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд машинистаар, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд слессариар, Төв аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээг удирдах газрын харьяа Заамар сумын уурын зууханд 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд слессариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Очирбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА